Д.ЦЭРЭННАДМИД
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Өмнийн цэнхэр говийг зорин нийслэлээс арван хэдүүлээ дөрөө нийлэн мордлоо. Зорилго маань Даланзадгад хотноо болох уран үгсийн чуулганд оролцох гэж зохиолч, яруу найрагчдын төлөөлөл нэгэн багт багтсан билээ бид.
Багийн бүрэлдэхүүнд хэн гэдэг манлайлагчид байсан бэ гэвэл Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, эрдэмтэн зохиолч Лувсандамбын Дашням, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, утга зохиол судлаач, доктор, профессор Санжаагийн Байгалсайхан, Соёлын гавьяат зүтгэлтэн Эрэнжидийн Хархүү, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Доржзовдын Энхболд, Магваны Эрдэнэбат, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Шагдарын Лхамноржмаа, Норовын Гантулга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа, Пэрэнлэйн Нямлхагва гээд Монголын уншигчдын хэзээний танил уран бүтээлчид байлаа.
Тэдний "моринд сундлан" очсон нь шог зохиолч Загдаагийн Ядмаа, залуу яруу найрагч Балжийн Бүргэд нар.
Манай багаас С.Байгалсайхан, Э.Хархүү, Х.Сүглэгмаа нар Өмнөговийнх. Тэдэнд ирж байгаа говьчуудын харц, гар сунгалт арай л өөр. Бас З.Ядмаа, Д.Төрбат хоёр энэ нутгийн хүргэчүүл гэдгээрээ яриа нь хүртэл бэлэн зэлэн, нүүрэмгийхэн байсан даа. Тэр ч байтугай З.Ядмаа гуай бидэнтэй нэгэн машинд явахаасаа эхлээд бас очсон хойноо ч аймгийн Засаг даргатай хийсэн уулзалт, уран үгсийн чуулган дээр:
-Би Дундговийн хүн л дээ. Тэгэхдээ 1964 онд санхүүгийн сургууль дүүргээд энэ аймагт хувааригдан ирж аймгийн захиргааны санхүүгийн хэлтэст ажилласан. Улсад хөдөлмөрөө үнэлүүлэх эхлэл маань энэ байсан. Мөн энэ нутгаас гэр бүлтэй болж бас хүүтэй, охинтой болсон. Өргөө цагаан гэрийнхээ өрхийг татсан. Ийм болохоор энэ нутаг ус миний унасан газраас өөрцгүй. Амьдралын маань замыг заасан өлгий нутаг. Би Өмнөговьд хайртай гэж мөн ч олон удаа яриад л байлаа.
Аймгийн Засаг даргатай хийсэн уулзалт дээр л энэ үгийг лавтайяа гурав дхин хэлнэлээ. Тэгтэл энэ учиртай хийгээд зорилготой байсан юм байж л дээ. Уран үгсийн чуулганы эхэнд аймгийн Иргэдийн хурлын шийдвэрээр мань хүнийг Өмнөговь аймгийн хүндэт иргэн цол, тэмдгээр шагнаж үнэмлэхийг нь мөнгөн шагнал дагалдуулан гардуулдаг юм. Энэ үед З.Ядмаа гуай олон дахин хэлээд байсан тэр яриагаараа суусан газраасаа шороо атгалаа шүү гэсэн бодол төрөв. Ер нь хамгийн их олз ганзагалаатай ирсэн хүн бол тэр л дээ. Өөр нэг онцлог хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын унаган хүү Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат өнөө үед уран бүтээлийн хувьд босоо яваа найрагчийн нэг төдийгүй үргэлжилсэн үгийн ноён оргил болсон олон роман туурвиснаараа бусдыг ардаасаа дагуулж яваа хүн. Говийн хүн даруухан байдгийн нэг энэ зохиолч. Тиймдээ би 34 роман, 20-иод жүжиг "төрүүлсэн" гэж онгирдоггүй юм билээ тэр.
Романуудын дийлэнх нь түүхэн хүмүүсийн сэдэвтэй гэж байгаа. Тийм болохоор түүхийхийг нь өмнөхүүд бичсэн. Түүхийг харин би бичлээ гэж хэлэхээр нэгэнсэн гэвэл намайг нутгийнхаа нөхрийг дэндүү магтлаа гэж зэмлэх хүн байж магадгүй л юм. Түүнээс айх юун.
З.Ядмаа гуайн хэлснээр Дундговийн оочер нь дуусдаггүй олон зохиолчийн нэг бөгөөд С.Буяннэмэх, С.Дашдооров, Д.Нямаа нарын луугаруудын хөдөлгөсөн утга уянгын их жингийн хөтөч болж яваа томоохон зохиолч Д.Төрбат мөн гэдгийг зоригтойхон хэлчихье байз. Нөгөө нэг онцлог гэвэл Өмнөговь аймагт уран үгсийн чуулган анхлан болсноос хойш 53 жилийн дараа (1979 онд хоёр дахь чуулган болсон юм билээ) гурав дахь удаагийн уран үгсийн чуулганыг санаачлан зохион байгуулсан хүн нь тус аймгийн Баян-Овоо сумын харьяат, яруу найрагч, цаасан барын нэртэй урлаач Цээнзэнгийн Галбадрах юм.
Тэрбээр аймгийнхаа зохиолчдын эвлэлийн салбарын даргаар Монголын зохиолчдын эвлэлээс томилогдон очоод удаагүй ч говийнхоо зохиолч, яруу найрагчдын эгнээг өргөжүүлэх, аймгийн хөгжил цэцэглэлтэй уялдуулан зохиол бүтээл яруу найргийн үр шимийг ард түмэндээ таниулах олон талт ажлыг тун идэвхтэй зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн уран үгсийн чуулган гэхэд аймгийн зохиолчдын салбарын санаачилгаар аймгийн Засаг даргын ивээлд багтаж тун сайхан болсон нь харагдав. Говийнхны уужуу ухаанаас уран яруу санаа аяндаа ундардаг гэдэг. Ийм ч уламжлалтай аж. Тэр дотор аймгийнхаа хэмжээний "Болор цом" наадмыг жил бүр хийж иржээ. Баримт нь гэвэл тэр наадамд нь Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Э.Хархүү аймгийн 10 жилийн сургуулийн багш байхдаа дөрвөн удаа түрүүлсэн байдаг. Аймагтаа л амьдарч насаараа шүлэг найраг туурвиж яваа Д.Бямбацэнд гэгч бас уг наадмыг мөн дөрвөн удаа магнайлсан гэдэг түүх юм л даа. Дараа нь Д.Эрдэнээ, Ц.Галбадрах гээд "түрүү морь" олоон.
Өнөө үедээ тэдний шийрийг хатаагч залуус гэвэл энэ жилийн наадмын айргийн тавд орсон найрагчдыг хэлэхэд хангалттай биз. Г.Сэр-Одын шагналт, яруу найрагч Т.Батхүрэл болон Л.Энх-Эрдэнэ, О.Сувдаа, О.Уранбилэг, Л.Мөнхөө нар гээд л. Нөгөө гэвэл "Уран үгсийн чуулган"-ы зочин зохиолч, яруу найрагчид аймгийн хөгжил цэцэглэлтэй цаг зав багаас тун өнгөцхөн танилцсаан. Даланзадгад хот сүүлийн арваадхан жилд тун сүрхий хөгжжээ. Өндөр өндөр орд харш, зам талбай нь орчин үеийн хотын шинжтэй юм. Гэрэлтүүлэг нь гэвэл шөнөдөө өдөр шиг харагдам аятай. Говь, Гурвансайхан уулын ар хөндий даанч уужимхан болохоор хот тийнхүү хурдтай хөгжлөө ч ирээдүйг нь яаж ч төсөөлсөн болох ажээ. Мөнхүү хөгжих хөгжихдөө энэ нутгийг өөрчилж байгаа уул уурхайн үр шимийг юутай ч зүйрлэм юм бэ дээ. Монгол Улсын уул уурхайгаас авч буй баялгийн 55 хувь энэ нутгаас ундардаг гэдэг л том хариу болно. Одоо хуучин цэнгэлдэх хүрээлэн байсан 90 га газарт шинэ Даланзадгадыг бий болгох ажил өрнүүлж байна. Тэнд шинэ театр, музейн барилга ашиглалтад оржээ. Тэдгээр нь одоогоор Монголд байхгүй хийц, архитектуртайгаараа өнгө төрх булаалдан харагдах юм. Дотор нь ороод үзвэл Улаанбаатарт ч ховорхон нь илт.
Удахгүй төв номын сангаа тэнд барих гэж байгаа аж. Энэхүү шинэ суурьшлын бүсэд барьж бүтээсэн бас нэг онцгой зүйл нь Батмөнх даян хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ хүрээлэндээ даян хааны сүрлэг хөшөөг босгожээ. Тэр бүхэн Батмөнх даян хааны алдрыг мөнхжүүлэх нийгэмлэгийнхний ажлын бүтээлч үр дүн гэх юм билээ.
Өмнөговь аймаг улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг төдийгүй жилийн жилд улсын төсөвт ихийг нэмэрлэдэг болоод байгаа юм. 2023 оны төсөвт тусгаснаар бол 278 тэрбум төгрөгийг улсын санд оруулна гэсэн байналээ. Бас аймаг өөрөө улам эрчимтэй хөгжихөөр зорьж буй юм. Даланзадгад хотын хүн ам одоо 71 мянга гаруй. Дээр нь 100 мянган хүн байнга орж, гарч байдаг болсон гэнэ. 2050 он гэхэд аймгийн хүн ам Улаанбаатар хотын дараа орно гэсэн тооцоо байдаг.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж зочин зохиолч яруу найрагчидтай хийсэн уулзалт дээр:
-Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан манай аймагт гурав дахь удаагийн уран үгсийн чуулган болж байгаад баяртай байна. Аль тэртээ 1968 онд уран үгсийн анхны чуулган аймгийн төв цэнгэлдэхэд болж байсныг бид мэдэж авлаа. Д.Төрбат найрагчийн хэлснээр уран яруу найраг гэдэг олон түмний оюуны мэлмийг нээж өгдгийн зэрэгцээ хишиг буян дагуулдаг гэлээ. Нээрээ л тэр анхны чуулганы хойтнон зун улсын наадамд алдарт бөх Г.Дэмүүл маань түрүүлж арслан цолтноо говийнхон хүлээн авч баярлаж байжээ. Тийм болохоор бидний билгэшээж бодож байгаагаар манай аймгаас "Болор цом"-ын эзэн тун удахгүй төрөх байх гэж найдаж байна гээд өнөө үед манай аймагт бизнес ажил албаны хүмүүсийн цуваа тасардаггүй болсон. Харин оюуны түүчээ Монголын зохиолч, яруу найрагчдын төлөөлөл томоохон багийнхан та бүхэн энэ удаа зорин ирсэнд баярлалаа гэлээ.
Энэ үеэр аймгаасаа төрсөн шинэхэн гавьяат С.Байгалсайхан, Э.Хархүү нарт аймгийн Засаг даргын Тамгын газраас хүндэтгэл үзүүлэх ёслол болов. Ингээд уран үгсийн чуулганы мөчлөгт шилжюү.
Чуулга наадмыг Аймгийн Засаг дарга Р.Сэддорж нээж үг хэлсний дараа зочин зохиолч, яруу найрагчдын багийг ахалж яваа МЗЭ-ийн дэд дарга, яруу найрагч П.Нямлхагва
Өмнийн говь миний говь
Өөжин бүүвэй Монголын говио
хэмээн шүлэг найраг асгаруулан байж наадмын үүдийг сөхлөө. Найрагчдыг магнайлж Л.Дашням, Д.Төрбат нар дурсамжаа хэлж шүлгээ өргөлөө. Д.Төрбат эл наадамд зориулж "Өмнөговийн тэнгэр" гэдэг шүлгэн ганзагалаатай очсон байлаа.
Өмнөговийн тэнгэр өлзийтэй
Даланзадгадын тэнгэр даллагатай
Уран үгсийн чуулганы
Үүдийг нээсэн орон
Уран үгсийн мэргэн дархчуул
Өндөр босгыг алхсан газраа
Жаран найман оны тэнгэр дор
Жаргалтай дэлгэр шуранхайлж
Цэцэн билэгт
Дэндэвийн Пүрэвдоржийн
Цээлхэн хоолой хүнгэнэж байсан
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан
Дорхноо нэгийг бодож
мөр хэлхэн
Боть боть шүлгэн сүрэгтээ
"Тэхийн зогсоол"-оо хөтлөн аваачсаан
гээд л дурсамжийн шүлгээ урсгадаг юм байна. Найргийн наадмын эхлэл ийм л яруухан байлаа. Яруу найрагчид ээлж дараалан шүлгээ дуудсаан. Э.Хархүү "Би говийн хүү" шүлгээрээ нутгийнхантайгаа мэндчилсэн, З.Ядмаа "Ханийн нутаг", "Говь Гурвансайхан"-аа уншсан бол яруу найрагч Н.Гантулга их Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Нямаа нарын сор бүтээлүүдийг ёстой л уянгалуулан уншиж үзэгчдэд хүргэлээ. Ш.Лхамноржмаа, Х.Сүглэгмаа нар уул ус, хайр сэтгэлийн амттай сайхан шүлгээ хэлсэн юм.
Ерөөс уран үгсийн чуулган гэдгийн "Болор цом"-оос ялгагдах онцлог нь зөвхөн шүлэг зохиолоо унших биш зохиолч, яруу найрагчид амттай сайхан дурсамж ярьж бүтээл туурвилаа чимэх явдал байдаг юм байна. Тэр дотор Д.Төрбат, З.Ядмаа нараас эхлээд олон хүн тус аймагт өмнө нь болсон уран үгсийн чуулганы үеийн сонин сайхан, тэнд очсон их зохиолч С.Удвал, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Б.Бааст гээд яруу найргийн бурхадын тухай сайхан дурсамжаар энэ чуулган-наадмыг хөгжөөж байлаа. Амттайхан дурсамжаараа үзэгчдийг хамгийн олон удаа алга ташуулсан хүн Дээд Монголоос гаралтай залуу яруу найрагч, МЗЭ-ийн гишүүн, утгазохиолын шагналт Б.Бүргэд байсан юм.
Тэр анх Монголд ирснээсээ эхлээд зохиолч, яруу найрагчдын эгнээнд шилжсэн МЗЭ-ийн гишүүн болсон. Яруу найргийн нэгэн наадмын тэргүүн шагнал хүртсэн, бас Монгол Улсын иргэнээр бүртгэгдсэн болоод Өвөрмонгол уу, Дээд Монгол уу гэх зэрэг цуварсан үйл явдлынхаа үеэр бараг 10 гаруй удаа андуурагдсан, бичиг баримт дээрээ будилснаа тун эвлэгхэн ярьсныг говийн үзэгч түмэн тун таатай хүлээн авсаан. Тэр тухайгаа илэрхийлсэн шүлгээ ч тэр уншсан юм.
Ийн их говийг магтан дуулсан нэгэн өдрийн үйл явдал Даланзадгадын Ерөнхий боловсролын сургууль дээр болсон зохиолч, хүүхдүүдийн уулзалт номын санд болсон уран уншлагаар үргэлжилсээр орой нь Уран үсгийн чуулганаар өндөрлөв. Тэр л нутгийн уул ус ч баярласан байх. Яруу найрагт дуртай уншигч түмэн нь ч башийгаа биз ээ. Найраг шүлгийн онгодоор даллуулсан Өмнөговийнхон улам хөгжин цэцэглэх болтугай гэсэн ерөөлөөр тэмдэглэлээ төгсгөе юү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 227 (6959)