С.САРУУЛ
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг улсын эрүүл мэндийн зургаан байгууллагад түгээх ажлыг зохион байгууллаа.
Цар тахлын нөлөөтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах эм эмнэлгийн хэрэгслийн улсын төсөв багасч, хангалт буурсан учраас ийнхүү төсөл хэрэгжүүлснээр Нийслэлийн Өргөө амаржих газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс иргэд нэмэлтээр үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Мөн өнгөрөгч онд гэр бүл төлөвлөлт, цэвэршилт, үр хөндөлт, БЗДХ-аас сэргийлэх болон эрсдэлтэй жирэмсний хяналт, хүний эрхийн мэдрэмжтэй үйлчилгээ зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдвээр онлайн сургалтуудыг эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулжээ.
Одоогоор 10 Өрхийн эрүүл мэндийн төвийг гэр бүл төлөвлөлтийн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслээр хангах ажлыг 2022 оны нэгдүгээр сардаа багтааж зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус өрхийн эмнэлгүүдэд нийтдээ 50 гаруй сая төгрөгний жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн хангалтыг хийх юм.
Сүүлийн 20 гаруй жил Монгол Улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад амжилт гаргасан боловч, жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн чанар, хүртээмж буурч энэ нь охид, бүсгүйчүүд үр хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдвар авах явдлыг ихэсгэж байна.
МГБССН-ээс 2014 оноос эхлэн “Аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж нийслэлийн “Өргөө” амаржих газар, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй, 2017 онд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилготой төслийг улсын эрүүл мэндийн зургаан байгууллагад хамтран хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж амжилттай хэрэгжүүлээд байгаа юм.
2009 оноос хойш “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамжийн үндэсний стратеги”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газар жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн зардлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж 2009-2013 онд 85-163 сая, 2014 онд 210 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн боловч, 2015-2018 онуудад буурч 150 сая болсон байна. 2018 оноос төсвөө нэмэгдүүлсэн ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа юм. Үүний гол шалтгааныг ЭМЯ сүүлийн 2 жилд төсөвт хүндрэл үүссэнтэй холбон тайлбарлаж байв. Үр хөндөлт, түүний дотор давтан үр хөндөлт, ялангуяа өсвөр үеийнхэн, залуучуудын дунд нэмэгдсэн байна.
Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн улсын төсөв нь Засгийн газрын эрүүл мэндийн нийт зардлын дөнгөж 0,02-0,05 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн төсвийн зардлын дийлэнх хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд зарцуулдаг ба эм хэрэгслийн зардал эрүүл мэндийн нийт зардалд хамгийн өндөр хувийг эзэлдэг боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн зардал бага байна.
Гэр бүл төлөвлөлт нь хүний эрх, нийгмийн хөгжлийн салшгүй нэг хэсэг бөгөөд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Сүүлийн 20 гаруй жил Монгол улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад амжилт гаргасан боловч, жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн чанар, хүртээмж буурч энэ нь охид, бүсгүйчүүд үр хөндүүлэх, бэлгийн замаар дамжих халдвар авах явдлыг ихэсгэж байна.
Эх сурвалж: www.polit.mn