Ц.МЯГМАРБАЯР
Татварын ёс зүй гэж нийгмийн чадамжийн илэрхийлэл аж. Татварын ёс зүйн хамгийн гол хэмжүүр нь төр болон иргэдийн хоорондын итгэлцлийн тэнцвэрийн асуудал. Тэнцвэр алдагдсан тохиолдолд татварын ёс зүйгүй улс гэсэн ангилалд багтаж далд эдийн засаг тэр хэрээр цэцэглэж татвараас зугтах нь их байхын зэрэгцээ хуулиа мөрддөггүй иргэд дийлэнх нь байна гэсэн үг. Харин тэнцвэртэй байх аваас татварын ёс суртахуун өндөр орон гэж үзэж тэр хэрээр иргэд нь хуулиа дагаж мөрддөг байх нь. Нийгэм, эдийн засгийн хөгжилд тусгаж харвал татварын ёс зүй гэдэг “тосолгооны материал” гэдэгтэй зүйрлэж болно хэмээн өчигдөр МҮХАҮТ-ын их танхимд болсон "Татварын ёс зүй" хэлэлцүүлгийн эхэнд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор, профессор Г.Алтанзаяа онцолж байв.
Дэлхийд татварын ёс зүйн талаар 1969 онд судалгаа хийж байсан бол 1990 он хүртэл хийгээгүй аж. Улмаар 2008 оноос эрчимжүүлж 2019 онд хэд хэдэн судалгаа хийж тунхаг бичиг гаргаж байжээ. Одоогоор Герман, Англи зэрэг нь татварын ёс суртахуун өндөр оронд тооцогддог. Харин манай улсад энэ талын нэг ч судалгаа хийгдээгүй нь цаашид хийх цаг үе ирснийг илтгэж байна. Манай улсад хувийн хэвшлийн зарим компаниуд орлогоо ил тод мэдээлж хэчнээн төгрөгийн татвар төлснөө тэр бүр олон нийтэд зарлахаас зайлсхийдэг. Энэ нь бизнесийн ёс зүй, шударга байдалтай нийцдэггүй аж.
Тэгвэл Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто групп манай улсад уул уурхайн төслөө эхлүүлсэн 2010 оноос хойш өнөөг хүртэл 3.3 тэрбум ам.долларын татвар хураамж төлжээ. Зөвхөн 2021 онд 544 сая ам.долларын татвар төлсөн байна. Энэ нь манай ХНХЯ-ны нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. Тус групп дэлхийн 35 улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж бизнесийн ёс зүй, татварын ёс зүйгээр манлайлж улмаар тухайн улс бүхэнд шинэ соёл түгээж, хэвшүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд “Рио Тинто Монгол” компани нь "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-тай хамтарч МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулж бизнесийн орчинд шударга, ил тод, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх, зорилгоор уг төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцож буйг тус компанийн хамтын ажиллагаа, гадаад харилцаа хариуцсан захирал Б.Даваасүрэн тодотгож байв.
Татварын ёс суртахууныг төрд итгэх итгэл, авлига, боловсрол гэсэн гурван хэмжүүрээр хэмждэг байна. 600 гаруй хүнээс судалгаа хийхэд төрд итгэх итгэл 45.7 хувьтай, авлига 42.9 хувь буюу 180 орноос 110, боловсролын байдлаар 161 орноос 50-д жагссан байх жишээтэй. Энэ нь татварын ёс суртахуунаар муу орон гэдгийг нотолж байна гэж Татварын мэргэшсэн зөвлөлийн нийгэмлэгийн ёс зүйн хорооны захирал З.Оюунчимэг “Татварын ёс суртахуун” судалгаандаа дурдаж байв.
Тогтвортой хөгжлийн тулгуур зарчмын нэг нь ёс зүй бөгөөд татварын ёс суртахуун нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, ил тод байдал, төрийн хүнд сурталгүй үйлчилгээ, хариуцлага, үйл ажиллагааны ил тод байдлаас ихээхэн шалтгаална. Хэлэлцүүлэгээр татварын ёс суртахуун болон бизнесийн ёс зүйн талаар ойлголтыг түгээн дэлгэрүүлж, оролцогч талуудад тулгарч буй асуудлыг тодорхойлох, гарц, шийдлийг эрэлхийлэх, сайжруулах талаар санал дэвшүүлж, уриалга гаргахыг зорьсон юм. Тус хэлэлцүүлгийн үеэр зарим илтгэлчдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
Б.Даваасүрэн: 544 сая ам.долларын татвар нь ХНХЯ-ны нэг жилийн төсөвтэй тэнцэж байна
-“Шударга байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд энэ төвийг байгуулснаар хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Төвөөр дамжуулж олон удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Өнөөдөр болж буй Татварын ёс зүй хэлэлцүүлгийн үеэр манай “Рио Тинто групп” энэ жилийн татвар төлөлтын тайлангаа таницууллаа. Манай групп олон улсад татвараа ил тод зарладаг жишиг тогтоосон анхны компаниудын нэг. Олон улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үүсгэн байгуулагч гэдгээр татварын ил тод байх зарчмыг баримталдаг. Энэ утгаар жилд төлж буй нийт татварын зургаан төгрөг тутмын нэг төгрөг нь Оюу толгой, Рио Тинто группээс төлөгдсөн гэсэн үг. Бүр тодруулбал, 35 улсад үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто групп 2021 онд 13.3 тэрбум ам.долларын татвар, төлбөр, хураамжийг төлсөн. Дэлхийн эдийн засагт 66 тэрбум ам.долларын шууд хувь нэмэр оруулсан. Нийт орлогын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг төмрийн хүдрийн гол үйлдвэрлэл явуулдаг Австрали улсад гэхэд 11 тэрбум, хөнгөн цагааны үйлдвэрлэл явуулдаг Канадад 855 сая, Чилид 562 сая, Монголд 544 сая ам.долларын татвар төлөөд байна. Монгол Улсад төлсөн дүн нь зөвхөн ил уурхайн борлуулалтаас юм. Хэрэв далд уурхайгаас төлж эхэлбэл энэ дүн хэд дахин нэмэгдэхээр байгаа.
Г.Алтанзаяа:Орлогоос хамаарч тогтоодог шатлалтай татварыг хуулиар бий болгох нөхцөл бүрдсэн
-Төрийн компани алдагдалтай ажиллаж байгаагийн цаана далд эдийн засаг буруу механизм байна гэсэн үг. Тиймээс холбогдох хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсонг илтгэж байна. Татварын хууль бол бидний амьдрал. Төрөөс ямар шийдвэр гарсан байна үндсэн зарчим нь шударга тэгш байх. Тиймээс татвараа төлдөг нэг хэсэг нь байхад төлдөггүй бас хэсэг байна. Энэ нь хэрэгжүүлэлтийн явцад үүсээд байгаа асуудал. Өөрөөр хэлбэл, хэрэгжилтэд нь хянадаг, илрүүлдэг, хариуцлага тооцох механизм байхгүй байгаагаас төлдөг хэсэгт нь ачаа ирдэг. 2019 оны Татварын тухай хуулийн шинэчлэлтээр хувь хэмжээний олон төрлийн хувилбарыг бий болгосон. Тухайлбал, бага орлоготойгоос нэг хувийн, өндөр орлоготойгоос нь арай өндөр байхаар. Энэ нь бизнес эрхлэгчдэд таатай байсан. ХАОАТ дээр бүх иргэн 10 хувь байхаар хуульчилсан. Тодруулбал, нэг сая төгрөгийн орлоготой иргэн болон арван сая төгрөгийн орлоготой иргэний ачаалал нэг сая төгрөгтэй иргэнийх нь мэдээж их байх хууль үйлчилж байгаагаас нийгэмд тэгш бус байдал үүссэн. Дэлхийн бусад оронд орлогоос нь хамаарч шатлалтай тогтоодог . Үүнийг хамгийн шударга тогтолцоо гэж үздэг. Энэ тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдсэн. Эд хөрөнгийн татвар ч мөн өнөөдөр ялгаатай байдлаар явж ирлээ. Үүнийг бас татварын бодлогоор шийдвэрлэх шаардлага үүссэн. Жишээлбэл, 60 байртай хүн бүртгэлээр гарч ирсэн. Гэтэл өөрийн эзэмшлийн нэг байртай иргэн байна. Тиймээс эд хөрөнгийн албан татварыг хуулиар шинэчлэх нь зайлшгүй.
З.Оюунчимэг: Татвар төлөгчийг мэдээллээр хангах нь чухал
-Татвартай холбоотой тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэхэд татварын хувь хэмжээ өндөр, татвартай холбоотой мэдээ, мэдээллийг нээлттэй ил тод биш, ибаримт жигд өгдөггүй, татварын албаны хүнд суртал, хувь хүн бүрт тэгш үйлчлэх, цахим систем ажиллахгүй гацах зэргийг дурьдая. Энэ жил гэхэд татварын буцаан олголтоо баталгаажуулж чадаагүй 114 аж ахуйн нэгж байна. Нийт 1.223.4 сая төгрөгийн буцаан олголтоо авч чадаагүй юм. Эдгээр нь борлуулалтын орлого буруу, хөнгөлөлт эдлэхгүй салбар, тайлан хүлээж аваагүй, хугацаанд нь төлөөгүй, дансны бүртгэл болон хуулийн заалт буруу зэргээс шалтгаалсан байх жишээтэй. Нөгөөтэйгүүр бизнесийн ёс зүйтэй холбоотой зөрчлөөс хамаарсан байдаг. Тайлан буруу, тайлангаа цагтаа илгээгээгүй, данс буруу зэргээс болдог. 200 мянган төгрөг дутуу төлснөөс есөн сая төгрөгийн буцаан олголтоо аваагүй аж ахуйн нэгж байдаг. Өөрсдийнхөө буруугаас болсон хэрнээ үүнийгээ татварын байцаагч руу чихдэг байдал их. Гэхдээ татвар төлөгчид хуулийн мэдлэгээ ахиулах, мэргэжлийн зөвлөхүүдийг олноор бэлтгэх хэрэгцээ үүсээд байгаатай ч холбоотой. Нөгөөтэйгүүр, цахим тайлан өгөх болсон нь эерэг, сөрөг тал ажиглагдаж байна. Цаг хугацаа хэмнэсэн ил тод, шударга олон сайн тал бий ч татвар төлөгч цахимд ажиллаж дадаагүй, гацалт зэргээс төвөгшөөх, програмаа бүрэн гүйцэд эзэмшээгүй зэрэг бэрхшээл бас байдаг. Энэ бүгдэд талууд суралцах хэрэгтэй болж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 74 (6806)