Ц.МЯГМАРБАЯР
Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.Урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр “Боомтын сэргэлт” сэдвээр үргэлжилсэн юм. “Боомтын хөгжил” сэдвээр эхний илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж үүний дагуу эхний хэлэлцүүлэг болсон юм. Тэрбээр “Бид улс төрийн болон гадаад, дотоод орчны бүх боломжит, тохироо бүрдсэн энэ цаг үед Боомтын шинэчлэлийг хийх хамгийн тааламжтай цаг үед бид ирээд байгаа. Хөрөнгө оруулагчдад боомтын шинэчлэлд 44 төсөл зургаан багц ажилд нийт 26 их наяд төгрөгийн эдийн засгийн өндөр ач холбогдолтой, үр ашигтай зах зээлийн бизнесийн санал тавьж байгаагаа хурлын индэр дээрээс хэлье. Хувийн хэвшлийн судалгаа, тогтвортой байдал, алсын хараа, бизнесийн хурд нь эдгээр төслийг хэрэгжүүлэхэд боломж, хүчин чадал нь төрөөс илүү байгаа гэдэгт бид бүрэн илтгэлтэй байна. Төр өрсөлдөхгүй, бүх боломжийг хувийн хэвшилд тавьж ажиллана” гэлээ. Хил хамгаалах, хил нэвтрэн өнгөрүүлэх хурдын талаар бизнесийн өнцөгөөс харж байгаа ч хил хамгаалах олон улсын хэлэлцээр нарийн зүйл байдаг. Тиймээс явж явж хоёр улсын энэ асуудал дээр зогсолт хийдэг. Иймээс эхнээс нь хоёр талд хэлэлцээрийг дээд хэмжээнд хийж бизнесийн үйл ажиллагаанд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлж шийдвэрлээд явна гэдгээ хэлсэн. Эхнээсээ гэрээ хэлэлцээр амжилттай болж БНХАУ-д хийсэн ерөнхий сайдын нэг удаагийн айлчлалаар 12 жил гацсан гурван боомтын “Шивээхүрэн”, “Ханги”, “Бичигт”-ийн хил солбилцолын цэгийг тогтож гацаанаас гаргасан.
Энэ бүгд хоёр улсын хүчин чармайлтын үр дүнгээр бий болж буйг тодотгож байв. Цаашид ч улс төрийн хүрээнд хоёр тал ойлголцлын таатай үед байгааг онцолж байна. Үүний дараа “Боомтын сэргэлт” болон “Эдийн засгийн чөлөөт бүс хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал” сэдэвт панель хэлэлцүүлгүүд боллоо. Замын-Үүд чөлөөт бүсийн тухайд одоогийн байдлаар 88 аж ахуйн нэгж 113 га газрыг эзэмшдэг. Эдгээр ААН-үүд чөлөөт бүсэд нийт 680 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төслөө ирүүлээд байгаа аж. Хэлэлцүүлгийн үеэр зарим панилституудын үгийг хүргэе.
"Замын-Үүд чөлөөт бүс"-ийн захирагч А.Энхзул:
Цахимжуулалтад бизнесийнхэн оролцож, хамтрахад бэлэн
- Б.Жавхлан сайд сая бизнесийнхэн та нар биднийг ташуурдаад өгөөч, түрээд өгөөч гэж байна. Үүнд бизнесийнхэн бид бэлэн байгаа гэдгийг онцолж хэлье. Шинэ сэргэлт бодлогын хүрээнд боомтын болон үйлдвэржилтийн үйл ажиллагааг сэргээж дөрвөн боомт, хурдны авто замыг барина гэлээ. Гэхдээ ямар төслүүдийг хувийн хэвшил, ямрыг нь төр нь хийх юм гэдгийг тодорхой болгох шаардлагатай байна. Мэдээж бизнесийнхэн ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалтаар хийнэ. Тэгэхээр Зөвшөөрлийн тухай болон төр хувийн хэвшлийн хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ эдгээрийн уялдаа холбоог сайн хангахад анхаарах хэрэгтэй. Мөн зөөлөн дэд бүтэц бий болгох цахимжуулалтын ажил хамгийн чухал. Нэг цонхны худалдааны системийг нэвтрүүлэхэд анхаарах нэг зүйлийг онцолж хэлэхэд Швейцар улс бүтээгдэхүүн экспорт, импорт хийхэд 225 ам.доллар байдаг бол Монгол Улс 110 ам.доллар, дээр нь 100 гаруй цаг зарцуулдаг. Тиймээс цахимжуулалтын асуудалд бизнесийнхэн оролцож хамтарч ажиллахад бэлэн байгаа. Мөн төрөөс эдгээр үйл ажиллагааг хийхдээ тогтвортой, тууштай хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.
“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил:
Хуурай боомтын асуудлаа шийдвэрлэчихвэл, импортын болон экспорт, инфляцын асуудал дагаад намжина
- Монгол Улс Транзит монгол болно гэж зарласан. Энэ нь Хятадын “Нэг бүс-нэг зам” төслийг дэмжиж байгаа нь ойлгомжтой. Тиймээс ирээдүйд Монголын гурван сая хүн амынхаа импортын хэрэгцээг хангахаас илүүтэй транзит тээврээр бид илүү ашиг олно гэсэн тал дээр ажиллах байх. Үүнд манай тээврийн компаниуд ажиллахад бэлэн байгаа. Гэхдээ хуурай боомтын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Засгийн газар хэлэлцээрүүдийг шаргуу хийх хэрэгтэй. Дотооддоо нэгдсэн терминалаа хийх нь тодорхой. Гэхдээ хаана хийх вэ гэдэг нь чухал. Улаанбаатарт гол төмөр замаа түшиглэж байгуулах уу, эсвэл урд талын боомт Замын-Үүдэд хийх үү гэдгээ тогтож ТЭЗҮ-ээ гаргах ёстой. Мөн үүний дагуу Хятадтай хэлэлцээрүүдийг яаралтай хийх хэрэгтэй. Заавал Тяньжин боомтын харьяанд нэг боомтоос хамааралтай биш бусад боомтуудыг түшиглэх талд ажиллах шаардлага байна. Учир нь импортын ачаанд 2019 онд 4500 ам.доллар байсан контейнерийн жишиг үнэ өнөөдөр 9800 ам.доллар болж хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь инфляцид нөлөөлж асуудал дагуулж байна. Гол нь том зургаар нь харж хуурай боомтын асуудлаа шийдвэрлэчихвэл, импортын болон экспорт, инфляцын асуудал дагаад намжина. Түүнчлэн далайн тээврийн компаниуд чингэлгээ Монгол Улс руу явуулах сонирхол нь бий болох ёстой. Наашаа ирсэн чингэлэг буцаад хоосон буцах, эсвэл цаашаа Оросоор дамжиж Европ руу явах чингэлгийн хугацаа тодорхой байх ёстой. Ингэснээр хоосон чингэлэг хэзээ эргэлтэд орох ямар хугацаанд явах нь тодорхой байвал бид тоглогч болно. Гэтэл одоо бид чингэлгийг нь хүлээж аваад буцааж чадахгүй хятад нь хүлээж авахгүйгээс болоод хоног хугацаа алдаж түрээсийн зардал төлж, энэ нь эргээд ард түмний нуруу дээр ирж байгаа учраас дээр ярьсан нэгдсэн тээвэр, терминалийн зохицуулалтаар шийдвэрлэх нөхцөл үүссэн. ГХЯ-нд энэ асуудлыг ярьж манайх оролцож байгаа ч Засгийн газар үүнд анхаарал хандуулж илүү өөр түвшинд ажиллах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй.
МҮХАҮТ-ийн дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн бодлогын зөвлөлийн дарга Ч.Амарбаатар:
Хувийн хэвшилдээ эрхийг нь өгөхдөө урт хугацаандаа тогтвортой байх гэрээгээр өг
- Бид хатуу дэд бүтцийн тухай 30 жил ярьлаа. Гэтэл мөнгөө хэн гаргаж хийх тухай хэн ч ярьдаггүй. Хувийн хэвшлийнхэн Засаг мөнгө өгнө гээд бодоод байдаг. Гэвч Засагт мөнгө байхгүй. Бизнесийг хувийн хэвшил хийнэ. Хувийн хэвшлийг төрөөс байгуулсан зөвлөл хийдэггүй юм. Үүнийг ашгийн төлөө компани л хийнэ. Компаниуд хөрөнгө оруулалтын хэлбэртэй корпориацууд бий болсноор боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хоёр улсын корпорациуд хувьцаат компани байж хувьцаа эзэмших ёстой. Зөвхөн монголчууд хувьцаа эзэмшээд явахгүй том сангууд орж ирж хувьцаа эзэмшсэнээр явах юм. Харин Засаг хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, менежментэд оролцох ёстой. Засаг алтан хувьцаа эзэмшигч байдлаар оролцож дэд бүтцээ хийж өгөх юм. Түүнчлэн том сангууд оролцох улмаар том банкууд орж ирэх ёстой. Банк нээлттэй байж чөлөөт бүсийн банк гэдгээр байх юм.
Түүнчлэн дэд сангууд байгуулагдсанаар төслүүд хэрэгжих боломжтой. Эдгээр нь заавал оролцож байж чөлөөт бүс хөгждөг зарчимтай. Хэн нэгэн дуртай зүйлээ хийх гэж чөлөөт бүс байгуулдаггүй. Зоригтой шийдвэр гаргах цаг нь ирсэн байна. Тухайбал, МҮХАҮТ-д төвлөрүүлж хийх хэрэгтэй. Тус байгууллага төрийн ачааг тодорхой хэмжээнд чирээд явах чадамжтай. Энд Монголын толгой компаниуд, санхүүгийн толгой банк, даатгалын компаниуд цугларсан байна. Хувийн хэвшилдээ эрхийг нь өг. Эрхийг нь өгөхдөө урт хугацаандаа тогтвортой байх гэрээгээр өг. Засаг солигдох бүрд өөрчлөгдөж болохгүй байхаар. Монголын эдийн засгийн гол экспорт нүүрс гаргахдаа биш. Эдийн засгийн мөн чанар нь хоёр хөрштэйгөө маш сайн уялдаа холбоотой ажиллаж байж , тэдэнд нэмэртэй байж гэмээнэ Монгол Улс транзит улс болох зорилтоо хангана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 63 (6795)