Б.ДОЛЖИНЖАВ
-Сайн байна уу. Би Д.Сумъяабазар байна
-Сайн байна уу. Эрхэм хотын дарга Д. Д.Сумъяабазар танд юугаар туслах уу?
-Эгүнэ, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хэдэн минут явах вэ?
-Түгжрэлийн түвшин дундаж байгаа учир та автобусаар 16 минут зорчихоор байна.
Энэ бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Монгол Улсын анхны виртуал иргэн Эгүнэ /Egune/ хоёрын яриа юм. Анхны цахим иргэн Эгүнэ нь бодитоор бус тусгай төхөөрөмжийн цаанаас тантай харилцаж, хэрэгцээт мэдээллийг хүргэх юм. Одоогоор түгжрэл, агаарын чанарын мэдээллийг хүргэж байна. Цаашид хөгжүүлэлтийг нь сайн хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд ашиглахаар төлөвлөсөн байна.
Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд төрийн бүх үйлчилгээг цахим болгохоор зорьж байгаа билээ. Тиймээс 2022-2024 онд Улаанбаатар хотод ямар цахим техник, технологийг нэвтрүүлэх талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар УИХ болон Засгийн газрын гишүүд, олон нийтэд пүрэв гарагт танилцуулсан юм. Энэ үеэр илтгэгч бүрийн яриа дэлгэцнээ Англи болон кирилл Монгол бичгээр хөрвөж байсан нь бас нэгэн технологийн томоохон дэвшлийн нэг яахын аргагүй мөн байв.
Үндэсний технологийн 70 компани нэгдэж нийслэлийг цахим хот болгоно
Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг замын хөдөлгөөний менежментийг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх гэсэн зургаан зорилттойгоор хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн хүнд суртал, авлигыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг бий болгох, цаг хугацаа, зардлыг хэмнэхэд цахим шилжилт чухал үүрэгтэй. Нийслэлд 1.6 сая иргэн амьдарч байгаа учир хүн амын талаас илүү хувийн дата мэдээлэл төвлөрч байгаа. Мөн соёл, шинжлэх ухааны гол цөм гэдэг утгаараа төрийн мэдээллийн урсгалыг түргэн шуурхай болгож, иргэндээ ээлтэй, хүртээмжтэй дижитал хот болох нь нэн тэргүүний зорилт юм. Үндэсний технологийн 70 гаруй компани нэгдэж, нийслэлээ цахим хот болгохоор хичээж байна.Эдгээр компанийн цаана дэлхийн технологийн толгой компаниудад ажилласан туршлагатай 1000 инженер ажиллаж байна. Бид монгол инженерүүдийнхээ эрдэм мэдлэг, оюун ухаан, ур чадварт итгэж байгаа” гэв.
Үүний дараа тэрбээр яг одоо хэрэгжүүлж байгаа томоохон технологийн шийдлүүдийг танилцууллаа. Эхнийх нь нийслэлийн бүх шатны 30 гаруй мянган албан хаагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцан, албан бичиг шуурхай солилцох нэгдсэн платформ “UB ERP” байв. Энэ платформыг нэвтрүүлснээр иргэдийн өргөдөл гомдлыг гурван төрлийн 12 эх үүсвэрээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтан руу шилжүүлэн, хяналтыг цахимаар тавих, шийдвэрлэлтийг иргэнд шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн томоохон шинэчлэл болсон юм.
Таван минутын дотор төрийн үйлчилгээ авдаг болов
Төрийн үйлчилгээг олон шат дамжлагатай, бүрдүүлэх бичиг баримт их, зөвшөөрөл олгох хүсэлтийн хариу удаан, дараалал ихтэй хэмээн иргэд шүүмжилдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хүргэх “Онлайн бизнес төв”-ийг энэ оны нэгдүгээр сард байгуулсан юм. Үүний үр дүнд дүүргүүдээс олгодог 83 нэр төрлийн, зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог бичиг баримтыг цахимжуулж таван минутын дотор үйлчилгээг авах боломж бүрдсэн билээ. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 30 үйлчилгээ, барилгын үйл ажиллагаатай холбоотой 70 үйлчилгээг цахимжуулахаар төлөвлөж байна.
Дөрөвдүгээрт, хэсгийн ахлагч нарын ажлыг хөнгөвчлөх, цахимжуулах, төр, иргэн, аж ахуй нэгж байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах боломжийг олгосон “Дижитал СИТИ” гар утасны аппликейшнийг нэвтрүүлээд байна. Ингэснээр төрийн шат шатны байгууллагуудын хяналт, хариуцлагыг сайжруулах боломж бүрдсэн юм.
Тавдугаарт, “E-school” боловсролын нэгдсэн платформыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 40 ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Энэ системээр дамжуулан сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчид мэдээллээ цаг алдалгүй авах, солилцох боломжтой. Тодруулбал, сурагч сургууль дээр байршуулсан киоск машинд картаа уншуулахад эцэг эхчүүдэд тухайн өдөр идсэн хоолны мэдээлэл очно. Ингэснээр эцэг эхчүүд үдийн хоол хөтөлбөрт өдөр бүр хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.
2024 онд Улаанбаатар цахим хот болох боломжтой
Зам тээврийн салбарыг үйлчилгээг цахимжуулах чиглэлд RFID, тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Smartcar”, шалган бүртгэх товчоодын төлбөрийн систем зэргийг нэвтрүүлээд байна. Тухайлбал, “Smartcar” системээр иргэд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлснээр 3.8 тэрбум төгрөгийн торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн нийслэлийн шалган бүртгэх товчоодыг ирэх сарын 1-нээс эхлэн төлбөр авах үйл ажиллагааг нь цахимжуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Эдгээр бүх технологийн шинэчлэлийг танилцуулсны дараа “ICT” группын гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Хотын даргын танилцуулсан бүх систем монгол залуучуудын оюун ухаан, ур чадвараар бүтсэн оюуны том бүтээл юм. Технологийн салбарын компаниуд нэгдэж юуг ч бүтээж чаддагийг анхны цахим иргэн “Эгүнэ” бидэнд харууллаа. Технологийн дэвшлээр дамжуулан дэлхийг өөрчлөхөд монголчууд бэлэн байх ёстой. Ирээдүйд Монгол хүн, монгол хэл байхын тулд “Чимэгэ”, “Эгүнэ” гэсэн монгол хүнийг ойлгодог цахим систем зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын төрийн үйлчилгээ бус төрийн албан хаагчийн үүргийг ч ирээдүйд “Эгүнэ” гүйцэтгэнэ гэсэн итгэл дүүрэн байна. Бараа, бүтээгдэхүүн импортолж болох ч оюун ухааныг импортолж болохгүй. Технологийн салбарын залуучуудын хамтын хүчээр 2024 он гэхэд Улаанбаатар хот бүхэлдээ цахим хот болох боломж дүүрэн бий” гэв. Ийнхүү хамтын хүчээр цахим үндэстэн болж, төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай авах боломжийг иргэн бүрт олгохоор хотын дарга Д.Сумъяабазар зорьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 210 (6942)