Э.ӨНӨР
Ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 13 дугаарт жагсдаг. Энэ тоо ойрын жилүүдэд 3-5 дугаар байр руу орох тооцоог салбарынхан хийжээ. Өөрөөр хэлбэл, уран хэмээх газар доорх энэ баялгаараа Монгол дэлхийд тэргүүлж буй Австрали, Казакстан, Орос, Америкийн араас “нэхэх” үе хаяанд байгааг судлаачид Цөмийн энергийн газарт мэдээлжээ. Одоогоор Монгол орны газрын хөрсөн доорх ураны батлагдсан нөөц 126 мянган тонн бол Олон улсын атомын энергийн агентлагийнхан 150 сая тонн гэж үзжээ. Энэ баялгийг бүрдүүлж байгаа ордууд дунд Дулааны уулын орд нөөцөөрөө “толгой цохидог” байна.
ЭДИЙН ЗАСАГТ ЭЭЛТЭЙ ДУЛААН УУЛЫН УРАН
Уран дэлхий дээр алтнаас 500 дахин, мөнгөнөөс 40 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагддаг байна.
Манай орны 70 орчим хувьд уран тархасан байгаа нь энэ баялгаар арвин нөөцтэйг харуулсан нэг жишээ. Байгаль дээрх уран гурван изотопоос бүрддэг байна. Монголын газрын хөрсөн доорх баялгаас U-238 изотопийн уран олборлож атомын цахилгаан станцын түүхий эд эсвэл дээд зэргээр баяжуулан цөмийн бөмбөг бүтээх боломжтой аж. Харин Монголд тэр хэмжээнд хүртэл баяжуулах өндөр технологи байхгүй учраас ураныг цөмийн эрчим хүчний станцад түлш болгон ашиглах боломж байгаа. Үүнд Дулаан уулын ураныг ашиглахыг дэлхийн ураны толгой компаниуд зөвлөжээ. Ингэснээр зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг Дулаан уулын ордын нэг грамм уранаас гаргаж авах тооцоог тэд гаргасан байдаг. Энэ нь дулааны цахилгаан станцуудад хэрэглэж байгаа нүүрснээс хоёр дахин хямд түлш болно гэдгийг ч онцолсон байна. Энэ ордын баялаг дэлхийн ураны толгой компаниудын анхаарлыг татах болсон нэг шалтгаан роллфронт төрлийн орд гэдэгт учир байгаа аж.
Ийм төрлийн ордыг хамгийн бага зардлаар, байгаль орчинд хор хөнөөл багатайгаар олборлодог учир үр дүн илүүтэй. Уран нь хүчилтөрөгчөөр баялаг, хүчиллэг усанд амархан уусдаг ба хүчилтөрөгчөөр дутмаг, ангижирсан орчин буюу ургамлын үлдэгдлээр баялаг орчинд илүү их хуримтлагддаг аж. Ингэж уран нь борооны ус, голын урсгалаар зөөгдөн ангижирсан орчин болох хүчил төрөгчгүй орчинд уусдаггүй учраас исэлдэл ангижиралын зааг дээр хуримтлагдан роллфронт төрлийн ордыг үүсгэдэг байна.
ДУЛААН УУЛЫН УРАН ДУНДРАХ УУ?
Дулаан уулын ураны ордын нөөц эрдэс баялгийн зөвлөлийн баталснаар 6000 мянган тонн. Гэхдээ цаасан дээрх энэ тоо уг ордын зэргэлдээх Зөөвч уулын ордын нөөцтэй нийлээд 63 мянган тоннд хүрэх боломжтойг гадныхан хэлж буй. Энэ нөөцийг дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангана гэж олон улсын судалгааны байгууллагууд тооцоолсон. Дулаан уулын ордын лицензийг дэлхий дээрх ураны 80 хувийг “атгадаг” найман компанийн нэг болох Францын “Арева” группын охин компани “Кожеговь” эзэмшдэг. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших Дулаан уулан дахь баялаг дэлхийн анхаарлыг татаж эхэлсэн нь түүний арвин нөөцөөс гадна эдийн засагт хамгийн өгөөжтэй элемэнт агуулж байгаа нь гэдэг. Дулаан уулын уранд атомын цахилгаан станцын түүхий эд эрчим хүчний эх үүсвэр байгааг салбарын мэргэжилтнүүд хэлсэн. Мөн энэ уулан дахь ураныг дээд зэргээр баяжуулан цөмийн бөмбөг хийх боломж байгааг дэлхийн цөмийн зэвсэг үйлдвэрлэгч акулууд онцолдог.
УРАНЫ ТӨЛӨӨХ УРАЛДААН
Дэлхий нийт эрчим хүчийг нүүрснээс өөр эх үүсвэрээс гаргах арга ухаанд уралдаж байгаа өнөө үед Монголын уран гадныхны хараанд өртөж эхэллээ. Цахилгаан, дулааныг гаргаж авах дараачийн гарц уран гэдэгт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд санал нэгдсэн. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч, олборлох, тээвэрлэх, ашиглах арга зам нь асуудал дагуулах хэрээр хөгжлийн гол тулгуур болох эрчим хүчний салбарт уран гол байр суурь эзлэнэ гэдэгт дэлхийн том гүрнүүд байр сууриа нэгтгээд байгаа. Өндөр хөгжилтэй орнууд дэлхийн хаана ураны арвин баялаг байна тэр хэмжээгээр анхаарлаа тйишээ чиглүүлэх болжээ. Тухайлбал, манай улсын ураны нөөцөд гэхэд гадны компаниуд “эзэн” сууж байгаа юм. Монголын 11 аймагт ураны хайгуулын 100 орчим, ашиглалтын дөрвөн лицензийг гадаадын болон гадны хөрөнгө оруулалттай 18 компани эзэмшиж байгаа аж. Хамгийн их уран агуулж буй Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 35 лиценз олгогдсон бол Дорнод аймагт 27, Сүхбаатар аймагт 20 лицензтэй хөрөнгө оруулагчид байгаа юм. Нөөцөөрөө толгой цохиж байгаа Дулаан уул, Улааны полиметалл, Мардайн ордын лицензийг гэхэд Франц, Хятад, Канад зэрэг гадныхан эзэмшдэг аж. Ийнхүү дэлхий нийт ураны төлөө уралдаж байхад манайд дөнгөж энэ баялгийн үр өгөөжийг ярьж эхэлж байна. Монголын газар доорх ураны төлөө дэлхийн акулууд уралдах болсон нь арвин нөөцөөс гадна эдийн засагт илүү өгөөжтэй, үр дүнтэй байгаад учир байгааг ахмад геологичид өнгөрсөн сард болсон “Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” уулзалтын үеэр хэлж байсан. Тэд мөн Францын “Кожеговь” компани гэхэд Дулаан уулын баялагт зориулсан хэдэн сая ам.доллар салхинд хийсч, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй олон дахин тулгарсан ч Монголын ураны төлөөх уралдаанд шантрахгүй зүтгэсээр байгаа гэдгийг онцолсон юм.