Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногтой холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сангаас ирүүлсэн ил захидлыг хүргэж байна.
Вакцины тусламжтайгаар ирээдүй, хойч үеэ хамгаалах үйлст бид зуун зууныг дамнан, дэлхий даяараа хамтран зүтгэсэн билээ. Ийнхүү зүтгэсний хүчинд бид амжилтад хүрсэн. Хүн төрөлхтний хийсэн бүх төрлийн нээлт дотроос хамгийн олон хүний амь насыг аварсан ололт бол вакцин юм. Вакцин хэмээх энэ гайхамшигт бүтээлийг бий болгоход олон хүний ур ухаан, хөлс хүч шингэсэн байдаг. Өнөөдөр бид энэ хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой. Иймээс энэ жилийн дэлхийн дархлаажуулалтын долоо хоногоор бид тэр бүх хүнд сэтгэлийнхээ үгийг захидалаар дамжуулан илгээхийг зорьж байна.
Түүний нэрийг Жэймс Фиппс гэдэг байв. Хүүг найман настай байхад нь буюу 1796 онд Эдвард Женнер хэмээх эрхэм балчир жаалд анхны орчин үеийн вакцин хийжээ. Уг вакцин Жэймс хүүг цагаан цэцэг өвчнөөс хамгаалсан байдаг. Энэ вакцин нь хойч үе, үр хүүхдээ үхэл хагацал, өвчин зовлонгоос хамгаалахын тулд Хойд Африкийн эмч эрдэмтэд, Константинополийн хөгшид, Дундад улсын Мин гүрний оточ нарын хэдэн зуун жилийн турш хийсэн судалгаа, шинэ бүтээл, инновациудад суурилсан, тэдгээрээс санаа авсан нээлт байв. Вакцин буй болох хүртлээ хүн төрөлхтөн ямар урт зам туулсныг, шинэ вакцин гартал ямар их судалгаа туршилт хийснийг сайн мэднэ. Учир нь би НҮБ-ын Хүүхдийн санд ажилладаг. Сүүлийн 75 жилийн турш НҮБ-ын Хүүхдийн сан нь вакцины дэлхийн хамгийн том худалдан авагч байж, дэлхий дээрх хүүхдүүдийн 45 хувийг дархлаажуулсан юм.
Би өөрөө ч хүүхэд байхдаа вакцин хийлгэсэн. Хэрэв вакцин хийлгээгүй бол өнөөдөр амьд байхгүй ч байсан байж мэднэ. Вакцин хийлгэсэн учраас өнөөдөр амьд сэрүүн, эрүүл саруул өсөн бойжиж байгаа хүүхэд бүрийн өмнөөс миний мөн надтай ижил НҮБ-ын Хүүхдийн санд ажилладаг бүх хүний өмнөөс бид энэ хайрын захидлыг бичиж та бүхэндээ баярлалаа гэж хэлж байгаа юм. Халдварт саагийн эсрэг вакцин гаргасан вирус судлаач Жонас Сок, COVID-19-ийг ялан дийлэхэд их хувь нэмэр оруулсан mRNA-гийн судалгаанд амьдралаа зориулсан Кэйти Карико, шар чичрэг өвчний эсрэг вакцин гаргахын тулд эрдэмтэд нь өөрийн цусаа шумуулд соруулж байсан судлаачдын багийн ахлагч, Нобелийн шагналтан Макс Тэйлэр, үйлдвэрүүдэд вакцин савладаг ажилтнууд, нарны илчээр ажилладаг хөргөгч бүтээсэн зохион бүтээгчдэд, дөнгөж төрсөн нярайд вакцины эхний амин тунг хүргэж өгөхөөр үерлэсэн гол мөрнийг туулж, цас мөсийг гаталж, уул хад, тал цөлийг даван явдаг нисэгчид, машин тэрэг, усан онгоцны жолооч нартаа баярлалаа.
Улаан бурхан, улаанууд өвчнөөс 90 сая хүүхэд хамгаалах түүхэн их гараанд цаг нартай өрсөн явж хүүхдийн амь аврах вакцин тээвэрлэсэн Пакистаны тэмээ, тэмээн жинчдэд, вакцин тарих тоолондоо бяцхан найз нартаа өвдөлтийг мэдрүүлэхгүйн тулд инээдтэй нарийхан хоолойгоор хүүхэд зугаацуулан аргадах эмч, сувилагч нартаа, 1956 онд тайзан дээр гарахдаа халдварт саагийн эсрэг вакцины тухай мэдлэгийг дэлхийн хүмүүст хүргэхийн тулд өөрөө вакцин хийлгэсэн Элвис Преслид баярлалаа. Учир нь яг л Элвис шиг хаан гэгддэг хүмүүс бусдын төлөө гэсэн хаан сэтгэлтэй байдаг.
Өнөөдөр та бүгдэд илгээж буй энэ захиа бол хайрын захидал юм. Учир нь вакциныг нээхэд, бүтээхэд, үйлдвэрлэхэд, хүүхдэд амжиж хүргэхэд хайр хэрэгтэй байдаг. Хайр байгаа учраас зөрчил мөргөлдөөнтэй бүсэд НҮБ-ын Хүүхдийн сангийн ах эгч нар хэлэлцээр хийж дайтахыг түр зогсоож хүүхдүүдэд вакциныг нь хүргэдэг. Хайр байсан учраас Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Жим Грант 1980-аад онд дэлхийн хүүхдийн 20 хувьтай байсан дархлаажуулалтыг 80 хувьд хүргэж чадсан байдаг. Хайр байсан учраас ДЭМБ 1966 онд дархлаажуулалтын үндсэн хөтөлбөрийг нэвтрүүлэн 11 жилийн дараа цагаан цэцэг өвчнийг дэлхийгээс арчиж хаясан байдаг.
Вакцинууд жилдээ гурван сая хүүхдийн амийг авардаг. Гэхдээ вакцинаа хийлгэж чаддаггүй хүүхдүүд байсаар л байгаа. Цар тахлаас сэргээн босгох үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж буй энэ үед хүүхэд бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж чадахуйц эрүүл мэндийн тогтолцоог цогцлуулан босгох ховорхон боломж гарч байна. Иймээс энэ нь засгийн газруудад ч хандсан хайрын захиа. Засгийн газрууд дахь эрүүл мэндийн тогтолцооны чухлыг ойлгодог манлайлагчдад хандсан захиа юм. Учир нь бидний өнөөгийн амжилтын суурь мөн цаашдын амжилтын нөхцөл бол бүх нийтийг хамруулсан эрүүл мэндийн тогтолцоонд хөрөнгө оруулалт хийж, дэмжин хөгжүүлэх явдал.
Эцэст нь баярлалаа гэж хэлэх нэг л хүн үлдлээ. Энэ нь та өөрөө. Энэ бол танд ч илгээж буй хайрын захиа юм шүү. Учир нь та хэзээ нэгэн цагт вакцин хийлгэж байсан бол өөрийнхөө хүүхдүүдийг вакцинд хамруулж байсан бол та гар гараасаа барилцан үр хүүхэд, хүн төрөлхтний эрүүл мэндийн манаанд зогсож буй олон зуун сая хамгаалагчийн нэг нь. Хүн төрөлхтөн хайраар, чин сэтгэлээр, итгэл үнэмшлээр мөн хамтран ажилласнаар юунд хүрч болдог вэ гэдгийн нотолгоо та өөрөө. Иймээс өөрийнхөө мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтан бүрийн мөн вакцинаа хийлгэсэн учир өнөөдөр амьд сэрүүн, эрүүл энх өсөн бойжиж байгаа хүүхэд болгоны өмнөөс та бүхэндээ баярлалаа. Хүн бүр урт насалж, удаан жаргахыг ерөөе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 84 (6816)