Б.ДОЛЖИНЖАВ
Хувь хүний хөгжил гэдэг үг бол XXI зууны трэнд гэдэгтэй маргах хүн цөөн бизээ.Ганц л зүйлийг сайн чаддаг хүн бус олон ур чадварыг зэрэг эзэмшсэн хүн л амжилтын оргилд хүрдэг мэдээ мэдээллийн асар их хурдтай нийгэмд бид амьдарч байна. Техник технологийг чадварлаг ашиглаж чадсан нь үнэ төлбөргүйгээр ямар ч ур чадварыг өөртөө суулгаж чаддаг болсон нь энэ зуунд төрсөн залуучуудын гол давуу тал яахын аргагүй мөн. Үүний үр ашгаар ямарваа чадварыг төлөвшүүлэхэд нас хамаагүй гэдгийг бид илүү ихээр мэдэрч, өсвөр үеийнхний санаачлан хэрэгжүүлсэн “Start-up” бизнес, шинэ технологуудыг биширч байгаа билээ.
Тэгвэл XXI зуунд хүмүүст хамгийн ихээр шаардлагатай зөөлөн ур чадваруудыг оюутан байхаас нь төлөвшүүлж, эерэг сэтгэлгээтэй боловсон хүчнийг бэлтгэх эхний давалгааг МУБИС эхлүүлжээ. Тодруулбал, МУБИС, “Эртэч Монгол” хөтөлбөрийн хамтран бүтээсэн “Оюутны хөгжлийг дэмжих танхим” өнөөдөр нээлтээ хийлээ.Ингэснээр МУБИС-ийн оюутнууд суралцах хугацаандаа ажлын байран дээр гараад хамгийн их хэрэг болох ур чадваруудыг эзэмших, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх боломж бүрдсэн юм.
"80 гаруй модуль сургалтыг багтаасан хувь хүний хөгжлийн хичээлийг үзэх боломж бүрдлээ"
Энэ талаар “Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Эерэг сэтгэлгээний давалгаа” төслийн удирдагч Н.Энхбаатар “Цаг үеэсээ шалтгаалаад шинэ оюутнуудын сэтгэлгээ жилээс жилд өөрчлөгдөж байна. Тиймээс эерэг сэтгэлгээ, сэтгэл зүй, Англи хэлний сургалт гэсэн 80 гаруй модуль сургалтыг багтаасан хувь хүний хөгжлийн хичээлийг нэмэлтээр сонгоод үзэх боломжтой оюутны хөгжлийн танхимыг МУБИС-тай хамтран нээлээ. Энэ хичээлээр дамжуулан оюутнууд зөөлөн ур чадварыг эзэмшиж, эерэг сэтгэлгээ, зөв дадлыг нийгэмд түгээгээсэй гэж хүссэн. Үүнийг хөтөлбөр болгож оруулсан их сургууль цөөн учир үр дүн өндөртэй, сайн хамтын ажиллагаа болсон гэж бодож байна. Мөн орчин үеийн номын сан, принтер байршуулж, ухаалаг офисс байдлаар технологийн дэвшлийг ашиглаад өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр 90 сая төгрөгийн санхүүжилтээр тохижууллаа.Дараа дараагийн сургуулиуддаа жишиг төв нээх, энэ төвийг олон улстай харилцах гүүр болгохыг зорьж байна” гэсэн юм.
“Эртэч Монгол” хөтөлбөрийн хамт олон 2014 оноос хойш “Эерэг сэтгэлгээний давалгаа” олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 190 гаруй суманд сургалт явуулахад 95 хувь нь эерэг сэтгэлгээ, хувь хүний хөгжлийн хичээл зайлшгүй хэрэгтэй гэж дүгнэжээ. Тиймээс төслийн санаачлагч Н.Энхбаатар аавынхаа дурсгалд зориулан МУБИС-д эерэг сэтгэлгээг түгээх оюутны хөгжлийн анхны танхимыг нээхээр шийдсэн байна.
Г.Рэгмаа:Өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэнд баярлалаа
Тус танхим өмнө нь хэдэн сандал, ширээ, компюьтер бүхий задгай өрөө байжээ. Харин оюутныг хөгжүүлэх танхим болсноор загвар дизайн, харагдах байдлаас ихээд олон шинэ технологийг байршуулж тохилог оффис мэт болжээ.
Энэ талаар МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн III курсийн оюутан Г.Рэгмаа “Хувь хүний хөгжлийн хичээлийг сургалтын хөтөлбөр байдлаар үзэх боломжийг бүрдүүлсэн тохилог, шинэлэг танхимтай болсондоо маш их баяртай байна. Суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн сургуулийнхаа удирдлагуудад болон “Эртэч Монгол” хөтөлбөрийн хамт олонд талархлаа. Мөн олон төрлийн клубууд маань үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулах олон шинэ технологитой танхимтай болсонд Клубуудын нэгдсэн зөвлөлийн ахлагчынхаа хувьд сэтгэл өндөр байна. Бусад оюутнууд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна” гэв. Танхимын үүдэнд "Хувцасаа өлгүүлж, улавч өмсөж орно уу" гэсэн бичиг наажээ. Энэ нь орчин үеийн оффисын соёлын нэгэн чухал хэсэг юм.
Ийн хувь хүний хөгжлийн үндсэн суурь болсон эерэг сэтгэлгээг МУБИС-ийн оюутнууд хичээлээрээ дамжуулан өөрсдөдөө бий болгож, бусдад сайн сайхныг түгээдэг нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах боломж бүрдлээ.
Эх сурвалж:www.polit.mn