С.САРУУЛ
Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “ Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө COVID-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Энэ шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан. Уг мэдэгдэл гарснаас хойш өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 34 тохиолдол батлагдсан. Эрээн хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлалтад авсан. Мөн тус хотын тусгаарлах байрны хүрэлцээ багатай байгаа тул тусгаарлах шаардлагатай иргэдийг ойр хотууд руу шилжүүлэн тусгаарлах арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл байна. Хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр Эрээн хотод сүүлд бүртгэгдсэн COVID-19 халдварын дөрвөн тохиолдол Монгол Улсаас зөөвөрлөгдөөгүй. Учир нь тэг цэгийн чингэлэг солилцох талбайд солилцоо хийх тээврийн дэглэм мөрдөж тул хүн хоорондын харилцаа үүсэхгүй, халдвар дамжих нөхцөл үндсэндээ байхгүй болсон. Замын-Үүд-Эрээн авто замын боомтод халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөж тээвэрлэлт явуулж буйг та бүхэн мэднэ. Эрээн хотын дотоодод гарч буй албан бус мэдээллээс харвал нутгийн гүнээс ирсэн хүнсний ногооны жимсний сав баглаа боодлоос COVID-19 халдвар дэгдсэн байх магадлалтай. Халдварын эх үүсвэрийн тухай албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Эрээн хотын Ардын Засгийн газраас одоогоор албан ёсоор мэдэгдсэн зүйл алга байна. Эрээнд хатуу хөл хорио тогтоосон учраас өргөн царигийн галт тэрэгт бараа, бүтээгдэхүүн ачих ачилт энэ сарын 2-оос зогссон. Монголын талаас өнгөрсөн хугацаанд өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсан. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо бөгөөд эдгээрийг Эрээн хотын “Хао Ган” терминалаас ачиж байсан үйл ажиллагаа мөн зогсоод байна.Түүнчлэн Эрээний Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлдэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн ачилт зогссон байдалтай байна. Эрээнд Covid-19 бүртгэгдсэн зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 300 гаруй чингэлэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Эдгээр чингэлэг гарч дуустал хилийн боомт хэвийн үргэлжлэх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна. Монгол Улсын хувьд жимс, хүнсний болон нарийн ногоо импортын бүтээгдэхүүнээс хараат. Тиймээс бид эхний ээлжид нарийн ногоо, жимсний тээвэрлэлт хийдэг ажилчдыг тусгаарлаж ачилт хийж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн чингэлэг солилцоог тасралтгүй үргэлжлүүлэх гарцыг эрэлхийлж, айлын талтай ярилцаж байна. Замын-Үүд-Эрээн авто замын боомтод чингэлэг солилцох тээвэрлэлт эхлүүлэхэд хятадын талд 170 гаруй төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн тусгаарлалтын байранд тусгаарлаж Эрээний талтай шууд харьцаа үүсгэхгүй тээвэрлэлт хийж эхэлсэн. Эрээн хотын дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээр “Хуан Юй” талбайд ачаа орж ирэхгүй нөхцөлд эдгээр хүмүүс ажилгүй тусгаарлалтад байна гэж ойлгож болно.
Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хилээр нэвтэрч байсан нь бол энэ сарын 4-ний өдрөөс хоёр дахин буурч 30-40 гаруй чингэлэг хилээр орж ирж байна. Бодит нөхцөл байдал ийм байна. Хятадын талтай дипломат шугамаар бүх түвшинд харилцан ажиллаж байна. Үр дүнд нь өнгөрсөн 45 хоногийн хугацаанд Тяньжинд гацсан байсан 7,000 орчим чингэлгээс 4,000 гаруй чингэлэг татан авч, Тяньжин дахь чингэлгийн тоо 3,000 болж буурсан нааштай үр дүн гарч байна. Дээр нь Монголд COVID-19 халдвар дэгдсэн ч БНХАУ-тай хиллэж буй бүх боомт өнгөрсөн хугацаанд хаагдаагүй. Улс хоорондын тээвэрлэлт л түр зогссон асуудал үүссэн. Гадаад харилцааны яам хилийн асуудлаар Хятадын талтай байнгын холбоотой бүх түвшинд яриа хэлэлцээ явуулж байгаа. Үр дүнд нь бүх хилийн боомт тэг зогсоогүй өдий хүрсэн” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn