
Д.ОЮУНЧИМЭГ
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс 10 км зайтай орших “Нүүрстэй” коксжих нүүрсний төслийнхөө хайгуулыг энэ сард эхлүүлэхээр төлөвлөжээ.
Уг төслийн 60 хувийг эзэмшдэг “Эх говийн чулуу” хамтарсан компанийн 50 хувийг Аспайр өнгөрсөн зургаадугаар сард “Ханаду майнз”-аас худалдаж авсан аж. Хайгуулын ажлын хүрээнд эхний ээлжинд нэг бүр нь дунджаар 100 тууш метр гүн бүхий 20 ширхэг өрмийг хайгуулын талбайн хойд хэсэгт тавих юм байна. Энэ ажил ирэх сард дуусна гэдгийг албаныхан хэлсэн байна. Уг хайгуулын ажилд 500 мянган ам.доллар төсөвлөсөн бөгөөд дөрөвдүгээр улиралд багтаан лабораторийн шинжилгээний дүн гарна гэв.