Х.МОНГОЛХАТАН
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Өнөөдрийн байдлаар манай улсад 11800 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс 7000 орчим хүүхэд цэцэрлэг, ЕБС-д хамрагдаж, 4000 нь боловсролд огт хамрагдаж чадахгүй байгаа судалгааг Боловсролын яамнаас гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч хөгжих боломж болон эцэг эхчүүдийнх нь мэдлэг чадвар ямар байгаа талаар Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны зохицуулагч Ц.Уянгатай ярилцлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооноос эцэг эхчүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулдаг. Энэ сургалтын онцлог юу байна?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр Японы Хүүхдийг ивээх сан төсөл хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооноос би гурав дахь жилдээ энэ төсөлд хамрагдаж байна. Энэ төсөл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа сургууль, ажиллаж байгаа багш нарыг нь чадавхжуулах, сургууль дээрээ тэгш хамруулах соёлыг түгээх аргыг зааж өгдөг. Эцэг эхчүүд бидэнд тэгш хамруулах гэж юу болох, хүүхдээ яагаад сургах ёстой юм, хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, хүний ялгаатай байдал гэж юу болох зэргийг заадаг. Бид жил бүр зөвлөх эцэг эхийг бэлтгэж, тэд цаашаа суралцсаар сургагч багш болж бэлтгэгдэн бусад эцэг эхчүүддээ сургадаг. Би сүүлийн гурван жил сургагч багшаар бэлтгэгдэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд сургалт заадаг. Саяхан Чингэлтэй дүүргийн 7, 15, 16 дугаар хорооны 30 эцэг эхэд хөгжлийн бэрхшээл болон хүний ялгаатай байдлын талаарх ойлголт, тэгш хамруулах гэж юу болох, одоо ямар хууль журам хэрэгжиж байгаа талаар сургалт зохион байгууллаа. Мөн Сонсголонгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв дээр хүүхдээ сахиад хэвтэж буй эцэг эхчүүдэд болон Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд энэ сургалтаа хийсэн. Сургалтанд хамрагдсанаар эцэг эхчүүдийн ойлголт, хандлага өөрчлөгдөнө, хүүхдүүдээ сургах ёстой юм байна, өөрөөр нь сонголт хийлгэх ёстой юм байна, хүүхдийнхээ шийдвэр гаргах эрхийг зөрчиж болохгүй юм байна, хүүхдээ сургахад сургууль болон төр засгаас биднийг дэмжих ёстой юм байна гэдгийг ойлгож авна.
Энэхүү Японы Хүүхдийг ивээх сангийн төсөлд хамрагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ боловсролд тэгш хамруулахад эцэг эхчүүд ямар оролцоотой байх ёстойг заадаг. 30 жилийн дараа хүүхдээ ямар болгохыг хүсч байна, үүний тулд бид одоо юу хийх вэ, ямар хууль тогтоомж шаардах вэ, юуг нь өөрчилж чадах вэ гэдэг дээр эцэг эхчүүдийг сургаж байгаа юм. Болохгүй бүтэхгүйг яриад гэртээ суух биш хүүхдийнхээ эрхийн төлөө шаардаж, шахаж чаддаг эцэг эхчүүд болох хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд сургалтанд хамрагдсанаар хандлага нь өөрчлөгдөж, үр дүн гарч байгаа сургуулиуд байна. Энэ мэтчилэн үе шаттайгаар бага багаар өөрчлөгдөөд явж байна.
-Энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургахад ямар асуудал тулгарч байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад одоогийн нөхцөл байдал хүндрэлтэй л байна. Суралцах орчин нь бүрдээгүй байна, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт заагаагүй байна. Энэ бүгдийг хийх газар нь Боловсрол, Шинжлэх ухааны яам. Одоо байгаа хууль журам нь хангалттай хэрэгжээгүй байна. Ядаж л гаргасан хууль журмаа хэрэгжүүлэхийн тулд орчноо бүрдүүлэх төсвийг нь гаргаад өгчихдөг, багш нарт нь арга зүй заах дэмжлэгийн багтай байх, хүүхдэд дэмжлэг хэрэгтэй болоход дэмжих үйлчилгээг нь үзүүлдэг байвал хүүхдүүдэд сурах боломж бүрдэнэ. Одоо бол эцэг эхчүүд, хүүхдүүд бүгд ёстой л “бор зүрхээрээ” зүтгэж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хууль боловсруулахад болон батлагдсан хууль журмыг биелүүлэхэд хэрхэн анхаарч, ямар оролцоотой байна вэ?
-Би хүүхдээ асарч байгаа, хажуугаар нь сургалт хөтөлбөрт хамрагдаад суралцаад явж байгаа ээж. Миний хувьд 2006 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоонд элссэн. Хууль журам боловсруулах үед бид уулзалтан дээрээ юм уу, цахимаар эцэг эхчүүдээсээ санал хүсэлтийг нь авдаг. Тэр саналуудаа мэдээж хууль боловсруулж байгаа хүмүүст хүргэдэг ч яг хуулиндаа бүгдийг нь тусгаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Гэхдээ саяхан гурван сайдын тушаалаар дэмжлэгийн баг байгуулсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд хэрэгтэй заалтууд байгаа мөртлөө яг ажил хэрэг болж хэрэгжихгүй байна. Төрийн байгууллагынхан хийж байна, судалж байна гэсээр цаг хугацаа алдаж байгааг ойлгох хэрэгтэй. Төрийн бус байгууллагууд хамтран ажиллая, туслая, дэмжие гээд байхад төрийн байгууллагууд оролцуулахгүй байгаа нь буруу юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд ажил хийх боломж байдаггүй. Хэрэв хүүхэд хөгжүүлэх төвтэй бол эцэг эхчүүдэд цаг зав олдох байх. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Энгийн хүүхдүүд өдөр өнжүүлэхэд хүүхдээ явуулдаг шиг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлдэг төвүүд байдаг бол үнэхээр хэрэгтэй байна. Хүүхдүүдээ сургуулийнх нь хажуугаар хөгжүүлэх төвд явуулмаар л байна. Ганц нэгхэн хөгжүүлэх төв байдаг ч цөөн хүүхдийн хүчин чадалтай, санхүүгийн хувьд ч унаж босоод л явж байна. Уг нь бол төр засгаас бодлогоор дэмжих, хуулийн зохицуулалт хийж, уян хатан шийдлүүдээр төсвийг нь зохицуулж өгвөл олон төв нээгдэж, зохион байгуулаад явах бүрэн боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах л ёстой, тэр боломж нөхцөлөөр нь төр засаг хангаж өгөх үүрэгтэй. Өнөөдөр бид гэрээсээ гараад л саад бэрхшээлтэй тулгардаг. Тэрэг явах зам, орох гарах гарц байхгүй. Тэрэгтэй хүүхдээ өргөж дүүрч явах үнэхээр асуудалтай. Тиймээс юун түрүүнд орчин нөхцлийг бэлдэх хэрэгтэй байна. Үүний дараа багш нарыг бэлдэж, хөгжүүлэх төв байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч хөгжих, нийгэмших боломжоор хангах хэрэгтэй байна. Хамгийн чухал нь дэмжлэгийн баг идэвхтэй ажилладаг болчихвол хүүхдүүдэд хүрэх боломж бүрдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)