Дадал сумын хүүхдүүд тогтвортой хөгжилд манлайлж байна

2022-10-04
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Намрын шар нар ээсэн энэ сайхан цагт эзэн Чингис хааны өлгий нутаг болсон одоогийн Хэнтий аймгийн Дадал, Баян-Адарга, Мөрөн сумын ЕБС болон Хэрлэн сумын “Тэмүүжин" цогцолбор сургуулиар өнгөрсөн долоо хоногт зочилж аяны дөрөө мулталсан юм. “Тогтвортой хөгжил боловсрол-2” төсөл дээрх сумын сургуулиудад хэрэгжсэн нь үр дүнгээ өгч, сумаараа Тогтвортой хөгжлийн төлөөх хандлагад шилжсэн нь сайшаалтай.

Манай нүүдэлчин ард түмэн хүн, байгаль орчиндоо ээлтэй хэрэглээтэй  амьдарч ирсэн нь цаанаа тогтвортой хөгжлийн том ухаан байсан гэдэг нь очсон сум бүрт хэрэгжүүлсэн “Тогтвортой хөгжил боловсрол-2” төслийн хэрэгжилтээр  батлагдсаар байна.

Нүүгээд явахдаа  гэрийн бууриа цэмбийтэл цэвэрлээд явдаг уламжлал түүнчлэн  өөрөөсөө дээш есөн үеэ мартахгүйн тулд ургийн ном хөтөлдөг ухаан, тухайн үндэстэн ястныхаа хувцас, эд хэрэглэл зэргийг  хэрэглээнд нэвтрүүлэх, өсч өндийсөн нутаг орноо  өвөг дээдэс маань хэрхэн хайрлаж хамгаалж хойч үеийн бидэнд үлдээсэн гэдэг нь үнэт зүйл болоод байна.  Түүнчлэн одоогийн цахим хэрэглээг халсан оюун ухааныг тэлэх олон төрлийн оньсон тоглоом  нь бясалгаж, тогтвортой сууж сурахад хүртэл нөлөөлжээ. Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэх, сум орныхоо үүх түүхээр бахархах, хайрлах аргад сургажээ. Ногоон орчинг бүрдүүлэхийн төлөө дээрх сумдын сургуулиуд бүх хүчээ нэгтгэсэн байна.

Тасалгааны төрөл бүрийн ургамал, хүлэмжийн нарийн ногоо тарьж хогоо ангилаагүй сургууль нэгээхэн ч үгүй.  Баян-Адаргын хүүхдүүд “Мойлхон чамдаа баярлалаа”  дэд төсөл хэрэгжүүлж мойл жимсний яс цуглуулж  сургуулийнхаа хашаанд тарьсан бол Дадалын хүүхдүүд шар хуайсаар сургуулийн хашаагаа шинэчлэхээр тариалж эхэлжээ. Энэ нь төмөр хашааг халах гэсэн нэг арга. Түүнчлэн Баян-Адаргын Г.Ариунаа багштай “Охидын клуб” хаягдал материалаар жижиг эдлэл, хүүхэлдэйн хувцас, илүүдэл хувцсаа дахин шинэчлэн оёж, хатгаж сураад зогсохгүй сумынхандаа борлуулаад эхэлжээ.  Хэрлэн сумын “Тэмүүжин цогцолбор” сургууль гэхэд сургуулийн хана, шалыг жил бүр  буддаг  үргүй зардлаа  зогсоож эко хавтангаар ханаа бүрж  шалаа хүртэл гантигдсан байхтай ч таарлаа.

Мөн “Эрүүл хүнс, энх амьдрал” төслийн үр дүнд хүүхдүүд  сургуулийн ойр хавийн дэлгүүр рүү гүйж чихэр, ундаа, хугацаа нь тодорхойгүй пирожки, чипс идэхээ больж, сургуулийн цайны газар  дахь “Амтат булан”-аас жигнэсэн пирожки, эко сэндвич гэх мэт эрүүл хүнсийг хямдаар авч иддэг болсон. Мөн тус цогцолбор”-ийн  16 багш  2.7-11кг хассан зэрэг сонирхолтой олон үр дүнг тоочоод барамгүй. Энэ тухай дараагийн  нийллээрээ хүргэнэ. Харин энэ удаа Дадал сумын ЕБС-д хэрэгжсэн “Тогтвортой хөгжил боловсрол-2” төслийн үр дүнг дэлгэрүүлж танилцуулая.

 

Тогтвортой хөгжлийн боловсролыг хангасан Олон улсын “Мөнгөн гэрэгэт эко сургууль”

Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС нь стандарт мэдлэгийг олгохын зэрэгцээ Тогтвортой хөгжлийн үзэл санааг шинжлэн судлах, хүүхэд, эцэг эхчүүдэд таньж мэдүүлэх, хэвшил болгоход туслалцаа дэмжлэг үзүүлэхээр зорилгоо тодорхойлжээ. Тус сургууль  2019 онд Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрт  хамрагдаж “Мөнгөн гэрэгэт эко сургууль” болсон бол одоогоор  “Тогтвортой хөгжил боловсрол-2” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  сургуулиараа хамтдаа хөгжих аргыг нэвтрүүлжээ. Нийт 652 сурагч 60 багш, ажилчидтай. Төслийг хэрэгжүүлэхдээ таван баг болж ажилласан нь үр дүнгээ өгчээ. Ингэхдээ Засаглалын багийг захирал Д.Дамдинпүрэв  хариуцсан бол  хүний нөөцийг нь нягтлан бодогч Э.Дэнсмаа, сургалтын хөтөлбөрийг сургалтын менежер Д.Эрдэнэтуяа, сургалтын орчныг нь багш Б.Бямбадэлгэр, түншлэлийг  Б.Эрдэнэцэцэг нар удирдан явуулжээ. 

Тогтвортой хөгжлийн дөрвөн цөм агуулга,  таван бойжилтын түвшнээр сурагчдыг ажиглаж, тулгамдаж байгаа асуудлыг судалж, тандах арга зүйгээр ажилласан байна. Ингэснээр төслийг бичих  шалтгаануудаа гаргаж ирсэн аж. Жишээлбэл, “Ирээдүйн хөтөч” үндсэн төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь  хүрээлэн буй орчны тогтвортой байдал 2.7 хувьтай байсан нь орон нутгийн өв уламжлалыг хадгалсан орчин хэрэгтэй гэдэг нь Тогтвортой хөгжил боловсролийн үнэлгээгээр тогтоогджээ. Төслөө бичиж хэрэгжүүлсний үр дүнд  Дадал сумын хөтөч хүүхдүүд Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн  түүхэн газруудыг уран яруу тайлбарлаж сурчээ.

Тэднийг бэлтгэхийн тулд Онон -Балжийн байгалийн цогцолборт газрыг сургалтынхаа орчинд байршуулж танилцуулга хэлэлцүүлэг явуулах зэргээр бэлтгэсэн байна. Мөн Буриад үндэстний өв уламжлал, хувцас хэрэглэл, аж ахуйг сувинер хэлбэрээр сургуулийнхаа нэг давхарт  байрлуулжээ. Мөн өөрсдийн урласан, цуглуулсан  буриадын эх туг, 11 эцгийн туг, тэрэг, сүүний машин, тогоо бүрхээр, сүх тэвш зэргийг байрлуулсан нь мартагдаж буй буриадын эдлэл хэрэглэлийн тухай судлах, олон нийтэд танилцуулахад тустай байжээ. Түүнчлэн сургуулийнхаа нэг, хоёр давхарт жижиг ойн төгөлтэй ном унших орчныг буй болгосон нь сонирхол татаж байв. Төслийн мэдээлэл хүргэдэг “Эко дадал” пэйж хуудасны дагагч 4000 гаруй болж нэг мэдээллийг дор хаяж 20 орчим хүн бусадтай хуваалцах зэргээр “Тогтвортой хөгжил боловсрол-2” нөлөөлөл өргөжжээ. Түүнчлэн тус суургууль "Ногоон бүхний төлөө" уриаг алсын хараагаа болгож энэ хүрээнд үхрийн нүд, мойл, шар хуайс зэргийг сургуулийнхаа гадна орчинд тариалж хашаажуулахаар болсноо дуулгасан. Мөн усны болон цахилгааны хэрэглээг бууруулж төслийн хугацаанд 167 мянган  нүүрсхүслийн хийг бууруулж чаджээ.

 

“Ирээдүйн хөтөч” клубийн  хүүхдүүд англи хэлээр тайлбарлана

 

Хэнтий аймгийн Дадал сумын сурагчдын 70 орчим хувь нь буриад, 30 гаруй нь халх ястан ажээ. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд “Ирээдүйн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлж 4-12 дугаар  ангийн 25 хүүхдийг хөтөч болгон бэлтгэжээ. Нийтдээ 60 хүүхэд сонгон авч бэлтгэснээс дэд төслийн хүрээнд 15 эмэгтэй, 10 эрэгтэй хүүхэд шалгаруулж анхны аялал тайлбарыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Төслийн үр дүнд шуудаар 500 суралцагч, 400 гаруй эцэг эхчүүд, 921 сумын иргэд, 300 төрийн албан хаагч, цэцэрлэгийн 89 хүүхэд дам байдлаар хүртжээ.  Хөтөч хүүхдүүд Дадал сумынхаа бахархалт есөн газар болох Дэлүүнболдог, Боданчирын өвсөн эмбүл, Хажуу булаг, Балж гол, Гэнэнпил хатны буурь, Бага Яргайт Дөрвөлжин булш, Түнхлэг горхи, Зээрэн хавцал зэргийг ямар ч хөтчөөс дутахгүй тайлбарлаж, таниулж, үүх түүхийг нь судалж ярьдаг болжээ. Ингэхдээ  Буриад зоныхоо ёс заншил, хэл соёлыг авч үлдэх дэд хөтөлбөр хэрэгжүүлж түүүнийхээ хүрээнд хүүхдүүд уг гарвал, угсаагаа таньж, буриад хэл аялгаа сурч эхэлсэн байна. 

Энэ хүрээнд халх хүүхдүүд өөрсдийгөө Монголын нууц товчооны эхлэл шиг “Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно, Гуа Маралын удам… “гээд танилцуулдаг бол Буриад хүүхдүүд “Хун шувуун гарвалтай, Хус модон сэрэгтэй…” гээд өөрсдийн угсаа гарвалаа хэлж танилцуулж хэвшжээ. Ингэснээрэээ өөрсдийн уг гарвал, үүх түүхээрээ бахархах гээд олон дэвшил гарчээ. Тогтвортой хөгжил төслийг дэмжин ажиллагч сургууль бусдаас онцлогтой гэдэг нь хаана ч явсан мэдрэгдэж байсан. Хүүхдүүд нь бусадтай мэндэлж хогоо хогийн саванд ангилж хэвшсэн  зэргээс харагдаж байлаа. Ингэснээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөл зорилгоо хангаад зогсохгүй Олон улсын Эко сургуулийн хүрэл гэрэгэгэ  мөнгөн гэрэгэт  сургуулийн болзол хангасан аж.  Цаашид “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төсөл  хэрэгжиж дууссан ч дэд хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж хөтөч хүүхдүүд англи хэлээр тайлбарладаг болоод зогсохгүй буриад аялгаа ч сурна гэсэн. 

 

“Есөн түлхүүр”-ийн оньс тайлах хурд одоогоор 11-14 минут

Дадал сумын ЕБС-ийн сургуулийн гадна талбайд 30 ширхэг ардын уламжлалт оньсон тоглоомыг томоор хийж байршуулсан нь анхаарал татаж байсан юм.  “Монгол түлхүүр” дэд хөтөлбөрийн үр дүнд тус сургуулийн 7-9, 12-15 насны хүүхдүүд “Есөн түлхүүр" оньсон тоглоомын оньс тайлах 624 үйлдлийг нэг удаа тоглохдоо маш амжилттай хурдан тоглож  сурсан байлаа.  Хамгийн хурдан тоглох хурд 11-14 минут.  “Монгол түлхүүр клуб”-ийн 40 суралцагч 10 багшийн дунд явуулсан судалгаагаар Жендерийн тэгш байдлыг хангах зорилгоор 50 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэй суралцагч, сургагч багш нар байсан аж. Тэднээс 7-9 насны ангилалд хамгийн хурдан буюу 11 минутад оньсыг тайлж байсан бол 12-14 насныхан дунд 14 минутад эвлүүлэх буюу тайлж  байх жишээтэй. Хамгийн удаан нь 23-30 минутад эвлүүлж байжээ. Үүний үр дүнд нь хүүхдийн ой тогтоолтын хурд нэмэгдэж, ухаалаг утасны хэрэглээ  багассан аж. Мөн аялагчид уг тоглоомоор тоглох сонирхол их байжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 192 (6924)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

8 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

8 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

8 цаг 35 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

8 цаг 35 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

8 цаг 35 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

8 цаг 35 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

8 цаг 35 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

18 цаг 44 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

18 цаг 46 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

18 цаг 48 мин