Б.ДОЛЖИНЖАВ
Веган буюу ногоон хоолтон болоод 15 жил болж байгаа А.Оюунбилэгтэй веган хоолтон болохын ач холбогдол, хүүхдүүдээ хэрхэн веган хоолтон болгосон тухай ярилцлаа. Тэрбээр одоо гурван хүүхэдтэй бөгөөд гэр бүлээрээ ногоон хоолтон юм.
-Махан хоол иддэггүй хүмүүс цагаан, ногоон хоолтон гээд хэд хэдэн төрөл байдаг. Энэ нь ямар ялгаатай вэ?
- Хүмүүс ногоон хоолтон гэхээр л сүүтэй будаа каша, өндөг иддэг гэж боддог. Гэвч малын сүү хэрэглэдэг хүмүүсийг вежитран буюу цагаан хоолтон гэнэ. Харин өндөг иддэг бол махан хоолтон л гэж үзнэ. Миний хувьд веган буюу ногоон хоолтон. Зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх ба малын сүү, сүүн бүтээгдэхүүн ч хэрэглэдэггүй гэсэн үг.
-Яагаад веган хоолтон болохоор шийдсэн юм бэ?
-Би багаасаа л мах идэх дургүй, хоол идэхдээ ч махыг нь ялгаад үлдээчихдэг хүүхэд байсан. Анх Шри Шри бясалгалын төвд явж, зөв хооллолтын дэглэм бариад, дан ногоогоор хооллосон нь надад маш их таалагдсан. Нөхөр маань ногоон хоолтон болох сонирхолтой байсан учир хамт Аръяабалын бясалгалын төвд явж эхэлсэн. Тус бясалгалын төвийн тухай оюутан байхдаа доод курсийнхээ охиноос сонсож байсан юм.Ингээд бид хоёр тус төвөөс авшиг буюу сахил хүртэж, ногоон хоолтон болж, олон жил бясалгал хийж байна. Тухайн үеийн нийгэм ногоон хоолтон гэж огт мэддэггүй байлаа. Дөнгөж цагаан хоолны тухай мэдээлэл түгж эхэлж байсан болохоор өдрийн хоол идэх гэж явж байгаад хичээлээсээ хоцордог байж билээ.
-Цагаан хоолтнуудын 84 хувь нь эргээд махан хоолтон болдог гэсэн судалгаа байдаг юм билээ. Шалтгаан нь юу байдаг вэ?
-Энэ бол сөрөг, буруу мэдээлэл. Хүмүүс цагаан, веган хоолтон гэхээр уургын дутагдалд орлоо гэдэг. Гэвч маханд тийм ч их уураг байдаггүй. Бидний идэж буюу шош, буурцаг нь махнаас ч илүү их уураг агуулдаг юм. Мөн монголын эрс тэс уур амьсгалд цагаан хоол зохихгүй гэж хүртэл хэлдэг. Гэвч хүний дотоод бие организм, 12 нугаламаа гэдэс чинь өвсөн тэжээлтэй амьтанд л байдаг. Тиймээс л хүн угаас мах идэж болохгүй юм. Тиймээс хүн яагаад мах идэж болохгүй вэ гэдгийг ухамсарласан байхад цагаан, ногоон хоолтон болох амархан. Ер нь өнөөгийн нийгэмд хэр зөв мэдээлэлтэй байна тэр хэрээрээ л эрүүл, урт удаан амьдардаг болоод байна.
-Тэгвэл хүн яагаад мах идэж болохгүй гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Дээр дурдсанчлан бидний бие организмаас бүрэн хамааралтай юм. Мөн хүн амьтанд хайртай гэдэг хэрнээ мах иддэг. Энэ бол байж болшгүй зүйл гэдгийг л ойлгох хэрэгтэй. Түүнчлэн эрүүл мэндийн хувьд хөнгөн хооллох тусам хүний бие улам эрч хүчтэй болдог. Хүнд, их хоол идэх тусам ходоод хоолыг бүрэн боловсруулахын тулд бие ядарч, нойр их хүрдэг. Манай гэр бүлийн хувьд өдөрт нэг л удаа хооллодог. Бусад үед жимс, зутан, гурилан бүтээгдэхүүн зэрэг шингэч сайтай хүнс хэрэглэнэ. Орой 17:00 цагт идсэн махан хоолыг ходоод бүрэн боловсруулж чадалгүй, ходоодонд ялзарч үлддэг. Гэтэл хүмүүс 21:00-22:00 цагт хоол идээд байдаг шүү дээ. Мөн хүмүүс өглөө өлсөж сэрэх ёстой байтал, юм идмээргүй санагдаад байна гэдэг. Энэ нь унтахад ходоодны бүх хавхлага хаагдчихдагтай холбоотой. Гэтэл хоол боловсруулж дуусаагүй учраас цөснөөс мах боловсруулах фермент буюу хүчил ялгарсаар байдаг юм. Ингэснээр ходоодыг гаднаас нь түлж, шархлаа үүсэхэд нөлөөлдөг. Ийнхүү цатгалан байгаа нь боловсруулагдаагүй үлдсэн хоолны үнэр өглөө ходоодны хавхлага нээгдэхэд хүний биеэр тархаж, цатгалан байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Биеэндээ муудсан хоол хадгалж, үнэрийг нь тараагаад байгаа учир бие бохирдож, нүүрэн дээр юм гарч, батга үүсдэг юм. Нүүрний арьс хүний эрүүл мэндийг тодорхойлдог. Арьсны 75 хувь нь эрүүл зөв хооллолт, амьдралын зөв хэв маягаас хамаардаг бол 25 хувь нь цэвэрлэгээ, арчилгаа зэргээс үүдэлтэй. Гэтэл хүмүүс гаднаас нь л арчлаад байдаг. Тиймээс биеэ эрүүл болгосны дараа үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй юм.
-Том хүн хүүхэд гэлтгүй бүгд илүүдэл жингийн асуудалтай боллоо. Үүнийг хоолны дэглэмээр хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?
-Турахад хоол 80, хөдөлгөөн 20 хувийн нөлөөтэй. Тэгвэл таргалахад хөдөлгөөн, хооллолт, стресс, чихрийн хэрэглээ гэсэн олон хүчин зүйл нөлөөлнө. Жишээлбэл, хүмүүс өдөрт ганц л хоол идэж байхад таргалаад байх юм гэдэг чинь удаан өлсөж явснаас болж, бие организм гаднаас авах ёстой шим тэжээлээ бие дотроосоо буюу булчин массаасаа авснаар өөхлөлт үүсэж, таргалдаг. Ер нь хүн байх ёстой биеийнхээ жингээс 5-6 кг илүү жинтэй байх л юм бол сахарын өвчний үндэс суурь тавигдсан байна гэж үздэг. Түүнчлэн чихэр, шоколадны хэрэглээ хэт өндөр болоод эхэлбэл эрдэс бодис, амин дэмийн дутагдалд орж байна гэсэн үг. Тэр үед чихэр идмээр байсан ч, жимс, жимсгэнэ идэж, кальциа нөхсөнөөр чихэр идэх дуршил, хүсэл чинь буурна.
-Хүүхдийг зургаан сартайгаас нь бор хоолонд оруулах ёстой гэдэг. Та хүүхдүүдээ эхлээд махан хоол идүүлж, байгаад дараа нь цагаан хоолтон болсон уу. Туршлагаасаа хуваалцаач?
-Үгүй ээ. Хүүхдээ тээж байхдаа ч, төрснийхөө дараа ч ногоон хоолоо л идэж байсан. Хүүхдүүдээ ч багаас нь л ногоон хоол идүүлж эхэлсэн. Хүүхдүүд маань мах огт идэж үзээгүй. Ер нь хүүхдийн эрүүл мэнд гэр бүлийн хооллолтоос ихээхэн хамааралтай. Удам дамжсан өвчин гэж байхгүй. Буруу хооллолтоос л шалтгаалж өвчтэй болоод байгаа юм. Цагаан, ногоон хоолтон бүсгүйчүүддээ зөвлөхөд төрснийхөө дараа далайн байцаатай, гурвалжин, хөц будаатай шөл идэх хэрэгтэй. Мөн хөхнийхөө сүүгээр цатгаж чадахгүй бол ургамлын гаралтай буюу буурцагны сүү ууж, хүүхдэдээ веган, самар, эрдэнэ шиш, коксын сүү өгч болдог. Харин дөрвөн сартайгаас нь будааны шүүс, ногооны зутан зэргээр хооллож эхэлдэг юм шүү.
-Хүүхдүүд нь бусад хүүхдүүд шиг пицца, тахиа идэж үзье гэдэг үү?
-Үгүй ээ. Харин ч бүр жигшдэг. Багаас нь сургачихсан учир аливаа бүтээгдэхүүний орц найрлагыг уншиж үзээд өөрсдөө болох, болохгүйгээ ялгаж идээд сурчихсан. Сургуулийн үдийн цайнаас гурилан бүтээгдэхүүн, пресс зэргийг идээд, өөр хоол өгвөл гэрээсээ авчирсан зүйлсээ идчихдэг. Бид нар махан хоолны үнэр авч чаддаггүй шүү дээ. Махан хоол иддэг хүмүүс махны хурц үнэр, амтыг мэдрэхээ больчихсон байдаг. Мах хурц байдаг учраас тэрхүү үнэр, амтыг дарахын тулд давс, амтлаг ихтэй идээд сурчихсан байдаг юм.
Эх сурвалж:www.polit.mn