Б.ДОЛЖИНЖАВ
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Үндсэн хуулийн дугуйлан төслийг орон нутагт хэрэгжүүлж эхлэх гэж байгаа талаараа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хоёр жил үргэлжлэх энэ төсөл нь үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Энэ талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын гишүүн М.Алтанхуяг “Анхдугаар үндсэн хууль байгуулагдсаны 100 жилийн ойг угтан манай ТББ-аас Үндсэн хуулийг сурталчлах Үндсэн хуулийн дугуйлан төслийг нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна. Монголд хуулиа мэдэх, дээдэлдэг иргэн байтугай төрийн албан тушаалтан алга.Гэсэн атлаа эрх баригчид үндсэн хуулийг өөрчлөх талаар ярьж, санал асуулга авч байна.Үндсэн хууль нь бүх хуулийн суурь, өөрчлөх шаардлагагүй хууль байдаг. Харин хуулийн хэрэгжилт, мэдлэг чухал. Тиймээс төрийн албан тушаалтнууд, эрх барих байгууллагын ажилтнуудын үндсэн хуулийн мэдлэгийг тандах судалгаа явуулсан. Судалгаагаар тэдний хуулийн мэдлэг муу байсан тул Үндсэн хуулийн дугуйлан төслийг эхлүүлсэн юм. Анхдугаар үндсэн хуулийн ойг угтаад арваннэгдүгээр сарын 26-нд энэ төслөө орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Мөн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Манай ТББ иргэд, сумын ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд шат шатны төлөөлөгчдийн дунд судалгаа явуулсан.Үндсэн хуулиа мэддэг хүн маш цөөн байна. Үндсэн хуулийн сургалтаа гурав дахь жилдээ явуулж байна. Зарим хүн “Би хууль ч биш юм чинь хууль мэдэж яах юм” гэж одоо ч асуудаг. Өөртөө ашигтайгаар хуулийг хэрэглэхийн оронд өөрөөсөө түлхдэгийн жишээ нь энэ. Гэтэл хууль бидний өдөр тутмын хэрэглээ болох ёстой учир хуулиудыг сурталчлах, ийм хэрэглээг бий болгохын тулд бид ажиллаж байна.Тогтолцоог өөрчлөх тухай ярьдаг. Үндсэн хуульд тогтолцооны тухай тодорхой заалт олон бий. Монгол Улсыг ямар байлгахыг ард түмэн шийддэг нийгэмд бид амьдарч байна. Үндсэн хууль ч “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг. Өнгөрсөн хугацаанд хууль сурталчлах ажлыг төрийн байгууллагууд хийсэн. Уг нь Засгийн газрын үндсэн үүрэг юм. Зарим аймагт сургалт хийсэн гэдэг ч аймагт нь очоод асуухаар ямар нэг хуулийн сургалтад хамрагдаагүй гэж хариулсан. Тиймээс үр дүнгүй ажилд их хөрөнгө мөнгө зарцуулж байна гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийг судалж, мөн чанарыг нь ухан ойлгож, эрхээ мэдэхэд нь туслах хоёр жилийн хугацаанд үргэлжлэх төслийн нээлт ирэх сарын 26-нд болно. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Мөн 21 аймагт тоглолт зохион байгуулна.Шударга, хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуулиндаа заасан. Бодит байдал дээр нам, шашин шүтлэгээрээ талцаж хуваагдчихсан байна. Одоо бидэнд талцах орон зай байхгүй. Тиймээс эв нэгдлийг эрэлхийлэх ёстой. Ингэхдээ Үндсэн хуулийн үзэл санааны дор нэгдэх ёстой. Уншаагүй атлаа Үндсэн хууль муу гэж ярьдаг хүн олон болчихлоо. Ийм байдлаас гарч эх орноо хөгжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа судалж, мэдэхийг уриалж байна. Бүх нам Үндсэн хуулийг баримжаалж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг. Тиймээс намуудыг бидний санаачлагад нэгдэж, гишүүдээ хуулийн мэдлэгтэй болгоосой гэж хүсч байна. Намууд үндсэн хуулиа бүрэн судлаагүй байж өөрчлөх ёстой гэж ярих нь буруу, хариуцлагагүй үйлдэл юм. Энэ нь хуурамч дипломтой багш, эмчтэй адил. Үндсэн хуулийн цэцээсээ эхлээд үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж байна. Үүний төлөө Үндсэн хуулиа судалсан, мэдлэг дээрээ үндэслэн тэмцье. Мөн хоёр жилийн хугацаанд бямба гарагийг Үндсэн хуулийн өдөр болгон зарлаж байгаа. Сум, хорооны иргэний танхим дээр бямба гараг бүр Үндсэн хуулийг заана. Үүнд цагдаагийн албан хаагчдыг түлхүү хамруулна. Учир нь үндсэн хуулийг сурталчлах нь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн үндсэн үүрэг юм. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг чухал алхам юм” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn