С.Мөнхнасан: Монгол Улс агаарын зайн цогц шинэчлэлээ дэлхийд зарлалаа

2022-10-26
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

С.УЯНГА

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор ИНЕГ-ын дарга С.Мөнхнасанг урилаа.

 

-Та энэ албыг хүлээж аваад жил болох гэж байна. Нислэг нь зогсож, данс тооцоо нь улайсан амаргүй салбарыг өндийлгөхөд ямар зарчмаар ажиллаж ирэв. Тамга атгаж суухаас илүү багагүй хичээл зүтгэл, сэтгэл шаардах нь зүйн хэрэг?

-Нисэхийн салбарт 23 дахь жилдээ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга гэсэн хариуцлагатай ажил үүргийг хүлээж аваад жил болох гэж байна. Нэг талаас хүнд мэт боловч нөгөө талаас боломж гэж харж байгаа. Элбэг дэлбэг, бүх зүйл боломжтой байсан үед олж хардаггүй байсан өнцгүүдээ мэдэрч байна. Хүндрэлээс гарахын тулд хамгийн түрүүнд хэмнэлтийн горимд шилжлээ. Гэхдээ иргэний нисэхийн салбарын хувьд аюулгүй ажиллагаа талаасаа бүх зүйлийг хэмнэх нь зөв сонголт биш. Засгийн газар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ доголдуулахгүйгээр хүндрэлээс гарах ёстой.

Ажлаа аваад нисэхээр овоглосон уулзаж болох бүх хүнтэй уулзсан. Иргэний нисэхийн үе үеийн удирдлага, салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, алба нэгжүүдийн үйлдвэрчний хороо, орон нутгийнхантай уулзлаа. Өөрөөр хэлбэл, сонсох ёстой хүмүүсээ сонслоо. Үүн дээрээ үндэслэж хийх ажлаа төлөвлөсөн. Өөрийн мэдэж төлөвлөж байгаа бүхнээс гадна салбарын хамт олны хүсэж зорьж байгааг хийх нь удирдлагын бас нэг гол үүрэг гэж ойлгодог. Салбарт ажиллаж байсан, ажилладаг мэргэжлийн хүмүүсийн хүсэл зорилго дээр үндэслэж “Хил хязгааргүй нисэх” бодлогыг боловсруулж хэлэлцүүллээ. Энэ бодлого маань амжилттай хэрэгжиж байна. Аливаа салбарыг амжилттай удирдах, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх нь зөвхөн удирдлагын шатны биш хамт олны хүсэл зорилго дээр тулгуурлах ёстой. Тиймээс хамт олон нэг бодол, ойлголттойгоор нэг зүгт харж байх нь хамгийн том давуу тал юм.

-Дарга солигдохоор багаа бүрдүүлэх нэрээр боловсон хүчнээ халж солилоо гэсэн хэл ам дагуулдаг. Энэ шүүмжлэл таныг ч тойроогүй?

- Би нислэгийн удирдагч мэргэжилтэй. Салбарын чиглэл бүр дээр, ЗТХЯ-ны Бодлогын газарт даргаар ажилласан. Энэ утгаараа салбараа  тодорхой хэмжээнд мэднэ. Салбараа мэдэхээс гадна хамт олноо таньж байгаа нь том давуу тал юм болов уу гэж хардаг. Удирдлагын хувьд баг бүрдүүлэхээс илүү бий болгох ёстой. Хэн нэгнийг сольсноор баг бүрдэхгүй. Мэргэжлийн, мэдлэг боловсролтой, сэтгэлтэй хүмүүсийг бүрдүүлж чадвал цаашид сайн баг болоод явах учиртай. Иргэний нисэхийн салбар олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавигддаг үндсэн шаардлагатай. Мөн Иргэний нисэхийн хууль болон багц дүрмүүд дээр аль ажлын байран дээр  ямар мэргэжил, туршлага, боловсролтой хүн байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс хэн нэгэн даргын шийдвэрээр дураараа солих боломжгүй. Гэхдээ хэн нэгнийг солихгүй байх нь зөв үйлдэл биш. Ажлын хариуцлага, хамт олны сэтгэл зүтгэлийг заавал ярьж, тооцож байх ёстой. Хүн бүрт ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт бий. Үүн дээр байгууллагын дотоод журам байна. Энэ л хууль эрхзүйн хүрээнд ажиллах ёстой. Харин гажсан бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Өнгөрсөн хугацаанд багийн гишүүн гэдгээр  танил тал тохой татах нэрийн ард хариуцлага мартсан зүйл бий. Үүнээс болж эрсдэл, хамт олны уур амьсгалд буруу соёл, сэтгэл зүй тогтох нь ажлын үр дүн, салбарын өнгө төрхөд сөрөг үр дагавартай. Тиймээс хэн нэгэн хариуцлага алдсан бол буруугаа хүлээх, хүн бүр эрх тэгш, шударга зарчмаар ажиллах шаардлага тавьж ирсэн.

-Нисэхийн салбар цар тахлын хүндхэн жилүүдийг туулж байтал дахиад геополитикийн сорилттой нүүр туллаа. Гэхдээ  хүндрэлийг давах, сэргэх үүрэгтэй цаг хугацаа таарч байна?

-Өнгөрсөн хоёр жил үнэхээр хүнд байлаа. Тиймээс энэ хүнд цаг үед мэдлэг туршлага, чадвар бүгдийг зориулж хамт олон, байгууллага, салбараа бүрэн бүтэн авч гарах үүрэг, хариуцлагыг хүлээж байгаа. Гарц гаргалгаагүй зүйл гэж үгүй. Шийдлийг нь олох ёстой. Удирдлага чадахгүй бол хамт олноороо хэлэлцэх учиртай. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа. Ашиг, алдагдал, санхүүгийн тооцооллыг нээлттэй мэдээлж харилцан зөвлөлдөж байна.

Агаарын тээврийн салбарын голлох үзүүлэлтүүд болох зорчигч урсгал, нислэгийн тоо, агаарын тээвэр, иргэний нисэхийн салбараас олж байгаа орлого жил бүр арав орчим хувиар өсөж ирсэн. 2019 оны байдлаар бид Монгол Улс дээгүүр 133 мянган агаарын хөлгийг нисгэж, 320 орчим тэрбумын орлого олж, 156 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж байсан. 2020, 2021 онд энэ орлого 50-60 хувь буурснаас болж улсад төвлөрүүлдэг орлого мөн төдий хувиар буурсан. Өнгөрсөн онд хэмнэлтийн горимд шилжиж аль болох ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласны үр дүнд төсөвт 122.8 тэрбумыг төвлөрүүлж чадсан. Энэ онд мөн 150 тэрбумын төсвийн орлогыг бүрдүүлэх ёстой ч олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад манай орны дээгүүр нисэх өнгөрөлтийн нислэгийн тоо огцом буурснаар дахин нэг шалгуурын өмнө тулж ирээд байна.

Олон улсад үүсээд байгаад нөхцөл байдал иргэний нисэхийн салбарын хэмжээнд 80 хүртэлх хувийн сөрөг үр дагаврыг авчирч байна. Өөрөөр хэлбэл, иргэний нисэхийн үндсэн үйл ажиллагаа, орлогын нэг болох навигацийн төлбөр Монгол Улс дээгүүр нисэн өнгөрч буй нислэгийн тоотой шууд уялддаг. ОХУ, Украины нөхцөл байдал үүссэнээс хойш нислэгийн тоо 2019 онтой харьцуулахад  80 хувиар буурсан. Энэ хэмжээгээр байгууллагын орлого буурч, улсын төсөвт төвлөрүүлэх мөнгө тасалдаад байна. Нэг талаасаа байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хүндэрч байгаа ч нөгөө талаас олон улсын иргэний нисэхийн байгууллага, бусад улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг бий. Монгол Улсын агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж, навигацийн үйлчилгээ үзүүлнэ. Монголд бууж байгаа нислэгүүдэд нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх ёстой. Энэ үйл ажиллагааг бага зардал, үр ашигтай байдлаар 24 цагийн турш аюулгүй үзүүлэх гол зорилгоо манай хамт олон нэр төртэй гүйцэтгэж байгаа. Урт хугацаандаа энэ хүндрэлээс гарах боломжийг судалж, зарим шийдлийг ЗТХЯ, Засгийн газарт танилцууллаа. Тодорхой шийдлүүдийг хүлээж байна.

-Улс орнууд хөнгөлөлттэй зээл, татаас гээд төрөл бүрийн хөшүүргээр л иргэний нисэхийн салбараа дэмжиж ирлээ. Европын орнуудад ч агаарын тээвэр сэргэж байна. Хоёр жилийн өмнөөс хөнгөлөлттэй зээл яригдаж эхэлсэн. Бодит дэмжлэг хөшүүрэг хэр байгаа вэ?

-Манай улсын агаарын тээврийн салбар өнгөрсөн хоёр жилийн цар тахлын хямралаас гарах чиглэлдээ орсон. Өмнөх хоёр жилтэй харьцуулахад зорчигч урсгал үндсэндээ 50 хүртэлх хувиар нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, 2019 онтой харьцуулахад 50 хувьдаа хүрлээ гэж ойлгож болно. Агаарын тээврийн компаниудын нислэгийн тоо, давтамж харьцангуй нэмэгдсэн ч бусад улс орнуудын цар тахлын хязгаарлалттай шууд холбоотой учраас төдийлөн эрчимтэй сэргэхгүй байна. Ялангуяа, урд хөршийн хил хаалттай хэвээр байгаа учраас зорчигч урсгал тодорхой хязгаарлалттай хэвээр байгаа.Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа ч үндэсний агаарын тээвэрлэгчдээ дэмжих зорилгоор Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн агаарын тээврийг хөгжүүлэх судалгаан дээр үндэслэж нислэгийн зардлыг бууруулахад шатахууны тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байна.

Олон улсын нислэгийн тоо, чиглэл харьцангуй нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын агаарын тээврийн зорчигч урсгал 90 хүртэлх хувиар унасныг сэргээх томоохон алхмуудыг хийлээ. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш агаарын тээврийн салбарыг харьцангуй бодлогоор барьж ирсэн бол зах зээлийг задалж, либералчлалыг эрчимжүүлэхийг зорьж байна. Солонгосын зах зээл дээр өмнө нь нэг л компани нисдэг байсан бол энэ оноос дөрөв болсон. Мөн долоо хоногт зургаа нисдэг байсан бол өнгөрсөн зун 15 болж нэмэгдсэн. Европ тийшээ нислэг нэмэгдсэн нь агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, багтаамж, давтамжийг нэмэгдүүлэхээр зах зээлийнхээ өрсөлдөөнөөр үнэ тариф нь буурч байна. Улаанбаатар Сөүл чиглэлд тийзийн үнэ өмнө нь 1.5-2 сая байсан бол өнөөдөр нэг сая хүртэл болсныг харж байгаа байх. Истанбул чиглэлийн тариф нэг дахин буурсан байх жишээтэй. Хэдийгээр дэлхий нийтэд шатахууны үнэ тариф өсөж, манай улсад валют, инфляц өссөн ч тийзний үнэ эсрэгээрээ буурч байгаа нь агаарын тээврийн либералчлалын үр дүн мөн. Үүнийг илүү эрчимжүүлж, Европ чиглэл рүү задлах шаардлагатай. Цар тахлын хязгаарлалт зогсохоор илүү олон боломж, шинэ өрсөлдөөн гарч ирнэ. Азийн зах зээлтэй өрсөлдсөн үнэ тариф гарч ирнэ.

Монгол Улсад агаарын хөлөг, хөдөлгүүр, сэлбэг хэрэгсэл гаалийн болон НӨАТ-ын татварыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл, том оврын агаарын хөлгөөр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд техник үйлчилгээний сэлбэг хэрэгсэл татваргүй орж ирж байна. Сүүлийн үед бага оврын агаарын хөлгүүдийг хувийн компаниуд нэлээн оруулж ирэх хандлагатай байгаа. Энэ бүхэнд татварын томоохон хөнгөлөлт эдэлж байгаа. Ойролцоогоор гурван сая ам.долларын бага оврын онгоц, нисдэг тэрэг худалдаж авлаа гэхэд 700 орчим мянган ам.долларын татвар төлөх ёстой байсан нь бүрэн чөлөөлөгдөж байна гэсэн үг. Тэр хэмжээгээр маш том боломж, дэмжлэг болж байгаа.

-Шатахууны үнэ тонн тутамдаа 500 гаруй ам.долларын зөрүүтэй байгаа. Үнийг бууруулж байж тийз хямдарна. Хамаг ашиг шатахуун, түрээс рүү орж байна гэдэг. Бодит ажил хэрэг болох гарц шийдэл байгаа юу?

-Манай улс агаарын хөлгийн шатахууныг зөвхөн ОХУ-ын Роснефть Аеро компаниас импортолдог нь тодорхой хэмжээний монополь байдал үүсгэдэг. Хоёрдогч эх үүсвэргүйгээс нэг л үнэ тарифт баригдаж байна. Өнөөдрийн байдлаар МИАТ “Эрчис ойл” ТӨХК-иар дамжуулж харьцангуй хөнгөлөлттэй үнээр шатахуун авч байна. Бид УИХ-ын хэмжээнд саналууд тавьж байгаа. Шатах тослох материалын хуулийн 7.2 дугаар заалт буюу Монгол Улсад импортоор шатахуун оруулж ирж байгаа компаниуд нийт зах зээлийн 30-аас дээш хувийг нийлүүлж байгаа бол жижиглэнгийн худалдаа эрхлэхийг хориглох асуудал шийдэгдэх юм бол агаарын хөлгийн шатахууны үнэ буурах боломж бүрдэнэ. Ингэснээр сая төгрөг тутамдаа 5-8 хувь буурахад тийзний үнэ 15-20 хувь буурна гэсэн тооцоо гаргасан.

Шатахууны зардал 2019 онтой харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэнээс орон нутагт тийзний үнэ өссөн. Одоогийн байдлаар Чингис хаан нисэх буудлыг нэг тонн шатахууныг 5.6 сая төгрөгөөр борлуулж байгааг сая төгрөгөөр бууруулахад тийзний үнэ 5-8 хувиар буурах боломжтой гэж тооцоолсон. Ойрын үед Роснефть компанитай гэрээ хэлэлцээ хийж шатахууны үнийг 1-2 сая төгрөгөөр бууруулах хүлээлт байна. Нөгөө талаас орон нутгийн нисэх буудал болон үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө. Ер нь бусад тээврүүд НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Агаарын тээврийн хувьд жилд гурав орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын асуудал яригдаж байгаа. Үүнийг чөлөөлчих юм бол зорчигчийн тийзний үнэ найм хүртэлх хувиар буурах боломжтой. Мөн Монгол Улсын  өргөн уудам нутаг, тархай бутархай суурьшилтай өнөөгийн нөхцөлд тулгуурлан бодлогоос татаас олгож байж агаарын тээвэр ард иргэддээ хүрнэ. Нийслэлийн нийтийн тээвэрт жилд 180 тэрбум төгрөгийн татаас өгч байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд агаарын тээврийн үйлчилгээ компаниудын цэвэр бизнесийн зарчмаар явснаас үнэ тариф буурсангүй. Авто тээврээс тав дахин үнэтэй байгаа учраас иргэд агаарын тээврийг сонгохгүй байна. Гэтэл яарсан, өвдсөн, өндөр настай, бага насны хүүхэдтэй бүлэг хүмүүст агаарын тээврийн үйлчилгээг хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ хүрээнд тухайн орон нутгийн ард иргэд зорчсон тохиолдолд 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж, зөрүү татаасыг төр бодлогоор олгох ажлыг эхлүүлсэн. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа үед санал оруулаад ажиллаж байна.

Түрээсийн үйлчилгээний тухайд дэлхийд агаарын тээврийн бизнесийн 90 гаруй хувь нь түрээс, лизинг байдаг. Шууд худалдаж авч ашиглах тохиолдол ховор. Түрээсийн агаарын хөлгөөр үйлчилгээ үзүүлнэ гэдэг нийтлэг жишгээс гадна үр ашигтай сонголт учраас тийм муу бизнесийн модель биш.

-Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад ороод жил гаруй хугацаа өнгөрлөө. Цаашид ямар менежмент хийвэл илүү үр ашигтай ажиллах вэ гэдгээ өнгөрсөн хугацаанд олж харсан байх?

-Хөшигийн хөндийн нисэх буудлын үйл ажиллагааг 15 жилийн хугацаанд Японы компани хариуцна. ИНЕГ нисэх буудлыг үр ашигтай ажиллуулах, агаарын тээвэрлэгчдийн тоог нэмэх үүрэгтэй. Тэр утгаараа агаарын тээвэрлэгчдэд аюулгүй, шуурхай, ээлтэй нөхцөл бүрдүүлэх ёстой.

“Чингис хаан” нисэх буудал жилд гурван сая хүртэлх зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай. Энэ давуу талаараа Ази, Европын зах зээлийг холбоход энэ боломжоо ашиглах ёстой. Үүн дээр агаарын тээвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал байна. Өнөөдөр бид 4-5 компанитай, арав хүрэхгүй агаарын хөлөгтэй. Зорчигч урсгалын зах зээл жилдээ 1.6 сая байгаа. Гэтэл бусад улс орнуудын агаарын тээврийн зах зээл, бидэнтэй өрсөлдөх гэж байгаа компаниуд 100 гаруй чиглэл, онгоцтойгоос гадна үндэсний агаарын тээвэрлэгчид харилцан бие биетэйгээ өрсөлдөж ирлээ. Гэтэл Монгол Улсад нислэг үйлдэж байгаа гадны агаарын тээврийн компаниудын тав нь дэлхийн эхний 20-д ордог том агаарын тээвэрлэгчид байдаг. Тиймээс дотоодын агаарын тээвэрлэгчид  эдгээр том компаниудтай тусдаа биш нэгдэн нийлж, өрсөлдөөнийг бий болгоно. Ингээд ирэхээр билетийн үнэ буурч, үндэсний агаарын тээврийн хөгжил шинэ шатанд гарна гэж төсөөлж байна.

-Цар тахал, олон улсын төвөгтэй нөхцөл байдлын нөлөөлөл буурахаар салбарыг хөгжүүлэх бэлэн бодлогоо бичсэн байх. Урт хугацааны хөгжлийг хэрхэн зураглаж байна вэ?

-Энэ жил агаарын зайн цогц шинэчлэлийг хийлээ. Ингэснээр өнгөрсөн арав гаруй жилийн хугацаан дахь нөхцөл байдлыг цоо шинэ шатанд авчирч агаарын зайн 80 хувийг шинэчилж, техник технологийн дахин хуваарилалтыг хийж байна. Монгол Улсын агаарын зайн нийт 98 хувийг харж, удирдах боломжтой болсон нь аюулгүй ажиллагаагаа дэлхийд зарлаж байна гэсэн үг. Ингэж байж манай улсыг тойроод байгаа нислэгүүдийг татах боломж бүрдэнэ. 2019 онд хоногт 450, нийт 133 мянган онгоц  Монгол дээгүүр нисэн өнгөрүүлж байсан бол 2025 онд 250 мянгад хүргэхийг зорьж байна. Үүний суурь дэд бүтцийг бий болгоод олон улсад зарлалаа. Үр дүнд нь валютын урсгал нэмэгдэнэ. Тухайлбал, Монгол Улсын урдуур тойроод байгаа нислэгүүдийг Хятадын агаарын хил буюу Замын-Үүд орчмын агаарын хаалгаар аваад Говь-Алтай хүртэл шинэ агаарын хаалга нээж гаргах ажил хийж байна. Үндсэндээ техник технологийн бэлтгэлийг хийгээд дууссан. Хоёр улсын Засгийн газрын хооронд шийдвэр нь гарчих юм бол жилдээ 65-80 тэрбум төгрөгийг нэмэлтээр олох боломж бүрдэж байгаа.

“Хил хязгааргүй нисэх” бодлогын хүрээнд зургаан дэд зорилттой. Нэгдүгээрт, “Эрүүл эрх зүй” бодлого. Иргэний нисэхийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 5-6 удаа жижиг өөрчлөлт хийсэн болохоос шинэчлээгүй. Тиймээс энэ ондоо багтааж, шинэчлэхээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт,  “Чөлөөт агаарын зай” буюу Монгол Улсын агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлье. Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлээд ирэхээр навигацийн хураамж, орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Гуравдугаарт, үндэсний агаарын тээвэрлэгчдээ нэгдсэн бодлогоор дэмжихээс гадна хүнээ хөгжүүлж, “Дэлхийн хүн” бодлого хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд иргэний нисэхийн салбар маш олон тэрбум төгрөгийг техник технологийн шинэчлэлд зориулсан. Харин одоо энэ техник технологийн гол түлхүүр болох хүнээ хөгжүүлье. Мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчнүүдийг бий болгож  дотооддоо сургалтын байгууллага бий болгож, салбарын боловсон хүчнүүдийг бэлтгэдэг болохыг зорьж байна. Тавдугаарт, бага оврын агаарын тээвэр, ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлнэ. Өргөн дэлгэр газар нутагтай, далайд гарцгүй, мөн тархан суурьшсан, жилийн дөрвөн улирал нь цаг агаарын хүнд нөхцөлтэй, хөдөө аж ахуй, газар тариаланд суурилсан улс орны хувьд ерөнхий зориулалтын нислэгийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Боломж ч байна. Тиймээс энэ хүрээнд бага оврын агаарын хөлгүүдийг оруулж ирэх боломж, эрхзүйн орчныг нээж өгнө. Зургаадугаарт, “Сэтгэл татам нисэх буудал” буюу ИНЕГ-ын харьяа болон хувийн нисэх буудлуудыг хөгжүүлье. Орон нутгийн нисэх буудлуудыг цаашид хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, олон улсын статустай болгохыг зорино. Ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хөгжлийг шинэ шатанд гаргая гэж байгаа юм. Аялал жуулчлалын бүсэд байгаа нисэх буудлуудад бодлогоор хөрөнгө оруулалт хийж, улирлын чанартай биш жилийн дөрвөн улиралд нислэг хийж байх нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. Зарим нэг нисэх буудлыг орон нутагт нь шилжүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа нь өөрсдөө нисэх буудлуудаа хөгжүүлээд орон нутгийн ард иргэдэд нислэгийн үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-МИАТ ТӨХК-ийг хувьчлах асуудал олон жил яригдаж ирлээ. Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй учраас үндэсний агаарын тээвэрлэгч маш чухал үүрэгтэй ?

-Өнгөрсөн хугацаанд МИАТ компанийг төр бодлогоор дэмжиж, хамгаалж ирсэн. 2018 оноос агаарын тээврийг либералчлах зорилгын хүрээнд чөлөөт өрсөлдөөнд оруулж байгаа. Ингэснээр үйлчилгээ олон чиглэлд хүртээмжтэй, хямд хүрнэ. Нөгөө талаас үндэсний агаарын тээвэрлэгчид бие даасан чөлөөт өрсөлдөөнд “амьдарч” чадахуйц болж хөгжих ёстой. Төр бодлогоор хамгаалах нь зохимжтой биш. Чөлөөт өрсөлдөөнд орж, зах зээлийнхээ зарчмаар ажиллах нь чухал юм.  

-ИНЕГ түгжрэлийн гол цэгт байдаг. Хэзээд бэлэн байх ёстой онцлог салбарын хувьд ажлын бүтээмжид нөлөөлж байна уу?

-ИНЕГ-ын хариуцаж байгаа үйлдвэрлэл 24 цагийн үйл ажиллагаатай учраас аль болох түгжрэл багатай цагуудаар ээлж солилцуулах зохион байгуулалт хийж байна. Бусад ажилтнуудын хувьд цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Байгууллагын хэмжээнд өглөө 07:30 цагт ажил эхэлж, 16:30 цагт тарж байна. 30 минутын өөрчлөлт дээр ажилчид гэр бүлдээ цаг хугацаа зарцуулах нь цаг гаруй болж байна. Түгжрэлийг ингэж тойрч, тооцоолж байна. Бусад төрийн байгууллагатай ажлаа уялдуулж явахын тулд үүнээс илүү өөрчлөлт хийх боломжгүй байгаа.

Үйлчилгээгээ шуурхай, хүртээмжтэй байлгах үүднээс агаарын тээврийн компаниуд тасалбар борлуулалт онлайн болгох талаасаа цахим шилжилт нэлээн эрчимтэй хэрэгжиж байна. Иргэний нисэхийн салбарын харьяа нэгж байгууллагууд цахимаар бүх бичиг баримтаа солилцож байгаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)

 

Баасансүрэн
Сэтгэлгээ сайтай залуу боловсон хүчин далайцтай ажиллаж байгаа нь эрхгүй бахархал төрүүллээ. Монголын ирээдүй гэрэлтэй байна улам их амжилтанд хүрээрэй
SI
ХЭРЭГГҮЙ л баахан шинэ зам татлаа.. KLM хэдхэн жилийн өмнө хэнтий гэсэх буудлаа галын зэрэглэлийн сайжруулчихаа, тэгвэл японы нислэгээ танай дээгүүр явууляа гэж байсандаг.. тэрэнтэй адилаарр одоо говьалтай нисэх буудлынхаа галын зэрэглэлийн сайжруулах шаардлага үүслэ дэ
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

7 цаг 24 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 26 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

7 цаг 27 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 22 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

10 цаг 44 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 цаг 43 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

12 цаг 15 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

12 цаг 36 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

16 цаг 10 мин