Б.ХАСБИЛЭГ
Монголын уран зохиолын номууд Өвөрмонголд 1950-иад оны сүүлч, 1980-аад оны эх, шинэ зууны гэх хуваарьтайгаар албаны хэвлэлийн онц бүрэн эрхтэйгээр хэвлэгдэн тараагдаж байсан шиг юм. Шинэ зууны эхнээс уран зохиолын шинэ урсгалыг хөөцөлдсөн хувь хүн ч Монгол Улсын уран зохиолыг Өвөрмонголд нэн түргэн нэвтрүүлэх замд хүчин нэмэрлэж, цөөнх буюу ганц хоёр шүлэг дуу мэтээр хэвлэгдэж байсан хүүхдийн уран зохилыг Өвөрмонголд удаа дараа хэвлэн тарааж, уншигч хүүхэд ба томчуудад ижилхэн оюуны тэжээл, урлаг соёлын гэрэл гэгээ олгосон гэдгийг дурдах нь зүйтэй. Үүний улмаас Өвөрмонголын монгол сурагчдын сурах бичиг Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга”, Ц.Дамдинсүрэнгийн “Монгол нутаг ”-аар хязгаарлагдахаа больж, Ж. Дашдондог, Д.Нямаа, Д.Батжаргал, О.Сундуй … зэрэг хүүхдийн зохиолын мастеруудын бүтээлүүд зай авч эхлэв. Бас Ж.Дашдондогийн “Морьтой үлгэр”, “Аранзал зээрд ”, Д.Батжаргалын “Хүүхдийн зохиолын түүвэр”, Б.Нацагдоржийн “Хүүхэд эрдэнэ”, “Монгол Улсын хүүхдийн шүлгийн сонгомол”, О.Сундуйн “Шүлэгч хүүхдүүд” зэрэг ном хэвлэгдсэн байна. Энд бусад хүүхдийн өгүүллэг тууж, судалгааны номыг багтаасангүйг тодорхойлъё.
Өдгөө би Монголын хүүхдийн уран зохиолын Өвөрмонголд хэвлэгдсэн номуудын дундаас О.Сундуйн “Шүлэгч хүүхдүүд” номыг онцлон сонгож аван, тогтож үзэн, шүүн бичиж уншигчдаа хүргэхийг хүслээ. О.Сундуйн “Шүлэгч хүүхдүүд” ном нь 2018 онд Өвөрмонголын ардын хэвлэлийн хороогоос хэвлэгдэн тараагджээ.
Хүүхдийн уран зохиолч байхын баяр бахдал, хүчир бэрхшээлийн тухай үе үеийн зохиолчид үнэлэн хэлэлцэж, хүүхдийн зохиол бичнэ гэдэг хэн бүхэн бичиж байдаг амархан мэргэжил биш болохыг онцолсоор. Тэр тусмаа насан туршдаа хүүхдийн уран зохиолын сэдвийг үл орхин бичсээр байх гэдэг хүнд ачаа бөгөөд хүүхдийн төлөө гэсэн үнэнч баримтлал болох юм. Үүнийг О. Сундуй гэрчлэн үзүүлсээр байнам.
Хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон шүлэг зохиол нь тэднийг өөр рүүгээ татан шамдан унших болгодог.
Хүүхэд нас, хүүхэд ахуйг хөөр баяр, хөгжөөн наргиангүйгээр хэрхэн сэтгэх билээ. Хүүхэд баяр хөөртэй байх нь тэдний онц эрх бөгөөд халдаж болшгүй дархан эрх юм. Хүүхдийн баяр хөөр янз янз байх нь гарцаагүй. “Баяр хөөр” , “Хичээлд явах замд” шүлэгт хүүхдийн бусдад тус хүргэж баяр хөөр хүртэж байгаа байдлыг зураглан бичиж, хүнд тусч байдаг монгол хүний сэтгэлгээг илрүүлэн, хүүхдийг сайн хүн болон төлөвшихөд зөвөөр нөлөөлж байна. “Зуны нар мөхөөлдсөнд дуртай” шүлэгт хүүхдийн гэнэн цайлган бодлоор мөхөөлдөсний наранд хайлах байгалийн үзэгдлийг
“Амттайхан мөхөөлдсийг минь
Алтан нар долоочихлоо” гэж уран эндүүрэл гарган “Хамтдаа бид идчихлээ” гэж дүгнэн бичиж хүүхдийн эх дэлхий, илчит наранд хайртай байх сэтгэхүйг товойлгон хүүхдийн бусдаас юм аа харамлахгүй байх өгөөмөр өхөөрдөнгүй санааг гаргаж , мөхөөлдөс идсэн нар
“Сэрүү татаад
Сайхан л байгаа даа” гэж биетэйгээ холбон мэдэрч уранаар сэтгэж байх юм.
Монголчууд “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэдэг. Зохиогчоос “Аав хүү хоёр” шүлэгт бяцхан хүүхдийн сэтгэл зүйн илрэл нь ганцаар буюу олуулаа байх үеийн сэтгэцийн хувирал тусдаа болохыг тусгав. “Шударга чих” гэх дөрөвхөн мөр шүлэгт ч дотоод сэтгэлийн зөрчил, бие хэлийн үйлдлийн зөрчлөөс шалтгаалан хүний зүрхэн цохилго, цусны эргэлт, сэтгэл зүйн хувирал гарч гаднаас нь тод биш ч өөрт нь маш том сэтгэцийн хувирал болдгийг багтаан бичсэн нь гайхалтай.
Монгол яруу найргийн эртний уламжлалд сургааль, шүлэг зохих байр суурь эзэлдэг билээ. Хүүхдэд ч сургааль дутаж болохгүй. Гэхдээ сургахад арга ухаан гэж бас бий. Одоо цагт улиг болсон зарлиг заавар маягийн сургаалыг хүүхэд тоохгүй тэдний сэтгэл зүй, өсөлт бойжилтод сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Иймээс эрин үеийн хүүхдийн зохиолчид цэвэр сургааль шүлгээс маш хурдацтай холдож, урлагийн өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлж оюун сэтгэлгээ, хүүхдийн дотоод ертөнц руу илүү өнгийх болсон нь илт анзаарагдаж байгаа. О. Сундуйн “Оймсоо хайсан нь”, “Шаламгай охин” … зэрэг шүлэгт салан хүүхэд ба дасгал даалгавраа хийхээс халширч буй хүүхдийг өхөөрдөнгүй хошин аргаар дүрслэн бичиж сурган хүмүүжүүлэх санаагаа илтгэжээ.
“Өрөвчхөн хүчтэн”, “Аварга том нуур үүснэ” шүлэгт хүүхдийн онгироо бөгөөд овжин бас сониуч содон зан сэтгэлгээг уранаар дүрслэн хүүхдийн чанар болох өрөвчхөн сониуч араншинг товойлгон уншигчдад уран сэтгэмжийг хайрлажээ.
Эрх дураараа байхыг хүсэх нь хүүхэд байтугай томчуудын ч хүсэл юм. “Үсэрье хөөрье”, “Хаантан болно” шүлэгт хөгжилдөн тоглож байгаа хүүхдийн томчуулын хараа хяналтгүй байхыг хүссэн бодол, дүр байдал тод томруун харагдана. “Үсэрье хөөрье” шүлэгт гэрийнхээ орон дээр үсэрч тоглож буй хүүхэд томоо алдаж байсан ч ээж нь ирэхээр газрын татах хүчин ба том хүний хяналтад хамаарч “ухаантай” болж буй хөөрхөн дүр тодорно. “Хаантан болно” шүлэгт хүүхэд бүхний мөрөөдөл өөр байдаг ч тус шүлгийн гол баатар нь хаантан болох хүсэлтэй ажээ.
Энэхүү том хүсэл нь хүүхдийн эрх дураар байх сэтгэлгээнээс үүсэлтэй . “Амттайхан боорцог ”, “Хамаг эртэч нь ээж” зэрэг шүлэгт хөдөлмөр нь хүнд баяр бахдал, сайн сайхан нэр төр авчирч өгөхийг дамаар тусган “Ар давж хөлөг болдог, ажил хийж хүн болдог ”-ийг хүүхдийн оюун ухаанд суулгаж өгчээ. “Тогооч багш”, “Бэлэг” шүлэгт хүүхдийн хүслэн мөрөөдөл нь тэдний цайлган цагаан сэтгэлтэй дүйж, найз нөхдийн дур сонирхолтой холбогдох нь бас ч хүүхдийн сайхан сэтгэлээс эхтэй байна. Хүүхдийн бодол нь бодит ахуйд биеллээ олох эсэх нь хамаагүй, харин бодож сэтгэж танин мэдэж байх нь чухал. “ Зураач охин”, “Аавын гар ” шүлэгт хүүхдийн сэтгэхүй төсөөлөл нь бодит орчинтой зөрүүтэй байх нь “буруугүй” юм. Энэ нь томчуудын хүсэл тэмүүллээс шал өөр зүйл.
Хүүхдийн шүлэгт олон илэрдэг үг давталт нь алмаз шигтгээ болж, нэн ялангуяа бага насны хүүхдэд уншин цээжлэх, хүүхдийг шүлэгт дуртай болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг онцлох арга барил юм. Давталт нь монголчуудын зугаа үг, жороо үгэнд олон байсан. О.Сундуй нь “ Миний хөөрхөн дүү”, “Үхэр огдой”, “Дүүжин даажин ” зэрэг шүлэгт үг давталтыг уранаар хэрэглэжээ.
Магтан сайшаах нь сэтгэц хүмүүжлийн чухал арга барил байж, хүүхдийн эрүүл саруул өсөлт бойжилтод сэтгэлийн дэм болоход магтаал дутаж болохгүй. “Ээждээ би магтуулмаар байна” шүлэгт хэр их ээждээ хайртайгаа хэлэх гэж хичээж буй хүүхдийн санаа ба хариуд нь магтуулах нөхцөл хүсэлтийг илрүүлсэн байна.
Монгол хүүхдийн уран зохиолын амьтны сэдэвт шүлэг нь анх эхлээд монгол ахуй амьдрал, монгол нүүдэлчин соёлоосоо улбаалж хурга ишиг, унага тугал гэж байсан бол сүүлдээ хүүхдийн сонирхлын хувиралтыг дагалдан “Илбэнх”, “Тагтаа”, “Зөгий” болон элбэгжжээ. Иймэрхүү шүлэг нь хүүхдийн уншлагын хэмнэл айзам, хэл зүгшрүүлэх зорилгоос үүдэн бичлэгийн хэлбэр нь хөдөлгөөн дүрслэл ихтэй байж үлгэрлэг шинж давамгайлж, толгой холболт, сүүл даралт мэтийн уламжлалыг мөрдөх нь зонхилох ажээ.
Амьтны тухай шүлэг нь хүнчлэл аминчлахын аргаар хүүхдэд сонирхолтой, хачин гайхалтай, тэдний сэтгэл зүй, сэтгэхүйд бүрэн нийцсэн хөдөлгөөн ихтэй, дүр нь соньхон шидлэг байдаг бөгөөд зохиогчоос хүүхдэд сурган хүмүүжүүлэх санаагаа амьтны дүр дүрслэлээр гаргахыг хичээдэг. Үүнд “Зодоонч тагтаа”, “Унтамхай унага ”, “Эрх гөлөг ” шүлгийг нэрлэж болно.
Хүүхдийн шүлэгт баавгайн дүр байнга гардаг нь уламжлал шахуу болсон ч миний хувьд их сонин санагддаг. Бодит үнэнд баавгай нь үнэхээр мондог хэрцгий амьтан. Гэтэл хүн түүний зургийг хөөрхөн хөгжилтэй зурдагаас болсон юм уу бүү мэд. Тэртэй тэргүй баавгай нь хүүхдэд хөөрхөн байж болох юм. Хүүхдийн уран зохиолчийн харуулах санаа нь адилгүйгээс шалтгаалан баавгай нь аажуу залхуу, хөөрхөн, шинжээр бичигдэнэ.
“Дэгдээхэй”, “Бөөдий бөмбөрсөн нь”, “Муурын зулзага” шүлэг нь хүүхдийн өхөөрдөн хайрлах сэтгэхүйг тодруулж, “Үнэг ээж ”-д амьтны эх бологсдын үрээ гэсэн сэтгэлийг магтан дуулж, “Ганган зараа”, “Хөөрхөн охин” ... шүлэгт биеэ хэтэрхий гоёж гоодох гэж цагаа барж болохгүй. “Эдээр биеэ чимэхээр
Эрдмээр бие чим” гэх далд утгыг сэтгэж, хүүхдэд шууд хэлж захихаас илүүтэй сургамжит ач холбогдолтой байна.
Сүүлийн үед хүүхдийн шүлгийн бичлэгийн хэлбэрт ч шинэ урсгал бий болж, сэтгэлгээний өнгө аястай болж байна. “Найрсаг зан”, “Суудал солих өдөр” шүлэгт өсвөр насны хүүхдийн бие сэтгэлийн бойжилтыг уран эвлэг харуулсан нь хүүхдийн уран зохиолч бүрийн хөндсөн сэдвээс халин давсан нээлт болжээ.
Байгалийн үзэгдлийн хувьсал хувиралтаас хүүхдийн танин мэдэхүй хөгжих бөгөөд болж бий зүйлийг хүүхэд шал өөрөөр хүлээн авч сэтгэх нь дамжиггүй байдаг. “ Би бол нар”, “Навчис”, “Ягаан үүл ” шүлгийг жишээлж болно.
О.Сундуйн оньсогот шүлэг, харилцан унших шүлэг, үлгэрт шүлэг нь хүүхдийн оюун тархийг нээгдүүлэх, урам бахыг татах талд амжилттай болжээ. Хүүхдийг ойлгож, судалж чадах юм бол хүүхдийн шүлгийн хөгжил зогсонгуйрахгүй. Хүүхдийн бодол сэтгэл одоо үед бүрмөсөн өөр таагдашгүй болтлоо шинэдэн буй тул хүүхдийн зохиолч судалгаа хандлагаа хүүхэдтэй хурд нийлүүлэхгүй бол хоцронгуй болох аюултай нь үнэн. Хүүхдийн уран зохиолд ч шинэ эрэл сүвэгчлэл хэрэгтэй болж бий учир хүүхдийн уран зохиолд хүч үзэгсэд цөөрч байна.
Хоёр орны хэл яриа, найруулга зүйн зөрүүгээс болж Өвөрмонгол хүүхдэд хараахан ойлгогдохгүй үг хэллэг, мөр бадаг О.Сундуйн шүлэгт мэр сар буйг үл өгүүлэн уянга шүүмжээ жаргаая!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 215 (6947)