Виртуал хөрөнгийн хууль биржүүдийг ингэж цэгцэлнэ

2022-01-06
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.СОЛОНГО

 

Өнгөрсөн сарын дундуур УИХ-ын нэгдсэн чуулганаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсан. Тус хуулиар зах зээлд олноороо гарч ирж байгаа койн, токены давлагааг зохицуулж, эрсдэлгүй болгох нь гэсэн ойлголт олон нийтийн дунд байгаа. Тэгвэл Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэзээнээс хэрхэн хэрэгжих вэ, эрсдэлээс хамгаалж чадах уу. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр Монгол Улсад виртуал хөрөнгийн найман төрлийн бирж үйл ажиллагаа явуулж байсан бол нэг сарын дараа буюу хууль батлагдахын өмнө 22 болж нэмэгдсэнийг хуулийн төслийнхөн хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. Түүнчлэн хоёрдогч зах зээлд арилжаалагдаж байгаа, анхдагч зах зээлийн захиалга авч байгаа, гаргахаар бэлтгэж байгаа нийт токены тоо 67 болсон байсан юм. Мөн өнгөрсөн хугацаанд виртуал хөрөнгө ашиглан татан төвлөрүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ 339 тэрбум, арилжааны нийт дүн таамгаар 7-10 их наяд төгрөгт хүрснийг мэдээлж байв.

 

Бүртгүүлээгүй биржийг хууль бус гэж үзнэ

 

Дэлхийн улс орнууд виртуал хөрөнгийн зах зээлийг хэсэгчлэн болон бүхлээр нь зохицуулах, эсвэл бүрмөсөн хориглох гэх мэт төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглаж байна. Тухайлбал, зарим улсад төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрөх хүртэл уян хатан нөхцлөөр зохицуулж байгаа бол зарим улсад зах зээлийн жамаар нь орхих, гэхдээ мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч байна. Харин манай улсын хувьд эхний ээлжинд ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн хэрэгжилттэй уялдуулах, олныг хамарсан санхүүгийн эрсдэлээс сэргийлэх үүднээс юуны өмнө үйлчилгээ үзүүлэгч буюу арилжаа хийгдэж байгаа биржүүдийн үйл ажиллагааг бүртгэлжүүлж, босго шалгуурыг нь чангатган өндөрсгөж, сэжигтэй арилжаа гүйлгээнд нь хууль хяналтын байгууллага хяналт тавих, үйл ажиллагаа явуулах боломжийг нээх хэрэгтэй гэж үзсэн юм.

Тиймээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг харьцангуй богино хугацаанд боловсруулж, УИХ-ын чуулганаар ийнхүү батлуулсан. Ингэснээр цаашид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу арилжааны биржүүд нь тодорхой шалгуурыг хангасны үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж байж үйл ажиллагаа явуулахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүртгүүлэхгүйгээр бирж ажиллуулах боломжгүй бөгөөд хууль бус гэж үзэх юм байна.

 

Эрсдэл, хохирлыг хуулиар зохицуулахгүй

 

Тус хуулиар зөвхөн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлжүүлж,зохицуулж байгаа. Харин зах зээлийг нь зохицуулах боломжгүй гэдгийг дээр хэлсэн. Тэгэхээр иргэдийн хувьд хууль гарлаа гээд аливаа эрсдэл хохирлыг төр хариуцна гэж ойлгож болохгүйг анхааруулж байгаа юм. Тухайлбал, бүртгэлтэй бирж дээр арилжаалагдаж хөрөнгө оруулалт татаж байгаа хэрэгслүүдийн цаана байгаа төсөл, хөрөнгийн чадвар, баталгаатай байдлыг сайтар судалсны үндсэн дээр хөрөнгө оруулах эсэхээ шийдэх ёстой. Дэлхий даяар койнд хөрөнгө оруулсан иргэдийн 98 хувь нь мөнгөө алдсан бол ICO хийсэн койнуудын 97.5 хувь нь бүтэлгүйтсэнийг хууль боловсруулагчид онцолж байсан юм. Тиймээс ямар ч тохиолдолд болгоомжтой байх ёстойг сануулсаар байна. Зах зээлд арилжаалагдаж буй виртуал хөрөнгө буюу койн, токеныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй гэж Монголбанкнаас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, шинэ хуульд энэ төрлийн ямар ч зохицуулалтыг заагаагүй. Тус хуультай холбоотойгоор Нягтлан бодох бүртгэлийн, Эрүүгийн, Зар сурталчилгааны тухай хуулиудад шинэ зохицуулалт орж байгаа юм. Тухайлбал, Виртуал хөрөнгийн дотоод мэдээллийг бусдад дамжуулах нь эрүүгийн гэмт хэрэг болсон. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аливаа биржүүд мэдээлэх үүрэгтэй болсон. Харилцагчийн аливаа төрлийн гүйлгээний эх сурвалжийг тодорхойлж, цэвэр мөнгө эсэхийг шалгадаг болох шаардлага үүссэн гэх мэт. Хууль хэрэгжиж эхэлснээр одоогийн зарим биржүүд шаардлага хангахгүйн улмаас бүртгэгдэхгүй байх магадлалтай гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа. Тиймээс хууль дагасан дүрэм журмуудыг боловсруулан дуусах хүртэл аливаа хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй гэдгийг сануулж байгаа юм. Тухайлбал, анхдагч зах зээлийн арилжаанд орсон койн, токен хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хоёрдогч зах зээлд орж чадахгүй байх магадлалтай. 

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрхэн хэрэгжих талаар тойм мэдээллийг хүргэж байна.

 

Долдугаар сар хүртэл ямар ч арилжаа хийгдэхгүй

Хууль батлагдсан буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 16-наас хойш дөрвөн сарын хугацаанд СЗХ-ноос холбогдох журмуудыг боловсруулж дуусна. Түүний дараа шинээр бүртгүүлэх биржүүд хүсэлтээ өгч эхэлнэ. Харин одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа биржүүд журам боловсруулж дууссаны дараа гурван сарын дотор бүртгүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хууль батлагдсанаас хойш 7 сарын хугацаанд виртуал хөрөнгийн биржүүд шинээр нэг ч койн, токен арилжаанд оруулах нь хориотой буюу хууль бус гэсэн үг.


Зар сурталчилгаа явуулахыг хориглоно

Нягтлан бодох бүртгэлийн, Эрүүгийн, Зар сурталчилгааны тухай хуулиудад шинэ зохицуулалт орж байгаа. Тухайлбал, койн болон биржүүд сурталчилгааны арга хэрэгсэл ашиглахыг хориглоно. Мөн ил далд ямар ч байдлаар санхүүжүүлэхийг хориглоно. Хэрэв койн токен ашиглан зах зээлийн зарчмыг зориуд алдагдуулсан, үнэ тогтоосон, худалдан авалт болон худалдаалалтад зориудаар нөлөөлсөн зэрэг бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.


Хувь хүн бирж ажиллуулах боломжгүй

Биржүүдэд тавигдах зарим шаардлага:

-Компанийн хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд байх.

- Өөрийн хөрөнгөтэй байх. Хөрөнгийн хэмжээг СЗХ-ноос тогтооно.

-Санхүү, эдийн засаг, хууль эрхзүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байх.

-Татвар төлөгч байх, өргүй байх.

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хяналтын системтэй байх.

-4 жилийн бизнес төлөвлөгөө, мэргэшсэн хүний нөөцтэй байх гэх мэт.

Санхүүгийн зохицуулах хорооноос хүсэлт, шаардлага хангасан бүрэн баримт бичгийг хүлээн авснаас хойш зургаан сарын дотор тухайн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх эсэхийг шийднэ гэж хуульд тусгажээ.


 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Койн, токены арилжаанаас үүсэх эрсдэлээ иргэн өөрөө хариуцна

 

-ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс виртуал хөрөнгийг зөвшөөрөх үү, хориглох уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Дэлхий нийтээр хил хязгааргүйгээр нэгэнт хэрэглээнд нэвтэрсэн виртуал хөрөнгийг зохицуулах талаар улс орнууд оролдлого хийж байна. Манай улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгээд, хянах сонголтыг хийж, тодорхой эрхзүйн зохицуулалттай боллоо. Өөрөөр хэлбэл, виртуал хөрөнгийн зах зээлийг биш үйлчилгээ үзүүлэгчдийг буюу биржүүдийг зохицуулах хууль гэж ойлгож болно. Тиймээс иргэдэд анхааруулахад хууль гарснаар зах зээл дээр арилжаалагдаж байгаа койн, токенуудыг баталгаажуулсан гэсэн үг биш юм. Аливаа үүссэн хохирлыг төр эсвэл хэн нэгэн хариуцах боломжгүй. Гэхдээ хуультай болсноор үйлчилгээ үзүүлэгчид буюу биржүүдийн шалгуур босгыг өндөрсгөж, арилжаа гүйлгээнүүд нь  мөнгө угаах гэх мэт сэжигтэй гүйлгээг хянаж, хэрэв тийм байвал хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулах эрхзүйн орчинтой болсон гэсэн үг. Харин иргэдийн хувьд маш сайн судалж байж хөрөнгө оруулалтаа шийдэх асуудал хэвээр үлдсэн гэдгийг дахин хэлье.

 

Хуульч Д.Мөнхцэцэг: Цаашид төлбөр тооцоо талдаа илүү нарийвчилсан хууль гарна гэдэгт итгэж байна

 

-Виртуал хөрөнгө нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр тооцоо мөн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэнэ бүхий дижитал буюу биет бус хөрөнгө. Улс орнууд виртуал валют тэр дундаа крипто валютыг санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд зохицуулалтын төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглаж байгаа. Манай улсын хувьд анх удаа энэ хууль батлагдсанаар /хэдийгээр бүртгэл хийхээр байгаа ч/ төлбөр тооцооны шинэ үе шатанд гарч, арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэх энэхүү технологи нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төслийн шууд хөрөнгө оруулалт татах, иргэн хөрөнгө оруулагч болох, жижиг дунд бизнес эрхлэгчид банкны зээлийн маш хүнд шалгуур үзүүлэлттэй нүүр тулахгүй байх зэрэг эерэг талтай. Мөн түүнчлэн Виртуал хөрөнгөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь сэжигтэй гүйлгээ, арилжааны талаар мэдээлэх, хэрэглэгчээ таньж мэдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээг тогтмол явуулах боломжтой болж байна. Цаашид төлбөр тооцоо, хөрөнгийн талдаа илүү нарийвчилсан зохицуулалттай хууль гарна гэдэгт итгэж байна.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Аль ч улсад виртуал зах зээлийг бүрэн зохицуулж чадаагүй байна

 

-Улс орнууд виртуал хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд төрөл бүрийн зохицуулалтыг хийж байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор эрчээ авч хөгжсөн салбар учраас аль ч улсад бүрэн дүүрэн зохицуулалт хийж чадсан гэж хэлэхэд эрт байна. Үйлчилгээ үзүүлж байгаа платформ, зуучлагчдыг зохицуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, татварын хуулийг мөрдүүлэх зэргээр улс орнууд төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Зарим улс орнууд энэ төрлийн үйл ажиллагааг шууд хориглож, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Жишээ хэлэхэд, Япон, Сингапур улс бусад улсаас илүүтэй уян хатан хандаж байгаа бол Хятадад анхдагч зах зээл дээр койн гаргахыг хориглож, криптовалютын талаарх зохицуулалтыг бусад хуульдаа хэсэгчилж оруулж өгсөн. Австри, Австрали, Франц, Малайз зэрэг улс мөнгө угаахтай холбоотой зохицуулалтыг хийж байгаа бол Бразил, Бельги, Индонез зэрэг улсад бүрэн хориглох жишээтэй. Манай улсын хувьд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлжүүлэх, сэжигтэй гүйлгээ арилжааг мэдээлэх үүрэгтэй болгож байгаа нь санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх цаг үеэ олсон шийдэл боллоо гэж бодож байна.

 

 

“ITOOLS JSC” компанийн захирал Б.Тамир: Клауд систем, дата төвүүдэд онцгой анхаарах хэрэгтэй

 

-Виртуал хөрөнгө, койн, крипто валют, блокчэйн технологи гэдэг энэ бүх зүйлийг нэгтгээд хэлбэл яг үнэндээ цахим орчинд байршиж байгаа мэдээллүүд юм. Тэгвэл мэдээллийг бид хаана, хэрхэн хадгалж, хамгаалах, мэдээлэл дамжуулагдаж байгаа системүүдийн найдвартай ажиллагаанд тавигдах шаардлага юу байх ёстой вэ гэдгийг  тодорхой болгох хэрэгтэй.  Тодорхой болчихвол бид эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, мөн Монгол Улсын санхүүгийн харилцаанд оролцогч иргэн бүрд олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголт бий болж зардал багасах, өмчийн эрх зүйн хамгаалалттай болох гэх мэт маш олон давуу тал байна. Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид иргэдийн санхүү болон хөрөнгийн мэдээллийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах дата төв болон клауд систем дээр хадгалах, байршуулахад онцгой анхаарах, виртуал хөрөнгө, койн, крипто валют, блокчэйн технологийн талаар иргэдэд зөв, цэгцтэй мэдлэг, мэдээллийг тогтмол өгч ажиллах, өөрсдийн ашиглаж буй технологийн шийдлийг илүү олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Виртаул хөрөнгийн тухай хуулийг саяхан батлагдсан хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлын тухай хуультай нягт уяж өгөх шаардлагатай.   Бид хүссэн эс хүссэн технологи өөрөө эдийн засгийг хөдөлгөж чадаж байгааг 2021 онд гарсан койны давлагаанаас харлаа шүү дээ. Бодлого зөв, тодорхой байвал хөгжил хурдан байх нь мэдээж.

 

“Юу Эн Ай Ти” компанийн захирал Э.Цог-Эрдэнэ: Богино хугацаанд ашиг олох зорилгоор хандахгүй байхыг зөвлөж байна

 

- Өчигдөрхөн кинонд гардаг үйл явдал өнөөдөр амьдрал дээр биеллээ олж өглөө сэрэхэд дэлхийн өнцөг булан бүрт шинэ технологи нэвтэрч хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдсөөр байна. Үүнтэй зэрэгцэн виртуал хөрөнгийн зах зээл өнөөдөр олон хүний анхаарлыг төвд оржээ. Ирээдүй нүдэнд үл үзэгдэх хийсвэр зүйл рүү хөгжиж, дэлхий нэгэнт виртуал хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлж байгаа бол бид ч гэсэн койн гаргах, хөгжүүлж оролцох нь зөв. Гэхдээ койныг худалдан авч байгаа иргэд тухайн койны зорилго, алсын хараа, чадамж зэргийг судлахгүйгээр зөвхөн реклам сурталчилгаанд автан, богино хугацаанд ашиг олох зорилгоор худалдан авч, цаашид хөгжихгүй, шит гэж нэрлэгдэх койнуудыг хөгжүүлэх боломж олгож байна. Тэр тусмаа энэ виртуал хөрөнгийн асуудал хэт задгайрвал хууль бус наймаа задгайрах, газар авах аюултай. Тиймээс олон улсын стандарт шаардлагыг хангах хүрээнд энэ салбарын хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн хуулийн зохицуулалт, хяналттай байснаар бид цаашид зөв хөгжих үүд хаалга нээгдэнэ гэж бодож байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (6736)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

15 цаг 43 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

15 цаг 43 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

15 цаг 43 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

15 цаг 43 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

15 цаг 43 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

15 цаг 43 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

15 цаг 43 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

15 цаг 43 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

15 цаг 43 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

15 цаг 43 мин