Төрийн байгууллагууд ажилчдын автобустай болъё

2022-10-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Ерөөс монголчуудын хоолойд тулсан асуудал түгжрэлээс өөр юу ч биш боллоо. Эдийн засаг хэцүүдлээ, ажилгүйдэл нэмэгдэж, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэдэг. Энэ бүгд түгжрэлийн дэргэд ёстой л 100 дахь асуудал болж хувирч байх шиг. Дэгсдүүлж хэлбэл, өнөөдөр монголчууд идэх хоол, өмсөх хувцастай байх эсэхийг бараг л түгжрэл шийдэх нь. Ганцхан бодит жишээ дурдахад, өглөө 08:00 цагт гэрээсээ гарсан иргэд үдийн цайны цагийн дараа ажил дээрээ очиж тал цалингаа хасуулж байна. Энэ янзаараа авсан цалин ч үгүй, ар гэртээ зориулсан цаг ч байхгүй зам дээр амьдарч байгаа нь яг өнөөгийн нийгмийн дүр төрх. Өөрөөр хэлбэл, жилийнхээ 40 хоногийг, өдөрт 4-5 цагийг нийтийн тээвэрт, автомашиндаа өнгөрүүлж байгаа иргэнээс ажлын бүтээмж, сурлагын амжилт нэхэх нь бүрхэг асуудал юм. Энэ мэт нийгмийн суурь хэрэгцээгээ засч сайжруулахгүйгээр улс орны хөгжил цэцэглэлт, аз жаргалтай амьдрал ярих нь утгагүй хэрэг.

Түгжрэлийн өртөг хоёр жилийн өмнө 2.7 тэрбум байв. Одоо энэ тоо хэд дахин нугаларсан. Дахиад хоёрхон жилийн дараа гэхэд хотын замын хөдөлгөөн бүрэн “О” зогсоно гэсэн тооцооллыг төр өөрөө танилцуулаад байгаа. Нийслэлийн 1.5 сая иргэний амьдралын чанарт нөлөөлж байгаа түгжрэлийг бууруулахад төрийн бүтэц, төсөв хөрөнгө багадаагүй. Хотын дарга, харьяа газар, нэгж хангалттай бий. Түүхэндээ түгжрэл хариуцсан сайд, 420 тэрбумын төсөвтэй ч боллоо. Гэтэл төсөв, бүтэц данхайснаас биш түгжирч байгаа иргэдэд төдийлөн үр дүн мэдрэгдсэнгүй. Уг нь түгжрэлтэй тэмцэх үүрэг хүлээсэн хүмүүсийн ажлыг үнэлэх амархан. Зам руу гарахад л баримт нь өөрөө “ярих” жишээтэй.

Хотын түгжрэлд 420 тэрбумыг төсөвлөөд 1.5 жил буюу 500 гаруй хоносон ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар үр дүн үнэндээ тааруу. Түүхэн гэж тодотгоод байгаа  420 тэрбумын задаргааг харвал, газар чөлөөлж зам барихад 75 тэрбум,  автобус шинэчлэхэд 77, шинэ цэцэрлэгт  170, хашаа хайс буулган, ногоон байгууламж, зогсоол барихад 31 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэвч энэ дундаас хамгийн чухал ажил болох нийтийн тээврийн парк шинэчлэл ахиц муутай байна. Шинээр оруулж ирэх 500-600 автобус нь тендерийн маргаантай гацчихсан. Мөн түгжрэл бууруулах төсвөөс сургууль, цэцэрлэг рүү их татсан шүү гэдгийг Ж.Сүхбаатар сайд хэлэв.

Засгийн газар, хотын түвшинд түгжрэлтэй тэмцэх түмэн янзын төлөвлөгөө гаргаж ирдэг. Ард түмэн алхам тутамд шахаж шаардаж, бухимдаж байгаа учраас анхаарахгүй байхаас өөр аргагүй. Харамсалтай нь гарц шийдэл болгон нь дарга солигдох бүрт өнгөө хувиргадгаас биш “том” амлалт олон бий. Д.Сумъяабазар даргатай өнөөгийн хотын удирдлагууд бол LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр нэлээн амбицитай үзэж байна. Мөн ухаалаг системээр машинуудыг хянаж, туулсан замынх нь хэмжээгээр төлбөр оногдуулна гэж буй. Тэр дундаа орон нутгийн болон хотын машинуудыг таньж ялган, өөр өөр төлбөр ногдуулах талаар ч ярьж байгаа. Үндсэндээ хэн зам дээр илүү их явна, тэр жолооч илүү төлбөр төлөх зарчмыг баримтална гэсэн.

Харин Засгийн газрынхаар бол түгжрэлтэй тэмцэх бие даасан хуультай болох нь. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төсөл боловсруулах юм. Түүнчлэн нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх, хотын “Их тойруу” бүсэд орон  сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг  2024 он хүртэл олгохгүй байх. Техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болов. Эдгээр бодлогыг шуурхай хэрэгжүүлбэл мэдээж үр дүн гарна. Гэхдээ яг өнөөдөр бол түгжрэлийг бууруулах богино хэмжээний шийдэл нэн шаардлагатай байна. Тэгвэл ойрын үед хэрэгжүүлж болох хоёр шийдэл бий. Нэг нь замын нэгдүгээр эгнээг чөлөөлж зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих. Үүнийг хэрэгжүүлж чадвал иргэдийн өмнө автобусанд суугаад шуурхай зорчих, автомашиндаа түгжрэх гэсэн сонголт гарч ирнэ. Үр дүнд нь иргэд автомашинаасаа өөрсдөө татгалзана. Түүнээс төр торгоно, ачна хязгаарлана гэх ямар ч шаардлагагүй.

Хоёр нь дахь нь төрийн байгууллагуудыг ажилчдын автобустай болгох шийдэл. Угаас ирэх жилийн төсвийн төсөл дээр шинээр худалдан авах автобуснуудыг гааль, НӨАТ-аас чөлөөлнө, ажилчдаа автобусаар хүргэдэг ААН-д татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн хөшүүрэг оруулж ирсэн. Тиймээс энэ бодлогын хэрэгжилт дээр төр өөрөө үлгэрлэн харуулъя. Түгжрэлтэй тэмцэх урт хугацааны шийдэл биелэлээ олох хүртэл төрийн байгууллагууд ажилчдаа автобусаар зөөж болно. Өөрөөр хэлбэл, нэг чиглэлийн 20 хүн ажилчдын автобусаар зорчлоо гэхэд тэр хэмжээний машин хөдөлгөөнөөс хасагдана. Энэ мэтээр төрийн байгууллагуудын судалгаа тооцоог гаргавал түгжрэлтэй тэмцэх бодит үр дүн гарч болохоор. Төр бодлогоо үлгэрлэн хэрэгжүүлж эхэлбэл мэдээж хувийн хэвшил дэмжих нь гарцаагүй. Хэмнэлтийн хуулиар “том” автомашинуудаа хураасан шиг төрийнхөн нэг удаадаа хувийн машинаа тавих нь болох л зүйл. Хамгийн чухал нь нийтийн эрх ашиг болоод эргээд өөрсдөд нь ашиг тус нь ирэх шүү дээ. Цөөн л болохоос ажилчдын автобустай төр, хувийн байгууллага олон бий. Тиймээс яамгүй ч ажлын алба байгуулан ажиллаж буй Ж.Сүхбаатар сайд нэн тэргүүнд нийтийн тээврийн парк шинэчлэлээ хэрэгжүүлж, нэгдүгээр эгнээгээ чөлөөлөх, мөн төрийн байгууллагуудыг ажилчдын автобустай болгох ажлыг зохион байгуулъя. Энэ мэтээр түгжрэлийг бууруулах оролдлого хийж үзэцгээе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 193 (6925)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 58 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 58 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 58 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 58 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 58 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 58 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 58 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 8 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 10 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 11 мин