Б.БАЯРЖАВХЛАН
COVID-19 халдварын эсрэг вакцины талаарх иргэдийн түгээмэл асуултанд хариулах Зангиагүй уулзалтыг өчигдөр хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулагдлаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцсон юм.
Манай улс коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс дархлаажуулалтын хууль, эрүүл мэндийн тухай хуулийг баталсан байдаг. Энэ хүрээнд коронавируст халдварын эсрэг Комирнэти (BNT 162b2) вакцинаар дархлаажуулах тухай “Эрүүл мэндийн сайдын 2022 оны А\378 дугаар тушаалууд”-ыг үндэслэн энэ оны наймдугаар сарын 01-ээс эхлэн 5-11 насны хүүхдийг нэг сарын зайтай, коронавирусийн эсрэг хоёр тун вакцинаар дархлаажуулах аяныг орон даяар зохион байгуулаад байгаа. Тус вакцинд хамруулахаар 534 мянган хүүхэд бүртгэгдсэнээс одоогоор 3200 орчмыг нь вакцинд хамруулаад байгаа ажээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлэхдээ “Иргэдийн дунд “вакцинаас үүдэж цус өтгөрөх, даралт ихсэх, чихрийн шижинтэй болох зэрэг сөрөг үр дагаврууд гарч байна” гэх болсон. Энэ нь ямар ч үндэслэлгүй дам яриа. ДЭМБ-аас судалсны үндсэнд хийгдэж буй эмчилгээ учир итгэлтэй байж болно. Ковид-19 халдвараас хүн амыг хамгаалаах, тархалтыг зогсоох, нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм” гэлээ.
Мөн тэд Ковидын үлдэц дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа. Тодруулбал, энэхүү үлдэц нь оюуны чадамж буурах, ядарч цуцах, хөлрөх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Ингэхдээ ихэвчлэн коронавирусийн халдвараар өвдсөн, тэр дундаа вакцин хийлгээгүй эсвэл нэг, хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүст илүү өндөр хувьтай илэрч байна. Мөн элэг, бөөр, уушгины эрхтэн системд үлдэц үлдээж байна. Эрдэмтэд SARS Cov2 вирусийг улирлын коронавирустэй адилаар хүндрэл багатай, эрсдэл багатай болох болов уу гэж найдаж байсан ч харамсалтай нь ийм нөхцөл байдал харагдахгүй, дараа дараагийн шинэ хувилбарууд гарч ирэх, тэр нь томуутай адил биш илүү хүнд байх эрсдэл нь байсаар байгаа. Тиймээс яваандаа хавсарсан буюу томуугийн цэнт вирус дээр коронавирусийн тухайн улиралд давамгайлсан вирусийн эсрэг вакцины туршилтыг дэлхийн томоохон вакцин үйлдвэрлэгчид хийж байгааг энэ үеэр онцолж байв.
Эх сурвалж: www.polit.mn