Төлөөллийн дэнсийг тэнцүүлэх шийдэл квот

2022-10-28
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

Эмэгтэйчүүд хүн амын олонх хэр нь эрх мэдлээрээ цөөн нийгэм, соёлыг бүрдүүлж ирэв. Уг нь эрх мэдэл гэдэг ширээ сандал, зөөлөн суудал биш юм. Өөрийнхөө амьдралд хамаатай шийдвэрт өөрөө оролцох, нөлөөлөх чадамж. Үндсэндээ эрх мэдлийн тухай ойлголтын хамгийн сонгодог утга нь энэ. Гэтэл манайхан албан тушаалтай хамаатуулж явцууруулж ирсэн. Эрхийг нь хамгаалъя гэж хамгийн ихээр ярьж тунхагладаг эмэгтэйчүүд, залуус, малчдын төлөөлөл үгээ хэлэх боломж шийдвэр гаргах түвшинд үндсэндээ алга. Тэр ч бүү хэл хүйсийн төлөөлөл улам баялаг болж буйг ч анзаарч үзэхэд гэмгүй.

Дэлхий нийтэд эмэгтэйчүүд сонгогдох битгий хэл сонгох эрхээ олж аваад удаагүй байгаа. Тоолбол,100 гаруй жил. Тиймээс манлайлагч, дарга, шийдвэр гаргагчийг эрэгтэй дүрээр хардаг хэв маяг, соёл тогтсон.

Энэ тохиолдолд квотоос өөр сонголтгүй. Үүнийг олон улсад түр тусгай арга хэмжээ гэж нэрлэж буй юм.Гэтэл эсрэгээрээ эмэгтэйчүүд хийж байгаа ажлаараа өрсөлдөөд гараад ир гэдэг. Ижил мэдлэг боловсрол, улс төрийн карьертай эмэгтэй, эрэгтэй хүн байлаа гэхэд эргэлзэхгүйгээр шууд эрэгтэйг нь дугуйлдаг хэвшмэл ойлголт, дадал, практик тогтчихсон өнөөгийн нийгэмд түр тусгай арга хэмжээ ашиглаж байж л ижил түвшинд хүрэхээс өөр хөшүүрэг алга. Үгүй гээд нийгмийн хөгжлөөр өөрчилье гэвэл чулуун дээр сийлсэн хэвээрээ л он цагийг туулна. Ингэж харвал квот бол анхан шатны хамгийн доод босго юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд үүнийг хамгийн дээд тааз мэтээр ойлгуулж, мушгиж ирсэн. Ихэнх тохиолдолд олон нийтийн хандлага хууль дүрэм журмаа чиглүүлж явдаг. Заримдаа олон нийтийн ойлголт, хандлагыг хуулиар, бодлогоор чирч болдог. Энэ хөшүүрэг нь квот гэсэн үг. Түүнээс квотоос өөр ямар ч сайхан зохицуулалт, мянга мянган амлалт байсан тэр бол зүгээр л зэрэглээ гэдгийг эмэгтэйчүүд олуулаа суугаад хөндлөө.

Эмэгтэйчүүдэд квот олгоё гэхээр эрх мэдэлд шуналаа гэж мушгих нь бий. Гэтэл сонгогдох гэж байгаа байгууллагынхаа мөн чанарыг таних хэрэгтэй болж байна. Парламент бол хууль тогтоодог төлөөллийн байгууллага. Тэнд баталж буй баримт бичиг хүний амьдралын бүхий л харилцааг зохицуулж байгаа учраас гар бие оролцож байгаа хүмүүс дунд туулсан туршлага, ялгаатай хэрэгцээ бүгд тусгалаа олж байж тэнцвэртэй, амьдралд ойртож очих учиртай. Өөрөөр хэлбэл, олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, чамтай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгцээ үүсчээ. Орон нутаг ч ялгаагүй. Төлөөллийг хангаж байна уу гэдэг хамгийн эхний шалгуур төдийгүй үүнээс үндэслэж зүй зохистой ажиллах эсэх нь хамаарна. Тиймээс хүн амын талаас илүү хувийг бүрдүүлж буй хүйсийн төлөөллийг бий болгохын тулд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлье гэсэн хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна. Тэр дундаа 21 аймгийн эмэгтэйчүүд нийслэлд хүрч ирээд төлөөллөө хангах талаар ярьж, шийдлээ гаргаж байгаа нь сайшаалтайг “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форум харуулав. Үндсэндээ  21 аймаг, есөн дүүргийн 120 гаруй төлөөлөл Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн хөдөлгөөн, хамтын манлайлал, эв санааны нэгдлийн түүх, сургамжийг сонсч, эмэгтэй манлайлагчдын улс, орон нутгийн амьдрал, хөгжилд оруулж буй хувь нэмэр, амжилт, өрнүүлж буй санаачилгуудаа онцоллоо. Цаашид 2024 оны сонгууль хүртэл хөдөлгөөнөө эрчимжүүлэх, сүлжээ, дугуйлан, нам дундын хамтын ажиллагааг хангах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратегийг маш нухацтайгаар ярилцсаны дотор эмэгтэйчүүдийг дэмжих гол хөшүүрэг нь квот юм гэдэг дээр санал нэгдэв.

Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил эрэгтэйчүүд давамгайлсан, тэдний хэрэгцээн дээр тулгуурлаж нүдээр нь харсан бодлого шийдвэрээр явж ирлээ. Үүний толь нь өнөөгийн нийгэм. Тиймээс ирээдүйг илүү гэгээлгээр харахын тулд эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжих шаардлага байгаа талаар нийслэл, аймаг, сумын төлөөлөл болон мэргэжлийн хүн хэрхэн харж буйг хүргэе.

 

Монфемнет Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал: Квотыг албан ёсны механизм болгож оруулахаас өөр аргагүй

-Төлөөллийг хангах механизм олон бий. Улс орнууд төрөл бүрийн арга хэрэглэж байна. Манайхтай ижил төстэй гарааныхаа эхлэл дээр байгаа улс орнууд шууд суудал хадгалах квоттой. Үндсэн хууль, Сонгуулийн хуульдаа УИХ-ын 76 гишүүний 30 хувь нь залуучууд, 50 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэх загвараар суудал хадгалж ирсэн. Тодорхой тойрогт зөвхөн эмэгтэйчүүд, залуус өрсөлдөнө гээд заагаад өгчихсөн байдаг. Зарим нь квотын төрлүүдийг ашиглаж байна. Манай улсад хамгийн наад захын нэр дэвших квотын талаар ярьж байна. Уралдъя гэхэд гарааны тэгш нөхцөл буюу хаалга нээх тухай л ярьж байгаа хэрэг. Харин ижил эрх, нөхцөл хангагдаад ирэхээр түр арга хэмжээ, квотоо болино. Тиймээс квотыг албан ёсны механизм болгож оруулахаас өөр аргагүй. Квотгүйгээр цааш явбал үзэмжийн асуудал болж хувирна. Нам, байгууллагын үзэмжээс шалтгаална. Тэнцвэртэй төлөөллийг хангах хамгийн гол механизм нь квот. Энэ амин сүнсийг нь ярьж хуульчлахгүйгээр тэнцвэртэй төлөөллийг хангана, Үндсэн хуульд улс төр, гэр бүл, нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрхтэй оролцоно гэж тунхаг төдий байх боломжгүй. Харин ч хүн амын тал хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг 50 хувь болгох ёстой.

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч С.Ахмарал: Сонгуулиар эмэгтэйчүүд хамгийн идэвхтэй ажилладаг

-Намууд дотоод дүрэм журамдаа эмэгтэйчүүдээ дэмжинэ гээд хуулиар 20 хувийн квот тогтоож өгсөн ч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Ядаж энэ багахан квотоо  эмэгтэйчүүддээ тавьж өгөөсэй гэж боддог. Нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн харьцаа тэгш байвал үр дүнтэй байх болно. Эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхдээ заавал санхүү мөнгө талаас нь харахгүйгээр тухайн хүний манлайллыг харах нь зүйтэй. Нөгөө талаас намаас квот авч чадаагүй бол бие даалгаад ч хамаагүй нэр дэвшүүлж, эмэгтэйчүүдээ дэмжиж болно. Харин сонгогчдын хувьд ойлголт хандлага, харах өнцгөө өөрчилж эмэгтэйчүүдэд санал өгөөсэй гэж хүсэж байна. Уг нь сонгуулийн ухуулга сурталчилгааны ажлыг гардаж хийдэг нь голдуу эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр бид өөрсдөө идэвхтэй байж ойлголт хандлагаа өөрчилбөл олон зүйлийг өөрчилж болно.

 

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг: Квотыг 40 хувь болгоё

-Квот заавал байх ёстой. Эрчүүд давамгайлсан улс төрийн салбарт эмэгтэйчүүдийг оруулах хамгийн бодит шийдэл, зохицуулалт бол квот. Тэгш төлөөллийг хангахын тулд эмэгтэйчүүд өөрсдөө хичээж зүтгэхээс гадна яг өнөөгийн нийгмийн онцлогт таарах хөшүүрэг нь квот л болж байна. Ингэж байж эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарна. Квотыг 20 хувь биш 40 хувь байх ёстой гэж боддог.

Учир нь нийт хүн амын 50 гаруй хувийг төлөөлөх хүмүүс 30 хувийн квот гуйгаад сууж байгаа нь хэтэрхий амбицгүй, харамсалтай хэрэг. Тиймээс эмэгтэйчүүд манлайлъя, бас квотоо ч тогтоож өгч байж хүн амын дийлэнхийн асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно. Өнгөрсөн 30 жилд гаргасан бодлого бидний амьдралд яаж тусав, сайжрав. Гоё цаас боловсруулж архивлаад байх нь үр дүнтэй бодлого биш гэдгийг түүх харууллаа. Эмэгтэйчүүд хойшоо сууснаараа төлөөсөнд нь юу өгөв гэдгээ бодож дор бүрнээ хичээх цаг ирсэн.

 

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Төгсбаяр: Квотгүйгээр төлөөллийг хангана гэж ярих боломжгүй

-Эмэгтэйчүүдийг дэмжихэд заавал квот байх ёстой. Эмэгтэй хүн гэрийн эзэгтэй байх гэсэн уламжлал ёс заншилтай холбоотой ойлголт, хандлага бат бөх байгаа цагт квотоос өөр хөшүүрэг төдийлөн үр дүнгүй. Аав хүн гэрийн эзэн, шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн соёл тогтчихсон учраас үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжье гэвэл хууль журамдаа 30 хувийн квотоо тогтоож өгөхөөс аргагүй. Үгүй бол эмэгтэйчүүд манлайлна, төлөөллөө хангуулна гэж ярих боломжгүй. Хүн амын тал хувийг бүрдүүлж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлыг хэзээ болтол эрчүүдээр шийдүүлэх вэ. Тэд үнэхээр үр дүнтэй шийдэж ирсэн үү гэвэл бас үгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 210 (6942)

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 цаг 48 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

6 цаг 50 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

6 цаг 51 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 цаг 46 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 8 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 7 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

11 цаг 39 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

12 цаг 0 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

15 цаг 34 мин