Дэлхийн анхаарлыг татсан хурлын талаар Хятад судлаачдын байр суурь

2022-10-25
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

С.УЯНГА

 

Хятадын Коммунист намын XX их хурал дэлхий нийтийн анхаарлын төвд долоо хоног үргэлжиллээ. “Зууны мэдээ” сонин их хурлын эргэнд хятад судлаач экпертүүдээс тодорхой асуудлаар байр суурийг нь сонирхлоо. 

 

-Хятадын коммунист намын их хурал боллоо. Хурлын онцлог, үр дүнг хэрхэн харж байна вэ. Хятад цаашид хэрхэх вэ?
-Урд хөршийн ирэх жилийн улс төр, эдийн засаг, гадаад харилцааны сорилт юу байх бол?
-Бээжин Москва, Хятад АНУ-ын харилцаа цаашид хэрхэх вэ?
-Тайванийн асуудал хурцдах уу. Судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

 

ХИС-ийн доктор, профессор Д.Уламбаяр:  Ядуурлыг устгаж, 700 сая иргэн  чинээлэг давхаргад шилжсэнийг баталгаажууллаа

 

-Хятадын коммунист намын их хурлын гол онцлог нь Хятадын удирдагч Ши Жиньпинийг ХКН-ын тэргүүнээр гурав дахь удаагаа улираан сонгосон явдал юм. ХКН-ын Дүрмийг албан ёсоор ХКН-ын Үндсэн хууль буюу Сonstitution гэж нэрлэдэг. 2017 оны намар хуралдсан  ХКН-ын XIX их хурлаар  ХКН-ын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, намын тэргүүний албан тушаалд нэг удаа улируулан сонгох заалтыг хүчингүй болгосон. 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр   ХКН-ын Үндсэн хуулийн удиртгалд марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопины онол, Зян Зэминь, Ху Жинтао нарын хувь нэмрийг  тэмдэглэснээс гадна

Ши Жиньпины Хятадын онцлогтой социализмын Шинэ эрин үеийг эхлүүлснийг онцлон тэмдэглээд Ши Жиньпиний үзэл санаа бол марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопины онол, Гурвыг төлөөлөх үзэл санаа, Хөгжлийн шинжлэх ухаанч үзэл санааны шууд үргэлжлэл, түүний хөгжлийн шинэ эрин үе гэж шинээр томьёолсон байдаг.

БНХАУ-ыг байгуулснаараа Мао Зэдун аугаа, Хятадын онцлогтой социализмын архитектор гэдгээрээ Дэн Сяопин аугаа юм. Харин хятадын онцлогтой хөгжингүй социализмын шинэ эрин үеийг эхлүүлж буйгаараа Ши Жиньпин аугаа ажээ.

2018 оны гуравдугаар сард хуралдсан БХАТИХ-ын 13 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган БНХАУ-ын Үндсэн хуулинд БНХАУ-ын дарга нь дахин нэг удаа улиран сонгогдох тухай заалтыг хасч, Ши Жиньпинд шинэ эрин үеийг дуусгах эрхзүйн боломжийг олгосон. Тиймээс 2023 оны хавар хуралдах БХАТИХ-аар Ши Жиньпинийг БНХАУ-ын даргаар гуравдах удаагаа улируулан сонгох нь тодорхой болсон.

БНХАУ хоёр 100 жилийн зорилт буюу эхнийх нь болох 2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр үгээгүй ядуурлыг бүр мөсөн устгаж, 700 сая иргэд дундчууд болон чинээлэг давхаргад шилжсэнийг онцлон тэмдэглэснийг энэ удаагийн ХКН-ын ХХ их хурал албан ёсоор баталгаажууллаа. Хоёрдахь 100 жилийн зорилт буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн (2049 он) босгон дээр хятадын онцлогтой хөгжингүй социализмыг цогцлоон байгуулж дуусгах явдал юм. Өөрөөр хэлбэл, “хүчирхэг, ардчилсан, соёлжсон, цэвэрхэн, эв найрсаг, үзэсгэлэнт орчин үеийн аугаа их гүрэн”-ийг байгуулна гэсэн үг юм.

Миний хувьд тухайлан онцлох зүйл бол Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И дээшээ дэвшиж ХКН-ын Улс төрийн товчооны 24 гишүүний нэгээр сонгогдсон явдал юм. Энэ нь монголчуудын хувьд сайн танил хүн Гадаад хэргийн сайдаар улиран ажиллахаар болж байна.

Нөгөө нэг зүйл нь ХКН-ын ХХ их хурал  дуусаад тун удаагүй их ажлын үеэр БНХАУ-д айлчлах хүлээлттэй дэлхийн 40 гаруй орны төрийн тэргүүний эхний ээлжинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг айлчлуулахаар урьсан явдал нь Монгол, Хятадын их бүрэн стратегийн түншлэлд ач холбогдол өгч буй хэрэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж буй үйл гэж харж байна.  "ХКН-ын ХХ их хурал 2017 оны "ХКН-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, 2018 оны БНХАУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлсэн гэж хэлж болно.

 

ХИС-ийн багш, боловсролын ухааны доктор, хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ: Үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдалд хөрөнгө хүч зарцуулахаар  байна

 

♦ ХКН-ын XX их хурал товлосон цагтаа эхэлж, 22-ны өдөр ёслол төгөлдөр өндөрлөлөө. Энэ удаагийн их хурал дэлхий нийтэд тогтворгүй байдал газар авч, ковид цар тахлын тархалт буурахгүй байгаа амаргүй нөхцөлд болов. Мөн ХКН-ын  “Хоёр 100 жилийн зорилт”-ын эхний 100 жилийн зорилтыг биелүүлж дуусгаад, дараагийн 100 жилийн зорилтыг биелүүлэхээр алхан орж буй чухал түүхэн үед болж буйгаараа онцлог гэж болно. Харин 23-ны хурлын хаалтын ёслол дээр Хятад улсын дарга Ши Жиньпин “Бид шинэ эрин үеийн шинэ аян замдаа дэлхий ертөнцийг гайхшруулам илүү том илүү шинэ амжилтуудыг бүтээж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна, мөн бүрэн чадамж ч  байна” гэж онцлон тэмдэглэв. Энэ нь Хятад улс цаашид урьд урьдаас илүү өөртөө итгэлтэй байж, их гүрний байр сууринаас, өөрийн онцлогтойгоор, зориг бардам урагш алхах нь гэж дүгнэхээр байна.

♦ Ши дарга олон нийтэд танилцуулсан улс төрийн тайландаа “Манай улсын хөгжил  эдүгээ стратегийн боломж болон хямрал сорилт зэрэгцэн оршиж, урьдчилан таамаглаж, тодорхойлох боломжгүй хүчин зүйл нэмэгдэж буй цаг үед  орлоо” гэж тэмдэглэв. Ер нь хурлын тайланг бүхэлд нь уншаад үзэхэд хятад улс ирэх жилүүдэд үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдал,  улсын батлан хамгаалахын салбарт ихээхэн анхаарч, хөрөнгө хүч зарцуулахаар харагдаж байна. Түүнчлэн тус тайланд шинжлэх ухаан технологи гэсэн үгийг маш олон удаа давтан хэлсэн. Цаашид хятад улс технологи, инновац шинжлэх ухаанд ихээхэн анхаарч, технологийн хувьд аливаа улсаас хараат бус бие даасан хүчирхэг улс болоход хамаг хүчээ дайчлахаар байна. Энэ  нь өнөөдөр АНУ Хятад улсын худалдааны дайн хэдийнээ технологийн дайн болж хувирсантай холбоотой. Ши Жиньпин хурлын хаалтын ёслол дээр “ХКН-ын гол үүрэг бол Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлтээр дамжуулан Хятад үндэстний аугаа их сэргэн мандлыг ахиулна” гэсэн нь тус улс цаашид өөрийн онцлогтой хөгжлийн замыг хатуу баримтална гэдгийг илэрхийлэв. Харин “COVID-19” цар тахлын хөл хорионы тухайд өнөөдөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хамгийн тохиромжтой, үр дүнтэй арга гэж үзэж байгаа нь цаашид хөл хориог сулруулахгүй байх гэсэн таамаглалтай байна.

♦ Эдийн засгийн хувьд ярихад 2022 онд цар тахлаас шалтгаалсан хатуу хөл хорио, улмаар Бээжин, Шанхай мэтийн том эдийн засагтай хотуудын бизнесийн үйл ажиллагааг хязгаарласнаар эдийн засагт таагүй нөлөөлж, тус улсын эдийн засгийн хувьд ихээхэн хохирол амсаж буй. Олон олон салбар дундаас үл хөдлөхийн салбарын асуудал хамгийн хүнд байгаа. Тус салбар өнөөдөр Хятадын нийт эдийн засгийн 22-29 хувийг дангаараа эзэлдэг. Харин ирэх 2023 онд хатуу хөл хориог сулруулах бодлого баримтлах чиг хандлага харагдахгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлэх талтай. Мөн Хятад улс эдийн засгийн салбарт хэрэглээг нэмэгдүүлэх болон үйлчилгээний салбарын эдийн засаг дахь хувь хэмжээг өсгөх бодлого баримталж байгаа. Үүнтэй зэрэгцээд 2021 онд Хятад улс “Хамтдаа чинээлэгжих” гэсэн том зорилтыг давхар дэвшүүлсэн. Тэгэхээр Хятадын Засгийн газрын баримталж буй эдийн засгийг өсгөх стратеги нь магадгүй “Хамтдаа чинээлэгжих” гэсэн том зорилгоос болж саарч болзошгүй. Цар тахлаас гадна АНУ, өрнөдийн улс орнуудын зүгээс хятадад үзүүлж буй эдийн засгийн хориг хязгаарлалтаас болж ажилгүйдлын хувь хэмжээ өссөн. Саяхан уншсан мэдээгээр тус улсын 16-25 насны залуучуудын ажилгүйдэл 19.9 хувь хүртэл өссөн байна. Мөн шинжлэх ухаан технологийн салбар тэр дундаа хагас дамжуулагчийн салбарын хөгжилд илүү анхаарч,  энэ салбарт бүрэн бие даан хөгжих бодлого баримтална.

♦ Тайванийн талаар Ши Жиньпин дарга хурлын тайландаа тодорхой байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Тайванийн асуудал бол Хятадын ард түмний өөрсдийн шийдэх асуудал” гээд, Тайванийг энх тайвны аргаар нэгтгэхийн төлөө чин сэтгэлээсээ чармайна, гэвч зэвсэглэлийн хүч ашиглахгүй гэх баталгаа өгөх боломжгүй” гэдгээ хэлсэн.

 

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардорж: Хятадын онцлогтой, хариуцлагатай их гүрний гадаад харилцааг чухалчилна

 

♦ Хятадын коммунист намын их хурал таван жилд нэг удаа хаалттай хуралддаг онцлогийнхоо дагуу болж өнгөрлөө. Хурал Үндсэн хуулиа өөрчилсөн, тэр өөрчлөлтийн дараа болсноороо онцлогтой. Олон жилийн турш хадгалж ирсэн уламжлалыг энэ удаа эвдсэн гэж хэлж болно. Эрх мэдлийг нэг хүний гарт урт хугацаанд үргэлжлүүлэх эрхийг өгсөн нь гол анхаарал татсан асуудал болж байна. Хятадын коммунист намын их хурлаас сонгогдсон Төв хорооны бүрэлдэхүүн, Улс төрийн товчооны байнгын хороог харвал улс төрийн бүлгүүдийн эрх ашиг байр суурь харьцангуй холилдож тэнцвэртэй оршиж ирсэн гэж үздэг. Харин энэ удаагийнх нэг жигүүр, тэр дундаа Шанхайн гэж яригддаг Ши Жиньпинийн хүмүүсээс бүрдлээ. Тэр утгаараа Ши Жиньпиний эрх мэдлийг өргөтгөсөн гэж дүгнэж болно.

Ши Жиньпиний илтгэлээс Хятадын хөгжлийн чиг баримжаа тодорхой харагдлаа. Энэ цаг үеэс эхлэн Хятадын онцлогтой шинэ цаг рүү шилжсэн социализмыг улам бүр хадгална. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг эхлүүлж байна. Тиймээс өөртөө итгэлтэйгээр өнөөдрийг хүртэл туулж ирсэн хоёр амжилт буюу эдийн засгийн өсөлт, дотоод улс төр,нийгмийн тогтвортой  ололт амжилтыг дурдлаа. Энэ цаг үеэс эхлэн БНХАУ орчин үеийн хүчирхэг улс болох гараагаа тавилаа гэж үзэж байна.

♦ Коммунист намын их хурлаар Хятадын удирдагчид шинээр тодорлоо. Тэгэхээр ирэх хавар болох хоёр их хурал буюу Ардын төлөөлөгчдийн болон Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн их хурлаар Ерөнхий сайд өөрчлөгдөнө. Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга, Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга солигдоно. БНХАУ-ын даргаар Ши Жиньпин дахин сонгогдох зэргээр улс төрийн байр сууриа илтгэнэ. Эдийн засгийн хувьд тогтвортой өндөр өсөлттэй эдийн засгийг хадгалсаар ирсэн. Ши Жиньпин төрийн эрх барьсан арван жилийн хугацаанд эдийн засгийн шинэ төлөвт шилжлээ. Энэ хүрээнд хэт үсрэнгүй биш тогтвортой жигд өсөлтийг хадгална. Эдийн засгийг чухалчлахаас илүү үндэсний аюулгүй байдал, дотоодын тогтвортой байдлыг хангана гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа нь бас сонин дүр төрх юм. Гадаад харилцааны тал дээр Хятадын онцлогтой их гүрний хариуцлагатай гадаад харилцааг түлхүү хэрэгжүүлнэ. Үүнийхээ давуу талыг таниулах тал дээр анхаарна гэдгээ мэдэгдлээ. Их гүрнүүд хуучны хүйтэн дайны үеэс үлдсэн сэтгэлгээнээс салъя. Хэлэлцдэг, ярилцдаг энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо үргэлжлүүлнэ. Ямар ч тохиолдолд дайныг үгүйсгэнэ гэсэн.

♦ Орчин үеийн олон улсын харилцаа, тогтсон дэг журам үргэлжилнэ. Хятадын гадаад харилцаа бол хэзээ ч хэнтэй ч холбоотон болохгүй. Харин хэнтэй ч хамтарч ажиллана гэж байгаа. Мөн хэнтэй ч эвсэхгүй ч хэнтэй ч түншилнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, зарчимтай, хариуцлагатай их гүрний гадаад харилцааг явуулна. Энэ үүднээс бусад руу түрэмгийлэхгүй, улс орнуудын дотоод асуудалд оролцохгүй  гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа.

♦ Хятад, Тайванийн харилцаа бол дотоод асуудал гэж үзэж байгаа. Тиймээс хэн биш хятадууд л шийднэ. Харин Хятадын нэгдэл бол зайлшгүй юм. Гэхдээ энхийн журмаар хэрэгжих ёстой. Хэрэв шаардлагатай гэвэл цэрэг хөдөлгөхөөс буцахгүй гэсэн үгийг өлгөж авч мэдээлээд байх шиг байна. Хятадын явуулж байгаа гадаад бодлого, дотооддоо хэрэгжүүлж байгаа Хятад үндэстний сэргэн мандалтын уялдааг харвал Хятадаас шалтгаалсан, түрүүлж гар хөдөлсөн хүч хэрэглэсэн оролдлого гарахгүй гэж судлаачийн зүгээс харж байна.

 

МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш, доктор А.Батцэцэг: Хятад хүч хэрэглэхгүйгээр өөртөө татах зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлнэ

 

♦ ХКН-ын XX Их хурлын гол зорилгуудын нэг бол орчин үеийн шинэ социалист улс орныг цогцлоон бүтээж, шинэ замд гарахад оршино. Мэдээж уламжлалт ёсоор улс орныхоо ойрын таван жил болоод цаашид хөгжүүлэх зорилт, зорилго, томоохон бодлогоо гаргаж шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөнө гэж мэдэгдсэн нь хөгжингүй улс болсны илэрхийлэл бөгөөд бүс нутагтаа, цаашлаад дэлхийд тэргүүлэх, нөлөөллийн бодлогоо улам эрчимжүүлэх эрмэлзлийг харуулж байна. Нөгөө талаас, уламжлалт гадаад, дотоод бодлогууддаа өөрчлөлт хийж өөрчлөгдөж буй ертөнцөд зохисон Хятадыг цогцлооход нэлээн ач холбогдол өгч байсан. Жишээлбэл, ХКН-ын Төв хороо ба Ёс зүйн хорооны төв комиссуудыг шинээр байгуулсныг дурдаж болно. Өөрөөр хэлбэл, Хятад дахь улс төрийн дотоод асуудлуудаа нэг талд нь гаргахаар шийдсэн нь илт байна. Хоёрдугаарт, шинэ эриний Хятадын гадаад бодлогыг илүү олон зорилгот, цогц загвар бүхий хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулах чиглэл рүү хөтөлж байна. Дэлхий дахинд тайван байдлыг чухалчилж даян дэлхийн бүхий улс орнуудтай дипломат харилцааг илүү өндөр түвшинд хүргэх хүлээлттэй байгаа нь Хятадын олон улсын тавцан дахь том үүрэгтэй их тоглогч болохыг хүссэн эрмэлзлийг харуулж байна. Хятад улс хэрхэн хөгжих нь дэлхийн чиг хандлагатай холбоотой. Учир нь Хятад дэлхий дахинд Хятад хэв маягтай хөгжлийг харуулж байгаад оршино. Энэ утгаар харвал Хятадын нөлөөлөл дэлхийн хөгжлийн шинэ хандлагад хэрхэн нөлөөлөхүйц болсон нь ажиглагдаж байна. Тиймдээ ч энэ удаагийн Их хурал туйлын ач холбогдолтой бөгөөд нэг утгаараа өнгөрсөн ба ирээдүйн Хятадыг холбох эгзэгтэй үед явагдсан.

♦ ХКН-ын Их хурлын үеэр зарим нэг эсэргүүцлийн шинжтэй уриа лоозон бүхий үйл явдлууд болж өнгөрсөн. Мэдээж Хятадын ард түмний дийлэнх нь өнөөгийн нөхцөл байдалд эерэгээр ханддаг боловч нийгмийн зарим хэсэг, ялангуяа залуучууд одоогийн удирдлагуудыг тийм ч таашаадаггүй үзэгдлүүд мэр сэр гардаг. Жишээлбэл, улс төрийн дээд удирдлагын түвшинд авлига хээл хахуулийн асуудлууд, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн өсөлтийн зогсонги байдал мөн цар тахлын эсрэг явуулж буй “zero-covid” бодлого зэрэг нь нийгмийн аж байдалд сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Улмаар, цаашдаа үсрэнгүй биш ч тогтмол өсөлттэй эдийн засагт дасан зохицох, цар тахалын үр дагаварыг бууруулах, улс төрийн удирдлагын алдаагүй ажиллагаа зэрэг сорилтууд тэдний өмнө тулгарах болов уу. Олон улсын тавцанд ч мөн адил томоохон тоглогч болж буй Хятадын хувьд үүрэг хариуцлага нэмэгдэх бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгт таатай сэтгэгдэл төрүүлэх, Тайванийн асуудал, АНУ-тай харилцаагаа тогтворжуулах гэх мэт олон сорилтууд тэднийг хүлээж байна. Иймээс Хятадад асар их үүрэг хариуцлага ирэх нь ойлгомжтой бөгөөд энх тайванг эрэлхийлэгч, хүн төрөлхтний хамтын хөгжилд эрмэлзсэн улсын имижийг бүрдүүлэх мөн түүнийгээ үйлдлээрээ батлан харуулах үйл ажиллагаа явуулах нь чухал.

♦ Хятад аль хэдийн дэлхийн том тоглогч болчихсон. Улс төрийн хувьд ч тэр эдийн засгийн хувьд ч адил. Тиймдээ ч Америк хүчний байр сууринаас хандах нь багасч байгаа.Улмаар Хятад, Америк хоёр улс нь дэлхийн тэнцвэртэй байдлыг хадгалахад тодорхой үүрэгтэй болж байна. Хятадын талд томоохон хэмжээний зөрчил мөргөлдөөн тийм ч ашиггүй тул тэд хоёр орны харилцан итгэлцэл бүхий хамтын ажиллагааг эрхэмлэн түншлэлийн шинэ загварыг хөгжүүлэхэд анхаарах болов уу. Өөрөөр хэлбэл хоёр орны харилцаанд ахиц дэвшил гарахгүй ч гамшгийн хэмжээнд дордох нь магадлал багатай.

Орос Хятадын харилцааны хувьд, хэдийгээр өнөөгийн байдлаар Хятад Оросын талд зогсож буй мэт харагддаг ч яг үнэндээ  Хятад энхтайвныг эрэлхийлдэг. Өөрөөр хэлбэл, Москватай ойр байх нь Хятадын хувьд геополитик, эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч Оросын асуудалд татагдан орох нь ашиггүй бөгөөд үүнийгээ ч ухамсарлаж байгаа.

♦ Өнгөрсөн наймдугаар сарын АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын Тайван дахь айлчлалаас үүдсэн асуудал олны анхаарлын төвд байна. Хятад дотроо ч нэлээн ач холбогдол өгсөн. Хятадууд Тайванийг нэгтгэх нь өөрсдийн үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь хятадын нэгдмэл байдал, бүрэн эрх, аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймдээ ч их хурлын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Нэг улс, хоёр систем" бол Хятадын онцлогтой хөгжлийн агуу санаачилга мөн болохыг зарлаж Хонгконг, Макао зэрэг Хятадад эргэн ирсэн нутгуудын хөгжил цэцэглэлтийг онцолж цаашид энэ нутгуудыг улам хүчирхэгжүүлэхээ мэдэгдсэн. Мөн Тайванийн тусгаар тогтнолыг зөвхөн цөөнх л дэмжиж байгаа бөгөөд гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгаа утга бүхий санааг цухуйлгаж байсан. Харин хятадын зүгээс хоёр эргийн соёлыг хамтдаа сурталчилж элэг нэгт хүмүүсийн хоорондын харилцааг сайжруулах, цогцоор нь хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ анхаарч уг асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхэд бүх хүчээ дайчлахаа амласан. Энэ нь нөгөө талаас бүх арга мухардвал хүч хэрэглэх аргыг сонгохгүй гэх амлалт биш бөгөөд шаардлагатай тохиолдолд ямар ч аргыг хэрэглэх нь зүйтэй гэсэн үг юм. Улмаар уг асуудал цаашдаа нэлээн эрчимжиж болзошгүй. Гэхдээ Хятадад аливаа зөрчил мөргөлдөөн хэрэггүй. Хятад хүч хэрэглэхгүйгээр өөртөө татах бүх аргыг хэрэглэх нь мэдээж. Сануулахад, Хятад бол зөөлөн хүч, эдийн засгийн маш их нөөцтэй улс. Иймээс уг асуудлыг хятадын талаас илт хурцдуулах үйлдлийг хийх магадлал бага. Харин хугацаа шаардагдах нь мэдээж.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 207 (6939)

 

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

2 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

26 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

1 цаг 40 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

4 цаг 9 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

8 цаг 56 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

8 цаг 56 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

8 цаг 56 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

20 цаг 40 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

21 цаг 16 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20