Олег Юмов: Бид эргээд нэг улс болж чадахгүй ч соёл урлагаараа нэгдэх нь чухал

2022-10-20
Нийтэлсэн: Админ
 19 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Хоц.Намсрайевийн нэрэмжит Драмын эрдмийн театр 44 жилийн дараа манай улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд байна. Энэ жил Буриад улсын 100 жил, тус театрын 90 жилийн ой тохиож байгаа юм. Уран бүтээлчид маань ойн хүрээнд долоон шилдэг жүжгээ монгол түмэндээ толилуулж байна. Тус театрын найруулагч Олег Юмовтой Буриадын театр  болон хоёр орны соёлын харилцаа, хувийн уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

 

Бид ойн хүрээнд хуучны жүжгүүдээ сэргээсэн

 

-Буриадын театрын аялан тоглолт амжилттай болж, өнөөдөр өндөрлөнө. Үзэгчдийн хувьд танай жүжгүүдийг халуун дотно, сайхан хүлээж авч, алга ташилтаар талархсан сэтгэлээ илэрхийлсээр байна. Энэ удаад долоон жүжиг толилууллаа. Жүжгийн сонголтыг хэрхэн хийсэн бэ. Энэ бүтээлүүд манай хоёр оронтой утга агуулгын хувьд ямар нэг сэжмээр холбогдож байгаа юу?

-Манай театрт одоогоор гурван найруулагч ажиллаж байна. Найруулагч бүхэн өөрийн бүтээлээ авчрах хүсэлтэй байсан. Театр маань урын сан арвинтай. Тиймээс бид 40-50 уран бүтээлээс сонголт хийх болсон. Харин театрын удирдлага, уран бүтээлчид ярилцаад аль болох төрөл төрлийн бүтээлээсээ хүргэх шийдэлд хүрсэн. Тиймээс энэ долоон бүтээлээс орчин үеийн, сонгодог, инээдэм, драм гээд театрын урлагийн төрөл бүрээс мэдрэх боломжтой. Энэ удаагийн аялан тоглолт маань манай театрт 20 гаруй жил тогтмол тоглогдож буй “Үлей нутгийн охид” жүжгээр нээлтээ хийсэн. Энэ бүтээлийг манай театрын уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Саян Жамбалов найрууллаа. Жүжиг орчин үеийн сүйт бүсгүйн хайрын золиосоор эхэлдэг ба энэ бүтээл нь Буриад нутгийн ёс уламжлал, шашны талаар өгүүлнэ. Хайраас болж хорвоог орхиж сүнс болон хувирсан Үлей бүсгүйн тухай хууч домог, аман яриа Буриадуудын дунд бий. Жүжгийг тухайн домгоос сэдэвлэсэн. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүйн харилцан уялдаа, сүнсний ертөнц ба хүмүүсийн ертөнц хоорондын харилцааны тухай хэсгүүд ч багтсан. 

-Энэ жүжгийн дараа таны найруулсан “Барлаг” жүжгийг орос хэлээр тоглолоо. Энэ жүжиг уг нь Буриадын театрт эх хэлээрээ тоглогдож байсан байх аа?

-“Барлаг” жүжгийг Монголд амьдарч буй Оросууд болон орос хэл сурч байгаа сурагчдад зориулж эх хэл дээр нь хөрвүүлэн тоглолоо. Жүжигчид маань хагас сарын турш хэлний бэлтгэл хийсэн. Үзэгчид ч их сайхан хүлээж авч, бидэнд баяр хүргэсэн шүү. Энэ жил манай театрын 90 жилийн ой тохиож байна. Бид ойн хүрээнд хуучин тоглож байсан бүтээлүүдээ сэргээн үзэгчдэд хүргэхээр зорьж, найруулагч нар сонголтоо хийхэд би "Барлаг” жүжгийг сонгосон юм. Энэ бүтээл анх манай театрын тайзнаа 1939 онд тоглогдож байсан юм билээ. Үүний дараа 1970-аад онд, сүүлд 1998 онд тавьсан байдаг. Жүжгийн тухайд Карло Гольдонийн “Хоёр эзний нэг зарц” жүжгээс сэдэвлэсэн, инээдмийн жүжиг. Миний хувьд жүжгийн үндсэн утга санаа, үйл явдлыг хөндөхгүйгээр аль болох орчин үетэйгээ ойртуулж, холбохыг хүссэн. Мөн хоёр жилийн өмнө манай театрт Москвад сургууль төгссөн зургаан шинэ жүжигчин орсон юм. Тиймээс залуучуудаар хүч нэмсэн.

-Жүжгийг үзэхэд багтай жүжиг ч юм шиг өвөрмөц санагдаж байсан. Энэ шийдэл нь найруулагч таниас гарсан шинэ сэтгэлгээ юу. Эсвэл ийм төрлийн жүжгийг танай театр тоглодог юм уу?  

-Энэ бол Италийн театрын урлагийн нэг хэлбэр. Театрын урлагаараа дэлхийд тэргүүлдэг бусад улсуудад ч энэ төрлийн багтай жүжгүүд их хөгжсөн. Баг бүхэн өөрийн араншин, хэлэх гэсэн санаатай  байдгаараа онцлог. Миний хувьд баг, хувцсаа хийлгэхдээ хүртэл Буриад үндэстнийхээ түүх соёл, хийц урыг шингээхийг зорьсон. Миний жүжгийг үзсэн бол та мэдэж байгаа байх. Жүжиг шоу ч юм шиг өөр мэдрэмжийг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна. Мөн монголчууд "Алдарын есөн хором" жүжгийг сайн мэднэ. Тус жүжигт 300 гаруй цэргийнхээ амийг авардаг ОХУ-ын баатрын талаар өгүүлдэг. Манай Буриад үзэгчид тоглолтын үеэрээ сэтгэл хөдлөлөө их дардаг. Харин монголын үзэгчид эсрэгээрээ илүү чөлөөтэй юм билээ. Тоглолтын дундуур, тоглолт дууссаны дараа сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлж байсан нь бидэнд таалагдсан.

-Таны ярианаас сонсоход Буриадын театрт ихэвчлэн домог яриа, бодит явдлаас сэдэвлэсэн бүтээлүүд зонхилох хувийг эзэлдэг юм байна гэж ойлголоо. Зохиол болон бодит явдлаас сэдэвлэсэн жүжиг хоёрын гол ялгаа нь юу юм бол? 

-Зөвхөн Буриад ч бус Орос, Монгол, Америк ч бай бүхий л орны театрын урлагт бодит явдлаас сэдэвлэсэн уран бүтээл үнэ цэнтэй байх учиртай. Учир нь тэнд жинхэнэ үнэн, жинхэнэ дүр байдаг. Тиймээс ч үзэгчид их дуртай хүлээж авдаг. Би зөвхөн Монгол, Буриад гэлтгүй дэлхийн бусад оронд жүжгээ толилуулж байсан. Эдгээр туршлагаас харахад ч үзэгчид бодит түүхэнд л дуртай байж, тухайн бүтээлийг зорьж үздэг. 

 

Буриад хэл дээр жүжиглэдэг цор ганц театр

-Буриадын театр 90 жилийн баялаг түүхтэй. Таны хувьд энэ театрын нэгэн эд эс, гол чиглүүлэгч болж яваагийн хувьд театраараа нэг бахархаач?

-Буриадын театр баялаг намтартай. Анх 1932 онд анхны бүтээлээ хийж, үзэгчдээ хүлээж авсан байдаг. Театр маань эхлээд Буриад Монгол хөгжмийн драмын театр гэж байсан юм билээ. Он цагийн эрхээр монгол гэдэг нь хасагдаж, 1950, 1960-аад оны үед драм болон дуурийн театр гэж хоёр салсан түүхтэй. Манай театр бол дэлхийд ганцхан Буриад хэл дээр жүжиглэдэг театр шүү дээ. Энэ бол бидний хамгийн том бахархал. Энэ театрын уран бүтээлч гэдгээрээ би цаг ямагт бахархаж явдаг.

-Зөвхөн Буриад хэл дээр жүжиг тоглохоор өөр орны үзэгчдэд хэрхэн уран бүтээлээ ойлгуулж, сурталчилах вэ. Энэ асуудал дээр орчин үеийн технологийн шийдлүүдийг хэрхэн ашиглаж байна?

-Мэдээж зөвхөн Буриад хэлээрээ тоглоод хангалттай үзэгч татна гэвэл хэцүү. Мөн хорвоо дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж, илүү чөлөөтэй, залуусын сэтгэлгээ ч задгай болжээ. Бид ч цаг үеэ дагаж, орчин үеийн үзэгчдийн оюун санаа болоод хүсэл сонирхолд нийцсэн уран бүтээл туурвих үүрэгтэй. Мөн дэлхийн театрын урлагт технологийн шийдлүүдийг түлхүү ашиглах болсон. Бид ч энэ зарчмыг баримталж байна. Театр маань 500 гаруй хүний суудалтай. Суудал тус бүрт бид тусгай чихэвч байрлуулсан. Хэдийгээр тайзан дээр бид эх хэлээрээ жүжиглэж байгаа ч бидний хэлийг ойлгохгүй орос үзэгч чихэвчээ зүүгээд орчуулгатай сонсож болно гэсэн үг.

-Буриадуудыг хэтэрхий Оросжсон гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Мэдээж том гүрний дэргэд байгаа хүмүүст өөр сонголт байхгүй байх. Гэхдээ бид үндэсний түүх, соёл урлагаа уусгахгүйн тулд юуг анхаарах ёстой гэж та боддог вэ?

-Өнөөдөр монгол битгий хэл буриад хэлээ мэдэхгүй олон залуус байна. Тиймээс л бид тоглолтоо зөвхөн эх хэл дээрээ үзүүлнэ гэсэн алсын хараа, том бодлоготой. Мөн хийж буй уран бүтээл бүртээ үндэсний баялаг болсон соёл урлаг, үүх түүхээ шингээж, ирээдүй болсон залуустаа түгээж, ойлгуулахыг хүсдэг. Буриад хэл аялгаараа уран зохиолын түвшинд бичиж чаддаг хүн улам цөөрсөн. Тиймээс бид хэл, соёлоо хамгаалахын төлөө буриад хэл, аялгаараа жүжгээ хүргэсээр байх болно. Энэ нь манай театр эх хэлнийхээ дархлааг хамгаалж байгаа хамгийн том тэмцэл гэж би бодож явдаг.  Бидний эх хэлээ мартаж байгаа нэг том шалтгаан нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн агуулга, систем шүү дээ. Мөн хаашаа л харсан дэлгүүрийн хаяг, телевизийн мэдээ гээд л бүх зүйл Орос хэл дээр байна зэрэг олон шалтгааныг энд нэрлэж болохоор.

-Буриадад театрын урлаг хэрхэн хөгжиж байна. Танай театраас гадна хувийн театрууд олон бий юу?

-Манай улсын хувьд ч драмын урлаг эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ хотод бол драм болон дуурийн театраас гадна “Байкал”, “Хүүхэлдэйн театр”-аас өөр тийм ч олон мэргэжлийн театр байдаггүй. Харин хөгжмийн чуулга, оркестр цөөнгүй бий.  Мөн Буриадын 23 аймаг бүр мэргэжлийн бус ардын урлагийн жижиг, жижиг чуулгатай. Эдгээр уран бүтээлчид бүгдээрээ л Буриад үндэстний өв соёл, уламжлал, онцлогийг бусдад таниулахын төлөө хичээж, хөдөлмөрлөж байна. Бид аль болох орчин үеийн, хүүхэд залууст чиглэсэн уран бүтээл хийхийг зорьдог ч театрынхаа уламжилж ирсэн сонгодог бүтээлүүдээ ч орхидоггүй.

-Театрын урлаг хувьсан өөрчлөгдөж байна. Нэг хэсэг монголчууд хошин урлаг руу хошуурдаг байсан бол энэ цаг үед жинхэнэ драмын бүтээл үзэх сонирхолтой болжээ. Харин танай үзэгчдийн хувьд аль төрлийн уран бүтээлийг илүү таашааж, үзэж байх юм?

-Монголд хошин үзүүлбэрүүд ноёлж байх үед Буриадад энэ төрлийн жүжиг байхгүй байсан. Зөвхөн драм, инээдэм гэсэн төрөл ноёрхож байлаа. Харин Монголын “UB comedy” шиг үзүүлбэрүүд мэр сэр байсан. Бид болж өгвөл төрөл бүрээр л уран бүтээлээ үзэгчдэд хүргэхийг хүсдэг. Гэхдээ театрын хамгийн гол амин сүнс нь амьд харилцаа, тэр мэдрэмж юм. Кино урлаг бол зургаа авчихсан бол бусдыг нь эвлүүлгээр шийдчихэж болно. Харин театр бүх үйлдэл, сэтгэл хөдлөл үзэгчдийн нүдэн дээр бодитоор болж байдаг. Тухайн үзэгдлийг дахиад тоглох боломж байхгүй. Мөн жүжигчний ажлыг барьж, хүрч болдоггүй, зөвхөн тухайн үзэгч мэдэрч чадахаараа л онцлогтой. Өнөөдөр сошиал орчин хөгжиж, амьд харилцаа алсран одож буй энэ үед театрт жүжиг үзэх нь л хамгийн зөв сонголт, сэтгэлийн амар амгалан болоод байна.  

-Таныг шинэ жүжиг тавина гэсэн яриа сонссон. Нууц биш бол ямар сэдвийн үзүүрээс атгаад байна вэ?

-Манай театрын хувьд хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард миний “Барлаг” жүжгийг тавьсан байгаа. Харин энэ удаад мөн миний найруулгаар Оросын алдарт зохиолч Алекса́ндр Никола́евич Остро́вскийн “Ой” жүжгийг тавихаар бэлтгэл ажил эхлээд явж байна. Тус зохиол нь инээдмийн төрлийнх. Анх 1871 оны нэгдүгээр сард эх хувь нь хэвлэгдсэнээр хүмүүс мэддэг болсон. Харин анхны тоглолтоо тус оныхоо арваннэгдүгээр сарын 1-нд хийсэн түүхтэй. Энэ цагаас Оросын алдартай театруудад тоглогдсоор энэ үед ирсэн бүтээл. Жүжгийнхээ гол дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа эгчийг урьж тоглуулахаар болсон.

-Гайхалтай мэдээ байна. Ардын жүжигчин С.Сарантуяа бол Монголын театр, телевизийн сор болсон уран бүтээлчийн нэг. Энэ хүний зааж сургаснаар энэ цагийн олон авьяаслаг жүжигчин төрсөн байдаг?

-С.Сарантуяа эгчийнхээ тоглосон олон бүтээлийг үзэж, уран бүтээлчийнх нь хувьд хайрлах, хүндлэх мэдрэмжийг авч байлаа. Тиймээс миний жүжгийн гол дүрд яг тохирно гэж сонгосон. Мөн түүний хувьд “Гэгээн муза” наадмыг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ сайхан наадам олон уран бүтээлчид урам зориг өгсөн, цаашдаа ч өгсөөр байна гэж итгэдэг. Тиймээс Монгол Буриадын соёлын харилцаа “Ой” жүжгээр дахин сэргэнэ гэж бодож байгаа .

 

"Монгол жүжигчдийг бид өөриймсгөөр хүлээж авна"

 

-Буриадын театрын 90 жилийн түүхийн 80 жилд нь манай хоёр театр, уран бүтээлчид маань холбоотой ажиллажээ. Тэгэхээр Монголын театр, уран бүтээлчид яахын аргагүй та нарын үнэнч нөхөр ажээ?   

-Тэгэлгүй яахав. Монголын театр, уран бүтээлчдэдээ бид үргэлж талархаж явдаг. Манай буриадын театрын хувьд Монгол Улсын театртай нөхөрсөг харилцаатай. Энэхүү тоглолтоо бид өнгөрсөн жилээс эхлэн бүтэж жилийн хугацаанд бэлдсэн. Анх Маршал Чойбалсангийн урилгаар 1943 онд Буриадын академик  театрын хамт олон танай улсад бүрэн бүрэлдэхүүнээрээ айлчлан ирж, тоглосон түүхтэй. Үүнээс хойш уран бүтээлчид солилцоогоор хамтран ажиллаж ирсэн. Улмаар 1978 онд мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байдаг. Үүнээс хойш “Гэгээн муза” наадам болон олон улсын фестивалиудад оролцохоор цөөн тооны уран бүтээлчид жил алгасахгүй ирсээр байна.  Үүнээс гадна энэ удаад олон буриадуудтай Монгол Улсад таарлаа. Манай ард түмэн олноороо элэг нэгтнүүдээ хэмээн өөрийн сэтгэлээр ирж байгаад баяртай байна. 

-Хоёр орны хооронд туршлага болоод уран бүтээлчдээ солилцох боломж хэр байдаг юм бэ. Монгол жүжигчин очоод танай театрт ажиллая гэвэл бүх жүжигчдэд нээлттэй юу?

-Манай театрын баримталдаг зарчим эх хэл дээрээ жүжиглэх гэж дээр хэлсэн. Энэ шаардлагыг л хангаж, биелүүлж чадахаар бол боломж үргэлж нээлттэй байдаг. Мөн үүнд найруулагчийн харах өнцөг, шийдвэр их чухал. Учир нь найруулагчид өөр орны хөгжмийн зохиолчийн бүтээл таалагдаад тэр хүнийг урьж, хамтарч ажиллах хүсэлтэй байвал театр энэ саналыг нь аль болох бүтэх, болох талаас нь хүлээж авдаг. Ялангуяа хоёр театр маань тохирчихвол монгол жүжигчдэд бид илүү  нээлттэй, өөриймсгөөр хүлээж авна. 

-Ер нь Буриадууд уран бүтээлчдээс гадна жирийн иргэдийг хэр өөриймсгөөр хүлээж авдаг юм бол?

-Буриадуудын сэтгэлд ар Монголчууд үргэлж хадаатай явдаг. Бид яаж ч хичээгээд нэг улс болж чадахгүй ч үзэл бодол соёл урлагаараа байнга нэгдэх нь чухал. Би сүүлийн үед нэг жүжиг бичихээр төлөвлөж байна. Энэ нь Өвөрмонгол, халх монгол, буриад, халимаг зэрэг Монгол туургатнуудын тухай зохиол юм. Бид  Монголоороо хэрхэн эвлэлдэн нэгдэх вэ гэдгээ цуглаад ярьж байгаа тухай фантастик маягийн зохиол. Энэ жүжгээрээ дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монгол үндэстнүүдийнхээ дуу хоолой болмоор байна.

-Энэ удаад 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Ер нь театр хэдэн хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Уран сайхны зөвлөлийн зүгээс боловсон хүчний тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Театр нийтдээ 150 гаруй уран бүтээлчээс бүрдэж байна.  Дотроо  хэд хэдэн салбарт хуваагддаг. Насны хувьд ч гурван үеийн төлөөлөл байгаа гэж ойлгож болно. Бид ахмад уран бүтээлчдийг хүндэлж, тэднээс суралцахыг чухалчилдаг. Мөн боловсон хүчний хувьд ч ОХУ-ын алдартай театр урлагийн сургуулиудыг төгссөн, чадварлаг уран бүтээлчдээр бүл нэмсээр байгаа. Үүнээс гадна дэлхийн өндөр хөгжилтэй театруудаас хоцрохгүйн тулд судалгаа хийхээс гадна уран бүтээлчдээ чадавхжуулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна.     

-Таны хувьд монголчуудтай, Монголын соёл урлаг тэр дундаа драмын урлагтай салшгүй холбоотой, хамтын ажиллагаатай явсаар ирсэн. Харин сүүлийн хоёр жил ирээгүй. Эргээд Монголынхоо тал нутагт, театртаа ирэхэд ямар мэдрэмж төрөв?

-Таны хэлснээр миний амьдрал, уран бүтээл энэ сайхан оронтой салшгүй холбоотой. Зөвхөн уран бүтээлийн ажлаар ч бус энгийн үедээ байнга ирж, Монголын түүхийг судалж, түүхэн дурсгалт газруудаар аялах, амрах дуртай. Харин дэлхийг хамарсан цар тахлаас шалтгаалаад сүүлийн хоёр жил ирж амжсангүй. Мэдээж эргээд ирэхэд төрсөн гэртээ ирсэн мэт дотно мэдрэмж хэвээр байна. Харин энэ удаад театрынхаа ойн хүрээнд уран бүтээлчдээ дагуулаад илүү өнөр өтгөн, уран бүтээлийн богц арвин ирсэндээ талархаж, бэлгэшээж байна.

-Таныг манай ард түмэнд элэгтэй, дотно байдгийг мэдэх юм. Анх манай улсад хэзээ ирж байв. Тэр үетэй харьцуулахад Монгол Улс хэрхэн хөгжиж,  Монголын ард иргэдийн соёл хувьсан өөрчлөгдсөн байна уу?

-Би анх Монгол Улсад 2006 онд ахтайгаа ирж байлаа. Ирэх болсон шалтгаан нь шашин шүтлэгтэй холбоотой. Учир нь би буддын шашинтай хүн. Монголд Манзуширын хийд байдаг гэж сонссон. Энэ бурхныг би оюун ухаан тэтгэгч гэж залбирдаг юм. Тиймээс энэ хийдийг үзэж, сүсэглэх зорилготой анх ирж байлаа. Тэр үеэс Монголын түүх, соёл, хэл, шашин шүтлэг цаашлаад театрын урлагийг илүү сонирхох болсон. Буриадууд бид удам судраа яривал Хорь Буриад, Хонгиод, Сартуул гээд их олон салаа мөчиртэй модтой зүйрлэж болохоор. Харин үүнийгээ уг, угаар нь ялгаж салгадаг юм. Миний хувьд сонгол угийн буриад хүн. Монголчууд энэ угийн тухай сайн мэдэхгүй байх. Одоогоос 350-400 жилийн өмнө Хиагт, одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт сонгол угийн хүмүүс амьдардаг байсан юм билээ. Энэ угийн хүмүүс нь монголчуудтай илүү ойр, хэл нь хүртэл ойролцоо байсан гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Дараа нь “Алтаргана” наадмын шүүгчээр ажиллаач гэсэн саналын дагуу ирсэн санагдаж байна. Харин дараагийн удаа 2014 онд Буриадын соёлын өдрүүд өөрийнхөө жүжгээр оролцож байсан юм. Тухайн үед би У.Шекспирийн алдарт “Макбет” зохиолыг өөрийн хөрсөнд буулгаж шинэ жүжиг хийсэн юм. Утга санаа, үйл явдлын нь хэвээр ч Европт болж буй үйл явдлыг нь Буриадын тал нутагт болж буйгаар өөрчилсөн. Энэ жүжиг маань тухайн үед монголчуудад их хүрсэн. Тэр жилийн соёлын өдрүүд болон энэ жүжгээс хойш би уран бүтээлийн хувьд Монгол Улстай хамтрах ажлын гараа анх тавигдсан гэж ойлгож болно. Энэ жил би дөрвөн удаа Монголд иржээ.

Ирэх бүртээ л монголчуудын сайхан сэтгэлийг мэдэрдэг. Харин цар тахлын үед ирээгүй удсан болоод ч тэр үү Улаанбаатар хот маань их цэвэрхэн болсон санагдаж байна. Мөн залуучууд нь соёлтой болжээ. Хүнтэй мэндэлдэг, инээмсэглэдэг, хэн нэгэнд түвэг болохыг хүсдэггүй гээд сайшаах зүйл их байна. Үүнээс гадна Монголын театрын урлаг эрчимтэй хөгжиж байгаа нь таатай. Шинэ залуу жүжигчид нь авьяастайгаас гадна уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг болжээ. Мөн театрын урлагаас гадна Монголын кино салбар эрчимтэй хөгжиж байгаа гэж сонссон. Олон улсын фестивалиудад амжилттай оролцож байна. Энэ бол Монголын соёл урлаг бүх салбартаа цэцэглэн хөгжиж байгааг илэрхийлж байгаа болов уу. 

-Анх “Black box” театрын урилгаар та Японы нэрт зохиолч Р. Акутагавагийн алдартай “Ширэнгэнд” жүжгийг тавьсан байх аа. Тухайн бүтээл тайз засалтаас эхлээд их л өвөрмөц байсан санагдана?   

-Тухайн үед “Black box” театрын С.Мягмар ах надад санал тавьсан юм. Манай уран бүтээлийн баг сайн бүрдсэн учир энэ жүжиг үзэгчдэд их хүрсэн. Нэг талаасаа би Монголын үзэгчдийг сайн мэдэхгүй шүү дээ. Акутагавагийн “Ширэнгэнд” зохиолоор Японы алдарт найруулагч Акира Курасова кино хийсэн байдаг. Анх үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас, сандрал их байлаа. Гэхдээ монгол жүжигчидтэй ажиллах их сайхан байсан. Учир нь тэд авьяас, мэдрэмж ихтэй. Мөн дүрээ их судалж, бодож ажилладаг нь надад таалагддаг. Уран бүтээлч, найруулагч хүнд сайн жүжиг хийхэд санхүү их чухал. Гэтэл С.Мягмар ах маань хөрөнгө мөнгөний асуудалд ямар ч санаа зовохгүйгээр, хүссэнээрээ жүжгээ хийх боломжийг олгож байсанд нь одоо ч баярлаж явдаг. Миний хувьд өмнө нь “Ширэнгэнд”, “Сандлууд” жүжгийг Орост, оросын жүжигчидтэй хамтран тайзнаа тавьж байсан.  С.Мягмар ахын хувьд цаг үеэ мэдэрч, дэлхийн хэмжээний их мундаг уран бүтээлийг эх орныхоо үзэгчдэд хүргэж байлаа.  Бид сайн кино, театрын сайхан жүжгийг дэргэдээс нь үзэж, сайн зохиол шимтэн уншиж тэндээс шинэ санаа олж, сэтгэл санаагаа сэргээж, өөр шийдлүүдийг харах хэрэгтэй. Хүний сэтгэл хөдлөл, бодолд шинийг тунгаах ийм жүжгүүд Монголын театрын тайзнаа амилж байгаад  уран бүтээлч хүнийхээ хувьд би баяртай явдаг. Тиймээс надад Монголд ирж ажиллах одоо ч таалагддаг.

 

"Ой" жүжгээр Монгол Буриадын соёлын харилцаа дахин сэргэнэ

-Монголын драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадмаас та хамгийн олон цом атгасан. Ихэвчлэн моно жүжгээр оролцож байсан бил үү?

-Монгол туургатнуудын дунд “Гэгээн муза” наадам их алдартай. Уран бүтээлчид маань жил бүр догдлон хүлээдэг. Миний хувьд анх “Өвгөн тэнгис хоёр” моно жүжгээрээ оролцож, муза атгаж байсан түүхтэй. Мөн “Гэгээн муза-2016” наадамд нэг хүний “Хурандаа бичиж байна” жүжгээрээ оролцож, дөрвөн муза хүртээд энэ төрөлд Гранпри шагналыг нь хүртсэн.

-“Хурандаа бичиж байна” жүжиг чинь бас бодит явдлаас сэдэвлэсэн биз дээ. Та ер нь уран бүтээлийнхээ зохиол, эх сурвалжаа ихэвчлэн хаанаас хайдаг вэ?

-Энэ жүжгийг хоёрдугаар дайнд оролцож байсан Буриад хурандаагийн тэмдэглэлээс сэдэвлэж бичсэн юм. Тухайн хурандаа дайнд оролцож байхдаа өөрийн ажил үүрэг, дайны цаг үеийн байдлыг өдөр бүр тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээдэг байсан юм билээ. 1941 онд дайн эхлээд 1945 оны тавдугаар сард дууссан. Даанч хурандаа маань гуравхан сарын өмнө шархнаасаа болоод бурхны оронд одож, тэмдэглэл нь үлдсэн байдаг. Тухайн тэмдэглэлийг нь би архивын газраас авч, судлаад жүжгийн зохиолоо хоёр жилийн өмнө буюу цар тахлын үеэр гэртээ байхдаа  бичсэн. Анх энэ жүжгийг цар тахлын үеэр тв жүжиг хэлбэрээр, 16 цувралаар үзэгчдэд хүргэсэн. Харин хөл хорио суларсны дараа тайзны бүтээл болголоо.

-Та монгол найруулагчдын бүтээлийг хэр үздэг вэ. Саяхан манай театр “Анна Каренина” жүжгийг тавьсан?

-Монголд шинээр  тавьж буй жүжиг бүхний тухай цаг алдалгүй мэдээлэл авдаг ч зорьж үзэж амжихгүй л явна. Харин “Гэгээн муза” наадамд оролцохоор ирэхдээ бүх найруулагчдын бүтээлийг шимтэн үздэг. “Анна Каренина” бол дэлхийн сонгодог том зохиол. Үүнийг Монголын театрт тавьж байна гэдэг чанар чансааг нь илтгэж байна. Үүнээс гадна “Гэм зэм” жүжгийн тухай шуугиан одоо ч намдаагүй байна.  Мөн УДЭТ-ын уран бүтээлчид маань Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгээр өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийх тухайгаа надад дуулгасан. Жүжгийн найруулагч Э.Ёндоншарав гээд залуу надтай ирж танилцлаа. Манай сургуулийг төгссөн юм билээ.

-Та нээрээ ГИТИС-ийг төгссөн. Ер нь энэ Буриад, Монголын театрт энэ сургуулийг төгссөн шинэ найруулагчдын давлагаа хүчтэй байх шиг байна?

-Монголд л гэхэд ГИТИС төгссөн хоёр залуу найруулагч байна. М.Батболдын хувьд “Орфей” хэмээх театрт “Опал” жүжиг тавьж байгаа тухай дууллаа. Харин манай театрт надаас гадна тус сургуулийг төгссөн нэг эмэгтэй найруулагч бий. Түүний “Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд” жүжгийг энэ аялан тоглолтын хүрээнд үзэгчид үзсэн байх. Мөн орчин үеийн сэдэвтэй жүжиг. Миний хувьд 2006 онд тус сургуулийг дүүргэсэн. Оюутан нас бол хамгийн сайхан, бас зоригтой үе. Урлагийн сургуулийн оюутнууд тэнд л уран бүтээлчийнхээ хувьд алдаж онож, унаж босдог.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 204 (6936)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

24 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

24 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

24 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

24 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

24 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

24 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

24 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

10 цаг 34 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

10 цаг 35 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

10 цаг 37 мин