Д.ЦЭРЭННАДМИД
Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд ЗХУ-ын /хуучнаар/ Одесс хотын их сургуулийг геоботаникч мэргэжлээр төгсгөсөн. Ирээд л ХААДС-д багшаар томилогдсоноос хойш 40 гаруй жил судлаач багшаар тогтвортой ажиллаж байна. Дунд нь 2011-2013 онд Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга дараа нь ургамлын нөөцийн секцийн эрхлэгчийн алба хашсан. Япон улсын Хокейдогийн их сургуульд 1997 онд магистр, 2000 онд докторын зэргийг хамгаалсан. Одоо ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн газар тариалан, хөрс судлалын тэнхимийн профессор, Эко системийн судлалын төвийн эрхлэгч, багш юм. Бэлчээр судлалаар дагнан ажилладаг энэ эрдэмтэнтэй төсөрхөн ярилцлаа.
-Та эхлээд бэлчээрийн тухай ерөнхий ойлголтыг товчхон өгнө үү?
-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 66 илүү хувь буюу 100.9 сая га бэлчээр бий.
Бэлчээр нь зөвхөн ургамлын бүрхэвч ямар байх вэ гэдгийн илэрхийлэл төдий биш ургамал ус, хужир, уур амьсгал, газрын байдал зэрэг малын ашиг шимд нөлөөлөгч байгалийн хүчин зүйлүүдийн цогц нийлбэр гэж болно. Бэлчээр үржил шимтэй байна уу, үгүй юу гэдгийг тэнд ургасан ургамлаар тодорхойлно. Цаашлаад хөрс нь чийгтэй юм уу, булаг шанд нь хэвийн байна уу гэдэг ч бэлчээрийн ургамлаас хамааралтай гэсэн үг. Бэлчээр нь маш олон талын ач холбогдолтой. Бэлчээрийг мал, малчин хоёрт л хамааралтай мэтээр өнгөц ойлгох тал бий. Гэтэл бэлчээр сайн байвал мал аж ахуйн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн бүрт хамаарч байгаа юм. Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт цөлжилт, бас буруу ашигласнаас шалтгаалаад бэлчээр доройтож, хүрэлцээ муудах боллоо. Үүнд төр, засаг, иргэн бүр санаа зовох учиртай. Ер нь бэлчээргүй боллоо гэж бодоод үзье л дээ. Энэ 70 сая малаа хаа бэлчээх вэ. Нөгөөтэйгүүр Цагаан хувьсгал Хүнсний хувьсгал гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс нь органик цэвэр гаралтай мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явц сайн байх нь чухал. Бүр цаашлаад эдийн засгаа солонгоруулна гэдэг. Тэр солонгоны тод өнгө нь мал аж ахуй шүү дээ. Иймээс 40-өөд жил эрдмийн ажил судалгаа хийж яваа миний хувьд Монголын төр, засаг бэлчээрт дорвитой анхаараасай гэж бодож явдаг.
-Бэлчээр хүн бүрд хамааралтай гэдгийг та хэллээ. Хүмүүс энэ тухай сонирхдог л доо. Тэгэхээр Монголын нутаг өнөөдөр ямар байгаа вэ?
-Улсын хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлолгүй даруй 14 жил өнгөрч байна. Урьд нь тодорхойлж байсан. 2001-2010 онд хоёр ч удаа Монгол Улсын бэлчээрийн төлөв, хянан баталгаа гэж гаргасан. Тэгтэл 2010 оноос хойш энэ ажил зогссон. Төсөв байхгүй. Иймээс бэлчээр ямар байгааг харах цонх хаагдсан гэсэн үг. Энэ талын судалгаа шинжилгээ хийе гэхээр ямар хөзрөөр тоглохоо мэдэх аргагүй болж. Төлөв байдлыг нь харах юм бол бэлчээрийн аль хэсэгт нь анхаарах, хөрөнгө хаях шаардлагатай байна гэдгийг мэдэж болохсон.
-Үүнээс болоод мал аж ахуйн мэргэжилтэн, бэлчээр судлаач та бүхний ажил зогслоо гэсэн үг үү?
-Яг тийм биш. Бид монгол орны хүн, мал хамгийн ихээр төвлөрсөн нутгийн бэлчээрт мониторинг судалгаа хийж л байна. Эндээс бэлчээрийг хүчтэй, дунд, хэт доройтсон гэж ангилаад таамаг дэвшүүлж үзсэн. Хүчтэй доройтсон нь дунд хэсэг рүүгээ, дунд хэсэг нь сул доройтсон руугаа шилжих байх гэсэн хүлээлт байсан ч тийм зүйл ашиглагдаагүй. Харин хүчтэй доройтсон хэсэг нь сэргэх хандлага ажиглагдсан. Бэлчээрийн төлөв байдлын 2010 оны судалгаагаар 25 орчим сая га бэлчээр доройтсон гэж гарсан байдаг юм. Тэр доройтлыг арилгахын тулд уг бэлчээрийг 20 жил малын хөлөөс чөлөөлсөн нөхцөлд сэргэнэ гэдэг. Тэгвэл манай нөхцөлд тийм олон жил бүр цөөн жил ч гэлээ малаа бэлчээхгүй байх боломж огт байхгүй. Тиймээс тэр 25 сая га бэлчээрийн 65 хувийг нь сэргээж чадахгүй гэсэн үг.
-Яагаад сэргээх боломжгүй гэж. Уг нь ургаж төлжиж байсан газар нь бэлчээр гэвэл ямар хариулт өгөх вэ?
-Хашчихаад байхад сэргэхгүй байгаа юм. Яагаад сэргэхгүй байна гэвэл тэнд байгаа ургамлуудын үндэс нь сэргэх чадваргүй болчихсон байдаг. Мөн төрөл зүйл нь эрс цөөрсөн. Дараагийн шалтгаан нь ургамал үндэснээсээ гадна үрээрээ өтгөрч сэргэх учиртай. Гэтэл үр нь алга. Тэр ургамлын үрлэх чадварыг бас үгүй болгосон байх жишээтэй. Ургамлын өсөлт гүйцсэн цагтаа үрээ боловсруулдаг. Гэтэл тэр цагаас өмнө бэлчээрийн ургамлыг идээд талхалчихаж байгаа шүү дээ. Газрын тухай хууль гэж бий. Арай л гайгүй хэрэгждэг хууль л даа. Уг хуульд бэлчээртэй холбоотой ганц л заалт бий. Хуулийн 52-т бэлчээрийг өвөл, хаврын цагт хуваарьтай, зун, намрын улиралд нийтээр ашиглана гэсэн байдаг. Тэгээд нийтээр ашиглана гэхээр чинь ургамлын ид өсөж ургаж байгаа үед өрсөөд малдаа идүүлчих гэсэн үг болж таараад байгаа юм. Энэ бол амьдралд зохицохгүй заалт болоод байна. Хууль өөрөө сул дорой байна гэдгийн илэрхийлэл энэ. Ер нь төрөөс гаргаж байгаа хууль, шийдвэрийг харахад бэлчээрийг газраар нь зохицуулах санаа яваад байх шиг. Гэтэл бас сөрөг зүйл ажиглагддаг. Үүнээс нэгийг нь хэлэхэд газар нь улсынх, мал нь хувийнх болохоор зөрчилдөөн гараад байгаа тал бий. Улсын буюу нэгдлийн малтай байсан хугацаа бол ердөө 30 жил. Бусад цаг үед нь мал хувьд, монголчууд нүүдэлчин маягаар л амьдарч ирлээ шүү дээ.
-Бэлчээрийн талаар төр, засгаас анхаарал сул тавьж байна уу гэж санагддаг?
-Төр, засгаас бэлчээрийн талаар ямарч бодлого алга гэж хэлэхэд буруудахгүй байх. Эрх зүйн зохицуулалт ч тааруу. Газрын тухай хуульд ганцхан заалт бий гэж дээр хэлсэн. Хадлан гэж яривал ганц нэг заалт нэмэгдэх. Ийм л ядуу байгаа юм. Эрх зүйн зохицуулалтаас гадна бодлого хэрэгжүүлэхэд чинь албаны бүтэц чухал. Монгол улс 1.5 сая га талбайд газар тариалан эрхэлдэг. Яаманд эрхэлсэн газартай. Асар их хөрөнгө хаядаг.
-Гэтэл газар тариалангийнхаас 100 дахин илүү 106 сая га бэлчээрийг яагаад анхаардаггүй юм бэ?
-Яаманд мал аж ахуйн бодлого зохицуулалтын газар гэж бий. Тэнд нэг мэргэжилтэн зөвхөн бэлчээр биш худаг ус, өвөлжилт, хаваржилт бүхнийг хариуцдаг. Уг нь бэлчээр хариуцсан агентлаг байвал зүгээр санагддаг. Урьд нь бэлчээр тэжээлийн хүрээлэн гэж байсан. Түүнийг татан буулгаад мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд аваачаад "наачихсан". Дайврын юм шиг. Аймаг, суманд бэлчээр газар тариалан хариуцсан хүнтэй болгосон нэг сайн тал бий. Гэтэл тэнд нь мэргэжлийн хүн байхгүй байна. Манай сургууль бэлчээр тэжээлийн агрономич мэргэжлээр анги нээсэн ч суралцагч ховор байх юм. Тиймээс бэлчээрийн асуудал бүр гээгдэх аюулд ороод байна.
-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70.1 хувь нь бэлчээр гэдэг. Гэтэл бэлчээрийн даац хэтэрлээ гэх болсон. Яагаад вэ?
-Бэлчээрийн даац гэдэг чинь тухайн хэмжээний бэлчээр нутаг дээр тийм хэмжээний мал байвал мал нь ам дүүрэн, тарга тэвээрэг сайн авч ашиг шим нь арвин байна гэсэн утга агуулдаг. Ингээд ХАА-н байгууллагаас өвөл, хаврын бэлчээрийн даацыг судалж тодорхойлж байна л даа. Өнөөдөр монголын хүн амын 80 гаруй хувь, малын 50 гаруй хувь нь хамгийн сайхан өвс ургамалтай, усны хангамж сайтай төв нутгийн хойд хэсэгт төвлөрчихсөн байна. 100 мянган мал бэлчээрлэх газарт 500 мянган мал байна. Үүнээс болж даац хэтэрсэн тухай яригдах болсон. Бэлчээрийн даац хэтрэхээр юунд хүргэдэг вэ гэвэл өвс ургамлын ургаж, төлжих, нөхөн сэргээх чадвар алдагдана. Тэгэхээр мал нь авах ёстой шим тэжээлээ бүрэн авч чадахгүй болно. Ингэхээр малын тэсвэрт чанар буурч өвөл, хаврын хүйтнийг давах чадвар нь үгүй болно. Мал давжаарна, элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх нь амархан болно. Эцэст нь хүн амын амьжиргаа, хүнсний хангамжид муугаар нөлөөлнө. Бэлчээрийн даац хэтрэх нь олон сөрөг нөлөөтэй. Бэлчээр хөөж нүүж суух уламжлал ч алдагдаж байгаа юм.
-Малыг хэт өсгөснөөс болж бэлчээрийн доройтол их боллоо. Энэ тал дээр таны бодол...?
-Бэлчээрийн асуудал чинь их олон талтай л даа. Яагаад гэхээр хүмүүс тав тухыг харж төвлөрөл үүсгэж байна. Хангайнхан гол мөрөн нуур бараадаж, говийнхон худаг усандаа татагдаж төвлөрдөг. Энэ нь бэлчээрийн хүрэлцээнд нөлөөлж байгаа юм. Түүнээс биш Монгол Улс даяар малын тоо хэтэрсэн юм биш. Бэлчээрийн даацыг жилийн жилд тодорхойлоод явдаг. Одоогийн байдлаар хангайн бүсэд хүн, малын асар их төвлөрөл үүссэнээс бэлчээрийн даац муудаад байгаа нь үнэн. Хааш хашаа 500 метр газарт 700-900 мал байна шүү дээ. Эцэст хэлэхэд бэлчээр ашиглалтын үнэлгээ гэдэг юмыг л улсын хэмжээнд хиймээр байгаа юм. Энэ нь хүн төрөлхтний соёлын асар их өвийг тээж яваа Монголын мал аж ахуйг зөв залахад хэрэгтэй.
-За тэгвэл нэг маргаан дагуулсан асуудал бий. Наран Сэвстэйн боомтыг нээхээр боллоо гэхтэй зэрэгцээд эрдэмтэд, байгаль орчны талынхан нэлээд эсэргүүцэж байна. Та үүнд ямар байр суурьтай байна?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Наран Сэвстэйн боомтыг ашиглалтад оруулна гэсэн заалт орсон. Миний хувьд үүний эсрэг байр суурин дээр зогсогчийн нэг. Яагаад гэхээр би ургамал судлаачийн хувьд тэр нутагт олон жил судалгаа хийсэн. Нөгөө талаар тэндэхийн уугуул иргэн болохоор эсрэг байгаа юм. Дэлхий дээр хүний гар хүрээгүй онгон дагшнаараа үлдсэн тэр газрыг өмнөх үеийнхэн маань ухаалгаар хэвээр нь байлгаж 50 жил хамгаалсан. Алтай өвөр говь гэдэг маш өвөрмөц, нарийн тогтолцоотой нутаг. Ургамал талаасаа үзэх юм бол тэнд хээржүү цөл, бүсийн хэмжээний цөл, голдуу цөл гэсэн гурван шинжийг хадгалдаг. Нөгөө гэвэл дэлхийд маш ховор, устах аюулд орсон мазаалай, хавтгай тэмээ тэнд цөөн тоогоор бий. Өөр газар нутагт байхгүй амьтад. Дээр нь Аргаль, янгир, хулан гээд гайхамшгууд байдаг. Тэр дархан газрын амьтад чинь дэндүү соргог. Боомт нээгээд машин хүн хөлхөөд ирэхээр яахав. Дайжна. Ууж дассан ус, иддэг цөөн төрлийн идэшнээсээ холдоно. Амьдрах хэмнэл нь алдагдана. Цаашлаад устана гэсэн үг. 1933 онд энэ боомтыг түр нээсэн үед хавтгай гэхэд сүрэг сүргээрээ хил давсан. Буцаж орж ирээгүй гэж байгаль хамгаалагч нь ярьж байна лээ. Бас нэгийг хэлэхэд энэ нутгийн хөрс нь гүйцэд боловсроогүй маш эмзэг. Тийм хөрс гэмтэх юм бол эргээд сэргэдэггүй, нэг см хэмжээтэй хөрс 100-1000 жилд бий болдог гэдэг. Мөн тэнд үүссэн эртний үлдвэр ургамлууд бий. Тэр ургамлууд хамгийн ядмаг хөрсөнд ургасан хэрнээ ямар ч халуун ганд тэсэж чадна. Бид ирээдүйд тэр ургамлуудын генийг шилжүүлж аваад тохирсон хөрсөнд нь ургуулаад ган халуунд тэсвэртэй шинэ төрлийн ургамал гаргаж авч болох юм шүү дээ. Дэлхийн өв санд бүртгэгдсэн 4.6 сая га энэ дархан газар маань 15-д эрэмблэгддэг гэдэг. Ийм газраа онгон дагшнаар нь авч үлдэх ухаан алга уу л гэж хэлэх байна. Албаныхан тэр дархан газрын захаар нь 640 км зам тавина. Аюулгүй гэж хэлэхийг сонссон. Тийм биш. Наад зах нь 640 км замыг ер нь хэдэн жил барих бол гээд боддоо. Наахна талд нь Бургастайн боомтоор гарахын тулд 300-хан км явна шүү дээ. За тэгээд албаныхан бас нэг хэлдэг юм нь баруун бүсийн иргэдийн амьжиргааг сайжруулна гэдэг. Энэ бол тун өрөөсгөл ойлголт. Тиймээс Наран Сэвстэйн боомтыг нээнэ гэдэг тун харалган шийдвэр гэдгийг бэлчээр, ургамал судлаач хүний хувьд шууд хэлчихье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 251 (7495)