Микки Рурк: “Надад уучлал гуйх зүйл их байгаа”

2021-10-26
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

З.Батцэцэг

Микки Рурк есдүгээр сард 69 нас хүрсэн. Тэрбээр 1980-1990 оны үед их алдартай нэгэн байсан. Гэвч тэр архинд донтон, продюссеруудтай маргалдан, зураг авалтын талбай дээр үгээ цээжлээгүй, бэлэн биш ирэн, олон сайхан киноны гол дүрээс татгалзсаар нэр хүндээ алджээ. Түүний хуучны найзууд болох найруулагч Фрэнсис Копполо, Роберт Родригес нар заримдаа кинондоо тоглуулж байсан ч доторх чөтгөр нь түүнийг дийлсэн юм. Тэр үед Микки боксоор хичээллэдэг байсан учраас маш их бэртэл авсан. Түүнээсээ болоод гоо сайхны хагалгаанд их оржээ. Хамраа таван удаа хугалсан. Үүнээс болж бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан түүний царай танигдахын аргагүй болж өөрчлөгдсөн байна. Ингээд тэр олны нүднээс далд амьдрах болжээ.

2005 онд Р.Родригез түүнийг “Нүгэлт хот” гэсэн кинондоо дуудан тоглуулж аминд нь орсон юм. Үүний дараа 2008 онд Даррен Аронофский “Рестлер” киноны гол дүрд тоглуулж, тэрбээр Оскарт нэр дэвшсэн билээ. Харамсалтай нь үүнээс хойш кинонд тоглоогүй юм. Харин сүүлийн үед тэрбээр их тоглох болсон. Өмнөх шигээ шилдэг кинонууд биш ч, ямартай ч ажилтай байгаа нь чухал. Ойролцоогоор түүний тоглосон 10-аад ажил янз бүрийн үе шатандаа явж байгаа гэх мэдээлэлтэй байна. Сүүлийн жилүүдэд ямар ч дуулианд холбогдоогүй учраас түүний хувийн амьдарлын талаар мэдээлэл бага болсон. Тэрбээр 2021 онд “Бурханы хүн” шинэ киногоор дэлгэцнээ эргэн ирж байна. Энэ киноны болон түүний хувийн амьдралын талаар ярилцсан ярилцлагыг хүргэе.

-“Бурханы хүн” киноны найруулагч Елена Попович зөвхөн таныг энэ дүрд урьсан. Учир нь Шон Пеннийн “Амлалт” киноны жижигхэн дүрд та хурц тод тоглосон нь сэтгэлд нь гүн үлдсэн гэсэн. Олон улсын гэж болох кинонд тоглох ямар байв. Гол дүрд нь Грекийн алдарт жүжигчин Арис Серветалис, Оросын Александр Петров нар тоглосон. Зураг авалт нь Грект, найруулагч нь Серб, хөгжмийн зохиолч нь Польш?

-Би хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулсан. Хамгийн түрүүнд энэ бол өвчин шаналал, бурханы тухай кино. Би энэ талаар жаахан юм мэднэ. Юу ч тус болохгүй гэж боддог, юунд ч найдахаа байсан хүмүүст итгэл найдвар олгох тухай сэдэв нь таалагдсан. Намайг амиа хорлоход хүргэх дөхсөн хорт муу зуршлаас татгалзахад бурхан надад тусалсныг би олонд зарлаж, талархал илэрхийлж байсан. Энэ киноны гол санаа нь итгэ, сайн үйлс хий, уучил. Амьдралын хүнд хэцүү зүйлээс гэрлийг олж харж сурах хэрэгтэй. Би Е.Поповичтой уулзахад зүрхээрээ бодож чаддаг хүн шиг санагдсан. Грекийн гэгээн Нектариягийн сүмд намайг анх авчирхад үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Миний амьдралдаа харсан хамгийн сайхан сүм. Грект үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй.

-Энэ кино ид шид, гайхамшгийн тухай. Таны хувьд ид шид гэж юу вэ?

-Сонирхолтой асуулт байна. Хүн бүр үүнийг өөрийнхөөрөө ойлгодог. Би хувь тавилан, азанд итгэдэггүй. Би бурханд итгэдэг. Мөнгө эрх мэдэлд итгэдэггүй. Би хэзээ ч амжилт, мөнгө хүсэж гуйж байгаагүй. Би өдөрт 3-4 удаа залбирдаг. Амьдралдаа шийдвэр гаргахдаа үнэн, итгэл хоёрт тулгуурлах хэрэгтэй. Чамаас илүү аз дутсан хүмүүсийг хайрлах сэтгэлтэй байх ёстой. Надад уучлал гуйх зүйл их бий. Энэ он жилүүдэд би муу нэрийг дуулахаар юм их хийсэн. Үүний 6 хувь нь би өөрөө буруутай.

-Үлдсэн хувьд нь хэн буруутай гэж?

-Би багадаа хүчирхийлэлд өртөж байсан. Үүний үр дагаврыг олон жилийн турш сэтгэл зүйчтэй хэлэлцсэн. Бараг насан туршдаа гэж хэлж болно. Ээж ааваас салсны дараа их бүдүүлэг цагдаатай гэрлэсэн юм. Тэр хүн дөрвөн хүүтэй байсан. Аймшигтай хэрцгий хүүхдүүд. Би тэгэхэд зургаан настай байлаа. Аав минь ирээд намайг хамгаална гэсэн найдвар их тээж байсан. Гэвч тэр ирээгүй, бүрмөсөн явсан байсан юм. Манай дүү бид хоёр тэр цагдаа, хүүхдүүдтэй нь тэсэж амьдрахаас аргагүй болсон. Тэр биднийг их зоддог байлаа. Яг аймшгийн зүүд шиг. Ээж биднийг тоохгүй хаячихдаг. Би түүний талаар дурсаж ярихыг хүсэхгүй байна. Энэ аймшиг бараг 10 жил үргэлжилсэн. Би шүүгээнд ороод залбирдаг байлаа. Нүдээ аниад “Бурхан минь гуйж байна, нүдээ нээхэд би Майамид биш Нью-Йоркод очсон байгаасай” гэж гуйдаг байв.

Манай аав ихэнхдээ Нью-Йоркод амьдардаг байсан юм. Аав намайг ирээд аваасай гэж олон жил залбирсан. Гэвч би шүүгээнд нуугдсан хэвээр. Хэдэн цагаар тэндээ сууна. Заримдаа нүдээ аниад шууд алга болчих юмсан гэж хүсдэг байлаа. Гэвч ид шид болоогүй. Байнгын айдас дунд амьдрахаар сэтгэл зүйн гэмтэлтэй болдог. Би их дуугуй, даруухан, жижигхэн биетэй, туранхай байсан болохоор бүр илүү зодуулдаг байсан. Хичээлдээ явах замдаа гүүрэн дээр өдөр бүр хоолны 25 центээ дээрэмдүүлдэг. Эсвэл зодуулна, нэг бол мөнгөө өгнө. Тэр хүүхдүүд дунд хойд эцгийн хөвгүүд байдаг байсан. Ялангуяа, тэд илүү дээрэлхэнэ. Дугуйтай болоод тэрийгээ ч унаж чадахгүй, олон хүүхэд дунд л унаж болдог байв. Үгүй бол дугуйгаа шууд эвдүүлнэ. Нэг удаа намайг тосоод зогсож байхыг холоос хараад шатахуун түгээгүүрийн газар нуугдсан. Явтал нь хүлээсэн.

-Гэсэн хэдий ч та энэ тамаас гарч чаджээ?

-Нэг удаа сургуулийн хамгийн зодоонч залуу намайг хамгаалсан юм. Тэрнээс бүгд айна. Тэр намайг хэд хэдэн удаа гүүрэн дээгүүр гаргаж өгсөн. Дараа нь надад бокс заасан. Гэрийнх нь арын хашаанд том элстэй мешок өлгөөтэй байдаг байлаа. Энэ бол ид шид биш. Гэхдээ тэр цагаас эхэлж би хүнд дээрэлхүүлэхгүй гэж шийдсэн. Үүнээс хойш энэ мэдрэмж намайг дагаад салдаггүй. Би зураг авалтын талбай дээр ёс бус аашилж байсан нь үнэн. Гэхдээ энэ бүгд хүүхэд наснаас үүдэлтэй. Намайг хүндлэхгүй байгаа юм шиг санагдвал уур хүрээд, нүд харанхуйлаад ирдэг байлаа. Дөрвөн жилийн дотор Холливудын бүх продюссер намайг үзэн ядах болсон. Бүгдийг нь зовоосоон. Тэгэхэд надад архи, хар тамхины асуудал байгаагүй. Гэтэл тэр хүмүүс намайг үл хүндэлж, бүгдийг хянах гэж оролдсоноор асуудлыг хүндрүүлсэн. Надад тэдний нэр хүнд, мөнгө чухал байгаагүй. Намайг үл хүндлэх шинж илрэх л юм бол дуусаа. Би энэ нохойгоо 100 саяар зарна гэж бодож байна уу. (Микки шпиц нохойнд их хайртай бөгөөд ярицлагын үеэр нэг нь өвөр дээр нь сууж байлаа) Яагаад гэвэл тэдний мөнгө надад сонин биш. Тэгээд намайг кинонд урихаа больсон. Би долоон жил тоглоогүй. Бокст 1991 онд эргэж ирсэн. Боксоор амь зогоож байлаа. Дараа нь 39 насандаа тархиндаа гэмтэл авснаас эмч нар боксоо орхи гэсэн. Дэндүү их бэртэл гэмтэлтэй, ачаалалтай байсан.

-Тэгэхэд та кинонд тоглохгүй байгаадаа харамсаж байсан уу?

-Үгүй. Би зодолдож сурсан байсан. Бокс миний анхны хайр. Мэдээж кинонд буцаж ирэх амаргүй. Нэг удаа ресторанд нэг залуу миний найз бүсгүйн бөгснөөс чимхээд авлаа. Би юу ч хараагүй дүр эсгэх үү, мэдээж үгүй. Олон хүн мөнгөтэй бол юу ч хийж болно гэж боддог. Би тэр залууг гудамжинд гүйцэж очоод болгоод өгсөн. Өөр яах юм. Мэдээж маргааш нь шууд сонины эхний нүүрэн дээр. Дараа нь манай найз бүсгүйг хар тамхиар хангадаг байсан дилер залууг би зодсон юм. Яг миний тоглосон кино нээлтийн өмнө. Би тийм л хүн. Нуугдаж чадахгүй.

-Дараа нь та Даррен Аранофскийн “Рестлер” кинонд тоглосон. Энэ таны тухай юу?

-Даррен над руу хуруугаа гозойлгоод “Зураг авалтын талбай дээр надтай хүндлэлгүй харьцаад үзээрэй” гэж сануулсан. Надаас айхгүй ингэж хэлэхийг бодрход дажгүй эр байна гэж би бодсон.

-Таны аав ээж католик шашинтай. Энэ шашин таньд юу өгсөн бэ?

-Би хэсэг хугацаанд католик сургуульд явж байсан. Гэлэнмаа нар их чанга. Бүтэн сайнд заримдаа аав Нью-Йоркоос ирээд бүтэн өдрийг хамт өнгөрөөдөг байлаа. Өглөөг яг сүмээс эхэлдэг байсан. Тиймээс бүтэн сайны сүмийн цуглаанд би дуртай. Манай ээж юу ч тоодоггүй, шашинг ч мөн ялгаагүй. Ээж яаж турах вэ гэж боддог. Тураах эм, архи л уудаг хүн байсан. Манай эмээ харин жинхэнэ шүтлэгтэй байсан. Гэхдээ намайг шашин биш бокс аварсан. Миний ичимхий зан уур болж хувираад би ялж эхэлсэн. Түүнээс би чадалтайдаа дийлж байсан юм биш ээ. Би 23 настайгаасаа эхлээд сэтгэлзүйч дээр очиж эхэлсэн. Их алдартай сэтгэлзүйч. Намайг их хүндэлдэг. Тэр хэлэхдээ амьдралдаа над шиг төөрөлдсөн хүн үзээгүй гэсэн. Би олон жил түүн дээр долоо хоногт таван удаа очдог байлаа. Дараа нь дөрөв, дараа нь гурав, хоёр, нэг. Саяхнаас долоо хоногт нэг удаа утсаар ярьдаг болсон.

-Энэ ч том амжилт шүү. Та хэзээнээс бурханд итгэж эхэлсэн бэ?

-Аав нас барахын өмнө “Дүүгээ сайн харж байна гэж амла” гэсэн. Би үргэлж дүүгээ харж, хамгаалж явдаг. Үргэлж. Би 19 настай Нью-Йоркт янз бүрийн ажил хийдэг байлаа. Манай дүү 18 настай, шоронд. Тэндээ их хүндээр өвдөөд, зургаан сар л насална гэж байсан. Тэгэхэд манай эмээ намайг залбир гэсэн. Би өдөрт хэд хэдэн удаа залбирч гуйлаа. Миний дүү тэгэхэд амьд үлдээд, дахин 20 жил амьдарсан. Ёстой жинхэнэ ид шид болсон доо. Түүнээс хойш би залбирдаг болсон. Дүү минь үе үе өвдөж байсан ч гайгүй болчихоод байдаг байлаа. Дараа нь тэр мотоциклийн осолд орж үхэхээ дөхсөн. Түүний хавдар дахих бүрт тэр осолд ордог. Дахин химийн эмчилгээнд орохыг хүсэхгүй байна гэж байгаа юм шиг. Миний гар дээр өөд болсон. Түүнийг өнгөрөхөд би итгэлээ гурван жил алдсан. Сэтгэл зүйгээрээ боломжгүй байсан гэдгийг ойлгож байсан ч.

-Тэгээд дахин дуулианы эзэн болсон уу?

-Тийм ээ. Гэхдээ нэг сайн санваартаны ачаар дахин итгэлээ олж авсан. Би эцэг Питерийн гэрт нь очиж ярилцаад, дарс хувааж уугаад, нүглээ наминчилсан гэж хэлж болно. Тэр надад “Би Бруклины бүх дээрэмчнийг мэднэ. Чи тэдний нэг болъё гэж бодож байгаа бол сайн юманд хүрэхгүй” гэж хэлсэн. Би ч мундаг дээрэмчин болж чадна л даа. Тэгэхээр заавал хүн ална. Хүн ална гэдэг хамгийн том нүгэл. Би хэр удаан дээрэмчин байж чадах вэ. Нэг удаа над дээр бүлэг дээрэмчид ирээд “Чи нэг бол бидэнтэй нэгд эсвэл жүжигчин бол” гэлээ. Бүгд миний жүжигчин болох мөрөөдлийг мэддэг байсан. Тэр надад бодох 10 минутын хугацаа өгсөн. Би унталгын өрөөндөө орж бодоод, гарч ирээд жүжигчний чиглэлээр сурна гэдгээ хэлсэн. Тэгээд надад Ирландын, Италийн аль ч багт ажиллаж болохгүй шүү гэж сануулаад гарсан.

-Гайхалтай. Таньтай шударга бус харьцаж байсан хүмүүст та гомддог уу?

-Надад тэгэх эрх байхгүй. Надаас илүү зовлон амссан, зовж буй хүн олон бий. Тиймээс надад гоншигнох эрх байхгүй.

-Та өөрийгөө кино урлагт ямар ул мөр үлдээсэн гэж боддог вэ?

-Би хэзээ ч энэ тухай сонирхож бодож байгаагүй. Эр хүн шиг байх нь л илүү чухал. Би нохойгоо салхилуулаад, хангалттай мөнгө олдог байсан бол дахин хэзээ ч кинонд тоглохгүй байлаа.

Эх сурвалж: www.7dn.ru

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин