Сонгодог хөгжмийн эгшиг тасраагүй буюу Ц.Намсрайжавын үр удам

2022-11-21
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Улсын филармони хэмээх их айлыг үүсгэн байгуулсан Ардын жүжигчин,  Төрийн шагналт Ц.Намсрайжав гуайн үйл хэргийг түүний хүү, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр агсан нэгэн цаг үед нэр төртэй үргэлжлүүлж байсан.  Тэгвэл өвөө аавынхаа сонгодог хөгжмийн эгшгийг таслахгүй байх нэр хүндтэй  алба өнөөдөр зээ, охин Бүрэнбаярын Одгэрэлд иржээ.  Урлагаар ивээгдсэн удмын үргэлжлэл болж, тэрбээр сонгодог урлагийн ертөнцдөө уран бүтээлээ хийж, урлагийн олон шавь нар төрүүлсээр явна. Авьяас удамшдагийн тод, томруун баталгаа Ц.Намсрайжав гуайн үр удмаас харагдах шиг.  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа  Ардын жүжигчин,  Төрийн шагналт Ц.Намсрайжавын зээ, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаярын охин төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторийн багш  Одгэрэлийг урьж, удмын хэлхээгээр нь аяллаа.

 

Анхны симфони эгшиглэсэн нь буюу ардын жүжигчин өвөө Ц.Намсрайжав 

 

Ардын жүжигчин,  Төрийн шагналт Ц.Намсрайжавын  гавьяаг маш товчхоноор илэрхийлбэл,  Монголын тал нутагт анхны сонгодог симфонийг эгшиглүүлсэн эрхэм билээ.  Симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулсан түүний хичээл зүтгэлийн ачаар бид  алдарт Л.Бетховен, В.Моцарт, И.Бах, П.Чайковский зэрэг алдартнуудтай танилцсан. Монголын хөгжмийн ертөнцийн цуут төлөөлөгчид болох С.Гончигсумлаа, Л.Мөрдөрж, Э.Чойдог, Н.Жанцанноров, З.Хангал, Б.Шарав нарын бүтээлүүд ч чухам филармонийн тайзнаа Ц.Намсрайжав удирдаачийн дохиураар эгшиглэж үзэгч олон хүрсэн байдаг.   Ц.Намсрайжав нь Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төржээ. 10 настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орж, түүнээс хойш Монголын хөгжмийн ертөнцөд 50 гаруй жил амьдарсан гэлтэй.   Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг чадварлаг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд гавъяат жүжигчин цол хүртсэн. Улмаар  1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангид элсэн орж, амжилттай төгссөн, эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач байлаа. “Баярын жавхаа” симфони удиртгал,“Говь гурван сайхан” симфони найраглал, “Халуун элгэн нутаг” дуугаараа 1971 онд Төрийн шагнал авч байжээ.  Хожмоо 1999 онд “Халуун элгэн нутаг” дууг XX зууны манлай дуу болгосон түүхтэй.  Мөн Ц.Намсрайжав “Гурван найз”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үүрээр”, “Тунгалаг тамир”, “Их замын эхэнд”, “Буш хүүгийн үлгэр”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” “Их замын тоос” зэрэг киноны хөгжмийг туурвин бүтээж удирдан тоглуулсан юм. Ийнхүү Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг”, “Баярын жавхаа”, “Говь гурван сайхан”, “Баатарлаг марш” зэрэг олон бүтээл туурвил нь одоо ч монгол түмний сэтгэлд эгшиглэсээр байгаа юм.  Түүний зээ охин Б.Одгэрэл “ Өвөө маань намайг дөрвөн настай байхад нас барсан. Хааяа өвөөгийнхөө өвөр дээр суугаад эрхэлж байснаа бүүр түүрхэн санадаг юм.  Би өвөөгийнхөө тухай ярих  хүмүүсийн дурсамж дунд өссөн дөө.  Их зөөлөн зан араншинтай, өндөр боловсролтой мундаг удирдаач, багш хүн байсан.  Одоо өвөөгийнхөө үүсгэн байгуулсан  Улсын филармонийн хаалгаар орж гарах болгондоо өвөөгөө санан дурсдаг.  Мөн  “Халуун элгэн нутаг”, “Говь гурван сайхан”, “Баатарлаг марш” гээд бүтээлүүд нь эгшиглэхэд омогшиж, хайр төрдөг.  Энэ бүтээлүүд намайг уран бүтээлийн хувьд чиглүүлж, урамшуулж, хөглөж чаддаг даа” гэв. 

 

Симфони найрал хөгжмийг авч үлдсэн нь буюу урлагийн гавьяат зүтгэлтэн аав Н.Бүтэнбаяр

 

Удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяр нь сонгодог урлагийг хөгжүүлэх, сурталчлах үйлсэд 35 жил ажиллажээ. Н.Бүтэнбаяр нь 1959 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1964 онд Ленинград хотын Хөгжмийн дунд сургуульд элсэн орж 1972 онд төгсөж улмаар Ленинград хотын Хөгжмийн дээд сургуулийг 1977 онд хийлч мэргэжлээр, 1990 онд симфони удирдаачаар тус тус амжилттай төгсөн хөгжмийн хос мэргэжил эзэмшсэн юм. Тэрээр Улсын филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 20 гаруй жил ажиллахдаа Уран сайхны зөвлөлийн ажлыг боловсронгуй болгож, уран бүтээлчдийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж, пультын системийн цалинг бий болгосон нь үр дүнгээ өгсөн гэдэг.   Энэ талаар түүний охин Б.Одгэрэл дурсан ярихдаа “ Зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд хэцүү цаг үед аав минь урлагийн тайзаа орхиогүй.  Улсын филармонийн симфони оркестр тухайн үед ямар ч үзэгчгүй байлаа.  Гэсэн нь ч аав минь үргэлжлүүлэн тоглосоор, удирдаачийн дохиураа дохисоор байсан.  Ах дүү нар, гэр бүлийнхнээ филармонид уриад л ядаж үзэгчийн суудалд суугаадах гэдэг байлаа.  Тэр үед оркестроо алдахгүйг маш их хичээж байсан нь одоо ч сэтгэлд тод үлдэж дээ.   Одоо өвөөгийн маань үүсгэн байгуулж, аавын маань авч үлдсэн Улсын филармони сайхан өнгө төрхтэй явж байна.  Энэ бол миний өвөөгийн, аавын бас нэг ач гавьяа юм даа” гэв. Н.Бүтэнбаяр нь гадаадын сонгодог болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван симфони бүтээлийг удирдан тоглуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан ард түмэндээ хүндлэгдсэн нэрт удирдаач байв.  Тухайлбал,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Үлэмжийн чанар” симфони удиртгалыг Япон Улсын Токио хотын симфони найрал хөгжимтэй удирдан тоглуулсан нь монголын орчин үеийн симфони бүтээлийг гадаадад сурталчилсан анхны алхам болсон бөгөөд олон улсын хэмжээний чадварлаг удирдаач болохоо харуулсан гэдэг.  Мөн  Голландын удирдаач Тэржи Миккелсэн, Германы удирдаач Вольфганг Вульф, Солонгосын удирдаач Чо Сун Ко, Францын удирдаач Роберт Рессико, АНУ-ын нэрт удирдаач Шиник Хам зэрэг гадаадын удирдаачдыг урин ажиллуулж, туршлага солилцож байсан нь өөрийгөө болон уран бүтээлчдээ чадавхжуулсан холыг харсан урирдагч гэдгээ мөн хариулсан явдал байлаа. Германы удирдаач Вольфганг Вульфтэй хамтран “Туурайн төвөргөөн” хэмээх Олон улсын наадам зохион байгуулж, гадаадын хөгжимчдийг урин “Симфони фестиваль” санаачлан зохион байгуулсан нь орчин үеийн хөгжмийн урсгалыг түмэн олондоо сонсгох боломжтой болгож, С.Соронзонболдын “Хөх чоно” рок балетыг удирдан тоглуулсан байдаг. Н.Бүтэнбаяр удирдаачийн оргил бүтээл бол яах аргагүй Германы суут хөгжмийн зохиолч Л.Бетховений алдарт IХ симфонийг олны хүртээл болгосон явдал байсан юм. Л.Бетховены IX симфонийг 1980 онд Ц.Намсрайжав гуай удирдан тоглуулсан нь Азид анхных байсан гэдэг.  Тэгвэл 30 жилийн дараа түүний хүү Н.Бүтэнбаяр удирдан тоглосон нь тухайн үедээ хөгжмийн ертөнцөд шуугиан тарьсан билээ. Б.Одгэрэл энэ тухай “IX симфони бол алдартай симфони. Юугаараа алдартай гэхээр дэлхий ертөнцийн гайхамшгийг харуулсан мөнхийн бөгөөд дахин давтагдашгүй бүтээл гэж яригддаг. Энэ симфонийг Бетховен 12 жилийн турш бичсэн гэдэг. Наймдугаар симфонийнхоо дараа бүтэн 12 жил бодож байгаад 1824 онд бичиж дуусгасан байдаг юм.  Мөн IX симфонийг хүн төрөлхтний дуулал гэж нэрлэдэг шүү дээ. Оросын агуу хөгжим судлаач С.И.Танеев “Хэрэв өөр ертөнцөөс харь гаригийнхан ирээд нэг цагийн дотор манай хүн төрөлхтөнийг ойлгохыг хүсвэл Бетховены IX симфонийг сонсоход л хангалттай” гэж хэлсэн байдаг” гэлээ.  Мөн тэрбээр  аавынхаа тухай “Аавын маань санаачилсан бас нэг зүйл нь “Дэм авьяастан” хөгжмийн сургалтын төвийг байгуулсан явдал юм.  Энэ сургалтын төв маань удахгүй 30 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.  Аав минь хөгжмийн авьяастан гэхээсээ илүү хөгжмийн боловсролтой иргэдээ бэлтгэе гэж анх байгуулсан.   Миний ээж төгөлдөр хуурч гавьяат багш хүн. Одоо үйл ажиллагааг нь авч явдаг” гэлээ.

 

Н.Бүтэнбаяр аавынхаа тухай ийн дурсаж байжээ

 Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр “Би аавынхаа удирдлаганд нэг л удаа тоглож үзсэн. Төрийн концерт л доо. Түүнээс биш удирдлаганд нь ажиллаж үзээгүй. Намайг удирдаачаар төгсч ирээд удаагүй байхад аав маань мөнх бусыг үзүүлсэн. Арай л эрт явчихсан шиг санагдаж, битүүхэндээ харамсч явдаг юм. Намайг улсын уралдаанд оролцож байхад аав маань шүүгчээр ажилласан юм. Нүднээс нь харахад хүүгээрээ бахархаж буй нь илт байсан. Магадгүй өнөөдөр амьд сэрүүн байсан бол хүүгээ оркестор удирдахыг хараад улам ч их баярлаж, огших байсан байх даа” хэмээн 2010 оны хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Яг үүн шиг бодлыг өнөөдөр Бүтэнбаярын Одгэрэл тээж яваа.  Бүтэнбаярын ээж  Цэрэндулам мөн алдартай хийлчээс гадна хуучрыг ёстой уянгалуулдаг нэгэн байсан гэдэг.  Мөн гэргий нь /Б.Одгэрэлийн ээж/ төгөлдөр хуурч, Монгол Улсын гавьяат багш Д.Наранцацрал “Дэм- Авьяастан” төвийнх нь багш, захирлаар мөн олон жил ажилласан үе үеийн урлагийн гэр бүл юм.

 

Симфони найрал хөгжмийг түгээн дэлгэрүүлэх буюу зээ, охин багш Б.Одгэрэл

Төгөлдөр хуурч Б.Одгэрэл Рахманиновын Төгөлдөр хуурын II концерт болон Ж.Гершвиний “Rhapsody in blue” бүтээлийг анх 2010 онд Улсын Филармонид төгөлдөр хуурчаар ажиллаж байх үедээ аав, Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Бүтэнбаярын удирдлага дор амжилттай тоглож үзэгчдэдээ хүргэж байжээ.  Тэрбээр зургаан настайдаа анх Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын ангид элсэн орсон. Л.Замбага багшийн удирдлага дор дөрвөн жил суралцаад, дөрөвдүгээр ангиасаа Ж.Аминчимэг багшийн удирдлага дор суралцаад, Францын Лион хотын консерватори руу есдүгээр ангидаа тэнцээд явсан гэдэг.  Тэндээ зургаан жил сураад, эргэж ирээд СУИС-д Ардын жүжигчин, профессор Т.Цолмон багшийн удирдлага дор магистраа хамгаалсан. 2007 оноос СУИС-д бүжгийн концертмейстерээр ажиллаж байгаад 2011 оноос Монгол Улсын консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимд багшаар ажиллаж байна.  Мөн  2005 оноос “Дэм-Авьяастан” төвийнхөө багшаар ажиллаж эхэлжээ.  Тэрбээр “Төгөлдөр хуур сурах маш сайхан. Сүүлийн үед олон хүүхэд хөгжмийн дугуйланд явдаг боллоо. Сурахдаа ганц хоёр сараар ч биш. 10 гаруй жил суралцаж байна. Хүүхдүүдээ Хөгжим бүжгийн коллежид оруулдаг шиг зургаан настайд нь төгөлдөр хуурын дугуйланд оруулаад, 12 дугаар ангиа төгсөн төгстөл нь сургаад, хүүхдүүдээ гадагшаа явуулж байна. Эцэг эхчүүд сонгодог урлаг хүүхдэд сайн нөлөөлж байгааг харж байна. Хүүхэд сонгодог урлагаар хичээллэснээрээ тэвчээртэй болж, сууж сурдаг. Хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ондоо байдаг. Манай сургалтын төвд явдаг эрэгтэй хүүхдүүдийн ээжүүд “Маш их баярлалаа. Хүүхэд ид гадуур тэнэдэг, PC тоглодог насандаа манай хүү тийм юм үзсэнгүй. Яг төгөлдөр хуураа давтаад сууж байлаа. Маш зөв хүмүүжилтэй болгосонд баярлалаа” гэж талархдаг” гэлээ.  Мөн тэрбээр урлагийн гэр бүлд төрж өссөнөөрөө маш их бахархдаг.   Манай удмын дөрөв дэх үе ч  урлагийн хүн болохоор хичээллэж эхэлсэн гэдгийг өвөг дээдэстээ дуулгахад таатай байна гэсэн юм.

Ийнхүү анхны симфони эгшиглэсэн нь буюу өвөө ардын жүжигчин Ц.Намсрайжав,  симфони найрал хөгжмийг авч үлдсэн нь буюу урлагийн гавьяат зүтгэлтэн аав Н.Бүтэнбаяр,  Симфони найрал хөгжмийг түгээн дэлгэрүүлэх буюу зээ, охин багш Б.Одгэрэлийн тухай гурван үеийн нийтлэл дөрөв дэх үе нь тоглож эхэлсэн гэх баярт мэдээгээр өндөрлөж байна.  Сонгодог хөгжмийн аяз тасраагүй, тасрахгүй нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 226 (6958)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

саяхан
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

4 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 59 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

3 цаг 21 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

4 цаг 19 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 52 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

5 цаг 13 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 47 мин