Ц.Эрдэмбилэг: Клуб, сургалтын төвүүдийг олноор байгуулснаар спорт хөгждөг

2021-11-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Даам бол оюуны спорт юм. Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа 100 буудалт даамын спортын мастер, дасгалжуулагч Ц.Эрдэмбилэгийг урьж ярилцлаа.

 

-Хэдэн оноос хойш даамын спортоор хичээллэж эхлэв. Яагаад энэ спортыг сонгох болсон талаар яриагаа эхэлье?

-Энэ спорттой холбогдсон хүчин зүйл нь миний аавтай холбоотой. Аав маань 1989 онд Дундговь аймагт математикийн багшаар ажиллаж байхдаа 100 буудалт даамыг сурсан гэдэг. Тамирчин хүн спортыг оройтож сурах нь хэрэггүй гээд аав биднийг 1991 оноос энэ спортод дурлуулж зааж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тоглоод, түүнийхээ хажуугаар хүүхдүүдийг дасгалжуулаад явж байна.

-Танай гэр бүлийнхэн энэ спортоор хичээллэдэг гэж сонссон?

-Бид нэг спортоор хичээллэж өссөн гэр бүлийн хүмүүс. Тэр дундаа манай эмэгтэй дүү, спортын мастер Ц.Энхзаяа 2000 оны Азийн хүүхдийн спортын наадамд оролцсоноор манай гэр бүлийнхэн энэ спортод гүн орсон. Аав анх даам заахдаа бид хоёрын дунд 100 төгрөг өгөөд хэн олон хожсон нь авна гээд тэмцээн зохиодог байсан. Ихэнхдээ би хожно. Зарим үед бууж өгнө гээд л байнга тоглодог байсан бол одоо дүүгээ хожихгүй болсон. Бага дүү Ц.Отгонбаатарын хувьд олон улсын спортын мастер цолтой залуу бий. Одоо Японд ажил хийхийн хажуугаар даамаараа суралцаад явж байгаа.

-Цар тахал гарч спортын бүх тэмцээн уралдаан зогслоо. Даамын хувьд дотоод, гадаадын ямар тэмцээнүүд цуцлагдав. Төлөвлөсөн ямар ажлууд хойшлогдов?

-2019 оны нэгдүгээр сард Монголын даамын холбооноос улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн, дээд лигийн цуврал, Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн тэмцээнийг зохион байгуулсан. Түүнээс хойш 2-4 дүгээр сард болох байсан бүх тэмцээн цуцлагдсан. Мөн ААШТ хүртэл цуцлагдлаа. Зарим тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байсан ч болсонгүй. 

-Өөрийн тоглолтын онцлогоос танилцуулбал?

-Комбинац гаргаж тоглох дуртай учир битүү байрлалд тоглодог. Хүмүүс гараанаасаа эхлээд солилцоод явдаг бол би эсрэгээрээ тоглохыг хичээдэг. Одоогоор Монголынхоо шилдэг мастеруудтай таарч тоглоход айхгүй хожино гэж нүүдэг ч уначихдаг. Энэ нь өөрийн арга барилаа илүү сайжруулахад хэрэгтэй.

-Тэмцээнд орж байхдаа тархиа хэрхэн амраадаг вэ. Өөрийн гэсэн арга барил бий юу?

-Бэлтгэлээ хийж байгаад тоглолт эхлэхийн өмнөх өдөр нь амарна. Мөн салхинд гардаг. Цэвэр агаарт гараад нэг хоног амарна. Гол нь тайван байх хэрэгтэй. Том тэмцээний хариуцлагатай тоглолтын өмнө унтаж чадахгүй үе ч байдаг. Заримдаа тэмцээн огт бодогдохгүй үе ч бий.

-Тамирчид удаан хугацаанд бэлтгэл хийхгүй, тэмцээнд оролцохгүй байхаар формоо алдах гээд асуудал ихтэй байх уу?

-Удаан тоглохгүй байж байгаад тэмцээнд ороход сандардаг. Байнгын бэлтгэлгүй байхаар өмнө нь мэддэг, чаддаг байсан зүйлдээ эргэлздэг. Мэддэг нүүдлүүдээ хүртэл удаан бодох ч юм уу. Гэхдээ бэлтгэл дээр бусад тамирчнаас бага нөлөөлөх болов уу гэж бодож байна. Мэдээж өөрөөсөө илүү, ижил түвшний хүмүүстэй хамт бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй ч ганцаараа бэлтгэл хийхдээ илүү ашигтай байдаг тамирчин бас бий. Тухайн хүнээсээ шалтгаална. Бөх гэхэд хөлсөө гаргаж, өрсөлдөгчтэй барилдахгүй бол бэлтгэл болдоггүй. Харин даамын хувьд харьцангуй өөр. Ширээ, сандал байхад л бэлтгэлээ хийчихнэ. Дэлхийн даамын холбооноос цахим тэмцээнүүд явуулж туршилт хийж байгаа. Даам, шатарт цахимаар тоглолт хийдэг болохоор бусад төрлөөс энэ хорионы үед илүү давуу байгаа. Хоёр хүн хөлгийн араас дэлхийн аль ч өнцгөөс тоглож чадна. Хажууд нь шүүгч байхгүй болохоор программ ашиглаж байна уу, ном харж байна уу гэдэг нь л мэдэгдэхгүй болохоос тэмцээн болж байгаа.

-Зарим улсын даамчид сайжирч байгаа нь тэнд хангалт сайн, тамирчдын цалин тэтгэмж өндөр байдаг байх. Харин манайд зөвхөн даамаа тоглоод амьдралаа аваад явах боломж байдаг уу?

-Тийм боломж хомс. Олимпийн бус спорт, үзэгчгүй спорт гэдэг. Гэхдээ холбоо, даамчид ч тийм боломж үүсгэхийн төлөө ажиллаж байна. Ямар нэгэн спорт хөгжихийн тулд клуб, сургалтын төвүүдийг олноор байгуулах хэрэгтэй. Сүүлийн үед эцэг эхчүүд ч ойлгодог болсон. Хүүхдүүдээ их мастер, олон улсын хэмжээний мастеруудад шавь оруулдаг болсон. Тэр чинээгээр даамчдын ур чадвар нэмэгдэж байна. Уйгагүй ажиллаж байж энэ байдал өөрчлөгдөнө.   

-Та дасгалжуулагч болсон талаараа ярихгүй юу?

-2019 онд Улсын аваргын тэмцээний дараа хэдэн хүүхдэд сургалт орж эхлэхээр болсон. Эхний хэдэн өдөр бодолтууд зааж байгаад ганц хоёр тоглуулна. Хамгийн их хожсонд нь даамаа өгч шагнадаг байлаа.  

-Шавь нартаа байнга хэлж, сургадаг үг?

-Нүүснийхээ дараа харамсах биш, нүүхээсээ өмнө дахин нэг бодож үз гэж хэлдэг. Би өөрөө яарч нүүгээд ялагдаж байсан тохиолдол олон байдаг. Түргэн нүүдэг болохоор алдаа гаргана. Ийм ялагдлыг сайн мэднэ. Ялалтаа алдах, тэнцэх байснаа хожигдох тохиолдол байлаа. Тиймээс шавь нартаа илүү няхуур байгаарай гэж захьдаг. Даамыг тоглож сурах шиг амархан зүйл байхгүй. Даамыг зөв тоглож сурах шиг хэцүү юм байхгүй гэсэн үг байдаг.

-Даам насны хязгааргүй спорт уу эсвэл залуу насандаа амжилт гаргадаг гэж боддог уу?

-Оюун ухааны спорт тул насны хязгаар гэж байхгүй гэж боддог. Даам байнга тоглодог хүний тархи сийрэг байдаг. Өөрсдөө тархиа яаж амраах, сэргээх вэ гэдгээ сайн мэддэг. Бусад спортыг бодвол даам, шатрын спорт биеэ зөв авч яваад, бэлтгэлээ сайн хийвэл олон жил өндөр түвшинд өрсөлдөх боломжтой.

-Даам таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Даам ухаан хөгжүүлж, зан, төлөвт эерэгээр нөлөөлдөг. Би аливаа асуудалд нухацтай, эргэлзэхгүй зөв шийдвэр гаргадаг болсон. Саад бэрхшээлээс шантардаггүй, өөртөө итгэлтэй, хичээнгүй зан минь алхам тутамд хэрэг болдог. Энэ бүхэн ажилд хандах хандлагаас минь ч анзаарагддаг.

-Ширээний ард суугаад өрсөлдөгчөө харах үед ямар мэдрэмж төрдөг бол?

-Тоглолт эхлэхээс өмнө өөрөөсөө ур чадвараар илүү байж мэдэх өрсөлдөгчөө хараад бага зэрэг айдас төрнө. Эсвэл өөртөө итгэлтэй, тайван байдал ч мэдрэгдэнэ. Мэдрэмж бол түр зуурын зүйл, тоглолтын явцад өөрчлөгдөх боломжтой.

-Шийдвэрлэх тоглолтуудын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэддэг вэ?

-Их мастер цолтой тамирчид сэтгэл догдлолоо тэмцээнд аль болох харуулдаггүй. Харин өсвөр насны тамирчдаас нүүрний хувирал их ажиглагддаг. Хожих дөхөхөөрөө босож гүйнэ, тоглолт дуусаагүй байхад түрүүлсэн мэт баярлаж хөөрнө. Зарим нь хожигдох дөхөхөөрөө шарандаа уйлна. Тиймээс хамгийн гол нь тайван байх гэсэн зүйлийг баримталж тэмцээнд оролцдог.

-Даам тоглодог хүн тайван, хүлээцтэй байдаг. Энэ хандлага амьдралынх нь шийдвэрт нөлөөлдөг нь анзаарагдсан?

-Спорт хүнийг хүмүүжүүлж, хөгжүүлдэг. Даамын спорт сэтгэн бодох чадварт сургадаг. Оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүд муу суралцаж байхыг хараагүй. Шатар, даам анхаарлаа төвлөрүүлж тоглохыг шаарддаг болохоор эхлээд сууж сурдаг. Юмыг олон талаас нь харьцуулан бодох гүйлгээ ухаанд сургадаг. Аливаа асуудалд нухацтай хандан, эргэлзэхгүй зөв шийдвэр гаргадаг болно. Жүдо, бокс бие бялдрын хөгжилд сайн байдаг шиг даам зан чанарт эергээр нөлөөлдөг. Даам тоглоход ганц нүүдэл хийдэггүй, нүүдэл хийх бүрт олон талаас нь харьцуулан бодож, хожихын төлөө ухаан зарна. Энэ бүхэн амьдрал, ажилд хандах хандлагад хүртэл анзаарагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.2 МЯГМАР № 215 (6692)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин