Б.Буянбат: Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд нас оройтохгүй

2021-12-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбооны  улсын аварга шалгаруулах тэмцээний  “Мастер менс физик”  ангилалд   аваргалсан  Б.Буянбаттай ярилцлаа. Тэрбээр Өмнөговь аймгийн уугуул, Оюу толгой компанид дээжлэгчээр 20 гаруй жил ажиллахын зэрэгцээ бодибилдингийн спортоор хичээллэж, ахмадын ангилалд анх удаа оролцож  улсын аварга болжээ.

 

-Бодибилдингийн спортоор ямар  хугацаанд хичээллэж  амжилтад хүрэв?

-Энэ спортоор хичээллээд удаагүй. Тийм болохоор тэмцээн  уралдаанд оролцож байгаагүй. Анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч, багш нарынхаа зөвлөснөөр оролцлоо. Манай Оюу толгой компанид  фитнессийн сайн дасгалжуулагч, багш нар байдаг. Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер А.Лувсанжамц  дасгалжуулагч маань намайг оролц гэж зөвлөж, гурван сар гаруйн өмнөөс бэлтгэл сургуулилтыг удирдаж хийлгэсэн. Миний хувьд ч гэсэн өмнө нь байнгын  бэлтгэл хийж, форм алдахгүй явж  ирсэн нь нөлөөлсөн. Тэмцээний явцад өөрийн оролцсон төрөлд ямартай ч эхний гурван байрын нэгэнд зоолттой орчих болов уу гэсэн итгэл төрж байсан. Шүүгчид дүнгээ  гаргахад түрүүлснээ мэдсэн.  Цомын эзэн болсондоо баяртай байна. 

-Таны оролцсон “Мастер менс физик”  ангилал, бодибилдингийн шинэ төрөл үү?

-Миний оролцсон энэ төрөл бол ахмадын ангилал, бүх биеэ гаргахгүй шорт өмсдөг  онцлогтой. Энэ төрөл 2015 оноос орж ирсэн юм билээ. Боди төрөлд булчингийн ялгарлыг гол үзүүлэлт болгодог. Тэгвэл миний оролцсон энэ төрөл булчин заавал том байх шаардлагагүй. Биеийн гоо зүй, булчингийн хөгжлийн хувьд зөв, жигд  тэнцвэрт байдлыг хардаг. Тайзан дээр гарахад шүүгчид энэ бүхнийг нягталж харж оноо өгч дүгнэдэг. Энэ сарын 12-нд болсон улсын аваргын тэмцээний ахмадын  төрөлд 40-өөс дээш насныхан оролцсон. Гэхдээ оролцогч цөөн байлаа.

- Өмнө нь өөр спортоор хичээллэж байв уу.  Бодибилдингээр хичээллэхэд юу нөлөөлөв?

-Би хүүхэд байхаасаа гар бөмбөгөөр хичээллэж, сургуулийн аварга, Өмнөговь аймгийн  залуучууд, насанд хүрэгчид, бүсийн   аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцдог  байсан. Одоо ч хааяа бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог. Гар бөмбөг хурд шаарддаг спорт учраас 40 нас хүрээд ирэхээр бэлтгэлгүй  үед тэр болгон оролцох боломжгүй болж ирсэн. Гэхдээ хүн спортоор тасралтгүй хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч байх ёстой. Энэ үүднээс спортын өөр төрлүүдийг судалж  эхэлсэн. Ингээд бодибилдингийг сонирхож, долоон жилийн өмнөөс хувиараа  хүчний дасгал, бэлтгэл хийх болсон. Ерөнхийдөө анхны мэдэгдэхүүн, арга техникийг нь судалж, асууж аваад чөлөөт цагаараа бэлтгэл, дасгал хийж байсан юм. Одоо би 48 настай. Эхний гурван жил ямар ч зорилгогүй, гэхдээ идэвхтэй бэлтгэл, дасгал хийж байсан. Өөрөөр хэлбэл, хөлсөө гаргах төдий л явж байсан. Тэмцээн, уралдаанд оролцох тухайд бол  бодож ч  байсангүй. Харин сүүлийн 2-3 жил судалгаатай, системтэй бэлтгэл хийх болсон.

-Гоо зүй, бие галбиртаа анхаардаг хүмүүс бодибилдинг, фитнессээр түлхүү хичээллэдэг гэсэн ойлголт байгаад байдаг. Гэхдээ хүн хэдэн  наснаас ч хичээллэсэн амжилт гаргаж болох спорт гэж ойлгож болох уу?

-Бие бялдартаа анхаарахын зэрэгцээ эрүүл байх, эрүүл мэнд, эрүүл хооллолт, өөрийгөө удирдах  гээд олон зүйлтэй холбогддог. Тэр болгоныг  ойлгуулж өгдөг спорт гэж бодож байна. Харин таны хэлсэн  “Хэдэн  наснаас ч хичээллэсэн амжилт гаргаж болох спорт”  гэдэгтэй санал нийлнэ. Хүн өөрөө л зориод хичээгээд хичээллээд явах юм бол ямар нэг хэмжээгээр амжилт ирнэ. Тэмцээн, уралдаанд оролцохгүй байлаа гэхэд эрүүл, зөв сайхан бие бялдартай болох нь бас амжилт шүү дээ. Миний хувьд 40 гаруй наснаас хичээллэж 48-тай аварга болсон нь түүний нэг баталгаа байх. Бодибилдингийн спортоор хичээллэхэд хооллолт их чухал. Юу идэх, идэхгүй байх гээд системтэй хооллоно. Тэсвэр тэвчээр бас чухал. Амжилт гаргана гэдэг нөгөө талаар өөрийгөө ялах сэтгэл зүйтэй их холбоотой юм билээ.

-Уул уурхайн компанид ажиллахын сацуу энэ спортоор хичээллэхэд  өөртөө зориулах цаг хэр гардаг юм бэ?

-Би уурхайд 12 цаг ажиллачихаад бууж ирээд бэлтгэл хийнэ гэдэг бас амаргүй. Гэхдээ бэлтгэлийн цаг тийм ч урт биш. Эхлээд хоёр цаг хийдэг байснаа 3-4 цаг дасгал сургуулилт хийдэг болсон. Энд түрүүн хэлсэн тэсвэр тэвчээр ихээхэн шаардагдана. Ядарлаа гээд бэлтгэлээ хийхгүй байвал урагшлахгүй шүү дээ. Харин ч ажлаас буугаад бэлтгэлээ хийж хөлсөө гаргачихаад амрахад сайн амралт болдог.

-Жингээ  тогтмол барих  хэрэгтэй болдог байх. Бас нойроо зөв удирдах ёстой гэж сонсож байсан юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Өмнө нь миний жин  67-68 кг байсан. Сая тэмцээнд ороход 60 кг-д жин нэлээд хасаж орсон. Нэлээн урт хугацаанд бага багаар хассан учраас нэг их ядраагүй. Амралт, нойр их чухал байдаг. Амралтаа зөв зохицуулах хэрэгтэй. Сайн амарч чадахгүй бол булчингийн ялгаралт гарахгүй. Ачаалалтай бэлтгэл хийгээд амарч чадахгүй ядарвал  булчин уначихдаг. Хүн найман цаг унтаж амрах ёстой гэдэг. Ядахад зургаан цаг унтаж амарсан байх хэрэгтэй. Ингээд ярихаар бодибилдингийн спорт өөрөө судалгаанд суурилдаг шинжлэх ухаан юм билээ. Хүмүүс биеэр үзэж, бэлтгэл хийгээд ирвэл илүү  олон зүйлийг ойлгоно.

-Анх хувиараа сонирхоод хичээллэж эхэлж. Сая  тэмцээнд орж  аварга боллоо. Тэгэхээр цаашдын  тамирчны замыг эхлүүлэв үү?

-Саяын тэмцээнд А.Лувсанжамц дасгалжуулагчийнхаа удирдлага дор тамирчны хэмжээнд бэлтгэж оролцлоо. Багш маань бас оролцож хүрэл медаль хүртсэн. Тухайн тамирчны амжилт гаргах эсэх нь багшаас их шалтгаалдаг юм байна. Тэвчээр алдарч ядарч цуцаад орхимоор санагдах үе ч бишгүй тохиосон. Багш маань  тэр болгонд дэмжиж удирдаж байсан. Надаас гадна өөр нэг залуугийн бэлтгэлийг удирдсан. Тэр саяын тэмцээнээс  мөнгөн медаль хүртсэн. Миний хувьд цаашид ахмадын төрлүүдэд оролцох бодол бий.

-Ингэхэд та Оюу толгой компанид ямар мэргэжлээр хэдэн  жил ажиллаж байна.  Танай байгууллага ажилчдаа спортын  бүх төрлөөр  хичээллэх, бэлтгэл хийх боломж, орчноор нь хангаж өгдөг  үү?

-Би хүнд  машин, механизмын оператор мэргэжилтэй. Уул уурхайн салбарт  20 гаруй жил ажиллаж байна. Өмнө нь Австралийн компанид ажиллаж байгаад Оюу толгойн үндсэн компанид 2011 оноос геологийн ил уурхайн дээжлэгчээр ажиллаж ирлээ. Манай компанийн 2-3 кемп бий. Кемпүүд  спортын бүх төрлөөр бэлтгэл хийх заал танхим,  дасгалын тоног төхөөрөмжтэй. Цар тахлаас шалтгаалж, сагс, гар бөмбөгийн заал нээгдээгүй байгаа. Ганцаарчилсан төрлүүдийнх бол  нээгдсэн. Дээр нь багш, дасгалжуулагч нар байна. Ажилчдын хэн нь ч спортын ямар нэгэн  төрлөөр хичээллэхэд бүх боломж нь нээлттэй. Багш, дасгалжуулагч нар зааж зөвлөж, бэлтгэл сургуулилтыг удирдаад  өгнө. 

-Цаашид ямар тэмцээн, уралдаанд оролцохоор төлөвлөж байна?

-Ирэх оны тавдугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээнтэй. Сая оролцсон ангилалдаа  өөрийгөө дахин сорих бодолтой байгаа. Давхар орж үзэхсэн гэж бодож байгаа төрөл бас бий, тэрийг одоогоор хэлээд яах вэ. Улсын аварга шалгаруулах тэмцээний дараагаар Азийн аварга шалгаруулах тэмцээн товлогдоод байгаа юм билээ.  Түүнд оролцох юмсан гэж бодож байгаа. Ямартай ч ойрын таван жилдээ тэмцээн, уралдаанд оролцоод явъя гэсэн бодол төрсөн. Сая бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болсон С.Дуламрагчаа бол 55 настайдаа  энэ амжилтад хүрлээ.  Ер нь энэ  спортоор хичээллэхэд нас  оройтохгүй юм байна лээ. Гэхдээ дотроо насны ангилалтай, мастер ангилалд оролцоход 40-өөс дээш насныханд боломж бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.28 МЯГМАР № 255 (6732)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин