Б.БЯМБАЖАРГАЛ
Хот орчмын хөхтөн амьтдын тархац, нөөцийн энэ оны судалгаагаар халиун буга, бор гөрөөс, янгир ямаа, монгол тарваганы тоо толгой өсжээ. Тухайлбал, Нийслэлийн байгаль орчны газар, “Авралын эрэлд” компани хамтран гүйцэтгэсэн хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөлөл, тархац, нөөцийн судалгаагаар хийсэн аж.
Судалгаагаар Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна.
Бүртгэгдсэн хөхтөн амьтдыг багаар нь авч үзвэл таван шавж идэштэн, таван гар далавчтан, таван туулай хэлбэртэн, 22 мэрэгчтэн, 14 мах идэштэн, 7 туруутан зүйл байгаа аж. Дэлхийн Байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуур үзүүлэлтээр олон улсын хэмжээнд есөн хувь нь ховордож болзошгүй, гурван хувь нь эмзэг ангиллын амьтад байгаа бол бүс нутгийн хэмжээнд 12 хувь нь ховордож болзошгүй, 12 хувь устаж болзошгүй, хоёр хувь эмзэг ангиллынх аж. Хот орчмын хөхтөн амьтдын 2016 оны судалгаагаар тэмдэглэгдээгүй буурал таван сармаахай, дагуур зурам, өргөөнч оготно, ойн хөвхөлжин, аргаль хонь зэргийг шинээр тэмдэглэжээ.
Түүнчлэн нийслэлийн долоон дүүргийн газар нутгийн 62.5 хувь өөрчлөгдөж хот орчмын хөхтөн амьтан идээшлэх боломжгүй, газар нутгийн хуваагдалд оржээ. Үүнээс харахад зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн ойн сан бүхий газарт газар олгохыг хориглох, зуслангийн хашааг нэгдсэн стандарттай болгох, зэрлэг нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах шаардлагатайг Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ. Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг. Тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой.