Л.Батхуяг: Краудфандаар санхүүжилт татах боломжтой

2022-01-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Старт апп”-ын энэ удаагийн зочноор бизнес эрхлэгчдэд ирээдүйд гаргах бүтээгдэхүүнээ олон нийтэд санал болгож санхүүжилтээ урьдчилан босгох боломжтой санхүүгийн хэрэгсэл болох  Краудфандын зах зээлийг Монголд нэвтрүүлж буй  “Финберри” компанийн гүйцэтгэх захирал Л.Батхуягийг урьж ярилцав.

 

-Танай компани краудфандын зах зээл рүү яагаад орох болсон бэ?

-“Финберри” бол краудфандын зах зээлийг Монголд хөгжүүлэхээр зорьж буй компани. Юуны өмнө краудфанд буюу хамтын санхүүжилт гэж юу болох талаар товчхон тайлбарлая. Санхүүжилт шаардлагатай байгаа төслүүдийг олон нийтэд санал болгох замаар хамтын санхүүжилтээр тухайн төслийг хэрэгжүүлж, дундын үнэ цэнийг бий болгодог санхүүгийн загвар. Төсөл хэрэгжүүлэгч нь шаардлагатай санхүүжилтээ авч бизнесээ өргөжүүлнэ, харин уг төслийг санхүүжүүлж хөрөнгө оруулсан олон нийтийн хувьд төслийн үр шимээс ашиг хүртэнэ.  Уг санхүүгийн харилцаанд орж буй бүх талууд үр өгөөж хүртдэг бизнес. Гэхдээ краудфанд цоо шинэ зүйл биш. 1990-ээд оны дундуур Жанрайсаг бурхан, Бөхийн өргөө зэрэг нийгмийн шинж чанартай төсөл, сүүлд хэвлэх үйлдвэрийн хуучин барилгын хувьчлал гээд бизнесийн шинжтэй төсөлд олон нийтээс санхүүжилт босгож байсан жишээ, туршлага олон байдаг. Харин технологийн хөгжилтэй уялдан, санхүүжилт босгох энэ загварыг платформ руу шилжүүлснээр төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч аль аль талдаа илүү хялбар шийдэлтэй болсон. Хөгжингүй орнуудад краудфанд санхүүжилт хурдацтай хөгжиж, санхүүгийн тренд загвар болоод буй. Бидний хувьд өмнө нь банк, санхүүгийн салбарт 20-иод жил ажилласан, эрсдэлийн удирдлага, бизнес хөгжлийн чиглэлээр удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай баг хамт олон. Банкинд ажиллаж байхад санхүүгийн үйлчилгээ нийтэд төдийлөн хүртээмжтэй байж чаддаггүй, ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүжилт авахад хүндрэлтэй байгааг анзаардаг байсан. Түүнчлэн энэ цагт  хадгаламжийн хүү тогтмол буурч, инфляцын түвшнээс доогуур болсон тохиолдолд хадгаламж эзэмшигч нарт мөнгөө илүү үр өгөөжтэй, эрсдэл багатай хэрэгсэл рүү оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, илүүдэл мөнгөө үр өгөөжтэй өсгөх сонирхолтой гэсэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага, илүү уян хатан, таатай нөхцөлөөр санхүүжилт авах гэсэн бизнес эрхлэгч нарын  хүсэл сонирхлыг хангаж чадах, санхүүгийн энэ “онгорхой” орон зайг нөхөж чадах зүйл бол краудфанд санхүүжилт юм байна гэдгийг ойлгосон учраас энэ зах зээл рүү орохоор зорьсон.

- Өнөөдөр цар тахлаас үүдэлтэй олон жижиг дунд бизнес, старт апп-ууд хаалгаа барьсан. Тэгэхээр краудфанд нь банкны шаардлага хангадаггүй, улирлын чанартай бизнес эрхлэгчдэд боломжтой санхүүгийн хэрэгсэл санагдлаа. Эрэлт хэрэгцээ их байх болов уу. Ер нь краудфанд юугаараа санхүүгийн бусад төрлүүдээс ялгардаг вэ?

-Маш олон давуу тал бий. Үүнээс хоёрыг нь онцолъё. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, зээл, хандивын санхүүжилтүүд нэг платформ дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн хэрэгцээ гарсан үед зээл авах гэж банк руу, хувьцаагаа санал болгох гэж хөрөнгийн бирж рүү, хөрөнгө оруулалт хайж хөрөнгө оруулагч байгууллагууд руу хандах шаардлагагүй. Хуримтлалтай хүмүүс ч ялгаагүй, нэг бол хадгаламжид байршуулан хүү авах, эсвэл хувьцаанд хөрөнгө оруулах зэргээр өөр өөр байгууллагууд руу хандах шаардлагагүй. Эдгээр ялгаатай санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг нэг платформ дээр авчирсан нь маш том давуу тал. Компьютер, гар утсаараа манай платформ руу ороод л энэ олон төрлийн ялгаатай үйлчилгээнээс өөрт нийцтэй, тохиромжтойг нь сонгох боломжтой. Энгийнээр хэлбэл санхүүгийн нэг цонхны үйлчилгээ. Хоёрдугаарт, бусад санхүүгийн байгууллагын тэр бүр санхүүжүүлдэггүй санхүүгийн шийдэл краудфандад бий. Тухайлбал, цөөн тооны хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг, уг бүтээгдэхүүн нь хэрэглэгчийнхээ талархлыг хүлээсэн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид олон байдаг. Тэд бизнесээ өргөжүүлж, бүтээгдэхүүнээ олон тоогоор үйлдвэрлэн нийт зах зээлд гаргах хүсэлтэй ч эхлэлтийн хөрөнгө дутагдах, барьцаа хөрөнгийн боломжгүйгээс санхүүгийн байгууллагын шаардлагыг хангадаггүй. Зээл авч чадлаа гэхэд зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь дөнгөж тэлэх гэж буй бизнесийн орлоготой нь уялддаггүй. Ийм тохиолдолд ирээдүйд гаргах бүтээгдэхүүнээ олон нийтэд санал болгох замаар санхүүжилтээ урьдчилан татах боломжтой. Ингэснээр хэрэглэгчид, санхүүгийн эх үүсвэрээ аль алийг нь хамтад олчхож буй хэрэг. Татсан санхүүжилтээ ч хүү төлөхгүйгээр бүтээгдэхүүнээр төлчихнө. Барууны орнуудад  уран бүтээлчид цомог гаргах, тоглолт хийх зардлаа бүтээгдэхүүний урамшуулалт санхүүжилтийн энэ загварыг ашиглан олон нийтээс санхүүжилт татаад шийддэг тохиолдол олон. Түүнчлэн барилга, хөдөө аж ахуй зэрэг улирлын шинж чанартай зарим бизнесүүдэд  тун  тохиромжтой санхүүжилтийн  загвар.  

- Одоогоор танайх ямар үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна. Энэ үйлчилгээнүүд юугаараа онцлогтой вэ?

-Бид зах зээл, бизнесийн орчныг нэлээд судалсан. Жижиг дунд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч гээд янз бүрийн хүмүүстэй  уулзаж саналыг сонссон. Бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн уян хатан нөхцөл, хүртээмжтэй байдал, хөрөнгө оруулагчдад бага эрсдэл, тогтвортой өгөөж, мөн санхүүгийн бүтээгдэхүүний сонголттой байх нь  чухал гэдэг нь мэдрэгдсэн. Тиймээс энэ хэрэгцээ, хүсэлд нь тохирсон  санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, үүнд  нийцсэн платформыг бэлэн болгоод байна. Бүтээгдэхүүний урамшуулалт санхүүжилт, хандив, зээлийн үйлчилгээг бид зах зээлд санал болгоно. Мөн тун удахгүй хувьцааны санхүүжилтийн үйлчилгээг ч бас гаргахаар зэхэж байна. Түүнчлэн бидний хамгийн их анхаарал хандуулж буй сегмэнт бол жижиг дунд бизнес. Энэ сегментийг бодитойгоор дэмжих хэд хэдэн төлөвлөгөөт ажил бий. Тухайлбал, цар тахлын улмаас хаалгаа барихад хүрч бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийн шийдэл, жижиг дунд бизнесүүдийг өртгийн сүлжээтэй нь уясан схем гэх мэт. Хандивын санхүүжилтэд мөн  ач холбогдол өгч байгаа. Нийгмийн асуудлыг цогцоор шийдэхүйц, хяналттай, зарцуулалт нь ил тод, эргэн тайлагнадаг тогтолцоотой, бодит үр өгөөжтэй байх зэргийг гол бодлогоо болгож ажиллана.

-Танай платформд төсөл байршуулахад ямар шаардлага тавигдах вэ?

-Санхүүжилт хүсэгчээс үндсэн хоёр л шаардлагыг тавина. Нэгдүгээрт, аж ахуйн нэгж байгууллагын хувьд Монгол Улсад бүртгэлтэй байх,  иргэний хувьд 18 нас хүрсэн, эрхзүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх.  Хоёрдугаарт, Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх. Эдгээр шаардлагыг хангаж  ирүүлсэн төслийг бид хүлээн авч хянаад, платформ дээр нийтлэх эсэхийг шийднэ.

-Ямар хугацаанд платформ дээрээ байршуулах вэ. Хүссэн санхүүжилт бүрдээгүй, эсвэл илүү давсан тохиолдолд яах билээ?

-Платформ дээр ямар хугацаанд байршуулах вэ гэдэг нь төслийн хэмжээ, цар хүрээ, онцлогоос хамаарна. Мөн санхүүжилт хүсэж буй хүний санал хүсэлт ч бас чухал. Санхүүжилтийн хэмжээ биелсэн тохиолдолд захиалгыг хаана. Илүү захиалга авахгүй. Түрүүлж захиалгаа өгч цахим гэрээгээ байгуулсан нь тухайн төслийн хөрөнгө оруулагч болно. Хандивын гэх мэт зарим онцлог төслийн хувьд захиалгын дүнг хязгаарлахгүй. Санхүүжилт зорилтот хэмжээндээ хүрээгүй бол төслийг платформоос татаж, хөрөнгө оруулсан хүмүүст мөнгийг нь буцаан олгоно.   

-Танай платформоор дамжуулан санхүүжилт татсан бизнесүүд дампуурах, эсвэл авсан санхүүжилтээ эргэж төлөхгүй байх эрсдэл гарвал яах вэ?

-Платформд байршуулсан төсөлд санхүүжилт өгөх, хөрөнгө оруулалт хийх эсэх шийдвэрийг тухайн хүн бие дааж гаргадаг, эрсдэлээ ч  өөрөө үүрдэг. Гэхдээ бид төсөлд хөрөнгө оруулж буй хүмүүсийн эрсдэлийг багасгах олон арга хэмжээ авч байгаа. Үүнд, платформд анх төсөл хүлээж авахдаа л тухайн төслийн санхүүгийн мэдээлэлд программын түвшинд алгоритмын тооцоолол хийж эргэн төлөх чадавх, боломжтой эсэхийг тодорхойлно. Санхүүжилт хүсэгч нь өөрийн санхүүгийн мэдээллийн үнэн бодитой эсэхийг батлах баримтуудыг файлаар хавсаргаж ирүүлнэ. Түүнчлэн төслийн цар хүрээ, хэмжээ, эрсдэлийн магадлал зэргээс шалтгаалан нэг хөрөнгө оруулагчийн санхүүжилт өгөх дээд хязгаарыг тогтоож өгнө. Мөн зарим төслүүд дээр батлан даалт гаргах, даатгалаар баталгаа гаргуулах гэх мэт эрсдэлээс хамгаалах шийдлүүдийг санал болгоно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 18 (6750)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 55 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 55 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 55 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 55 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 55 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 55 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 55 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 55 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 55 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 55 мин