Б.ДАРЬСҮРЭН
Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагууд болон дотоодын эдийн засагч нар манай улсын эдийн засгийг хүндхэн байдалд орсныг онцолж, дефолт зарлах өндөр магадлалтай орнуудын жагсаалтад оруулсан билээ. Харин Монгол Улсын Засгийн газар, Төвбанкны зүгээс “Ойрын хэдэн жилд дефолт зарлах эрсдэл үүсээгүй, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй гэж “сөрсөн базаа” хийгээд байгаа. ОУВС-гаас Азийн орнуудын өр өсөж, үүнийгээ төлөх боломж хумигдаж буйг анхааруулсан байр суурийг илэрхийлсэн. Лаос, Мьянмар, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Монгол зэрэг орны нэр дурьдагдсанаас Лаос, Монгол хоёрыг хамгийн хүнд байдалтай нь гэж тодотгосон байв. Дотоодын эдийн засагч нар ч үүнийг хүлээн зөвшөөрч Засгийн газар, Монголбанк зэргийг яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол ирэх IX-X сар гэхэд инфляцын түвшин дахин нэмэгдэж, байдал хурцдаж болзошгүйг анхааруулаад байгаа юм. Үүнтэй холбоотой албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
Сангийн сайд Б.Жавхлан: Дефолт зарлах нөхцөл байдал үүсээгүй
-Монгол Улсын хувьд ойрын гурван жилийн хугацаанд дефолт зарлах нөхцөл байдал үүсээгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Бид зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдсэн нь хэр сайн ажиллаж буйг харуулж байгаа юм. Монгол Улс ижилхэн зах зээлтэй орнуудаас нөхцөл байдал харьцангуй дээр байна. Бид дефолт зарлах гэж буй мэт мууг ярих нь зохисгүй. Ийм эрсдэлгүй үед энэ сэдэв рүү олон нийтийг турхирч байгаа хүчнээс бид болгоомжлох ёстой. Өнөөдрийг хүртэл гарсан долоон бондоос эхний нэг нь л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Чингис бондыг л түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг дэлгэх болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод буй. Үүнээс үзвэл, бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү өрийн зарцуулалтад их анхаарах шаардлагатай.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байна
-Товчхондоо, Монгол Улс дефолт зарлах хүнд нөхцөлтэй нүүр тулсан гэж үзэхгүй байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Өмнөх нь буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд сул байсан. Гадаад валютын нийт нөөц дөнгөж нэг тэрбум ам.долларт тэнцэж, импортын гурван сарын хэмжээнээс ч доош орж, төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувийг давсан, богино хугацаанд төлөх өр төлбөрийн асуудалтай байсан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Мүүдиз” агентлагийн хувьд “Caa1” буюу маш өндөр эрсдэлтэй түвшинд, харин “Фитч” болон “Эс энд Пи” агентлагууд зээлжих зэрэглэлийг “B-” болгож хоёр шат бууруулж байв.
Харин одоо гадаад валютын нөөц гурван тэрбум ам.доллар буюу импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа. Харин төсвийн алдагдал ДНБ-ий тав орчим хувьтай, эдийн засгийн өсөлт энэ оны эцэст хоёр хувийг давах хүлээлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны Төсвийн төсөөллийн тухай хууль, УИХ-ын тогтоолоос харахад ирэх жилүүдэд төсөв, санхүүгийн сахилга бат хангагдах дүр зурагтай байна. Эдийн засгийн одоогийн суурь, цаашдын төлөв эерэг, дефолтын эрсдэл хол байгааг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд мөн баталгаажуулаад байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сард “Фитч” агентлаг, өнгөрсөн сард “Эс энд Пи” агентлаг манай улсын үнэлгээг тогтвортой хэвээр үлдээснээ баталгаажуулсан. Энэ нь олон улсын хөндлөнгийн хараат бус шинжээчдийн эдийн засгийн цаашдын төлөвт, гадаад өрөө хугацаанд нь эргэн төлөх чадварт өгч буй үнэлгээ юм.
Мөн ойрын хоёр жилд төлөгдөх, валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж улсын өрийн удирдлагыг сайжруулахад томоохон алхмуудыг өнгөрсөн хугацаанд хийж чадсан. Үүн дээр мега төслүүд болох Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаар ажиллаж, боомтууд холбогдож уул уурхай болон тээврийн салбар сэргэхээр хүлээгдэж байгаа нь хүндрэлээс гарах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Эдийн засагч Ч.Отгочулуу: Төсвийн тодотгол хийж, тойргийн усалгаагаа зогсоох хэрэгтэй
-Энэ жилийн хувьд эдийн засгийн эрсдэл харьцангуй бага. Учир нь олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ өгдөг компаниудын монголд өгсөн үнэлгээ тогтвортой байна лээ. Гэхдээ ирэх дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн байдал хүндэрч болзошгүй. Учир нь томоохон гадаад өрөө эргэн төлнө. Үүнд Монгол Улс бэлэн биш байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх гадаад өрийн хэмжээ яг хэд хүрсэн талаарх нэгдсэн мэдээлэл байхгүй. Засгийн газар гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь нь 50 хувь гэсэн бол Монголбанк 80, Дэлхийн банк 92 хувь гэж хэлдэг. Тэгэхээр амин чухал асуудал дээр бодлого боловсруулагчид нэгдсэн ойлголтод хүрээгүй байна гэсэн үг. Мөн Засгийн газар нэмж өр тавихын тулд ДНБ-ийг хэт томоор төсөөлж, гадаад өрийн хэмжээг дансны аргаар бага харагдуулж байгаа нь эрсдэлтэй. Ер нь өр зээл аваад эдийн засгаа томруулсан улс байдаггүй. Жишээлбэл, Латин Америкийн орнууд байна. Хятад, БНСУ, Япон улс гадаадаас шууд хөрөнгө оруулалт татаж, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Энэ оны эхний улиралд ДНБ хасахтай гарсан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшиж байна гэсэн үг. Одоо II улирлын тоо гарах байх. Инфляц, ажилгүйдэл өндөр байгааг хүн бүр мэдэж байгаа. Хил боомт хаалттай, арилжааны банкууд зээлээ хязгаарлачихсан, үнийн өсөлт гээд хүнд байдалтай байна. Тиймээс төсвийн тодотгол хийж, тойргийн усалгаа болсон олон хөшөө обьектуудыг нам зогсоох хэрэгтэй. Ингэж хэмнэсэн мөнгөөрөө эрсдэлийн сангаа арвижуулж, зээлээ төлөхөд зарцуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа томруулах нь шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)