Т.БАТСАЙХАН
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийд зарласан түүхэн өдөр. Арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн хэмээн үздэг түүхэн улбаатай билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр 113 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт хүслээ. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Гавьяат багш цолоор:
•Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан, багш Г. Дагва
•МУИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн ахмад багш, доктор, профессор Ц.Цэвээн
•Нийслэлийн Ерөнхий боловсролын 86 дугаар сургуулийн ахмад багш С.Билэгмаа
•МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх, доктор, дэд профессор Д.Түмэнжаргал
Гавьяат хуульч цолоор:
•Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч Б.Шатар
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
•ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүй
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
•Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төвийн захирал асан И.Буянхишиг
•Монголын “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Лхамсүрэн
•Найруулагч, Гэрлэх ёслолын ордны захирал М.Уянга
•Монголын үндэсний музейн захирал Б.Сарантуяа
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
•СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн зөвлөх багш, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Д.Энхцэцэг
Байгаль, орчны гавьяат ажилтан цолоор:
•Орхон аймаг дахь Байгаль хамгаалах зөвлөлийн дарга, ойжуулагч Ж. Баярсайхан,
•“Эко Монгол эрдэнэ” МСҮТ-ийн захирал, дэд профессор Л.Эрдэнэтөгс
Хүний гавьяат эмч цолоор:
•АШУҮИС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Л.Ганболд
•Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ахмад эмч, клиникийн профессор Ж.Янжмаа,
•Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор Д.Чулуунбаатар,
•“Өргөө” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Х.Оюунгэрэл,
•“Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ц.Батболд,
•“Бид” эмнэлгийн эрхлэгч, чих, хамар, хоолойн их эмч Д.Итгэл
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
•Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувиллын захирал, хүний их эмч Д.Атармаа,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
•Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга асан М.Оюунбат,
•Хэнтий аймгийн Засаг дарга асан Ч.Эрдэнэбаатар,
•Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр,
•Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Б.Батболд,
Гавьяат барилгачин цолоор:
•Барилга хөгжлийн төвийн хэлтсийн дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер Л.Баярсайхан,
•“Мишээл групп” ХХК-ийн ерөнхий инженер, Монгол Улсын Зөвлөх инженер Н.Нямдорж
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
•“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга П.Батболор,
•“Платинум Ланд” ХХК-ийн зөвлөх Ё. Гажидмаа,
Гавьяат жүжигчин цолоор:
•УДБЭТ-ын балетын гоцлол бүжигчин Г.Батчимэг
Гавьяат дасгалжуулагч цолоор:
•Монголын хоккейн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хоккейн багш дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Арслангийн Мэргэн,
Гавьяат тамирчин цолоор:
•Гардан тулааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер М.Баттүшиг нар тус тус шагналаа.
Дипломат цол хүртээлээ:
Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дипломат цол хүртээлээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг:
•Б.Гомбо Ахмад дипломатч,
•О.Нямдаваа Ахмад дипломатч,
•Ц.Батбаяр Ахмад дипломатч,
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг:
•Д.Балжинням Ахмад дипломатч,
•Р.Баасан Ахмад дипломатч,
•Ц. Нямсүрэн Ахмад дипломатч,
•Д.Ганбат Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
•Б. Дорж Гадаад харилцааны яамны Бодлогын газрын зөвлөх
•О.Очирмаа Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын зөвлөх,
•В. Энхболд Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх нарт хүртээв.
"Шажны хааны шүтээн" тусгай үзэсгэлэн гаргалаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейгээс "Шажны хааны шүтээн" тусгай үзэсгэлэнг толилууллаа. Энэ үеэр Богд хааны хөшөөнд цэцэг өргөж, Д.Жавзандорж (Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба) Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд мандал өргөлөө. Музейн сан хөмрөгөөс үзэсгэлэнд 60 гаруй үзмэр дэлгэж байгаагийн дотор VIII Богд Жавзандамбын гол шүтээн бурхад багтсан нь онцлох үзмэр болж байна. VIII Богд Жавзандамба хутагт бээр Монгол Улсын хувь заяаны түүхэн ээдрээтэй цаг үед Монголын төрийн тусгаар тогтнолыг анх зориглон тогтоосноор, Манж Чин улсын бүрэлдэхүүнд байсан хятад, манж, төвд, уйгур, монгол таван үндэстнээс монголчууд ганцаар бие даасан төр улсаа байгуулж чадсан түүхтэй. Энэ өдөр мөн Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон Жанлавцогзол номыг монгол хэлээр унших ёслол Монгол бөхийн өргөөнд болох юм. Түүнчлэн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болов.
О.Батсайхан: Тухайн үед үндэсний дархлаа сайн байсан
Үндэсний номын сан, Америкийн монгол судлалын төв, Дилав хутагт сангаас хамтран "Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэн ба Богд хаан" цахим илтгэл хүргэлээ. Төрийн соёрхолт түүхч, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Өнөөдөр бол Монголын тусгаар тогтнолын бахархлын өдөр юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсан юм. Өмнөд Монгол Манжид дагаар орсноос хойш 275 жилийн дараа, Халх Монгол Манжид дагаар орсноос хойш 220 жилийн дараа, Зүүн гар буюу ойрадууд Манжид хүчээр эзлэгдсэнээс даруй 150 жилийн дараа Монголчууд нар үзэж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн. Бурхан шашны тэргүүн Богд ламыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол Хүрээний төв талбайд болсон түүхтэй. Энэ нь дэлхий дахинд Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт дахин сэргэн мандлаа хэмээн тунхаглан зарласан хэрэг юм. Монголчууд 110 гаруй жилийн тэртээ үндэстнээрээ хөдөлсөн нь тухайн үед үндэсний дархлаа сайн байсны илрэл гэж хэлж болно” гэлээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, оны шилдэг бүтээлийн “Алтан өд-2011”-ийн эзэн зохиолч Ц.Түмэнбаяр: “УЛСЫН ЦОЛ МОНГОЛ”
-Би “Тусгаар тогтнолын төлөө”, “Улсын цол Монгол” хэмээх телевизийн гурав гурван ангит жүжиг туурвисан. Би “Засгийн газрын мэдээ”, сүүлд “Зууны мэдээ” болсон сонинд ажиллаж байлаа. “Зууны мэдээ” сониноос ХХ зууны манлайнууд, мөн онцлох улс төрийн үйл явдлыг тодруулж нийтлэл бичиж байсан. Тэр үед надад урлаг соёлын алдартнууд, жүжиг кино, түүхийн үйл явдлыг бичих даалгавар өгч байв. Би 1911 оны Эрх чөлөөний хувьсгалыг улс төрийн онцлох үйл явдлаар тодруулахыг хүсэж байсан хэдий ч манай сонины эрхлэгч МАХН-ын гишүүн хүн, сонин хувьд гарсан учраас 1921 оны Ардын хувьсгалыг “ХХ зууны улс төрийн онцлох үйл явдал”-аар тодруулахаар тогтсон юм. Тиймээс би Н.Ишжамц, Ч.Далай, Ш.Нацагдорж, Г.Дашням зэрэг түүх докторуудтай ярилцаж байв. Бүгд л 1911 оныг онцлох сонирхолтой байсан. Академич Ишжамц доктортой ярихад: “Танай сонин аль оны үйл явдлыг онцлох гэж байна” гэхэд нь би “1921 он, Та энэ талаар надад хэлж өгөх үү?” гэхэд “1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байгаагүй бол 1921 оны Ардын хувьсгал ч гэж байхгүй, 1990 оны Ардчилсан хувьсгал ч гэж байхгүй” гээд утсаа тасалж билээ.
Тиймээс би энэ 1911 оны хувьсгалыг ямар нэгэн байдлаар олон нийтэд хүртээл болгох бүтээл хийнэ дээ гэж өөртөө хэлсэн юм. Хэдийгээр түүхчдийн хүрээнд 1911 оны хичнээн чухал болохыг хүлээн зөвшөөрдөг ч улс төрийн нөхцөл байдлаас төдийлөн нарийвчилсан судлагааг хэвлэн нийтлэх нь хориотой байлаа. Харин 1997 оны түүхч Л.Жамсран “Монголын үндэсний тусгаар тогтнолын сэргэлт” хэмээх жижигхэн хэмжээтэй ч өргөн агуулгатай бүтээл хэвлэгдсэн юм. Дараа нь 2010-2011 онд О.Батсайхан нарийвчилсан судалгаагаар дорвитой бүтээл хийсэн. Түүгээрээ ч Төрийн шагнал хүртсэн. Батсайханы ном, бас архивын баримт, түүхч доктор Гонгорын Дашнямын зөвлөгөөгөөр жүжгээ бичиж хүслээ биелүүлсэн. Түүний өмнө 2011 онд “Тусгаар тогтнолын төлөө” хэмээн гурван бүлэгт теле жүжгээ МҮОНТ-д зориулж бичсэн. Хоёр жүжгийн найруулагчаар Үндэсний телевизийн найруулагч Ц.Туяа ажилласан. “Талын хөх чоно” хэмээх дуугаар энэ хоёр жүжгийн дуу болгосон, Хөгжмийг одоогийн МУУГЗ Шатарын Өлзийбаяр бичсэн юм. Хоёр жүжигт Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Г.Равдан, МУСТА Н.Ялалт зэрэг олон авьяаслаг жүжигчид тоглосон. Ардын жүжигчин төрийн шагналт Бирваагийн Мөнхдорж зөвлөх найруулагчаар ажиллаж, Д.Өлзийбаатар, Г.Дашням нар түүхийн зөвлөхөөр ажилласан билээ.
Жүжиг “...1911-12-29-нд Дайчин улсад илгээсэн "Мэдтүгэй" хэмээх бичигт: "...Богдыг эзэнд өргөмжилж, улсын цолыг Монгол хэмээж, умар зүгийн орон газрыг уул эзэн нь хураан авч бүрэн болгон батлав. Мэдтүгэй." хэмээн уншиж төгсдөг.
Энэ жүжгээрээ өмнө нь хаалттай байсан үнэн түүхээ залуу үе минь мэдээсэй, эх орон тусгаар тогтнолоо Манлай ван Дамдинсүрэнгийн хэлснээр “Өвөг дээдсийн минь яс цусан дээр тогтсон”-ыг үргэлж санаж, тэднээрээ бахархаж, хайрлаж, уламжилж яваасай хэмээн хүссэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 252 (7496)