Д.Түвшинбаяр: Шударга, зөв хүн байхыг хичээдэг

2022-07-08
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Сонирхолтой контент, эерэг хандлагатай амьдралаараа нийгэмд үлгэр дууриалал болсон “Positive Mongolians” төслийг санаачлан хэрэгжүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинбаярыг “Өөр зочин” буландаа урилаа. 

 

-Кинонд тоглоход ур чадвар их шаарддаг. Таныг багаасаа кинонд дүр бүтээсэн гэж сонссон?  


-Миний хувьд гуравдугаар ангиасаа Хүүхдийн ордны драмын дугуйланд явсан. Ээж маань намайг хөтөлж очоод Д.Саранхүү багшид шавь оруулж байлаа. Багш маань жүжигчин мэргэжлийн гоё сайхныг багаас минь мэдрүүлсэн. Анх дөрөвдүгээр ангидаа гавьяат жүжигчин Б.Батбаатар, Г.Золбоот ах нарын хамтарсан “Цусан холбоо” кинонд дүр бүтээсэн. Ахлах ангиа төгсөхдөө дөрвөн киноны дүрд тоглочихсон байсан. 

 


-Солонгост найруулагч мэргэжил эзэмшээд эх орондоо ирж КУДС-д багшилж байсан юм билээ? 


-Миний хувьд СУИС-д 2001 онд элсэж орсон. Нэгдүгээр дамжаандаа сурчихаад КУДС руу шилжсэн. Учир нь дуучин С.Сэрчмаатай “Удам” түүхэн кинонд эхнэр нөхөр болж тоглосон. Гэтэл СУИС-ийн удирдлагууд дөнгөж нэгдүгээр дамжааны оюутан яагаад ийм том киноны гол дүрд тоглосон юм бэ гэж шүүмжилсэн. Тухайн үед киногоо эсвэл сургуулиа сонго гэхэд нь киногоо сонгож байлаа. Ингээд КУДС руу шилжиж, 2005 онд жүжигчин мэргэжил эзэмшсэн. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2007 онд мэргэжил дээшлүүлэхээр Солонгост очиж найруулагчаар магистр хамгаалаад 2010 онд эх орондоо ирсэн. Солонгост сурч, мэдсэн зүйлээ өөртөө хадгалах бодолгүй байсан учир төгссөн сургуульдаа хоёр жил гаруй багшилсан. Энэ хугацаанд 200 гаруй шавьтай болсон байна.   


-Танд “Гэм зэм” жүжигт дүр бүтээх саналыг хэн тавьсан бэ. Санал ирэхэд нь яаж хүлээж авав?


-Анх над руу яриад санал тавихад нь тоглож байна гэж бодоод ач холбогдол өгөөгүй. Дараа нь “Орфей” театрынхан дахин залгаад “Та ирээд уулзаач” гэсэн. Тэгээд очиход тус жүжгийн Дмитрий Прокофьевич Разумихины дүрийг бүтээх санал тавихад нь бага зэрэг эмээсэн. “Гэм зэм” бол гурван цаг гаруй үргэлжилдэг том жүжиг. Эхний 60 минутад тайзнаа Д.Ганцэцэг эгч бид хоёр ажилладаг. Бэлтгэлийн явцад надад Д.Ганцэцэг эгч болон жүжгийн баг хамт олон их тусалсан.  

 

-10 гаруй жилийн дараа тайзан дээр гарах мэдрэмж  ямар байв? 


-Миний хувьд тайзнаас удаан холдсон байсан. Энэ жүжигт тоглохын тулд хоёр сар гаруй бэлтгэл хийж, жүжгийн дүр дээр ажиллалаа. Дурсамж дүүрэн цаг хугацаа байсан. Сонгодог жүжигт ажилласандаа баяртай байгаа. Саяхан  “Гэм зэм” жүжиг маань “Гэгээн муза” наадмаас Гранпри хүртсэн.

 


-Таны зохиолоор бүтсэн “Хайр” кино үзэгчдийн хүртээл болсон. Киноны зохиолыг хэзээнээс бичиж эхэлсэн бэ?


-Өнгөрсөн оноос зохиолоо бичсэн. “Хосын жор-2” контентийг хийхэд гэр бүл судлаач Г.Наранбаатар хамтарч ажилласан. Гэр бүл салалтын талаарх түүний судалгааг харахад өндөр үзүүлэлттэй байсан. Үүнд зөөлөн хүчний бодлого ашиглаж кино хийх ёстой юм байна гэсэн яриа гараад өнгөрч байлаа. Судлаад явж байтал Г.Наранбаатар бодит кейс байна гэсэн санал тавьсан. Тухайн кэйсийг шууд кино болгож болохгүй учир бодит явдлаас сэдэвлээд киногоо хийлээ. Сэтгэлзүйч Г.Наранбаатар сүүлийн 11 жил гэр бүлийн талаар зөвлөгөө өгч байгаа. Энэ хугацаанд хосууд таван шалтгаанаас болж гэр бүлээ цуцалдгийг анзаарч судалсан юм билээ. Үүнийг залуу гэр бүлүүдэд ойлгуулъя гэж зорьсон. 

 


-“Хайр” киног ихэвчлэн хосууд үзсэн байх даа?


-Тийм ээ. Хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс мэдрэгдэж байсан. Мөн гэр бүл нь тогтсон, таваас дээш жил амьдарсан хосууд ч үзсэн байна лээ. Миний хэлэх гээд байгаа, ойлгуулж, хэлэхийг бодож явдаг зүйлийг олж харсан нь бахархмаар. Хүмүүст их зүйл ойлгуулсан кино гэж дүгнэсэн. Цаашид  киноны хоёр, гуравдугаар хэсгийг нь хийхээр төлөвлөөд байна. 

 

-Шинэ хэсгүүд өмнөх агуулга, санаагаа давтах уу? 


-Хоёрдугаар хэсэгт гэр бүлд эмэгтэй хүний үүрэг оролцоо, шийдвэр хэр хүчтэй  байдгийг ойлгуулна. Харин дараагий хэсэгт эр хүний ноён нурууг харуулна. Гэр бүлд эрэгтэй хүн ямар байвал өрхийн тэргүүнд тооцогдох вэ гэдэг талаас нь хийнэ гэж бодож байна. Хугацааны хувьд он гаргаад хийхээр төлөвлөсөн. Эхний кино маань он гараад гуравдугаар сараас телевизүүдээр цацагдана. Монголд гурвалсан бүтээл хоёр байдаг. Энэ нь “Гарьд магнай”, “Цэц магнай”, “Тод магнай” гэсэн кино юм. Эдгээр кино нь агуулгаараа ижилхэн наадмын тухай гардаг ч дотор нь гарч буй үйл явдлууд өөр. Мөн 1990 оны ихээр Г.Жигжидсүрэн найруулагч цус ойртолтын талаар гурвалсан бүтээл хийсэн. Цус ойртолтоос болж хүн төрөлхтөн мөхөж болохыг харуулсан “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр”. Үүнээс 30 гаруй жилийн дараа гэр бүлийн сэдэвтэй гурвалсан бүтээл хийх гэж байна. 

 


-Таны бодлоор нэгнээ ойлгодог, аз жаргалтай гэр бүлийн жор юунд оршдог юм бол?


-Аз жаргалтай гэр бүл гэдэг харьцангуй ойлголт. Үүнийг олон хостой уулзаж, бүтээл хийхдээ ойлгосон. Хүн бүрийн аз жаргал өөр. Зарим гэр бүлд хүүхэд нь аз жаргал байж болно. Өөр нэг айлд эд хөрөнгө, ажил хөдөлмөр ч юм уу. Тиймээс хүн аз жаргалаа өөрөө л бүтээдэг. Хэн нэгэн бүтээгээд энэ танай гэр бүлийн аз жаргал шүү гээд өгдөггүй. 

 

-Танай гэр бүлийн хувьд Шведэд амьдарч байсан. Гадаадын соёлоос суралцсан зүйл гэвэл юуг онцлох вэ?


-Швед улс хөгжлөөрөө Монголоос 50 жилээр түрүүлж явна. Манай гэр бүл Монголын 50 жилийн ирээдүйд амьдарч байгаад ирсэн гэсэн үг. Энэ эрчээрээ байвал бид яаж амьдрах, үр хүүхдүүд маань хэрхэх талаар тэнд ажиллаж байхдаа мэдэрсэн. Манай улс ардчилсан гэдэг мөртлөө мөн чанар нь капиталист орон юм. Харин Швед ардчилсан орон. Хүний эрх, эрх чөлөөг дэндүү дээдэлдэг. Учир нь мөнгөгүй, ажил хийхгүй байсан ч хүнийг хүн ёсоор л хардаг. Гадаад хүн байсан ч хүн гэдэг утгаар нь хүлээж авдаг. Харин Монголд мөнгөтэй бол сайхан амьдрах боломжтой. 

 


-Амжилттай яваа эр хүний ард эмэгтэй байдаг. Ханийнхаа ямар зан чанараар бахархдаг вэ? 


-Миний ханьд олон сайхан зан чанар бий. Үүнээс шударга зан нь илүү таалагддаг. Энэ нь хүнд заавал байх ёстой чанар юм билээ. Мөн аливаа зүйлд өөрийн хэмжээ, хязгаар байдаг гэдгийг их сайн ойлгодог. 

 


-“Positive Mongolians” төслийг 2016 оноос эхлүүлсэн байдаг. Төслийн гол зорилго нь юу байсан юм бэ?


-Тухайн үед хүмүүст хүрнэ гэж бодоогүй. Подкаст, видео контентоор Шведэд амьдарч байхдаа үзэж, харсан зүйлээ бусадтай хуваалцъя гэж бодсон. Одоогоор  100 гаруй подкаст хийсэн. Мөн хүүхдийн хүмүүжлийн талаар 30 контент, хосын харилцааны талаар 50 дугаар хийсэн байна. Үүнийг хийхийн тулд 200 гаруй хүнтэй уулзсан. Мөн цахим зөвлөмж 80 гаруйг хийсэн. Бид нийт 1000 гаруй видео хийж олонд хүргэжээ. Дөнгөж эхэлж байх үед контентууд харьцангуй бага байсан. Харин одоо контент бүтээгчид багагүй байна. Нөгөө талаараа хүмүүст контент бүтээх сэдлийг өгсөн юм болов уу гэж боддог.  

 


 -Контентоос залуус юуг ухаарч, тунгааж амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж боддог вэ?
-Бид холбогч гүүр. Сайхан амьдарч байгаа хүмүүсийн арга барил, туршлагаар дамжуулж мэдэхгүй зүйл, анхаарах асуудлуудыг хүргэдэг. Үүнийг л ойлгоосой гэж боддог. Түүнээс бид мундагтаа ийм зүйл хийгээгүй. Хүн насан туршдаа суралцдаг. Бид хоёрын хувьд ч суралцаад явж байна. 

 


-Нэг контент хийхэд хугацаа хэр шаарддаг вэ?


-Төрөл, сэдвээсээ хамаардаг. Оюуны ажил болохоор бодож, тунгаах, судалгаа хийх цаг шаардана. Гэтэл зарим влог, контент өдөртөө гарах жишээтэй. Сүүлийн  жилүүдэд контентоо хийхдээ түлхүү анхаарч байгаа болохоор нэг үеийг бодвол арга барилаа олоод туршлагажиж байна. 

 


-Аливаа зүйл магтаал, шүүмжлэл дагуулдаг?


-100 хувиас 60 хувь нь магтаж байвал би хүмүүсийн хүссэн, зөв зүйл хийсэн байна гэж өөртөө оноо тавьдаг. 20-30 хувь нь муулах байдаг л зүйл. Мэдээж хүмүүсийн хэлж, бичиж буй зүйлээс бүтээлдээ үнэлэлт, дүгнэлт өгнө. Шүүмжлэлийг нь дараагийн хийх зүйлдээ тусгаж авдаг. Нөгөөтэйгүүр би бурхан биш учир бүх хүнд таалагдах албагүй. Эрдэмтэн биш учраас бүхнийг мэдэхгүй шүү дээ. 

 


-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?


-Хүн богино хугацаанд нэг л амьдарна. Шударга байж үг, үйлдэл, хандлагаараа зөв хүн байхыг хичээдэг. Энэ нь л миний зарчим. Дээрх хоёр зүйлийг баримтлахад өмнө амьдарч байсан газар асуудалгүй байлаа. Харин манай улсад шударга зөв байх нь төвөгтэй санагдах нь бий. Тухайлбал, шударга байлаа гэхэд хэл аманд өртөнө. Заримдаа зөв байх нь бас асуудалтай. Жишээлбэл, би замын хөдөлгөөнд оролцож байхдаа дүрмээрээ явах гэхээр бусад хүн, нөхцөл байдал нь дүрэм зөрчүүлэх гээд байдаг.  


-Найруулагч, жүжигчин болох мөрөөдөлтэй хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? 


-Ахлах ангиа дүүргээд, мэргэжлээ сонгож буй залуус бидэн рүү зурвас их бичдэг.  Сургуулиа төгсөхдөө ямар мэргэжилтэй болохоо сонгож чадаагүй, ямар хүсэл зорилготой байгаагаа мэдээгүй бол хайран 12 жилийг өнгөрөөсөн байна. Энэ хэвээр үргэлжилж болохгүй гэж захьдаг. Хоёрдугаарт, сонгосон мэргэжилдээ доод тал нь дөрөв, түүнээс дээш жилийг зарцуулна. Долоон жилийн дараа чиний сонгосон мэргэжил зах зээлд байх уу. Магадгүй нэг технологи чиний мэргэжлийн ажлыг  хийдэг болчихвол дахин өөр мэргэжлээр сурах болно. Энэ талаас нь  судалж, сонголт хийхийг зөвлөдөг. Жүжигчин, найруулагч болох хүсэлтэй бол сайн бодох хэрэгтэй. Бодох гэдэг нь эрсдэлтэй талаас нь биш. Энэ мэргэжил нь их бодуулдаг, ухаан шаарддаг учраас. Би энэ тал дээр цаг зав гаргаж, судалгаа хийж чадах уу, үнэхээр тууштай ажиллаж чадах эсэхээ тунгаах хэрэгтэй. Залуучууд жүжигчин болно, контент бүтээнэ гэж бодоод сэтгэлийн хөөрлөөр хандах нь бий. Тэгээд төсөөлснөөс нь өөр байхаар орхидог. Энэ нь цаг хугацаа, санхүүд ч хохиролтой. 

 


-Цаашид олон зүйл хийхээр төлөвлөсөн байх. Заримаас нь сонирхуулаач?  


-Одоогоор томчуудад зориулсан контент буюу жижиг сериал хийнэ гэсэн бодолтой байна. Хосын харилцааны хамгийн том жор нь бэлгийн боловсрол. Хосууд мууцалдаж, зөрчилдсөн ч бэлгийн харилцаа нь зохицдог байвал салдаггүй. Үүнийг олон хостой уулзахдаа мэдсэн. Хоёрдугаарт, бэлгийн боловсролын талаар сургууль, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй. Тиймээс гэр бүлтэй болоод гадуур харилцаа, араар тавилт, эхнэр нөхрөөсөө уйддаг. Энэ талын боловсролоо нэмэгдүүлбэл алдахгүй, урт удаан эрүүл амьдрах боломжтой. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 оны Долдугаар сарын 8. БААСАН гараг. № 134 (6866)

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

9 цаг 8 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

13 цаг 19 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

13 цаг 29 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

14 цаг 13 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

15 цаг 19 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

18 цаг 46 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

18 цаг 46 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

18 цаг 46 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 46 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

18 цаг 46 мин