Р.ОЮУН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны ТУЗ-ийн гишүүн, шүүгч Ц.Намуунзулын онцлох эшлэлийг хүргэж байна.
-Олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбоонд 100 дахь гишүүн болж бүртгэгдэж Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбоо гэсэн албан ёсны эрхээ авсан. Энэ холбоо дэлхийн 116 оронтой хамтран ажилладаг том байгууллага юм. Албан ёсны эрхээ авсанаас хойш Ази, дэлхий, олон улсын тэмцээнд явах боломжтой болсон. Зөвхөн манай холбоогоор дамжуулж Монгол Улсаа төлөөлж гадаад руу тэмцээнд явдаг. 2017 онд Японы нээлттэй тэмцээнд амжилт үзүүлснээр олон улс дахь амжилтын гараагаа эхэлсэн.
-2021 оноос тэмцээндээ пара төрлийг оруулсан. Пара төрөлд оролцох тамирчид ч цөөнгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үзүүлбэрийг нийгэм маш гоёор хүлээж авч, тэднийг өөр өнцгөөс харж дэмжиж байгаад баяртай байдаг. Мөн ахмадууд маань их ач холбогдол өгч бэлдэж орж ирснийг харахад таатай байдаг. Хөгжөөн дэмжигчийн спорт нь нийгмийн бүх насныханд хүрч тэдэнд аз жаргал, баяр баясал, хөдөлгөөн эрүүл чийрэг амьдрахад тус болж байгаа нь бидний хамгийн том амжилт санагддаг. Энэ бол урлаг бас спорт.
-2028 оны Лос Анжелес хотод болох зуны олимпод хөгжөөн дэмжигчдийн хүнд акробат төрөл болох чийр /Cheer/ төрөл орж байгаа. Бидний цаашдын зорилго мэдээж олимпод тамирчдаа бэлдэж оруулцуулах мөн шүүгч нараа сайн бэлдэж шүүгч хийлгэх хүсэл мөрөөдэлтэй байна. Энэ боломжгүй зүйл биш. 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос гурван шүүгч шүүлт хийж оролцсон.
-Монголчуудад нөөц боломж байгаа ялангуяа, хүнд акробат төрөлд. Яагаад гэвэл суурь хийж байгаа хүмүүс нь хүчтэй, булчингийн ширхэг, биеийн хөгжил цэгцтэй, чадалтай. Тиймээс энэ төрөл хөгжихөд боломж байгааг ганцхан баг бэлтгэхдээ харлаа. Цаашид илүү хөгжих байх гэж бодож байна. Саяхан олимпын сайдтай боллоо. Ямар ч гэсэн хандаж үзнэ. Уламжлалт спортоос гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэх шинэ төрлүүдийг дэмжих хэрэгтэй.
-Спорт бүжгийн салбар Монгол Улсад олон жил болсон ч саяхнаас буюу “Авьяаслаг монголчууд” шоунаас бүжгийн хамтлагийн үзүүлсэн амжилтыг мэдэх жишээтэй. Энэ чиглэлийн контент, шоу, таниулах ямар нэгэн хөтөлбөр байхгүй байгаа нь харагдаж байна. Шоу энтертайнмент, эрүүл зөв амьдралын хэв маягтай байх талын контентууд бага байна. Олон нийтийн сувгууд, хэвлэл мэдээллээр юу түгээнэ нийгэм түүнийг нь л тусгаж авна.
-Монгол Улс хөдөлгөөний дутагдлаараа дэлхийд дээгүүрт ордог. Жилд 20 мянган хүн нас бардгийн 11 хувь нь хөдөлгөөний дутагдлаас болдог нь харамсалтай. Хэрэв тухайн хүн хөдөлгөөнтэй байвал эдийн засаг, эрүүл мэнд, улсын хүн амын хөгжил, өсөлтдөө ч хэрэгтэй. Хүмүүс эд хөрөнгөөрөө биш ирээдүйд эрүүл зөв амьдралын хэв маягаараа өөрсдийгөө чимэж, тодорхойлж, түүгээрээ нийгэмд үнэлэгдэж амьдрах болов уу.
-Бэрхшээл гэвэл бүх баг тамирчин хүссэн цагтаа бэлтгэл хийхийг хүсдэг ч заал байдаггүй. Мөн бэлтгэл хийх мэргэжлийн тоног төхөөрөмж байх ёстой. Бусад юм хөгжлийнхөө шат дарааллаар явж байгаа. Бид илүү сайхан болгохын тулд сайхан заалтай, аюулгүй байдлыг нь хангасан зориулалтын матрасстай, тамирчид хүссэнээрээ ирээд бэлтгэлээ хэдэн цагаар ч хамаагүй хийх боломжоор нь хангавал сайн байна. Энэ болгонд санхүү л байна. Одоо тулгарч буй бүх юмаа зовлон гэж хардаггүй. Даван туулж гарах ёстой. Энэ спортод дуртай болохоор бүгд аз жаргалтай, баяртай хийдэг.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд олимпод багтсан төрөлд Говьсүмбэр аймгийн багийг бэлдэж оролцуулсан. Энэ баг өмнө нь БНСУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаад Азийн аваргад ороод алтан медаль хүртсэн. Эндээс монголчууд чадна гэдэг нь харагдаж байна. Бид өөрсдийн хүчээр 10 жил явахад ийм амжилт үзүүлж байгаа юм чинь улс, Засгийн газар, спортын байгууллагууд, боловсролын газартай хамтарч ажиллавал бидэнд маш их боломж байна.
-Холбооны зүгээс дасгалжуулагч, тамирчин, шүүгч нартаа байнгын сургалт ордог. Сургалтад суусан дасгалжуулагч нар маань олон улсад дасгалжуулагч хийх эрхийн гэрчилгээ авдаг. Мэргэжлийн байх тусмаа тэр хүмүүст амжилт үзүүлэхэд зарцуулах хугацаа бага, амжилт нь өндөр байна.
-2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн дээр олон улсын холбооны Нарийн бичгийн дарга ирж байсан. Жил бүр олон улсын холбоо, Азийн холбооноос төлөөлөгч ирж Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны үйл ажиллагаатай танилцахдаа дуртай байдаг. Монголчууд сайн байдаг гэж байнга магтдаг. Бидний амжилт хоосонгүй гэдгийг энэ хүмүүс баталж байна. Жил бүр монголчууд олуулаа тэмцээнд явж байна. Үүнийгээ дэмжихийн тулд улсын хэмжээнд аятайхан контент хийж сурталчилмаар байна. Хэрэв бид өөрсдөө хийвэл тав, 10 жил зарцуулна. Харин төр, Засгийн дэмжлэгтэй хийвэл нэг, хоёр жилийн дотор л хийх боломжтой ажил.
Эх сурвалж www.polit.mn