Б.ДОЛЖИНЖАВ
Хятадын эрх баригч Коммунист намын XX их хурал өнөөдөр /2022.10.16/ эхэллээ. Бүтэн долоо хоног үргэлжлэх эрх баригч намын Ардын их хурлаар Ши Жиньпинийг дахин намын даргаар сонгоно хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Хурлыг нээж илтгэл тавих үеэрээ Ши Жиньпин түүний засаглалын эхний 10 жилийн хугацаан дахь Хятадын өсөлт хөгжил, дэвшлүүдийг багцлан мэдээлэхээс гадна тус улсад тулгараад байгаа сорилтуудыг ч мөн дурдсан байна.
Тэрбээр сүүлийн таван жилийг бусадтай жилүүдтэй адилгүй, онцгой байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ. Энэ тухай Ши Жиньпин “Коммунист нам Хятадыг удирдсан хугацаа олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, нэг сорилтыг шийдвэрлэхээр дахин нэг сорилт гарч ирсэн эрсдэл өндөртэй цаг үе байлаа” гэж илтгэлдээ дурджээ. Эдгээр хүнд сорилтуудад COVID-19 цар тахал, Хонгконг, Тайванийн газар нутаг, засаг захиргаатай холбоотой маргаан зэргийг хамгийн эхэнд оруулжээ.
Ингэхдээ цар тахлаас иргэдийнхээ эрүүл мэнд, амьдралыг аварч үлдэж, Хонгконгийн эмх замбараагүй жагсаалыг засаглал болгон өөрчилж, Тайванийн арлын тусгаар байдлын эсрэг гол бэрхшээлийг шийдвэрлэж, Хятад Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг ч хэзээ ч хянаж байгаагүй, ардчиллын зарчмаар өөрсдөө засаглах боломжийг олгоход Хятадын Засгийн газар анхаарч ажилласан гэж ярьсан байна.
Хэд хэдэн ололт амжилтаа дурдсанаас Тайванийн тухай хэсэг дээр хуралд оролцож байгаа 2300 орчим төлөөлөгч хамгийн чангаар удаан хугацаанд алга ташсан нь энэ асуудалд шинэлэг шийдэл хэрэгтэй гэдгийг санууллаа хэмээн Австралийн үндэсний их сургуулийн улс төрийн судлаач Вэн Ти Сун “CNN”-д ярив.
Орос, Украинд үүссэн хурцадмал байдалд Хятад одоог хүртэл албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Тэгвэл Ши Жиньпин илтгэлдээ олон улсын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа тухай ам нээсэн юм.
Намын шинэ Төв хороо, намын дээд удирдлага болох Улс төрийн товчоо болон Байнгын хорооны даргыг маргааш буюу даваа гарагт томилно.
Ирэх таван жилд Хятад улс хэрхэн өөрчлөгдөх бол?
Ирэх таван жилд Хятад улс өндөр чанартай боловсрол, эдийн засгийн хямралаас гарахад туслах шинэлэг гарц шийдэл, шинжлэх ухаан, технологийн аюулгүй, найдвартай, бие даасан байдалд хүрэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр болсныг Ши Жиньпин зарлалаа. Мөн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах Ардыг чөлөөлөх армийг “дэлхийн жишигт нийцсэн цэрэг”-тэй болгох хөтөлбөрөө хурдасгана гэдгээ амлажээ. Ингэхдээ аюулгүй байдал гэдэг үеийг илтгэлдээ 50 удаа дурдсан байна.
Хурал долоо хоногийн турш хаалттай үргэлжилнэ. Ирэх бямба гаригт Ши Жиньпинийн ажлын тайланг батлах санал хураалт болж, намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг батлах юм. Намын шинэ дүрэм Ши Жиньпинийн эрх мэдлийг баталгаажуулах шинэ цол хэргэм олгох өөрчлөлтийг оруулна гэж хөндлөнгийн судлаачид үзэж байна.
Хурлын нээлтийн өдрийн нэг чухал сэдэв нь цар тахлын эсрэг тэг-ковид бодлого байв. Энэ хурал эхлэхээс өмнө тархалтыг зогсоохын тулд Хятадын Засгийн газар 1-2 тохиолдол бүртгэгдсэн ч иргэдээ бүх нийтийн шинжилгээнд хамруулж, хөл хорио тогтоож байсан билээ. Одоо ч тус улсад омикрон хувилбарын вирус тархсаар байна. Тухайлбал, бямба гарагийн байдлаар Хятадад COVID-19-ийн 1200 тохиолдол бүртгэгдсэний 14 нь Бээжинд батлагджээ.
Сүүлийн өдрүүдэд Ши Жиньпиний цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм баримталж буйг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан. Хөрөнгө оруулагчдын зүгээс цар тахлыг тэглэх бодлогоо намын Ардын их хурлын үеэр төгсгөнө гэж найдаж байна.
Эх сурвалж:CNN