Д.ДАРАМБАЗАР
Бокс залуу насны, бас эр зоригийн спорт. Энэ спортод хайртай, түүндээ сэтгэл зүтгэлээ зориулсан олон хүн бий. Тэд хүүхэд байхдаа ширэн бээлий өмсөж рингэнд тулалдан ялалтын сайхан, ялагдахын сургамжийг амссан байдаг. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа “Ихэр бээлий” клубын тамирчин Б.Анарыг урьсан юм. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон боксын УАШТ-ий -48 кг-д хоёр насаар ахиж тулалдаад аварга болсон нэгэн. Үүнээс гадна өсвөрийн ААШТ, дүүргийн АШТ-ээс алгасалгүй эхний байруудыг эзэлж байсан шилдэг тамирчин юм.
-Улсын аваргад ороод дээд насны ах нартайгаа тулалдана гэхээр тухайн үед ямар нэгэн сандрал төрж байв уу
-Улсын аваргын тэмцээнээр бэлтгэл хийх гэж тэнд очсон. Рингэн дээр гараад үзчихье, бусдаас суралцъя гэсэн бодолтой байсан. Гэхдээ тэмцээний жин дээр зогсож үзтэл -48 кг байсан. Гэтэл бага насны хүүхэд оруулахгүй гэж зохион байгуулагчид хэлсэн. Хүмүүстэй нь зөвшилцсөний үндсэн дээр эхний тоглолтдоо ялж чадвал тус тэмцээнд оролцохоор болсон. Үүнийгээ гэр бүлийнхэндээ хэлэхэд аав маань хамгийн ихээр дэмжиж, ялаад улсын аваргад ороод үзээрэй гэсэн. Эхний тоглолт хийхэд сандарсан ч гэсэн өөрийнхөө сандралыг дарж "энэ зүгээр л нэг надтай адил хүүхэд" гэж бодсоны үндсэн дээр ялж чадсан. Түүнээс хойш ямар нэгэн сандрал гараагүй.
-Энэ тэмцээний үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж оролцсон бэ?
-Хүн байнга ялна гэж байхгүй, тиймээс бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Үүнээс гадна тулаан бүрийнхээ өмнө тайвшрахыг хичээсэн. Халаалтын өмнө дуу сонсох, эсвэл тоглолтоо бодохгүй өөр ямар нэгэн зүйл хийх мэтээр тайван байхыг илүүд үзэж, энэ маягаараа явсаар түрүүлж чадсан.
-Дэлхий нийтэд COVID-19 тархсан нь тамирчдын карьер, тэмцээн, уралдаанд нэлээд сөрөг нөлөө үзүүлж байх шиг байна. Гэсэн хэдий ч манай улс үүний дараагаар тэмцээн уралдаанаа амжилттай зохиолоо. Энэ үеүдэд бэлтгэлээ хэрхэн хийж байв. Бэлтгэлийн нөлөө байсан уу?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед манай клубын тамирчид бэлтгэл, сургуулилтаа зогсоогоогүй. Учир нь бид бүгд гэрээр бэлтгэл хийсэн. Бид гэрээр бэлтгэл хийсэн ч гэсэн тийм сайн бэлтгэл болж чадаагүй гэж дүгнэдэг. Одоо харин Бүх ард түмний спартакиад болох гэж байна. Үүндээ зориулж өдөр бүрийн бэлтгэлээ минут хоцролгүй хийсээр байна. Үүнээс гадна тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд туршлага суудаг. Тиймээс өөр тэмцээнүүдэд ч оролцохыг хүсэж байгаа.
-Нэлээд хугацаанд тууштай хичээллэсэн шилдэг тамирчин гэж багш тань ярьж байсан. Таны хувьд яагаад боксын спортоор хичээллэх болов. Хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?
-Миний хувьд дөрөвдүгээр ангиасаа эхэлж зургаан жилийн хугацаанд энэ спортоор хичээллэж байна. Өөрийн хүсэл мөрөөдлийг дагасан. Тухайн үед аав маань хүртэл намайг энэ спортоор хичээллэ гэж хэлэхэд нь ихэд урамшиж, үүгээр л амжилт гаргах юм шүү гэж өөртөө амлалт өгсөн. Түүнийхээ эхлэлийг тавьсан гэж хардаг
-Боксын спортоор хичээллэхийн, дэвжээнд тулалдахын хамгийн сайхан нь юу вэ?
-Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, ялах л хамгийн сайхан.
-Рингэн дээр тулалдаж байгаад өрсөлдөгчөө нам цохиж унагасны дараа өрөвдөх сэтгэл төрдөг болов уу?
-Нэгдүгээрт, өрсөлдөгчөө ялна гэдэг миний зорилго учраас хэзээ ч өрөвдөх сэтгэл төрж байгаагүй. Хоёрдугаарт, өрсөлдөгчөө нокаутад оруулах тохиолдол бараг гардаггүй. Унагаахаас илүүтэйгээр дараалсан цохилтуудыг хийгээд тоолуулах тохиолдол их гардаг. Би өөрөө ч ийм байдалд орж байсан. Ямар ч тамирчин нэг цохилт аваад хожигдчихлоо гэж боддог. Гэхдээ тоолуулсныхаа дараа сэтгэлзүй сайн байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол тэр байдлаараа явсаар ялагдана. Нэг цохилтод ороод тоолуулсан гээд гурван үе зодуулж болохгүй учраас тэр. Харин ч илүү хянуур зодолдох хэрэгтэй. Хэрэв миний хувьд эсрэг тамирчнаа нокаутад ортол нь цохиж чадвал илүү баярлах болно.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Ойрын зорилго бол оролцсон тэмцээн бүрээсээ медаль авах. Мөн цаашид Д.Отгондалай ахынхаа хэмжээний тамирчин болохыг хүсэж байна. Намайг хурцалж, урам өгсөн хүмүүс олон байгаа. Тиймээс олимпийн тамирчин байхын төлөө, эцсийн амжилт хүртлээ хичээллэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 95 (6827)