Гайхамшгийг өвлөсөн хувь заяаны эзэд

2022-10-31
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Хүний зүрх сэтгэлээсээ хандсан сонирхол хийгээд ажил үйл амьдралын чигийг заагч луужин болдог гэдэг. Тийм луужин атгасан уран гартны нэг бол Задийн Цэнгэлсайхан. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат энэ эмэгтэй уранхатгамалч, Соёлын үндэсний өв уламжлагч төдийгүй Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг эрхэм хүндлэлийн эзэн юм. Түүнийг манай сонин уранхатгамалчаар мэргэшиж Монгол өв соёлыг уламжлан үргэлжлүүлж яваа охин, зээ нартай нь цуг “Удмын бахархал” буландаа зочноор урьж ярилцлаа.

 

ТҮҮХ СӨХӨХҮЙ БУЮУ ЭХЛЭЛ

 

Уранхатгамлын өв соёлыг монгол хатан ухааны үндэс гэж хэлэх нь бий. Энэ сэдвээр монгол гэсэн үзлийг зөвхөн бичигч бивээр тунхаглах гэсэн юм биш чухамхүү тэр үзэл, энэ аугаа соёл Монгол хүний тархи зүрхнээ хэрхэн өсч өндийснийг, өнөө хүртэл ховор нандин чигээрээ өртөөлөн ирснийг мэдүүлэх гэсэн юмаа.

Хүн гал гаргаж хэрэглэсэн эрт үед уранхатгамал үүссэн гэж түүх судлаачид таамагласан бий. Тэгээд XIX зууны үед соёлын хувьд өөрийн гэсэн хэлбэрийг олж цаашид сонгодог урлагийн нэг төрөл, монгол гэсэн тодотголтой өв уламжлал болж хөгжжээ. Энэ тухай товч тодорхойлолт гаргаж хэлэх юм бол уран зураг мэт дүрслэлтэй, өнгө будаг уусгаж шагласан уранхатгамал бол нүүдэлчин монголчуудын бүтээсэн гайхамшигт өв соёл гэж болно.

Хүний оюун ухаан, уран гарын увидасыг шингээн нарийн чимхлүүр аргаар урладаг уранхатгамал нь зүү ороох, уран шаглаа, уусгаж задгай хатгах хийгээд зоосон ширээний сүлжмэл, зээгт наамал, саа дарах, загасан нуруу гаргах гээд 20-иод төрлийн урын сантай бол олон зууны тэртээгээс гараас гарт, багшаас шавьд дамжин уламжлагдаж иржээ. Тиймийн учир уранхатгамлын ертөнцөд бүл бүсгүйчүүдийн хувь заяа нэгэн шижмээр холбогдсон тухай өгүүлэхийг зорьлоо. Тэгэхдээ бас үр удмаараа гайхамшигт үйлийн төлөө ажил амьдралаа тэд зориулж явна гэдгийг тодотгохыг хичээсэн маань энэ. "Удмын бахархал" булангийн зочныг маань Задийн Цэнгэлсайхан гэдэг. Түүнийг их хувь заяаны эзэн гэж хэлэх гэсэн юм. Бас аз нь алгандаа багтаж ядсан хүн гэж болох. Тэгвэл аз гэдэг аяндаа бороо мэт тэнгэрээс буугаад ирдэг юм биш. Чухамхүү ухаан дагаж сэтгэл түшиж ирдэг бурханы хишиг юм л даа. Яагаад ч юм түүнтэй ярилцаж суухуйд яасан уйгагүй хөдөлмөрч хүн бэ гэсэн бодол төрж байлаа. Зүү ороох бүтээлд шамдаж байгаа хүн бол яг л ургаа юм шиг суудаг гэдэг. Шуурганы дараа тэнгэр хангай хүртэл нам  жим болдог шиг л. Энэ үед уран бүтээлч хүн олзоо эмхэлж, оюун ухааныхаа үүцийг уудалж байдаг юм байна гэдгийг З.Цэнгэлсайханы ярианаас олж мэдлээ. Тэрбээр ярихдаа "Өөрөө энэ үйлийг хийгээд үүх түүх, билгэдлийг нь судлаад үзэхлээр уран бэрийн ухаан, эмэгтэй хүний торгон мэдрэмж энэ уранхатгамлаас төрдөг юм гэдгийг ойлгосон нь олз.

Бас ямар ч урлаг, ямар ч хүсэл, ямар ч үйлдэл ямар ч эрэл хайгуул дандаа сайныг зорьдог гэж тэр хэлнэ лээ. Олзуурхмаар үг энэ шүү.

Тэгвэл өнөөдөр З.Цэнгэлсайхан гэдэг эмэгтэйг яагаад монголдоо урдаа барьдаг уран хатгамалч, энэ нандин өвийн үндэсний уламжлагчийн нэг гээд байгаа юм бэ. Ийм л чигийн сургууль ном дүүргэсэн нэгэн байх гэж бодно уу. Үгүй ээ. Тэр хүний их эмчийн мэргэжилтэй. Харин мэргэжлээрээ 10-хан жил ажиллаад эмэгтэйчүүдийн байгууллагаас эхлээд төрийн албанд 30 гаруй жил зүтгэсэн нэгэн. Дархан-Уул аймагт захиргаанд нь хэлтсийн дарга, Тамгын газрын дарга бас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга гээд.

Ийнхүү амьдралынхаа явцад сэргээн суралцаж нэг үгээр хэлэхэд чухамхүү гартаа оруулж авсан нэг юм нь уранхатгамлын үйл ажээ. Түүнийг бага байхад нь авга эгч Жамбаагийн Дарьсүрэн гэж гайхам уран эмэгтэй байж. Түүний ур үйл хийхийн цагт З.Цэнгэлсайхан хажуугаас нь салахгүй утас, зүү нийлүүлэх агшин бүрийг нь оюун санаандаа нэвт шингээж байсан гэдэг. Тэр эгч нь зөвхөн уранхатгамал биш угалзтай монгол гутал, гөлөм дэвс гээд хийхгүй юмгүй нэгэн байжээ. Түүнээсээ Цэнгэлсайханы авч үлдсэн юм нь уранхатгамал. Бас нэг даалин бий гэнэ.

Уг даалинг Баянцагаан сумын музейд байхыг олж аваад жаахан сэргээлт хийгээд буцааж өгсөн гэж ярина лээ. Мөн эгчийнхээ угалз хээний нэг шивүүрийг нандигнан хадгалж яваа гэнэ. Энэ нь тэр эгчийн маань ур ухаан өөрт нь амьдралын чиг заах луужин гэж боддогийн илэрхийлэл юм даа. Хөх зүү хөндлөн барьж үзээгүй монгол эмэгтэй ховор байсан цаг үе бий. Одоо харин олон болсон биз. Энэ дундаас ур ухааны гайхамшигт уранхатгамлын ертөнцөд цойлж яваа нэгэн бол З.Цэнгэлсайхан түүний охин С.Ганцэцэг, зээ охин Э.Мишээл нар болой.

Ингээд З.Цэнгэлсайхан хатгамалчтай уран бүтээлийн хөөрөлдөөн хийснээ товчхон толилуулья.

-Та уранхатгамал хийх ухааны эхлэлээ авга эгчээсээ авсан гэлээ. Яг өөрийн үйл хэрэг болгох санаа хэдийнээс төрсөн бэ?

-1990 онд Дарханд намайг эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болох үед зах зээлийн шуурга эхэлсэн дээ. Олон үйлдвэр хаалгаа барьж эмэгтэйчүүд ажилгүй болсон цаг. Тиймээс тэднийгээ ажилтай орлоготой болгохын тулд гар урлалын жижиг эд юмс хийлгэж эхэлсэн. Уранхатгамлаа дагнаад шүү дээ. Бусдад зааж сургах ажлаа ч эхэлсэн.

Эхний үед уранхатгамал хийдэг хүн маш цөөрсөн байлаа. Б.Цэрмаа, Х.Норолхоо, А.Цэрэнхүү гээд нэртэй цуутай нь ч цөөхөн. Энэ нь сэтгэл зовоож байсан учир Дарханд байхаасаа сургалт хийдэг болсон. Уранхатгамалчдын улсын гурван удаагийн уралдаан зохион байгуулсан. Монголын уранхатгамалчдыг дэмжих "Эгнэшгүй санаа төв" ТББ байгуулж тэргүүнээр нь ажиллалаа. Үүний дүнд одоо 10 гаруй мянган хүнтэй хатгамалчдын арми бий болсон.

-Уранхатгамалчдын арми гэснээс үүдээд асуухад тэр дунд танай үр удамд энэ талын авьяастан олноор төрж байгаа гэдгийг сонссон. Энэ тухайд...?

-Охин С.Ганцэцэг маань дунд сургуулийн сурагч байхдаа намайг түшиж зүү ороох нандин өвд суралцсан. Одоо Хүүхдийн урлан бүтээл төвд уранхатгамлын багшаар ажилладаг. Түүний охин буюу миний зээ Э.Мишээл одоо бие даасан хатгамалч болчихоод байна. Дунд сургуулийн сурагч тэр зав чөлөөгөө үүндээ зарцуулдаг болсон. Цөөнгүй уралдаанд уранхатгамлын төрлөөр амжилттай оролцсон.

Эмээ, ижий хоёр маань уранхатгамалч гэхээр тэр их урамшдаг биз. Ер нь хүүхэд уранхатгамлыг эхлэд гоё юм гэж сонирхдог бол өөрөө оролдоод сураад ирэхлээр бүр шамдамхай болдог юм билээ.

Одоо бас манай зургаан настай зээ "би оёно хатгана" гээд байдаг юм. "Миний охин 10 нас хүрээд оёорой" гэхээр "Би хэзээ арван нас хүрэх юм бэ" гэж байгаа юм. Энэ нь манайхны хувьд уранхатгамалчийн тав дахь үе сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэж байна гэж болно оо доо.

-Өөрийг чинь гадаад оронд болсон олон үзэсгэлэн, соёлын наадамд оролцсон хүн гэж сонссон шүү?

-За тийм ээ 1995 онд Японд болсон "Made Mongolia"-гоос эхлээд Солонгос, АНУ-д бас Унгарт олон удаагийн үзэсгэлэн, ардын урлагийн наадамд явж байлаа. Америкийн уранхатгамалчдын байгууллагын гишүүн болсон. Эх орондоо олон удаагийн наадам, үзэсгэлэнд биечлэн оролцсон.

Богдын даалинд учиг шингээх үе.

-Уранхатгамал гэдэг юм өөр бусад улс оронд байдаг уу?

-Өө байлгүй яахав. Уранхатгамал гэдэг юм чинь хүний үүсэлтэй амьдрах орчинтой яалт ч үгүй холбоотой юм. Ер нь хүн үүсээд хувцас өмсөх орон гэрт суух шаардлага бий болсон. Ингэснээр эд хэрэглэлээ хөшиж оёхоос эхлээд хэрэгцээ нь нэмэгдсэн. Хонин холбоо гэдэг оёо бол тухайн үеийн үйлийн анхны хэлбэр. Энэ нь явсаар уламжилж өдий хүрэхдээ гоёл чимэглэлийнх болсон юм билээ.

Монголчуудын хувьд зүү ороох урлал Хүннүгийн үед байсныг нь археологийн олдвороос эрдэмтэд олж тодорхойлсон шүү дээ. Ноён уулын булшнаас олдсон ширмэл ширдэг хатгамал бүхий зарим эдлэлээс зүү ороох болон загасан нуруу хатгах гээд урлал тэр үед байсныг бид мэдэж авсан. Ер нь тэгээд музейн сан хөмрөг, өвлөн уламжлагчдын хууч ярианаас уранхатгамал нь маш эртнээс түүхтэй  оюун ухааны гайхамшигт бүтээл болох нь нэгэнт батлагджээ гэж хэлж болно.

Зүү ороох оёдол бол XIX зууны үед сонгодог урлаг болтлоо хөгжлийг олсон гэдэг. Монголд гэхэд Богд Жавзандамба хааны үед байна. Дондогдулам хатны болон богдын эдэлж хэрэглэж байсан малгай, гутал, хөөрөгний даалин гээд олон бүтээл одоо хааны музейд байгааг хэн бүхэн үзсэн байх. Тухайд үед гутал, малгай мэт хувцас жижиг хэрэглэл дээр зүү ороох урлал хийж байж. Тэгвэл өнөө үеийн уранхатгамалчид бидний хичээл зүтгэлээр бүх төрлийн хувцсанд чимэглэл болгож байна.

-Та уранхатгамал гэдэг соёл гадаад орнуудад бий гэсэн. Тэгвэл тэр нь Монголынхоос юугаар ялгагддаг вэ?

-Зүү ороох урлал тархан сууршсан монголчууд байгаа газар бүхэнд бий. Гэхдээ хамгийн нандин төрөл нь зөвхөн Монголынх. Батбөх чанар, гагцхүү гараар хийж бүтээгддэг технологийн шийдэл нь хаа ч байхгүй гэж хэлж болно. Японы нэг эрдэмтэн хэлсэн л дээ. Технологийн энэ эринд машинд програмчлаад оруулж болдоггүй нэг өвөрмөц зүйл бол Монголын зүү ороох урлал гэж. Хонин холбоо болон задгай хатгамлыг бол харин машинаар оёчихож байгаа. Гэтэл зүү ороох загасан нуруу хатгамал зэргийг механизжуулах ямар ч боломжгүй. Технологийн давхар шийдэлтэй гэсэн үг.

Одоо гар оёоны хамгийн бат бэх оёо бол шаглах. Буцаж хатгаад, буцаж хатгаад л.

Зүү орооно гэдэг нь зүү ороож гогцоо үүсгээд түүнийгээ дахин шаглаж даруулдаг. Иймээс Дарьганга мөнгөн эдлэл яаж элэгдлээ ч цаанаас давхар хээ гарч ирдэг шиг. Энэ чанараараа он удаан жилийн эдэлгээ даах байдлаар уран тансагийн хувьд зүү ороосон хээ чимэглэл онцгой юм шүү. Зүү ороосон хээтэй эдлэл хүний амьдралын хэдэн үе дамжин хэрэглэгддэг. Зуун хэдэн жилийн өмнөх нэг даалин гэхэд торго нь сэмрээд урагдчихсан байхад хээ нь хэвээр байдаг. Аугаа урлаг л даа.

Цагаан шүхэрт бурхан.

Үндэсний хэмжээний өвлөн уламжлагчийн нэг З.Цэнгэлсайхан уранхатгамалчдын хойч үеийг бэлтгэхийн зэрэгцээ Монголын түүхэнд үлдэх олон бүтээлтэй хүн. Тэр болгоныг дурдаад тайлбарыг хэлээд байх юм бол цаг зав багадаж сонины зай талбайд хүрэлцэхгүй биз. Түүний бүтээсэн "Цагаан шүхэрт" гэдэг бүтэн зүү ороох оёдлоор бүтээсэн бурхан бий. Урьд нь бол бурхныг зээгт наамал, задгай хатгамлаар хийдэг байж. Тийм болохоор дан зүү ороож урласан энэ бүтээл технологийн хувьд шинэ шийдэл байлаа. Үүнээс хойш уранхатгамалчид зүү ороож зөндөө бурхан урладаг болжээ. Үүгээрээ зүү орооно гэдэг хамгийн нарийн юмыг урнаар гаргаж болно гэдгийг харуулсан байдаг. З.Цэнгэлсайхан урлаачийн нэг содон бүтээл бол XIII богдын эдэлж хэрэглэж байсан даалинг урлагийн бүтээл хүндэтгэлийн загвар болгосон явдал.

Даалин бол ур хийц, үнэ цэнийн хувьд дахин давтагдашгүй чанартай монгол өв төдийгүй тухайн хүний үзэл бодол, нийгмийн байр суурь, хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлдог гэдэг. Тиймээс их Богдынхоо даалинг хүндэтгэлийн хэлбэрээр урлахаар шийдсэн юм билээ.

Даалинг хэмжээний хувьд 16 дахин томсгож монголд байгаа хамгийн үнэтэй торго, утаснуудыг сонгож аваад олон арван уранхатгамалчдаар учиг шингээлгэж бүтээх эхлэлийг нь тавьсан байдаг. Бас буяны газруудад очиж үйлээ үргэлжлүүлсэн төдийгүй Энэтхэгт очиж Далай багшид бараалхахдаа мөн л түүний дэргэд учиг шингээх үйлээ хийсэн. Тэгэхэд нь Далай багш Данзанжамц үндэсний ийм сайхан өв соёлыг бүтээж байгаад нь гүнээ талархаж байв. Уг даалинг жил гаруй хугацаанд бүтээж дотор нь Монголын ард түмний хувь заяаг билгэдсэн ерөөлийн үг оёсон юм билээ. Энэ хүндэтгэлтэй үйл бүтээлийг хийх үйлсэд З.Цэнгэлсайханы охин, зээ нар бас хоёр дүү нь оролцсон ажээ.

Уранхатгамалч З.Цэнгэлсайхан өөрөө бүтээл хийхийн зэрэгцээ энэ уламжлалт үйлийг олон хүнд сургах, сурталчлан таниулахын тулд уранхатгамлын гайхамшгийг үзүүлсэн гурван томоохон ном бас бус сургалтын чанартай гарын авлагууд хийж хэвлүүлжээ. Мөнхүү "Миний эх орон мандан бадраг" гэсэн утгатай олон цуврал бүтээл бий.

Энд түүний хэлсэн нандин зүйлсээс сонирхуулбал,

-Уранхатгамал гэдэг үйл хүнээс хамгийн их тэсвэр тэвчээр их цаг хугацаа шаардана. Ер нь босон суун хийдэг ажил биш. Нам сууж, үйлдээ сэтгэл оюунаа бүрэн өгч байж бүтээл төрнө. Гар, нүд, ухааны ур нийлж олон гарц гаргалгааг бүтээлчээс шаардана. Нэг талын бясалгал гэдэг. Уранхатгамлын үйл хийх явцад хүн ертөнцийн хамаг сайн, муу юмнаас тасарсан байдаг. Үүгээрээ хүнийг тэсвэр тэвцээртэй, цаг хугацааны мэдрэмжтэй болгодог гэж ярьсан юм.

Энэхүү нандин яриаг нь амтархан сонссоны дараа З.Цэнгэлсайханы охин буюу гурав дахь үеийнх нь уранхатгамалч С.Ганцэцэгтэй уулзаж төсөрхөн яриа өрнүүллээ. Намайг ангид нь ороход тэр хэдэн хөөрхөн охин эгнээгээр суулгачихсан ид хичээлээ зааж байсан юм.

-Арван минутын дараа хичээл дуусна гэлээ. Жаахан хүлээв. Тэгээд ярилцав.

С.Ганцэцэг уранхатгамлын хичээл дээр.

-Өөрийн чинь тухайд ижийгээс чинь ойлголт авсан л даа. Уран ижийнхээ үйлийг үргэлжлүүлж яваад чинь талархаж байна шүү?

-Би дунд сургуульд сурч байхдаа л уранхатгамал гэдэг үйлийг сурсан. Тун удалгүй хобби маань болсон. Ажлын гараа гэх юм бол манай ижий "Монголд үйлдвэрлэв" гэсэн хаягтай жижиг дэлгүүрт ажилладаг. Би тэнд нь ажиллаж бас бүтээлээ хийж эхэлсэн. Ер нь бол дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Харин тэр мэргэжлээрээ ажиллаагүй 20-иод жил боллоо.

 Ижийтэйгээ хамтарч монгол уранхатгамал гэдэг соёлын биет өвийг хойч үедээ өвлөн уламжлуулах гэж л зүтгэсэн. Ингээд сүүлийн дөрвөн жил Хүүхдийн урлан бүтээл төв гэдэг энэ ариун тансаг газар уранхатгамлын багшаар ажиллаж байна. Манай ижий З.Цэнгэлсайхан 1000 шахам шавьтай болсон мундаг хүн. Тийм хүний охин бас сайн байх ёстой гэж боддог. Өнгөрсөн хугацаанд миний хувьд багцаалаад бодоход 300 орчим хүүхдэд уранхатгамал гэдэг энэ өв соёлыг ойлгуулж мэдрүүлэх гэж чармайж, урлан бүтээх аргад суралцуулаад байна.

-Энд багшлахаасаа өмнө буюу сургуульд байхдаа багшдаа оёдол үйл заадаг байсан юм гэл үү?

-Ижий хэлж байна уу. Тэгж. Сүртэй ч юм бишээ. Багшдаа би хивс нэхэх аргыг зааж өгсөн удаатай юм л даа.

-Бүтээл хэр байдаг вэ?

-Энэ тэр гээд тоочоод байх олон бүтээл байхгүй. Гэхдээ хоосонгүй. Би хүмүүст, хүүхдүүдэд зааж сургахыг л гол болгодог гэх үү дээ. Багшилснаасаа хойш хийсэн "Хүндлэл" гэдэг бүтээл байна. Энэ бүтээлдээ би уранхатгамлын шинэ технологи гаргаж ирэхийг зорьсон. Зүү ороох хатгамал технологийн хувьд зүү ороогоод шагладаг гэвэл энэ бүтээл маань зүү ороож шаглахдаа саатай утсаар давхар шаглаа оруулсан. Тиймдээ энэ бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан юм. Нөгөө талаар би ижийтэйгээ уранхатгамлын дугуйлан ажиллуулж байсан болохоор сүүлд нь хүүхдүүдэд багшлах их хялбар мэт санагддаг.

-Танай охин бас уранхатгамалч гэл үү?

-Тийм ээ. Миний охин Э.Мишээл 11 настайгаасаа уранхатгамлыг эмээгээсээ сурсан. Одоо надаас ч илүү шахам мэргэшсэн уранхатгамалч. Орос арван жилийн сургуулийн арваннэгдүгээр ангид сурдаг. Хичээлийн чөлөө заваараа уранхатгамлаа л хийдэг хүүхэд. Анх манай урлан бүтээх дугуйланд явдаг байсан. Одоо хичээл номын ачаалал нь их. Зав муутай юм билээ.

Охины маань бүтээл шинэ сэргэг санаа, содон хийцээрээ тун олзуурхмаар санагддаг. Зөвхөн надад тэгж санагддаг биш удаа дараа уралдаанд оролцож бүтээл нь өндөр үнэлэгдэж ирлээ. Бүтээлийнхээ зургийг гаргах, зохиомжлох гээд бүгдийг тэр өөрөө хийдэг болсон. Таван ч удаагийн уралдаанд бүтээлээ сойчихсон хүн.

-Амжилт нь ч их биз?

-Таван удаа уралдахдаа гуравд нь эхний байр эзэлсэн байдаг юм. Энэтхэгийн Элчин сайдын яамнаас зарласан нэг уралдаан, олон улсын чанартай "Өв соёл" нэртэй хүүхдийн уралдаануудад дэд байр, Солонгос талаас зохион байгуулсан нэг уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Наадам гэж бүтээл нь тун онцлог. Монгол наадам Юнеско-д бүртгэгдсэн гэдэг санааг голлож наадмын бүтэц бүхнийг зүү ороох болон зоосон ширээний сүлжмэл аргаар хийсэн юм билээ.

-Багш хүний хувьд сурах бичиг талын ном бүтээж амжсан уу?

-Бие дааж ном хийгээгүй л байна. Хийнэ гэсэн зорилго бол бий. Урьд ижийнхээ хийсэн сүүлийн үеийн номд нь тусласан шиг л байгаа. Зарим номыг нь хянан тохиолдуулсан гэж хэлж болно.

Манай шавь хүүхдүүд маань уралдаанд оролцоход хэн нэг нь байр эзэлсэн байдаг. Тиймээс тэднийхээ бүтээлийн танилцуулга номыг эхний ээлжинд хийх бодол бий. Эхийг нь бэлдэж л байна. Энэ олон хүүхэд зориг тэвчээр гаргаж уранхатгамал хийж сурахаар орж ирсэн. Тэдний "Би чадна аа багшаа" гэсэн урамтай үг надад сайхан байдаг.

Эцэст нь З.Цэнгэлсайхан урлаачийн бүтээлийн талаар жаахан нэмэлт хийх ёстойг санав. Тэр зүү ороосон хатгамалтай жижиг эдлэлийн 22 загвар бүтээж тэр бүгдэдээ оюуны өмчийн патент авчаа. Мөн Дарханы тэнгэрлэг алдартнууд "Ижийдээ өргөх дуун цомог болон уранхатгамлын хэд хэдэн номоо хэвлүүлсэн юм билээ. Өөрөө би бөх цоохор овогтон гэдэг. Энэ нь ч учиртай юмсан уу. Хамгийн сүүлийн үйлчин бүсгүйчүүдэд зориулсан номоос нь үзэхэд тэнд бөх цоохор овогт цөөнгүй уранхатгамалчид байдгийг мэдсийм. Энэ түүний хичээл зүтгэлийн бас нэг үр дүн биз ээ.

З.Цэнгэлсайханы бүтээлээр Сингапурт хийгдсэн маркнууд.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 211 (6943)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 42 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 44 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 45 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 40 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 2 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 1 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 33 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

11 цаг 54 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 28 мин