Б.БАРС
АНУ-ын бизнес, эдийн засгийн нөлөө бүхий “Forbes” сэтгүүл интернет орон зайд улам бүр эрчимжиж буй кибер гэмт хэрэг, тагнуулын ажиллагаа ихэвчлэн АНУ-ыг чиглэх болсныг анхааруулжээ.
Хятадын кибер гэмт хэрэгтнүүд АНУ-ын зэвсгийн компьютер систем үйлдвэрлэгчдийн нууцыг хулгайлдаг бол Иран болон бусад дайсагнасан орон тус улсын тэргүүлэгч банкуудын үйл ажиллагааг доголдуулан санхүүгийн хямрал өдөөхийг оролдсоор байгаа юм. ОХУ болон Ойрхи дорнодын кибер хулгайчид АНУ-ын банкуудын хадгаламж, зээлийн карт эзэмшигчдийн мөнгийг хулгайлах оролдлогыг тасралтгүй хийсээр иржээ.
Манай хойд хөршийн хакерууд АНУ болон бусад орны газрын тос, байгалийн хийн салбарт ажилладаг томоохон компаниудын компьютерийн системийг эвдэн үйлдвэрлэлийн автомат удирдлагад нэвтэрч маш их хор уршиг тарьдаг вирус тараадаг аж.
Орон орны иймэрхүү кибер хулгайчид Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр ажилладаг гэж үзэх магадлал өндөр бөгөөд тэд үнэтэй нууц мэдээлэл хулгайлж худалдахаас гадна АНУ-ын ашиг орлого ихтэй компаниудын системд вирус суулгахад мэргэшжээ. Аль нэг улс орны ямар нэгэн хакер “Wells Fargo” зэрэг АНУ-ын тэргүүлэх банкуудын системийг нэвтлэх оролдлого өдөр алгасахгүй гардаг болсон байна.
“Forbes” сэтгүүлд, “Бидний дайснууд манай хот суурингуудыг устгах гэж пуужин харвадаггүй. Манай эрэгт цэрэг буулган зэвсэгт мөргөлдөөн өдөөдөггүй. Тэд манай газар нутгаас олон мянган бээр газрын цаанаас интернет довтолгоо ашиглан эх орон руу минь дайрч довтолж байна. Тэр нь зөвхөн дэвшилтэт технологийн иж бүрэн тагнуулын ажиллагаа биш болж, инженер-техникийн системуудыг эвдлэх, тэргүүлэгч банкуудын ажиллагааны системд замбараагүйтэл үүсгэн Америкийн эдийн засгийг өрсөлдөх чадваргүй болгоход орших боллоо” гэж тэмдэглэжээ.
Үүний нэг тод жишээ гэвэл, хэдэн сарын өмнө Сирийн электрон арми гээчийн “дайчид” тус сэтгүүлийн цахим хуудаст нэвтрэн электрон системийг нь эвдэлсэн явдал аж. Аюулгүй байдлын асуудлыг дагнан судалдаг АНУ-ын “SINET” компани энэ сарын 17-нд Нью-Йорк хотноо тус улсын тэргүүлэх банкуудын кибер аюулгүй байдлын албадын дарга нар, батлан хамгаалах салбартай хамтран ажилладаг үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид, АНУ-ын Тэнгисийн цэргийн кибер удирдлагын командлагч, адмирал Майкл Рожерс, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нөлөө бүхий албан тушаалтнууд оролцох кибер аюулгүй байдлын талаархи томоохон бага хурал зохион байгуулахаар болжээ.
“SINET” компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, “Кибер довтолгооны арга барил түүнээс хамгаалах хэрэгслээс хавьгүй хурдан хөгжиж, энэ байдал удаан үргэлжилбэл кибер довтолгооноос хамгаалах боломжгүй болж мэдэх аюултай. Кибер довтолгооны давтамж, нарийвчлал өсөн нэмэгдэх болсон тул ийм довтолгоонд өртөж болох системуудын аюулгүй байдлыг хангах явдал хүндрэлтэй болж байна. Товчдоо бол бид кибер зэвсэглэлээр хөөцөлдөх болсон үед амьдарч байна. Иймд бид кибер аюулгүй байдлыг хангах шинэ технологи байнга боловсруулж байх зайлшгүй шаардлагатай” гэжээ.
АНУ-ын “Target”, “Neiman Marcus” зэрэг жижиглэн худалдааны аварга том сүлжээ дэлгүүрүүдийн аюулгүй байдлын системийг эвдсэн явдал зөвхөн батлан хамгаалах салбар төдийгүй бизнесийн байгууллагуудыг ч кибер халдлагаас хамгаалах цаг ирснийг дахин сануулжээ. Ер нь том жижиг гэлтгүй бүхий л бизнест кибер халдлагын аюул нүүрлээд байгаа аж. Кибер зэвсэглэлээр хөөцөлдөж буй өнөө цагт ямар ч улс орон өөрийн бизнесээ, нэн ялангуяа санхүүгийн салбараа кибер халдлагаас хамгаалахгүй бол богино хугацаанд эдийн засгийн хямралд автан дампуурах аюултай болжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин