Ч.Ганхуяг: Хүчтэй уухайлаад дэлхийн тавцанд өрсөлдье

2021-11-02
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.БАЯР

 

Крипто үндэстэн болох мөс хагалах эхлэлийг таван жилийн өмнө тавьж байсан Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн крипто валютын талаарх нийтлэлийг хүргэж байна.

 

-Биткойн, Ардкойн гээд ажлыг эхлүүлээд таван жил болжээ. Анх гарахдаа л энэ зам дардан амар байхгүй гэдгийг бид ухамсарлаж байсан. “Юун биткойн, крипто гэж наад хулхи зүйлээрээ хүмүүсийн толгойг угаахаа боль, хөөс” гэж бид эхэндээ ихэд чичлүүлсэн. Таван жил. Сүүлд нь наад Ардкойн чинь хуурамч, блокчэйн дээр байхгүй, понзи, пирамид схем гэж ярьдаг болсон. Гурван жил. Саяхан УИХ-ын өндөр индэр дээрээс биднийг луйварчид гэж цоллож байсныг та бүхэн санаж байгаа байх. Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх нь өөрөө мэргэн хүний шинж чанар гэдэг. Манайд дээр, дооргүй үүнийг л нэг сайн ухаарахгүй байх шиг.

Гагцхүү Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох чин хүсэлдээ хөтлөгдөж бид өдий хүрсэн. Ардкойн бол бидний замыг товчлох, хурдасгах гол хэрэгсэл болсон гэж би хардаг. Блокчэйн бол бидний хөгжилд нэг тулгуур нь болно гэдэгт би итгэдэг.

Спринт биш марафонд орж байгаагаа бид анхнаасаа мэдэж байсан. Тийм ч учраас манай койн, хувьцааг авсан бол дараад бай, алтны авдартаа хийгээд байгаарай гэж сануулсаар ирсэн. Бидний блокчэйн болон криптотой холбоотой хийж байгаа ажил ч бас амжилтанд хүрэхгүй, унах эрсдэл байсныг бид ухаарч байсан бөгөөд  “алдах хэмжээндээ л аваарай. Амьдрал ахуйдаа нөлөөлөх хэмжээнд мөнгөө оруулж болохгүй шүү. Авсан бол харин мартчихаарай” гэж анхааруулсаар байгаа. Олон түмнээ гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх үүднээс 2017 онд Крипто үндэстэн чуулга уулзалтыг зохион байгуулж, олон нийтийг криптогийн савалгаанаас хамгаалах зорилготой Криптоүндэстэн гэх хөрөнгө оруулалтын санг байгуулж байв. "Цахим Алт" номыг анх дөрвөн жилийн өмнө бичиж байсан бол шинэ хувилбарыг нь сая гаргаж, та бүхний гар дээр хүргэлээ. Цахим үндэстэн гэх уриан дор явагдсан "ICT Expo" нь манай улс цахим шилжилтийг хийх чин эрмэлзэлтэй, түүнийгээ хийж ч байгаа, ахиц дэвшил гарч байгаагийн илрэл болсон гэж би харж байгаа. Эрх барьж байгаа намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Балтикийн улсууд, тэр дотроо Эстонийн хөгжлийн загварыг Монголд нутагшуулах ажлын үргэлжлэл болов уу гэж би ойлгодог. Энэ бол Монголын алсын хараа мөн гэдэгт би итгэдэг. Мэдээжийн хэрэг ажил хийхэд элдэв саад, бэрхшээл тохиолдохыг алиныг нь гэх вэ. 

 2021 оны төгсгөлд, эргээд харахад зорилгодоо бид хүрч чадсан, чадаж байна гэж хувьдаа дүгнэж байгаа. Крипто үндэстэн үнэхээр болж авлаа. УИХ-аас Виртуал хөрөнгийг зохицуулах хууль батлагдахаар дуншиж байгаа бол манай зохицуулагчид Сэндбоксын зохицуулалтын орчноо бэлэн болгожээ. 4-5-н крипто арилжааны бирж үйл ажиллагаа явуулж, Монголын гэх тодотголтой олон койн шил шилээ даран зарлагдаж байна. Ард нийт ч энэ талаар ойлголт, мэдлэгийн хүрээгээ тэр хэмжээгээр нь тэлсээр.

Ардкойн харин яах бол, анхдагч, манлайлагч байр сууриа хадгалж чадах болов уу. Цахим алт гэсэн зорилгодоо хүрэх гэдэг асуултанд би хэсэг бодсоны эцэст үүгээр хариулахаар шийдлээ.

Ардкойн бол маш энгийн техник эдийн засгийн үндэслэлтэй бизнесүүд харилцагчдаа урамшуулан үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Тэд дахин худалдан авалтыг өдөөхийн тулд лоялти оноо өгдөг. Ардкойн бол хөнгөлөлт, урамшууллын оноо юм. Харин ялгаатай нь технологийн хувьд блокчэйн дээр бичигдсэн бөгөөд бүхий л гүйлгээ нь төвлөрсөн бус бүртгэлийн дэвтэр дээрээ л бүртгэгддэг. Эдийн засгийн агуулгын хувьд Ардкойны үнэ ханш өсөх тутамд түүнийг олж авах гэсэн сонирхол нэмэгдэж, Ардын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдэж, тэдний орлого, ашиг нэмэгдэнэ. Ашгаараа тэд Ардкойноо буцааж, үнэ хаялцан авч байж тараадаг учир дахиад л үнэ нэмэгддэг. Маш энгийн бөгөөд бат бөх тойрог. Энэ тойрог л Ардкойны үнэ цэнийг баталдаг, хамгаалдаг. Манай компаниудын өсөлт, ашиг, орлого, бидний шинээр хийсэн хөрөнгө оруулалтууд үүнийг батлана. Ард аппын хэрэглэгчдийн тоо 1.3 саяыг давсан, Ардкойноо барьж байгаа хүний тоо хагас саятай байна. Би энэхүү амжилтаараа маш их бахархдаг.

Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох хувиар бид том үр дүн гаргаж ажиллаж чадлаа. Монголын хөрөнгийн биржийн арилжааны зонхилох хувь манай хувьцаанууд дээр явагдаж байгаа бол Ард Секюритиз үнэт цаасны компаниуд дундаа тэргүүний байран дээр баттай очлоо. Ардын нийт хувьцаа эзэмшигчдийн тоо давхардсан байдлаар 60 мянгад хүрэв. Энэ амжилтаа бататгаж, өөрийн эрхэм зорилгодоо үнэнч гэдгээ дахин батлахын тулд бид Ардкойн эзэмшигчдэдээ Ард санхүүгийн нэгдлийн хувьцааг ардкойноороо сольж авах боломжийг 2021 оны эхнээс нээж өгч байсан бол 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Монголын анхны крипто хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр зохион байгуулагдан ажиллаж байгаа "Булган Ундрага" (КриптоҮндэстэн) ХК-ийн хувьцааг авах боломжийг нээхээр ажиллаж байна. Ардкойноо аваад дарж байгаарай, манайхаан.

Бидний зүгээс төвлөрсөн бус санхүү (DeFi)-ийн чиглэлд Ардмааний төслийг санаачлан эхлүүлээд байна. Тэрхүү төсөлд Ардкойн эзэмшигчдээ урамшуулах байдлаар эхний ээлжинд хамруулж байсан бол одоо мөн л DAX дээр IDO буюу Initial DAX Offering хийж, зөвхөн Ардкойн баригсаддаа боломжийг нээж өгөхөөр тогтлоо. арваннэгдүгээр сарын 15-нд та өөрийн Ардкойноороо хувь тэнцүүлэн манай IDO-д оролцож, ашиг өгөөжийг нь хүртэх боломжийг авч, Ардмаанийгаа чулуу болгоорой. Бид энэ төсөлд оролцох нөхөддөө зориулж DAX-ын энэ жилийн ашгаас хуваалцах хувилбарыг бэлэн болгоод байгаа.

Энд бидний хамтын оролцоотой Монгол Тедер төслийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй нь. Блокчэйн болон крипто нийгэмлэг Монголд нэлээд өргөн цар хүрээтэй ажиллаж байгаа. Тус тусын төслүүдийг хөгжүүлэхээс гадна хууль эрхзүйн орчин, экосистем, хэрэглэгчийн боловсрол, мэдлэгийг хөгжүүлэх тал дээр хамтран нэгдэж ажиллах шаардлага зайлшгүй байгааг бид 2017 оны КриптоҮндэстэн Чуулга Уулзалтаас эхлэн сануулсаар ирсэн. Финтекийн холбоо, Блокчэйны зөвлөлөөр энэ хамтын ажиллагаа нь хэрэгжиж байсан бол өнөөдөр Монгол ДиФай компаниас гаргасан МоNТ (Монти гэнэ) төсөл дээр крипто болон блокчэйны салбарт ажиллаж буй манлайлагчид бүгд нэгдэж ажилласнаар төвлөрсөн бус санхүүгийн тогтолцоог Монголд нэг алхам урагшлуулах боломжийг нээлээ. Эхний ээлжинд МоNТ крипто бирж, блокчэйн хэтэвч хооронд шилжүүлэг хийх зорилгоор ашиглагдах бол дараачийн шатанд DeFi орчинд хөрөнгөө өсгөх, арилжаалах, зээлдүүлэх, хадгалах, олборлох зэрэг өргөн хэрэглээтэй болох юм. Нэг ширхэг MoNT-ийн ард банкинд хадгалуулсан нэг төгрөг л зогсоно. Үүнийг Монгол ДиФай компанийн засаглал, дотоод хяналтаар баталгаажуулахаас гадна хөндлөнгийн аудитор оруулаад зогсохгүй төрийн зохицуулагч байгууллагын хараа хяналтанд оруулахаар бид ажиллах болно. Банкинд хадгалах хөрөнгө нэмэгдэх хирээр бид нөөцийн сангуудыг байгуулж, өсгөн арвижуулах санаатай байгаа.

Эцэст нь нэг анхааруулга маягийн хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Эдгээрийг санаж байхад алзахгүй шүү. Шинэ санаа гаргаж ажил хэрэг болгох нь өөрөө эрсдэлтэй алхам байдаг. Шинээр эхлүүлсэн бизнесүүдийн 70 хувь нь эхний жилдээ дампуурдаг гэдэг. 90 хувь нь эхний гурван жилээ давдаггүй. Шинээр мэндлэх койны төсөлд хөрөнгө оруулалт хийхэд энэ харьцааг санаарай. Мөн, өнөөдөр дэлхий дээр 15 мянга гаруй койн байгаа. Тэдгээрийн арваад нь маш их амжилттай яваа бөгөөд 100 хүрэхтэй, үгүйтэй нь дараачийн шатанд өөрсдийгөө сорих болно. Харин үлдсэн төсөл дээр юу болохыг төсөөлөхөд бэрх биш байх.

Өнөөдөр монголчууд бид салаа замын үзүүр дээр ирлээ. Тас хорьё гэдэг хэсэг байхад бид үүнийг хөгжлийн дараачийн хөшүүрэг болгож ажиллах ёстой гэдэг нь байна. Хорьсноор асуудал шийдэгдэхгүй гэдгийг би мэдэж байна. Төслүүд зүгээр л гадагшаагаа гараад тэндээс үйлчилгээгээ үзүүлээд явчихна. Интернетийг хаах тухай хэмжээнд арай тулаагүй байх. Бид чөлөөт зах зээл, иргэн хүн өөрөө сонголтоо хийдэг ардчилсан тогтолцоогоо хадгалах уу. Эсвэл коммунист авторитар дэглэм рүү гулган орох уу. Бидэнд Японы, АНУ-ын, Европын улсуудын туршлагыг судалж, ажил амьдралдаа нэвтрүүлээд тэдэнтэй мөр зэрэгцээд хөгжих боломж байна. Эсвэл 30 жилээр ухарч явсан замаараа будаа тээх бас нэгэн сонголт байна. Харин энэ сонголт бол биднийх.

Монголчууд бид дэлхий нийтийн хөгжлөөс, энэ удаагийн аж үйлдвэржилтийн хувьсгалаас хоцролгүй, хамтдаа алхаж чадлаа. Үүнийгээ харин одоо баталгаажуулж, хамгаалах цаг мөч ирлээ. Хайртай Монгол Улсынхаа төлөө, нийт ард иргэд, ирээдүйнхээ төлөө нэгдэж, нийлэх цаг ирлээ. Хамтдаа нэг угзрах мөч энэ. Хүчтэй уухайлаад дэлхийн тавцанд өрсөлдье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.2 МЯГМАР № 215 (6692)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

17 цаг 30 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

17 цаг 30 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

17 цаг 30 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

17 цаг 30 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

17 цаг 30 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

17 цаг 30 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

17 цаг 30 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

17 цаг 30 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

17 цаг 30 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

17 цаг 30 мин