Р.ОЮУН
“Онцлох ярилцлага” буландаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөрийг урьж, ярилцлаа.
-Их хэлмэгдүүлэлтийн үед Оросод хэлмэгдсэн монголчуудын гэрэлт самбарын хуулбарыг нээх гэж байна. Энэ талаар товч танилцуулахгүй юу?
-Социалист систем, социалист лагерын үед ЗСБНХОУ гэж байхад Оросын харьяалалд байсан жижиг үндэстэн, Монгол гэсэн буурай улсын төр, Засгийн тэргүүнүүдийг болон Оросын эсрэг дуугарсан хүмүүсийг Москвад дуудаж авчираад тэнд нь цаазаар авдаг байсан. Москва хотын Коммунарка муж дахь Бутово гэж тусгай хамгаалалттай газарт 11 мянга гаруй хүнийг буудсан гэдгийг тэнд байдаг Мемораль гээд Оросын болон олон улсын шинжилгээ судалгааны агентлаг тооцож гаргасан. Бутово нь буудлагын талбай гэсэн нэртэй. Тэнд Монгол Улсаас 400 гаруй хүн буудуулсан гэсэн ерөнхий судалгаа байдаг. 2000 оноос тагнуулынхан Оросын цагаатгалын албатай хамтарч материалуудаа судлаад 249 хүн Орост хэлмэгджээ гэдгийг эцэслэн тогтоосон. Удаан хөөцөлдсөний эцэст Бутово буудлагын талбайд 249 хүний нэр бүхий гэрэлт хөшөөтэй самбарыг 2001 онд байгуулсан. 80, 90 жилийн дараа энэ хүмүүсийн нэрийг эх орондоо авчирч үр хүүхэд нь болон хүүхэд залуучууд очиж үзэж түүхээ судлаг гэсэн зорилготой гэрэлт самбарын хувилбарыг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээж байна. Энэ дурсгалын самбарыг хар өнгийн габро чулуугаар хийсэн. Дээр нь ЗСБНХОУ-д 1930-1940-өөд онд хэлмэгдсэн монгол иргэдийн гэгээн дурсгалд зориулав гэж бичсэн байдаг. Яг энэ хувилбараар нь Монголдоо цагаан боржин чулуун дээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайваны “Үүдэн чулуу” компаниар бүтээлгэсэн. Цагаан боржин эгэл боргилын билэгдэл гэдэг. Харийн нутагт хар өнгөтэй байдаг бол эх орондоо цагаан өнгөөр гэрэлтэнэ.
-249 гэдэг бага тоо биш шүү?
-249 зөвхөн өнөөдөр ил болсон тоо. Үүнээс ч их байгаа, ерөнхийдөө 400 орчим гэж ярьдаг. Яагаад Орост аваачиж буудан хороов. Москвад цаазаар авахуулсан төр, нийгмийн зүтгэлтэн 14 хүн байгаа. Яагаад гэвэл Монголд энэ үйл ажиллагааг явуулах боломжгүй гэдэг нь Монголдоо нэр нөлөөтэй хүмүүс гэсэн үг. Тиймээс Орос руу дуудаж байгаад заримд нь 5-10 жилийн ял өгдөг ч эргэж ирсэн хүн байдаггүй гэсэн судалгаа бий. Заримыг нь гарангуут Орос дотроо цөлсөн ч Монголдоо эргэж ирээгүй. Дуудагдсан шалтгаанууд нь их энгийн. Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн нарыг сувилалд явуулна гэж авчирсан. Мөн цэргийнхнийг сургалтад гээд дууддаг. Хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэж байсан Дотоод явдлын яамны ажилчид хүртэл дуудагдаж Орос руу явдаг. Ихэвчлэн зохиомол хэргүүд гарч ирээд үнэхээр тэр хүнийг хувьсгалын эсэргүү мэтээр хэрэг бүрдүүлж байцаагаад дараа нь цаазаар авна.
Малчин, энгийн ард ч олон байна. Тэднийг аймгаар нь ангилахад Дорнод, Хэнтий, Сүхбаатарын буриад гаралтай хүмүүс. Тухайлбал, Хэнтийн Батширээт, Дадал, Биндэр, Сэлэнгийн Ерөөгийн буриадуудыг насанд хүрсэн эрэгтэй хүнгүй болтол нь үгүй хийсэн. Түүх харвал 1911 онд Богд хаант Засгийн газар бий болж Монгол Улс тусгаар тогтнолоо оллоо гэж зарлах үед Оросын цагаан хаанд “Буриад, Тува монгол шүү. Энийгээ авна” гэж хэлж байсан. 1921 оны хувьсгалын дараа Монголын төлөөлөгчид Орост очоод “Буриад, Тува монгол шүү” гээд монголчуудаа л авах гэсэн. Энэ нь их гүрний бодлогод нийцээгүй. Гэтэл буриадууд дүрвэж орж ирэхэд Богд хаант Засгийн үед Богдын зарлиг гарч Хан Хэнтий аймгийн хүрээ, Нийслэл хүрээний Амгалан, Сэлэнгийн Ерөөд нутаг зааж өгч байсан. Оросууд үүнийг мартахгүй байж байгаад их хэлмэгдүүлэлтийн үеэр устгаж байсан.
Тухайн үеийн намын гишүүд Монголын элит, сэхээтэн давхарга. Хэлмэгдэгсдийн 80, 90 хувь нь намын гишүүд байгаа. Хоёрдугаарт, хэн нэгэн хүнийг буруутгаж болохгүй. Х.Чойбалсанг алуурчин гэж ярьдаг. Энэ хүний цус, нулимс, ясан дээр Монголын өнөөдрийн тусгаар тогтнол байгаа. Гэвч сүүлд нь бас л хойно очиж байхгүй болсон. Ер нь Монголын төр, засгийн тэргүүнээр, удирдах албан тушаалд ажиллаж байсан 33 хүн бий. Үүнээс гурван л үлдсэн. Ж.Батмөнх гуай ардчилсан хувьсгалын дараа хорвоогийн жамаар бурхан болсон. Д.Содном гуай одоо амьд байна. Нөгөөх нь н.Цэрэндорж. 30 хүний зарим нь цаазаар, цөллөгө, албан тушаал буурсан. Ю.Цэдэнбал гуай хүртэл Оросоос ирж чадахгүй байсаар байгаад бурхан болсон.
Монголчууд сайн дурандаа хэдэн биеэ устгасан юм биш. Энэ бол маш том улс төрийн, их гүрнүүдийн геополитикийн бодлого дунд бид энэ хэлмэгдэлтэд өртсөн. 40, 50 мянган хүний амь насан дээр нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол. Хоёрдугаарт, тал талаасаа тануулсан хилтэй. Гуравдугаарт, элит хэсгээ устгуулсан ард түмэнтэй үлдлээ.
-Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нөхөн олговор олгоод багагүй хугацаа өнгөрлөө. Цаана үлдсэн хэчнээн хүн байгаа бол?
-Хэлмэгдлийн бус үр дагавар гэж хуулийн хэллэг байдаг. Хэлмэгдсэн хүн бол аав, нөхрийг нь барьж явлаа. Цаазаар авна эсвэл шоронд, цөллөгт явуулна. Үр хүүхэд, эхнэр нь шууд эсэргүүний үлдэгдэл. Эхнэрийг нь хаана ч ажилд авахгүй. Хүүхдүүдийг нь хэзээ ч сургуульд авахгүй. Энэ одоо хүртэл арилаагүй. 1940 онд аав, өвөө нь баригдаад явсан хүн өнөөдөр амьд байлаа гэхэд хэрэв тэр хөгшин хэлмэгдээгүй бол үр хүүхэд, эхнэр нь эсэргүүний үлдэгдэл гэж цоллуулахгүйээр аятайхан ажил хийгээд амьжиргаагаа аваад явна. Одоо хэлмэгдлийн нөхөх олговрын мөнгө гээд төрөөс өгч байгаа асуудал гарч ирэхээр янз бүрийн хүмүүс энд тэндээс гарч ирдэг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 31460 хүн цагаадсан байна. Хуулийн заалт нь хэлмэгдлийн хор уршгийг биеэрээ мэдэрсэн буюу хэлмэгдсэн хүний ар гэр, төрсөн хүүхэд эсвэл үрчилж авсан хүүхэд нь. Төрсөн хүүхэд нь баригдсанаас хойш 10 сарын дотор төрсөн бол аав нь цаазаар авахуулсан бол 80 сая, хоригдож байсан бол 40 сая төгрөг өгье гэсэн. Үүний дараагийн үе буюу ач, зээ нар болохоор баригдаад явсан хүнийг таних нь бүү хэл мэдэх ч үгүй. Тэр байтугай хэлмэгдлийн талаар юу ч мэдэхгүй. Яагаад гэвэл нуугаад хүүхдүүддээ ч хэлдэггүй байсан. Ийм хүмүүст нэг сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон.
Цагаатгах ажиллагаа ерөнхийдөө бичиг баримтын болон бусад нөхцөлийн хувьд 80, 90 хувьтай болсон. Хуулийн зүйл, заалтаас хоцорсон цөөн хүн бий. Хуулийн зүйл, заалт яах юм бэ гэхээр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоод цагаатгах өргөдөл гомдлыг хүлээж авах, шүүхэд нөхөх олговор авах хуулийн хугацаа нь дууссан. Энэ нь 2018 онд батлагдсан хууль юм. Яг энэ хуульд багтаагүй, хоцорсон хүмүүс бий. Энэ хүмүүсээ яаж хамруулах вэ гээд бид хуулийн гаргалгаа гаргах гээд Ажлын хэсэг гаргаад судалж байна. Тэгвэл цагаатгаж болохгүй хүмүүсийг яах вэ. Судлаачдын үзэж байгаагаар зарим нь 10-15, нөгөө нь 15-20 мянган хүн гэнэ.
-Цагаатгаж болохгүй хүмүүсийг гэж хэнийг хэлээд байна вэ. Хүний тоо гүйцээх гээд малаа маллаад явж байсан хүнийг хэлж байна уу?
-Цагаатгах үйл явц юу вэ гэхээр шүүхийн тогтоолд энэ хүнийг тийм зүйл ангиар цаазалсугай, хорьсугай гэсэн шүүхийн тогтоол байж дараа нь энэ тогтоол үндэслэлгүй байжээ гээд цагаатгадаг. Ямар ч бичиг баримтгүй хүнийг буудсан бол яах вэ. Таны хэлдгээр хүнийхээ тоог гүйцээх гээд авчихдаг. Ийм хүмүүсийг цагаатгах гэхээр хэлмэгдээгүй, шүүхийн тогтоол байхгүй. Шүүхийн яллах тогтоол байж цагаатгах тогтоол гарах ёстой. Юу ч байхгүй хүнийг буудсан байхад цагаатгана гэсэн ойлголт байхгүй. Угаасаа тэр хүн алуулчихсан, хохирчихсон. Харин энэ хүний нэр төрийг сэргээх гэсэн ойлголт гарч ирнэ. Ар гэр нь хохирч, хэлмэгдсэн үү хэлмэгдсэн.
Хуулийн эрх зүйн гаргалгаа олъё гэхээр тэр хүн байсан эсэх талаарх цаас байдаггүй. Энэ хүмүүсийг тагнуул, улсын архиваас шүүхээр байдаггүй. 1926, 1927, 1946 оны хүн амын тооллогоор байдаг. Төддүгээр багт Данзан гэдэг хүн байжээ гээд нэртэйгээ байж байдаг. Тэгээд авч явсан гэдэг. Гэтэл хэзээ, яаж авч явсан нь байдаггүй. Тодорхой нотлох баримттай байж тухайн хүнийг цагаатгах ажил ярина. Эрдэмтэд үүнийг янз бүрийн судалгааны арга хэрэглээд энэ хүмүүсийн нэр төрийг сэргээж цагаатгах нь зүйтэй гэсэн санал, санаачилга гаргадаг. Бичиг баримттай ч цагаатгаж болохгүй хүмүүс байгаа. Тухайлбал, 1930-аад оны үеийн эсэргүү бослогод засгийн төлөөлөгч, сургуулийн багшийг яргалсан нөхдүүд бий. Эднийг хүний хувьд цагаатгаж болохгүй. Тухайн үед Монголын төр гэж байсан. Төрийн эсрэг буу барьсан хүмүүс. Тэр үед ямар үйл явдал болж байснаас цагаатгах үгүй нь шийдэгдэнэ. Энэ нь баримт нотолгоогоор нотлогдох ёстой. Тиймээс үүн дээр ямар нэгэн гаргалгаа олох л хэрэгтэй. Бусад орны туршлагыг судлах хэрэгтэй. Бүхэл бүтэн хүний хувь заяа байхгүй юу. Ард үлдсэн хүмүүсийнх нь хувь заяа давхар явж байгаа.
-Тэр үед бичиг баримтын бүртгэл муу байжээ?
-Судлаачдын үзэж байгаагаар баримт бүртгэл сайн байсан. Тогтоолгүй гүйцэтгэдэг асуудал их байж. Үүнээс болж ар гэр нь хохирч байна. Хохирол гэж ярьвал нэгдүгээрт, хэлмэгдэгсдийн ар гэр хохирч байгаа юм. Тэр хүн үхснээр амьдралын үйл явц цаашид ч энэ хохирол арилахгүй. Тухайлбал, би баян хүний хүүхэд байгаад манай өвөг эцгийг барьж яваагүй, хөрөнгө нь байсан бол өнөөдөр арай өөр амьдарна. Хүүхдүүдээ төлбөртэй сургуульд оруулчихсан байна. Гэтэл тэр үед нь хураагаад алга болоод эмзэг давхарга руу орчихсон. Хувь талаасаа энэ. Нөгөө талаасаа Монголын ёс заншил, түүхийн үнэт дурсгалт 700 гаруй сүм хийд сүүлийн үеийн судалгаагаар 1200 гаруй сүм хийд үүн дотор хэчнээн бурхан, ном судар байсныг бүү мэд. Монголд ч байхгүй, бүгд хойшоо гараад явчихсан. Эцсийн эцэст энэ их хэлмэгдлээр хэн хохирсон бэ гэвэл Монгол Улс тэр чигээрээ. Газар нутгаасаа алдсан. Энэ хэлмэгдлийн дараа 1960, 1970-аад оны үед хил тогтооход хэдэн мянган км-ийг алдав бид. Элит, үнэт оюунлаг давхаргаа тэр чигт нь устгасан.
Үүнийг хэн хийсэн бэ харь гүрэн л хийсэн. Заавал Орос, Хятад байна уу сонин биш. Орос улс тухайн үедээ өөрийнхөө 20 сая хүнийг хэлмэгдүүлсэн. Есөн саяыг нь буудан хороосон. Гэхдээ хувилаад авч үзвэл Монголд хэлмэгдсэн хүмүүсийн 80 хувь нь буудуулсан байдаг. Орост 27 хувь гэдэг. Тухайн үед Монгол Улс 600-700 мянган хүн амтай байсан. Үүнээс 100 орчим мянга нь хэлмэгдэж, дүрвэсэн. Хүн амын нөхөн үржихүй бүх юмаараа Монгол Улс хохирсон. Өнөөдөрийн цагаатгалын улсын комиссын гол зорилго нь түүхийн энэ муухай юмыг яриад сонин болгохдоо биш. Бид түүхээ мэддэг байх ёстой. Өнөөдөр цахим ертөнцөд байгаа хүүхэд, залуучууд ном уншихгүй, мэдээллийн үнэн бодит эх сурвалжийг нягтлахгүй байна. Орос Украин, Хятад Тайванийн явдал бидэнд хамаагүй. Монгол гэдэг чинь бид. Бид дотроо эвтэй, зүйтэй байх ёстой. Хэдэн бие рүүгээ ярьж, амьдрал руу нь ормооргүй байна. Өнөөдөр болоод байгаа нийгмийн оюуны хоосрол гэж хэлж болохоор хөнгөн дэврүүн, бүхнийг тунгаа гэдэг өвгөдийн үг байхгүй болсон. Энэ үеийг дүгнэхээр тэр үеийн хэлмэгдүүлэлт дахин гарч ирвэл бэлэн болсон юм шиг айдастай байна.
-Тэгвэл энэ айдсаас яаж гарах вэ?
-Төр, засгаас, комиссоос гол барьж байгаа бодлого бол монголчуудын эв нэгдэл. Бид эв нэгдэлтэй, мэдээллийг үнэн бодит, түүхийн үнэнийг мэддэг, хүний жам ёсны эрхийг дээдэлдэг байх ёстой. Тэр үед хүний жам ёсны эрх гэж байхгүй болсон байлаа. Шүүхийн тогтоол дээр гарч байгаа шүүхийн яллах дүгнэлтүүд урд нийгмийн үед бусдыг боолчилж, зарж байсан гэсэн үндэслэлээр хорих ял. Лам нараас уншлага уншдаг уу. Уншдаг гэвэл цааз, уншдаггүй бол 10 жил. Гэтэл энэ хүний жам ёсны эрх хаана байна. Шашин шүтэх хүний эрх. Хэлмэгдүүлэлт нэг намын дарангуйлал гэдэг нь өнгөц харагдаж байгаа байдал. Энэ бол харь орны бодлого. Монголын нутаг дэвсгэрт монгол хүний амиар тоглосон. Бид дахин ийм юманд орохгүйн тулд түүхээ мэдэж байх ёстой. Одоо бидний гол зорилго тэр түүхийн барааныг гаргаж ирэн хүн айлгах биш. Ийм асуудал гарсан шүү гэдгийг бодитоор үнэлэлт дүгнэлт өгөөд хоорондоо эвтэй найртай байхгүй бол ийм алдаа гаргахад ойрхон шүү.
Монгол жижиг улс. Энэ их том гүрнүүдийн улс төрийн тоглолтод орвол яах вэ. Том том санхүүжилт оруулж ирээд хооронд нь алалцуулахад бид өмнөх түүхээ мэдэхгүй бол оюуны санааны хувьд бэлтгэлтэй болчихсон байгаа. Өмнөх түүхээ мэдэхгүй байна гэдэг нь эргээд хэлмэгдүүлэлтэд, оюун санааны хувьд бэлэн болсон байна гэсэн үг. Тиймээс энэ түүхийг сонин болгож биш сургамж авах байдлаар заавал мэдэж байх ёстой. Монгол хүн болсны мэдрүүлж байх үүрэг. Үүний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд, нийгэмд нэр хүндтэй хүмүүс ч гэсэн энэ талаар ярьж баймаар байна. Хүний өмнөөс айл гэрийн асуудал хүртэл оймс, гутал оруулаад сошиалаар сэвэгдээд байгаа нь бид оюун санааны хоосролд орсон гэсэн үг. Бие биедээ хүндэтгэлтэй ханддаг болсон байхад тусгаар тогтнол нэг алхмаар бэхжинэ. Дараа нь нэгэн зүгт харж хөдөлмөрлөдөг болсноор дахин нэг алхам дэвшинэ гэсэн үг. Гуравдугаарт, гадны улсын хэрэгт хошуу дүрэхээ байчихвал энэ тусгаар тогтнол дахин нэг алхам бэхжинэ. Үүний бүр цаад утга учир нь энэ бараан гашуун түүхийг дахин давтаж болохгүй шүү гэдгийг хүлээн авч байж ирээдүйд Монгол Улс оршин тогтноно.
-Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал гуайг цагаатгасан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Ю.Цэдэнбал, Филатова түүхэн хүн. Энэ хүмүүс амьтан биш хүн. Хүн алдаатай, оноотой энэ амьдралыг туулна. Өнөөдөр 2022 оны өнцгөөс тэр хүнийг шүүж болохгүй. Энэ хүнд хийсэн гавьяа олон бий. Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийн төлөө ямар их зүйл хийв. Мөн дээрээс нь Ю.Цэдэнбалын гарын үсгээр хэлмэгдүүлсэн хүмүүс бий. Гэтэл тэр үе ямар байлаа. Бид өнгөрсөн түүх рүүгээ нулимж байгаа хэрэг. Хэн ч байсан дүгнэлт өгч болохгүй. Харин сургамж авах ёстой. Бид Ю.Цэдэнбалыг буруутгаж болохгүй. Бид хэн юм бэ, бурхан биш шүү дээ. Өнөөдөр миний хийж байгаа ажлыг 50 жилийн дараа буруутгаж магадгүй. Яагаад энэ хийгээгүй юм бэ. Энэ хүн цалинг нь аваа биз дээ гэдэг юмаар намайг буруутгавал яах вэ. Түүх гэдэг чинь өнөөдөр шийдэх асуудал биш.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын чиг үүрэг нь социалист систем, лагерын хүрээнд улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлсэн, Монгол Улсын төлөө зүтгэж байгаад хэлмэгдсэн. Харь гүрний бодлогын түвшинд хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулна. Өргөдөл, гомдлыг нь авахаар бол аваад холбогдох газарт нь өгнө. Үүнийг төрийн тусгай байгууллага шалгана. Шүүх дээр Ю.Цэдэнбал гуайг ямар үндэслэлээр хэлмэгдүүлсэн байна гэдгийг тогтооно. Энэ хүн гавьяа байгуулаад одон медаль авсан байгаа. Үндэслэл нь юу юм бэ, яагаад хэлмэгдүүлэв. Хэлмэгдүүлсэн гол зүйл юу байсан. Ингээд хураасан маршал цол, одон медалийг нь буцаагаад цагаатгасан. Үндэслэлгүй байна гэдгийг Монгол Улсын шүүх тогтоосон. Энэ хүн одон медалиа хураалгах нь буруу байжээ. Яагаад гэвэл энэ хүн ийм албан тушаал хашиж, ийм юм хийсэн учраас цагаатгах ёстой юм байна гэдэг үндэслэлээр шүүх цагаатгасан.
Эх сурвалж www.polit.mn