Б.ДОЛЖИНЖАВ
“Манай суманд зундаа гандуу, халуун. Өвөлдөө хүйтэн байдаг. Хэт халснаас сүүлийн хоёр жил гол, горхи ширгэж, ус татарч байгаа. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж боддог. Үүнийг даван туулах, дасан зохицохын тулд хадлан тэжээл, хужир шүүгээ сайн бэлтгэн өвлийг өнтэй давахад анхаарах нь чухал гэдгийг ойлгож авлаа” хэмээн Говь-Алтай аймгийн Тонхил сумын малчин Б.Мөнхбаатар ярилаа. Тэрбээр энэ сарын 6, 7-нд Улаанбаатар хотод болсон “Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцсон юм. Дэлхий нийтээрээ ярьж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн мэдэрсэн хийгээд даван туулах арга замын талаар алслагдмал сумын малчны мэдлэг ийм сайн байна. Энэ бол дээрх олон улсын хурлын гол үр дүн юм.
Энэ талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Цаг уур, даван туулах чадавх хариуцсан стратегийн түвшний ахлах зөвлөх Франческо Иани “Олон талын мэргэжилтэн, малчид, тариаланчид, төрийн байгууллага, судлаачид мэдлэг, туршлагаа хуваалцах нь энэ удаагийн хурлын үндсэн зорилго юм. Монголчуудад цаг уурын нөлөөлөл яаж мэдрэгдэж байгааг хэлэлцэж, бодитой арга хэмжээг тодорхойлохыг зорилоо. Монгол Улс цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд ноцтой өртөж байгаа орнуудын нэг. Газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжсөн нь үүнийг батална. Бидний гаргасан судалгаагаар одоо авч байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэхгүй бол энэ байдал цаашид улам дордох, доройтсон газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй. Монгол Улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Үүн дээр иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлснээр хариу арга хэмжээ илүү хүртээмжтэй болно” гэв.
Шаардлагагүй үедээ гэрлээ унтрааж хэвшицгээе
Уур амьсгалын шинжлэх ухааны дээд байгууллага болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Засгийн газар хоорондын зөвлөлөөс мэдээлснээр 2100 он гэхэд дэлхийн дулаарал нь Монгол орны дундаж температурыг нэмэгдүүлэн, цөлжилт ихсэж, ундны усны хомсдолд хүргэх урьдчилсан тооцоолол гарчээ. Гэвч бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг хэдийнэ хүртээд эхэлсэн. Энэ талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан Ч.Нямхүү “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хур тунадас багасах, мөнх цэвдэг хайлах, усны нөөц багасах, бэлчээр доройтох гэсэн нөлөөллийг бид хүртэж байна. Эдгээр нөлөөллийг зогсоож чадахгүй учир саармагжуулах, дасан зохицох гэсэн сонголт бий. Тиймээс цаг уурын нөлөөллөөс хамааралгүй илүү тэсвэртэй амьжиргааг бий болгох, малын чанарыг сайжруулах, хашаа саравчаа бат бөх болгох гэсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг таниулахад анхаарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад хүн бүрийн хамтын оролцоо чухал. Нэг хүн автомашин унахаа болих, шаардлагагүй үед гэрлээ унтраах, хог хаягдлаа дахин боловсруулах нь эх дэлхийн ирээдүйн төлөө оруулж байгаа том хувь нэмэр юм” гэлээ.
Олон улсын бага хурлын зорилго нь Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэж байна. Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах нь чухал юм. Засгийн газар энэ чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам "Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нэгдэн орсон. Үүний хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 23 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал, 16.8 сая тонн хүлэмжийн хийг бууруулахаар зорьж байгаа. Дүгнэхэд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал" гэсэн юм.
Гамшгийн үеийн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох нь чухал
Хэт халалт, ган, цөлжилт нь хүмүүсийн эрүүл мэнд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг доройтуулж, өвс тэжээлийн ургацыг бууруулж, мал, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Тодруулбал, хот суурин газрын иргэд хэт халалтыг илүүтэй мэдэрч, ариун цэврийн болон ундны усны байгууламжийн хангалтгүй байдлаас үүдэн өвчилж, ажил, орлогоо алдах эрсдэлтэй байгаа юм. Энэ талаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны (ОУУЗУХСНХ)-ны Бүсийн дарга Ольга Жумаева "Уур амьсгалын өөрчлөлт иргэдийн эрүүл мэнд болон амьжиргааны түвшинг хэрхэн эмзэг болгож байгаад бид анхаарлаа хандуулах шаардлагатай. Тухайлбал, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амьжиргааны түвшин буурч, хүндээр өвчилсөн хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Үндсэндээ гамшгаас үүдэлтэй дарамтад амьдарч байгаа юм. Тиймээс гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох нь чухал” гэлээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн 1999-2002 онд Монгол Улсын бэлчээрийн 70 хувьд ган болж 12 сая мал хоргодсон гашуун түүх бий. Үүнээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрийн 60 хувийг эзэлдэг мөнх цэвдэг хурдацтай хайлж байгаа нь хамгийн санаа зовоосон асуудал болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэлд хур тунадас, шар усны үер, хүчтэй салхи, аянга цахилгаан, мөндөр, шороон шуурга багтдаг. Энэ зууны дунд үе гэхэд цаг уурын онцгой үзэгдэл, гамшиг 60 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Энэ талаар Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа "Дэлхийн хүн амын 85 хувь нь уур амьсгал, цаг уурын өөрчлөлтийг мэдэрч байна. Ийм цаг үед бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээгээ эрчимжүүлэхгүй бол 2030 он гэхэд дунд болон том хэмжээний байгалийн гамшигт үзэгдэл өдөр бүр тохиох судалгаа гарчээ. Энэ удаагийн олон улсын бага хурал нь Монгол Улс цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн байгааг илтгэж байна" гэв. Уур амьсгалын санхүүжилтийг орон нутгийн иргэдэд хүргэж, орон нутгийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэлийн дагуу хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлт бүлгийн иргэдэд уур амьсгалын өөрчлөлтөд амжилттай дасан зохицох боломжийг олгох юм. Үүнд иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хурлын төгсгөлд БОАЖЯ, Монголын улаан загалмай нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийн сөрөг нөлөөллөөс хамгаалах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулахад хамтран ажиллах зорилгын хүрээнд санамж бичиг байгууллаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 оны Долдугаар сарын 8. БААСАН гараг. № 134 (6866)