2022 он бол Шинэ Казахстаны түүхэн дэх хамгийн хүнд хэцүү жилүүдийн нэг байсан гэж хэлж болно. Юуны өмнө тайван жагсаал цуглаан гэнэтийн байдлаар зэвсэгт төрийн эргэлт хийх оролдлого болон хувирсан Нэгдүгээр сарын эмгэнэлт үйл явдлууд нь манай улсыг ихээхэн цочролд оруулав. Үүнээс сар гаруй хугацааны дараа Украинд дайн дэгдэж, одоо байгаа олон улсын харилцааны тогтолцоог сулруулж, бидний харилцан хамаарал бүхий дэлхийн бүх улс орнуудын, тэр дундаа Казахстаны эдийн засаг, хөгжилд одоог хүртэл сөргөөр нөлөөлсөөр байна.
Гэвч эдгээр хүндрэлүүд нь манай орны улс төрийн өөрчлөлтийн хурдасгуур болж өгсөн ба улс төрийн амьдралыг үндсээр нь өөрчлөх олон нийтийн шаардлага эгзэгтэй цэгтээ хүрэв. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхгүйгээр олон жилийн турш хуримтлагдсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй байв. Энэ бүхний хариуд 2022 оны 3 дугаар сард Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, Парламентын үүргийг бэхжүүлэх, улс төрийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг цаашид бэхжүүлэх замаар улс орны төрийн удирдлагын загвар, хэлбэрийг өөрчлөхөд чиглэсэн үндсэн хуулийн шинэчлэлийг санаачилсан билээ.
Энэхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд 6 дугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар манай иргэдийн 77 хувь нь ардчиллын зарчимд тууштай, төрийн шийдвэр гаргахдаа иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг шинэ, шударга Казахстан улсыг цогцлоох боломжтой гэдэгт итгэлтэйгээр саналаа өгсөн.
Казахстаны ард түмний ардчилсан хөгжлийн төлөөх ухамсартай эрмэлзлийн үр дүнд манай улс Зөвлөлтийн дараах цаг үеийн эдийн засаг, нийгэм, улс төрийн шинэчлэлийн тэргүүлэгчдийн нэг болсон.
Казахстанд хэрэгжиж буй эдийн засгийн шинэчлэлийн шинэ үе шат нь цаашид улс орны эдийн засгийг төрөлжүүлэх болон монополоос ангижруулах, мөн үндэсний орлогын шударга хуваарилалтыг хангахад чиглэгдэж байна. Агуулгын хувьд улс төрийн эрс өөрчлөлтүүд, тухайлбал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр удаа таван жилийн хугацаатай байсныг дахин сонгогдох боломжгүйгээр нэг удаа долоон жилийн хугацаатай болгон бууруулсан нь эрх мэдлийг монополчлох эрсдэлийг арилгаж, ардчиллын үндсэн зарчмуудыг бэхжүүлнэ.
Улс орны улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд суурь шинэчлэлүүдийг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл бол ард түмний итгэл, дэмжлэгийн мандаттай байх явдал юм. Иймээс хэрэгжүүлж буй шинэчлэлүүдтэй холбоотой нийгэм дэх зөвшилцлийг бэхжүүлэх, ирээдүйн зорилтуудаа өнөөдрөөс тодорхой болгох зорилгоор Ерөнхийлөгч К.Токаев одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг богиносгох тухай шийдвэр гаргаж, төрийн тэргүүний ээлжит бус сонгуулийг явуулах болсныг зарлав. Хэрэв 11 дүгээр сарын 20-нд болох сонгуульд К.Токаев ялалт байгуулсан тохиолдолд ирэх долоон жилийн хугацаанд улс төрийн чиглэлээ хэрэгжүүлэх болон дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлэх, мөн улс орны улс төр, эдийн засгийн бүтцийг шинэчлэх хүрээнд мэдэгдсэн зорилгодоо хүрэх бүрэн боломжтой болох юм.
Казахстан улс асар хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа тул иргэд маань улс орныхоо ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлэх нь чухал юм. Энэхүү сонгууль нь Токаев Ерөнхийлөгчийн гурван жилийн хугацааг эргэцүүлэн бодох, мөн "Шударга Казахстан" хэмээх үзэл баримтлалтай ард түмэн санал нийлж байгаа эсэхийг мэдэх боломжийг олгох юм.
Энэ удаагийн сонгууль Казахстаны түүхэнд байгаагүй олон талт сонгууль болж байгаагаараа онцлог байна. Сонгуульд улс төрийн өөр үзэл бодолтой зургаан нэр дэвшигч, тэр дундаа сөрөг хүчний төлөөлөл оролцож байгаа нь сонгогчдод өргөн сонголт хийх боломжийг олгож байна. Түүнчлэн Казахстаны түүхэнд анх удаа хоёр эмэгтэй нэр дэвшигч Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Энэ бол Казахстаны ардчиллын хөгжил дэх бас нэгэн чухал алхам юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бизнес, улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Казахстан улс олон жилийн турш тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр бид эдгээр хүчин чармайлтуудын үр дүнг харж байна.
Мэдээж сонгуулийг чөлөөтэй, шударга явуулах нь маш чухал бөгөөд сонгуулийг бүрэн нээлттэй явуулахад шаардлагатай ардчилсан механизмыг хөгжүүлэх асуудлын хүрээнд Казахстан ихээхэн ахиц дэвшил гаргаж байна. Ерөнхийлөгч Токаев сонгууль шударга, нээлттэй, мөн дотоод болон олон улсын ажиглагчдын, тэр дундаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институци, хүний эрхийн төлөөлөгчийн газар (АИХЭГ) болон бусад олон улсын хэд хэдэн байгууллагын ажиглагчдын идэвхтэй оролцоотойгоор явагдана гэдгийг амлав. Казахстан улс улс орныхоо сонгуулийн үйл явцад олон улсын ажиглагчдыг тогтмол оролцуулж, тэдний бүтээлч санал хүсэлтийг үргэлж сайшааж ирсэн билээ.
****
Өнөөдрийн дэлхийн геополитикийн сорилт, орчин үеийн дэлхийн харилцан уялдаа холбоо, харилцан хамаарлыг харгалзан Казахстаны ардчиллын үйл явц амжилттай хөгжиж, тогтвортой байх нь Казахстаны ард иргэд төдийгүй манай гадаадын түншүүдийн ашиг сонирхолд чухал ач холбогдолтой юм. Казахстан Улс нь Евразийн төв хэсэгт буюу манай тивийн зүүн ба баруун, хойд ба өмнөд хэсгийг холбосон замын уулзварт оршдог орны хувьд тив дамнасан худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой нь дамжиггүй. Түүнчлэн Казахстаны Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтыг сайжруулахад чиглэсэн идэвхтэй арга хэмжээний үр дүнд тус улс нь өдгөө Төв Азийн бүс нутаг дахь хамгийн таатай орон болж байна. Мөн Казахстан Улс нь гадаадын бүх түншүүд, юуны өмнө бүс нутаг дахь ойрын хөршүүдтэйгээ нягт, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
Энэ хүрээнд түүх, соёлын гүн хэлхээ холбоотой Монгол Улстай иж бүрэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байна. Өнөөдрийн бидний харилцааны хэлэлцэх чухал асуудлын нэг бол хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх явдал юм (2022 оны эхний 8 сарын байдлаар 70 сая ам. доллар), харамсалтай нь энэ үзүүлэлт манай хоёр орны нөөц бололцоо, чадавхид бүрэн нийцэхгүй байна.
Дэлхийн болон бүс нутгийн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед хоёр орны хооронд одоо байгаа газар болон агаарын тээврийн замыг бий болгож, өргөтгөх, шаардлагатай шинээр болон ложистикийн дэд бүтцийг бий болгох нь нэн чухал юм.
Хоёр орны харилцааг цаашид урагшлуулахын тулд Казахстан, Монголын бүс нутгийн иж бүрэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгцээ тулагрч байна.
Манай орны хувьд шинэ бөгөөд алсын хараатай салбар бол уул уурхай, металлургийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа юм. Иймд Монгол Улсад Казахстаны технологи бүхий алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих, түүнийг ашиглалтад оруулах тухай хэлэлцээрийг ажил хэрэг болгох нь онц чухал юм. Энэ ташрамд дурдахад Казахстаны тал хувийн болон бэлэн байгаа гадаадын хөрөнгө оруулалтаар «эцсийн бэлэн үйлдвэр» барихад бэлэн байгааг дурдая.
Мөн талууд худалдааны үзэсгэлэн, бизнес форум, худалдаа, эдийн засгийн уулзалтуудын хүрээнд хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцан сурталчлах, дэмжих замаар нягт хамтын ажиллагааг бий болгоход анхаарч ажиллах нь зүйтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа тодорхой хэмжээгээр буурсан. Иймд хөдөө аж ахуйн салбарын төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр улсын мал эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагаа идэвхжинэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн ноос, арьс шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, тэр дундаа Бүгд Найрамдах Казахстан Улсын нутаг дэвсгэрт Монголын туршлага, технологийг ашиглан хамтарсан үйлдвэрлэл бий болгох өргөн боломж бий.
Асар их нөөц бололцоотой бас нэгэн хэрэгжээгүй салбар бол аялал жуулчлал юм. Казахстаны тал монголын талтай аялал жуулчлалын кластерын чиглэлээр туршлага солилцож, аялал жуулчлалын хамтарсан чиглэлүүдийг бий болгох хүсэлтэй. Казах, Монголын ард түмний түүхэн нийтлэг язгуур, ижил төстэй ахуй амьдрал, соёл, нүүдэлчин уламжлал зэрэг нь дэлхийд танигдахуйц аялал жуулчлалын хамтарсан брэндийг хөгжүүлэх сайн үндэс суурь болох юм. Үүнээс гадна одоогоор манай хоёр улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн Казахстанд хэрэгжиж буй «2 тэрбум мод тарих» хөтөлбөр мөн Арал тэнгисийн цөлжсөн ёроолд заган ой мод тарих хөтөлбөр, Монгол Улсад хэрэгжиж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг нь газар, хөрсийг эрүүлжүүлэх, хөрсний эвдрэлээс урьдчилан сэргийлэх, ой модны эзэлхүүнийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Тийм ч учраас байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах, хөдөө аж ахуйн ойн аж ахуйн чиглэлээр нягт хамтын ажиллагаа тогтоох нь хоёр талын хамтын ажиллагааны өөр нэг үр ашигтай чиглэл болж чадна.
****
Тусгаар тогтнолын эхэн үеийн хүнд хэцүү нөхцөл байдал болон Зөвлөлтийн үеээс уламжлагдаж ирсэн хандлагаас үл харгалзан бид Казахстанд тогтвортой, хүртээмжтэй нийгмийг сүүлийн 30 жилийн хугацаанд байгуулж чадсан билээ. Удахгүй болох төрийн тэргүүний сонгуульд бүх нийтээрээ санал өгөх замаар ардчилсан эрхийг хэрэгжүүлэх нь бидний өнөөдрийг хүртэл гаргасан ололт амжилтаа бататгах учиртай. Казахстаны шинэ ерөнхийлөгч сонгогдсоны дараа Казахстан, Монгол хоёр орны нягт харилцаанд шинэ түлхэц гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь сүүлийн гучин жилийн хугацаанд бэхжсэн бидний найрамдал, түншлэлийн бат бөх суурь нь манай улс хоорондын харилцааны ирээдүйд итгэлтэйгээр харах үндэс болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 225 (6957)