Б.ДОЛЖИНЖАВ
Сураггүй алга болсон, төөрсөн ойр дотны хүмүүсээ эрэн сурвалжилж байна гэсэн зар Улаанбаатарын гудамж, талбайн хаа нэгтээ харагдах нь байдаг л үзэгдэл болжээ. Эхэндээ бид ямар зар байгааг лавлан харж, таарвал гэрийнхэнд нь хэл дуулгана хэмээн утасны дугаарыг нь хүртэл тэмдэглэн авдаг байв. Харин одоо хэн нэгэн алга болох, төөрөхийг энгийн зүйл мэт хүлээн авч, тийм төрлийн зарын хуудсыг тоолгүй өнгөрдөг болсон хэнэггүй, хатуу нийгэмд амьдарч байна. Тэр дундаа гэрээсээ гараад төөрсөн ахмад настнуудын тухай зарлалын самбарыг хараад “Хөгшин болохоор хүмүүс угаасаа зөнөөд их мартамхай болдог. Тиймээс гэрээсээ өөр газар руу яваа байлгүй” хэмээн тоомжиргүйхэн ярилцаж яваа залуустай олон таарч байлаа.
Гэрээсээ гараад сураггүй алга болоод эцэст нь нас барсан байдалтай олдсон 83 настай эрэгтэйгийн хэрэг тухайн үедээ нийгэмд нэг хэсэг шуугиан тариад мартагдсан байдаг. Тодруулбал, “Өвөө маань ганцаараа байдаг. Бид ойр ойрхон очиж, эргэж тойрч, хувцас, хоол хүнсийг нь бэлдэж өгдөг. Тэр өдөр яг яах гэж, хэдэн цагийн үед гарсныг нь огт мэдэхгүй байна. Өмнө нь хэд хэдэн удаа гэрээсээ гарч яваад төөрсөн тохиолдол бий” хэмээн өвөө нь сураггүй болсон иргэн хоёр жилийн өмнө хэвлэлд ярьж байв. Түүнийг 18 хоног хайсны эцэст нас барсан байдалтай олсон хэмээн мэдээлсэн байдаг. Үүнээс гадна 50-60 гаруй насны хүмүүс алга болсон гэсэн дуудлага Цагдаагийн ерөнхий газарт ирж л байдаг. Тэгвэл хуулиар ахмад настнууд хэмээх ангилалд багтдаг 55-аас дээш насны хүмүүс гэрээсээ гараад төөрөх нь байдаг л зүйл, нийгмийн олонхийн боддог зөнөгрөх өвчинтэй холбоотой юу гэсэн асуудлыг бид энэ удаад хөндлөө.
Ч.Одгэрэл:“Энэ насны хүн ийм байлгүй яахав” гээд хайхрахгүй орхиж болохгүй
Нас ахихын хирээр хүний алхах, тэнцвэр, бие даах чадвар, танин мэдэхүй, үйл ажиллагааны чадвар буурч, архаг хууч өвчний тоо нэмэгдэж байдаг. Гэхдээ “Өндөр настай хүний бие угаасаа өвддөг. Элдэв өвчин тусах нь хэвийн үзэгдэл. Ахмад настан эмнэлэгт хэвтэж, эмээс хамааралтай байх нь санаа зовоох асуудал биш” хэмээх хандлага монгол хүний дундаж наслалтыг хойш татсаар ирсэн үзэгдлийн суурь үндэс юм.
Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламжийн албаны дарга, гериатр, дотрын эмч Ч.Одгэрэл “Нас ахихад настанд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ тэдэнд хоёр төрлөөр ханддаг юм шиг санагддаг. Нэг талаас эйжизм буюу насаар ялгаварлах хандлага. “Энэ насны хүн ийм байлгүй л яахав” гээд хайхрахгүй, орхигдуулах, эмчлэхгүй оношлохгүй байх хандлага. Нөгөө талаас хэтэрхий их зөвлөгөө өгч муудсан, доройтсон эрхтэн тогтолцоо бүрийг эмчлэн олон эмийн хэрэглээнд оруулах, настнууд дураараа сайн гэсэн юм болгоныг нэмээд илүүдсэн эмийн хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн доройтлууд байдаг. Хүн хөгшрөх тусам тэдний эрүүл мэндийн хэрэгцээ улам төвөгтэй болдог. Дотоод нөөц боломж буурдаг. Хэд хэдэн архаг хууч өвчтэй болдог. Сэтгэлзүй, нийгмийн асуудал, эрүүл мэнд ихээхэн байр суурь эзэлж эхлэх зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлнө” гэж ярилаа.
50 нас гараад эхлэхээр хүний бие өвдөж, хөдөлгөөн удааширч, мартах нь хэвийн үзэгдэл хэмээн тоохгүй орхидог бидний алдаа, эмч, мэргэжилтнүүдийн хайнга хандлага Засгийн газрыг ахмад настан руу чиглэсэн бодлого, шийдвэр гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлсээр дэлхий нийтэд аж амьдралаа цоо шинээр эхэлж, аялж, бизнес эрхэлж байдаг насан дээрээ Монголчууд хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр ирлээ. Цаашид энэ байдал хэдэн жил үргэлжилж, үр хүүхдээ амьдралд хөл тавьж амжаагүй байхад хэдэн мянган ээж аав, өвөө эмээ орчлонг орхисоор байх бол гэсэн асуудалд анхаарлаа хандуулах үе болжээ.
Хүн хөгшрөхөд тархины хэмжээ багасч, дасан зохицох механизм, шинэ мэдээлэл боловсруулах болон шинэ юм сурах чадвар буурдаг. Гэхдээ энэ бүх өөрчлөлт нь настны амьдралын чадварт нөлөөлөхөөргүй байна. Харин амьдрах үйл ажиллагаанд саад учруулж байвал тэнэгрэл үүссэн байгааг нотолж байгаа юм.
Гурван секунд тутамд нэг ахмад настан мартах өвчинд нэрвэгдэж байна
85 ба түүнээс дээш настай хоёр хүн тутмын нэгд тохиолддог мартах өвчин буюу Альцгеймерийн өвчинтэй хүний тоо өдгөө дэлхий дахинаа 50 гаруй сая байгаа бол 2050 онд 130 сая болох төлөвтэй байна. Мөн өнөөдөр гурван секунд тутамд нэг хүн мартах өвчинд нэрвэгдэж байна. Гэвч дөрвөн жилийн өмнө долоон секунд тутамд нэг хүн мартах өвчинд өртөж байсан судалгаа бий.
Харин тэнэгрэл гэдэг нь ахмад настны танин мэдэхүйн үйл ажиллагааны бууралт хямралаар илэрдэг хам шинж юм. Ой тогтоолт, анхаарал, хэл яриа, үйлдэл хөдлөлд өөрчлөлт орно гэсэн үг. Ингэж өөрчлөгдсөнөөр настан өөртөө үйлчлэх чадваргүй болж бусдын асаргаа халамж хэрэгтэй болж эхэлдэг. Тэнэгрэл өвчин нь Альцгеймерийн өвчин, судасны тэнэгрэл, холимог тэнэгрэл, тархи нугасны гэмтлийн үед үүсэх тэнэгрэл гэж ангилагддаг. Нас баралтын шалтгаанаараа дэлхийд долдугаарт, өндөр хөгжилтэй орнуудад хоёрдугаарт ордог юм.
Альцгеймерийн өвчний үед мартах шинж тэмдэг өвөрмөц байдгаараа ялгаатай. Ийм өвчтэй хүн яг одоо, саяхны зүйлийг мартана. 10, 20 жилийн өмнөх зүйлийг сайн санана. Өчигдөр, өнөөдөр юу болсныг мартана. Цаашлаад ач, зээ, үр хүүхдүүдийнхээ нэрийг мартана. Тэр байтугай өөрөө өөрийгөө ч хэн бэ гэдгийг мартана. Мөн танил орчинд төөрөх, сайн хийж чаддаг болон дадсан зүйлийг хийж чадахгүй мунгинаж байвал Альцгеймер эхэлсний шинж тэмдэг юм. Үүний улмаас ахмад настнууд гэрээсээ гараад төөрч, олон хоногоор сураггүй алга болдог аж. Орчин үеийн мета анализ судалгаануудын үр дүнгээс харахад тэнэгрэлийн тархалт болон тэнэгрэл эхлэх нас залуужиж байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна. Түүнчлэн COVID-19 ч тэнэгрэл үүсгэх эрсдэлтэйг гериатрч эмч анхаарууллаа.
Нийгмийн амьдралд идэвхитэй оролцох нь танин мэдэхүйг сайжруулна
Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн тулд хэрэгжүүлэх боломжтой гурван төрлийн арга хэмжээг анагаах ухааны докторант Ч.Одгэрэл санал болголоо. Нэгдүгээрт, амьдралын зөв хэв маяг сахивал мартах өвчнөөс 40 хувиар сэргийлэх боломжтой гэсэн судалгаа байна. Тодруулбал, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байх, тархи мэдрэлийн гэмтлээс сэргийлэх, артерийн даралтыг зорилтот түвшинд барьж эмчлэх, хянах, цусны сахар болон холестерины хэмжээг хэвийн түвшинд барих нь альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустай.
Хоёрдугаарт, танин мэдэхүйн үйл ажиллагааг тогтмол үнэлүүлэн ямар хэлбэрийн тэнэгрэл вэ гэдгийг тогтоон эмийн болон эмийн бус эмчилгээг сонгох боломжтой. Танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх математик, логик бодлоготой эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ бөглөх, агаарт тогтмол нэг цаг алхаж зугаалах, нийгмийн харилцаа холбоог хадгалж олон нийтийн ажил эрхлэх зэрэг нь танин мэдэхүйн чадварыг хадгалах эмийн бус эмчилгээ юм.
Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламжийн албаны дарга, гериатр, дотрын эмч Ч.Одгэрэл “Нас ахисан хүнд эрсдэл бууруулахад чиглэсэн амьдралын зөв хэв маяг сахих ач холбогдолтой юу гэсэн хандлага нийгэмд байдаг. Настны эмчийн нүдээр харахад эсрэг байр суурьтай байдаг. 50 насанд амьдралын зөв хэв маяг сахиснаар хавдраас 0.8 хувиар, нас дагаж гарах эмгэг хам шинжүүд болох насны доройтол, настны ядаргаа сульдалын хам шинжээс долоон хувиар бууруулах ач холбогдолтой. Ер нь хүн бүр зөвхөн урт наслах бус аз жаргалтай, бие даасан, идэвхтэй, бусдаас үл хамааралтай, дур сонирхолтой зүйлдээ цаг хугацаагаа зориулж өтлөх эрхтэй” гэв.
Ахмадын өндөр өнжүүлэх төв үйлчлүүлэгчдээрээ олон төрлийн танин мэдэхүй, ой тогтоолтыг сайжруулах тоглоом тоглуулж, дасгал хөдөлгөөн хийлгэж, үеийнхэнтэйгээ ярилцах боломжоор хангадаг тухай өмнөх нийтлэлүүддээ дурдаж байсан. Эдгээр нь бидний энэ удаа хөндөж байгаа ахмадуудыг мартах өвчнөөс сэргийлэх зорилготой юм. Тиймээс ахмадуудыг элдэв өвчнөөс сэргийлэх, нийгмийн идэвхитэй амьдралд оролцох боломжоор хангасан улсын өдөр өнжүүлэх төв зайлшгүй шаардлагатай байгааг энэ удаагийн нийтлэл ч харуулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 52 (6784)