Б.ДОЛЖИНЖАВ
Японы төдийгүй дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг, ур чадвар, мэдлэг өндөртэй Ерөнхий сайд агсан Шинзо Абэ хэмээх нэгэн гайхалтай удирдагчаа дэлхий хэмээх нэгэн гараг энэ долоо хоногт албан ёсоор эцсийн замд нь үдлээ. Үүнээс гадна хийн хоолойн эвдрэл, Эдвард Сноуденийн иргэншил, ОХУ-ын цэргийн дайчилгаа, Солонгос улс жуулчдад нээлттэй орон болж, хатан хаан II Элизабетийн таалал төгссөн шинжилгээний хариуг нийтэд зарласан гэсэн олон чухал үйл явдлаар дүүрэн долоо хоногийг бид үдлээ. Ийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт дэлхийн аль оронд ямар үйл явдал болсныг тоймлон хүргэж байна.
Есдүгээр сарын 26-ны даваа гараг
Эдвард Сноуден ОХУ-ын иргэн болжээ
Есөн жилийн өмнө АНУ-аас дүрвэсэн Эдвард Сноуденд ОХУ-ын иргэний харьяалал олгох шийдвэр даваа гарагт гарчээ.
Одоо 39 настай Сноуден 2013 онд АНУ-ын үндэсний аюулаас хамгаалах газарт гэрээгээр ажиллаж байхдаа тус байгууллагаас дотоод болон гадаадад явуулсан тагнах чагнах ажиллагааны тухай нууц баримтуудыг нийтэд дэлгэж байв.
Тэрбээр дараа нь АНУ-аас дүрвэж, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн юм. Вашингтоны эрх баригчид Сноуденыг эх орныхоо эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж, Оросоос шилжүүлж авахыг хүсдэг.
Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын 72 иргэнд тус улсын иргэний харьяалал олгох зарлигт гарын үсэг зурсны дотор Сноудены нэр багтжээ.
Сноудены өмгөөлөгч Анатолий Кучерена үйлчлүүлэгч нь Оросын армид алба хааж байгаагүй тул дайчилгаанд хамрагдахгүйг хэвлэлд ярилцлага өгөхдөө тайлбарлажээ.
Сноудены гэргий Линдси Миллс бас ОХУ-ын иргэний харьяалал авах боломжтойг тэр нэмж хэлсэн байна.
АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Сноуден АНУ-ын иргэний харьяаллаасаа татгалзсан эсэх талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа хэлжээ.
Есдүгээр сарын 27-ны мягмар гараг
Шинзо Абэг сүүлчийн замд нь үдлээ
Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулга мягмар гарагт боллоо. Аюулгүй байдлыг маш сайн хангасан, хатуу хяналттай энэ төрийн оршуулгын ёслолд 4300 гаруй хүн оролцсон гэж “Japan Times” мэдээлэв. Эргэн сануулвал, Японы түүхэн дэх хамгийн шилдэг ерөнхий сайд хэмээн олон улсад үнэлэгдсэн Шинзо Абэ Нара хотын гудамжинд үг хэлж байх үеэрээ буудуулж, долдугаар сарын 8-ны өдөр таалал төгссөн билээ.
Түүнийг эцсийн замд нь үдэх төрийн ёслолд 218 орон, олон улсын байгууллагын 700 гаруй тэргүүн, улс төрийн томоохон албан тушаалтан оролцжээ. Тухайлбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Со тэргүүтэй удирдагчид хүрэлцэн иржээ. Үүнтэй холбогдуулан төрийн оршуулгын ёслолын үеэр 20 мянга гаруй цагдаагийн албан хаагч аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээн ажиллахын сацуу, зарим гудамжны замыг хаасан байна.
Японы одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида оршуулгын ёслолын үеэр Шинзо Абэ Японы Батлан хамгаалах агентлагийг яам болгоход хэрхэн ажилласан тухай, түүний санаачилсан "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн стратеги", АНУ, Энэтхэг, Австрали, Япон гэсэн дөрвөн орны аюулгүй байдлын хэлэлцээ болох “Quad”-ыг үүсгэн байгуулсан гавьяаг нь алдаршуулсан юм. Тэрбээр “Японы түүхэн дэх хамгийн олон жил ерөнхий сайдаар ажилласан Шинзо Абэтэй нэгэн эрин үед амьдарч, танхимд нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан цаг мөчүүдээрээ би үргэлжид бахархах болно. Шинзо Абэ олон бэрхшээлтэй тулгарсан ч үеэс үед хурцлагдсаар ирсэн ган мэт хүн байлаа” хэмээн ярьжээ. Энэ төрийн оршуулгын ёслолд Япон улс 11.1 сая ам.доллар зарцуулсан байна.
Есдүгээр сарын 28-ны лхагва гараг
Европ руу чиглэдэг хийн хоолой эвдэрсэнд Орос буруутай юу?
Балтын тэнгисээр дамжин Оросоос Европ руу чиглэдэг хийн хоолойд шалтгаан тодорхойгүй гэмтэл гарчээ. Тодруулбал, “Хойд урсгал-1” болон “Хойд урсгал-2” хийн хоолойноос ь хий алдагдсан байна. Гэвч хийн экспортод монополь эрх мэдэлтэй "Газпром" компани үүнд тайлбар өгөхөөс татгалзжээ.
Тиймээс Норвегийн Газрын тос, эрчим хүчний сайд Терже Аасланд, Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон, Данийн ерөнхий сайд Метте Фредериксен нар энэ үйл явдлыг санаатай байж болзошгүй гэж хэлжээ. Герман, Дани, Скандинавын аюулгүй байдлын албаныхан Балтийн тэнгист хий алдагдсан явдлын учир шалтгааныг судалж байгаа юм.
“Хойд урсгал-2” хоолойд гэмтэл гарсныг илрүүлээд удаагүй байтал “Хойд урсгал-1” хоолойд хоёр ч гэмтэл гарчээ. Далайн хийн хоолойн гурван шугамд нэг өдөр ийн зэрэг гэмтэл гарсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл гэж оператор компани мэдэгдэв. Гэмтэл гарсан хэсгүүдийг бүсчилж үзвэл нэг нь Шведийн эдийн засгийн бүсэд, нөгөө нь Данийн бүсэд байжээ. Ерөнхий байршлын хувьд Данийн Борнхольм арлын зүүн хойд хэсэг юм.
Дани улсын эрх баригчид даваа гарагт “Хойд урсгал-2- хоолой Борнхолм арлын ойролцоо задарч, тэнгисийн усанд хий алдагдаж байгааг анх мэдээлж байв.
Есдүгээр сарын 29-ний пүрэв гараг
Хатан хаан II Элизабетийн нас барсан шалтгааныг зарлав
Их Британийн цог жавхлант хатан хаан II Элизабетын нас барсан шалтгааныг пүрэв гарагт албан ёсоор зарлалаа. Тодруулбал, түүнийг есдүгээр сарын 8-ны өдрийн 03:10 цагт өндөр насны улмаас таалал төгссөн гэж нас барсан тухай бүртгэлд нь тэмдэглэсэн байна. Хатан хаан нас барсныг амьсгал хурааснаас нь хойш гурван цаг орчмын дараа буюу 06:30 цагт албан ёсоор нийтэд зарласан байна. Хатан хаан нас барсныг түүний ганц охин, гүнж Анна есдүгээр сарын 16-ны өдөр Шотландын бүртгэлийн албанд мэдэгдэж байжээ.
Нас барахдаа 96 настай хатан хаан Шотландын Балморал шилтгээндээ байрлаж байсан юм.1952 оноос хойш 70 жилийн турш хаан ширээнд заларсан II Элизабет нь Их Британийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хатан хаан болсон юм.
Есдүгээр сарын 30-ны баасан гараг
Солонгос улс жуулчдаас PCR шинжилгээ шаардахгүй боллоо
БНСУ-д COVID-19-ийн халдварын тархалт буурсантай холбоотойгоор жуулчдаас PCR шинжилгээний хариу шаардахаа больж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ шийдвэр маргааш буюу бямба гарагаас хэрэгжиж эхэлнэ гэж Засгийн газраас нь мэдээлсэн гэж “Yonhap” агентлаг дамжуулав.
Тус улс руу нэвтрэх гадаадын иргэд 24 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэх шаардлага тавигдаж байсан билээ. Тэгвэл бямба гарагаас эхлэн аль ч улсын иргэн Солонгос руу нэвтрэхэд ямар ч хүндрэл үүсэхээргүй болжээ. Үүнээс өмнө энэ сарын эхээр Солонгосоос бусад орон руу явах иргэдэд тавих бүх шаардлагыг цуцалж байсан юм.
Хэрэв Солонгост очсоноос гурван хоногийн дотор ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл улсын эрүүл мэндийн төвд нь үнэ төлбөргүй PCR шинжилгээ өгч болно гэж Солонгосын халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас (KDCA) мэдээлсэн байна.
Баасан гарагийн байдлаар Солонгост 28 мянга гаруй COVID-19-ийн тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх сараас 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ COVID-19-ийн эрсдэл өндөртэй дэд хувилбарууд тархаж эхэлбэл гадаадаас ирж байгаа иргэдэд тавих хяналтаа дахин чангаруулна гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Ли Ки-Ил мэдэгдэв.
Тэрбээр “Манай улс цар тахлын сүүлийн шатан дээр зогсож байна. Гэхдээ өвөл дахин нэг давлагаанд өртөж магадгүй ч бид бэлтгэлээ сайн базааж цар тахлыг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэв.
Эх сурвалж:Japan times, Yonhap, CNN, Reuters