ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: Карен Шахназаров: “Алла Пугачева тоглохгүй гэж татгалзмагц, би Н.Гундареваг урьсан”

2021-10-19
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

З.БАТЦЭЦЭГ 

“Мосфильм” киноконцерны ерөнхий захирал, найруулагч Карен Шахназаровтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Карен Георгиевич, таныг анх амжилтанд хүргэсэн кино бол “Бид жааз хөгжимчид”. 1920-иод оны Зөвлөлтийн жааз хөгжмийн талаар, ийм түүхэн хэцүү сэдвээр кино хийх санаа яаж төрсөн бэ?

-Үнэнийг хэлхэд надад тухайн цаг үед өөр юм хийх боломж олгоогүй учраас би энэ сэдвийг авсан. Миний анхны бүтээл “Сайхан сэтгэлтнүүд” маш их хасагдсан кино. Мосфильмээс зөвшөөрөл авсан байсан ч, хамгийн их цензурт орсон бүтээл. Сизовын орлогч өөрөө хажууд зогсож байгаад хэтэрхий ил тод гэж үзсэн хэсгийг нь хасч байсан. Миний анхны кино байсан. Цаашаа мэргэжилдээ үлдэхийн тулд би зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Мэдээж ингэж их хасалт хийхээр санасан үр дүндээ хүрээгүй. Дараа нь Саша Бородянский бид хоёрын зохиосон “Хатагтай нар ноёдыг урьж байна” киног намайг найруулахыг зөвшөөрөөгүй. Энэ киног Иван Киасашвили найруулсан. Би бүр кино урлагаас гаръя гэж бодож байлаа.

Гэтэл нэг орой санаандгүй зурагт үзэж суутал Зөвлөлтийн жааз хөгжимчдийн тухай гарч байна. Би жааз сонсож өсөөгүй л дээ, эсрэгээрээ “Битлз, Роллинг”-н үеийнх. Гэхдээ сэдэв нь таалагдлаа. Би Саша Бородянский руу утасдаад “Зөвлөлтөд 1920-иод онд жааз үүсч буй тухай сэдэв ямар вэ?” гэж асуусан. Тэр зөвшөөрлөө. Бид маш хурдан өргөдлөө өгөв. Зөвлөлтийн жааз хөгжимчдийн туулсан хүнд ээдрээтэй зам энэ тэр гээд гялс нэг зохиол бичлээ. Бидэнд зөвшөөрсөн хариу ирсэн юм. Тэгтэл хангалттай материал цуглардаггүй. Тэгээд бид хоёр үүсгэн байгуулагчдаас нь очиж зөвлөгөө авч байлаа. Жишээ нь, Александр Варламов гэж домог болсон хүн байсан. Тэр Александр Цфасмантай хамт эхний хүмүүсийн нэг.

Тэр үед А.Цфасман нас барсан байсан тул А.Варламов дээр очлоо. Нэлээн хөгшин хүн хаалга онгойлгож өгөв. Дэмий ирж дээ гэж бодож байтал тэр хүн төгөлдөр хуурын ард суугаад тоглотол бүх зүйл өнгө орох шиг болсон. Хоёр цаг бидэнд ярьж, үзүүлж, тоглож өгсөн. Их сонирхолтой байсан. Бид инээж, уйлж байлаа. Түүний ярьсан олон зүйлийг кинондоо багтаасан. Жишээ нь, манай хөгжимчид хулгайч нарын өмнө тоглож байсан, мөн Зөвлөлтөд тоглолтоор ирсэн гадаадын дуучны өмнө дуулж байсан гээд. Кинондоо бид гадаадын дуучинг Клементина Фернандес гэж хар арьст бүсгүйгээр оруулсан. Энэ дүрд Лариса Долина тоглосон юм. Бид мөн алдарт хөгжмийн зохиолч Никита Богословский, Сигизмунд Кац, алдартай эстрадын дуучид Мария Миронова, Алекмандр Манекер нартай очиж уулзаж ярилцаж байсан. Жааз сонирхогчдын клубд бас очсон. Ер нь бол энэ сэдвээр их мэргэшиж байгаад зохиолоо бичсэн.

-Энэ кинонд тоглосон Евгений Евстигнеевтэй та зөвлөсөн үү. Тэр жаазын агуу мэдлэгтэй хүн шүү дээ?

-Би тэр үед энэ тухай мэдээгүй. Одессын хулгайчийн дүрд түүнийг сайн хувирч чадна гэж бодоод урьсан. Зураг авалтын явцад түүнийг залуудаа бөмбөрчин байсан гэж олж мэдсэн. Ресторанд ширээн дээр хутга сэрээгээр ая дардаг хэсгийг тэр өөрөө бодож олсон. Эхлээд тэр над шиг гараагаа дөнгөж эхэлж байгаа найруулагчийн туслах дүрд тоглохоосоо татгалзсан юм. Би түүн рүү утасдаад, гуйгаад, түүнгүйгээр кино бүтэхгүй байна гэж ятгасан л даа. Өөр кинонд тоглоод их завгүй байсан. Тэгээд “За яахав, тэгье. Хэдэн өдөр вэ?” гэхээр нь “Дөрвөн өдөр” гэж хэллээ. Тэгсэн “Хоёр өдөрт л багтаая. Багийн ахлагчаа над руу ярь гэж хэлээрэй” гэлээ. Ахлагчтай яриад хоёр өдөр тоглоод, цалингаа дөрвөн өдрөөр авна гэж тохирсон байсан.

-Гол дүрүүдээ яаж олсон бэ?

-Залуу жүжигчдийг тоглуулахыг хүссэн боловч зөвшөөрөхгүй байх гэж айсан. Тиймээс алдартай хүмүүсийг дунд нь оруулсаан. Киноны явцад Георгии Данелиягаар удирдуулсан Мосфильмын кино нэгдэлд танилцуулсан. Тэрээр киног үзсэний дараа С.Бородянский бид хоёрыг аймаар загнасан. Бид хоёр киног нэг бол хаах юм байна эсвэл дахиж эхнээс нь хийх юм байна гэж бодсон. Тэгээд хоёулаа азаа үзхээр шийдээд юу ч өөрчлөөгүй, санаснаараа дуусгалаа. Гергии Николаевич бэлэн болсон киног юу ч хэлэлгүй хүлээж авсан. Түрүүчийн хэлсэн бүх зүйлээ дотогшоо “залгисан” гэж хэлж болно.

Дараа нь Георгии Данелия бид хоёр их дотны найзууд болсон юм. Бие биенийхээрээ их орж гарна. Сүүлд түүнийг нас барахаас өмнөхөн төрсөн өдөрт нь очсон. Би тэр үед “Анна Каренина. Вронскийн түүх” киног хийгээд эхэлсэн байсан юм. Би түүнд хэллээ. “Их том бүтээл. Яаж хийх вэ гээд айгаад байх юм” гэтэл тэр надад “Чи зөрөөд дайраад л бай” гэсэн. Энэ үг надад одоог хүртэл их тус болдог.

-Та кино хийх бүрдээ С.Бородянский, Е.Евстигнеев, А.Панкратов-Чёрный зэрэг жүжигчидтэй хамтарч ажилладаг байх аа?

-Бородянский бид хоёр “Өвлийн шөнө Гаагрт” киног бичихдээ анхнаасаа Е.Евстегнеевт зориулж зохиосон. Гэхдээ үүнийгээ түүнд хэлээгүй. Бэлэн болмогцоо хамгийн түрүүнд түүнд зохиолоо илгээсэн. Үүний дараа тэр өөрөө над руу яриад “Би энэ дүрд чинь тоглохыг маш их хүсэж байна” гэсэн. Гэхдээ албан ёсоор проб зарлаж, уран сайхны зөвлөлөөр батлуулах ёстой. Тиймээс түүнээс гадна өөр жүжигчдийг пробд дуудлаа. Олег Ефремов, Евгений Леонов нар байсан санагдаж байна. Е.Евстегнеев бөөн хар, байнга утасдаад, ирж шалгаад, ер нь бол санаа нь зовоод байж. Гэхдээ би энэ дүрд зөвхөн түүнийг л тоглуулна гэдгээ хэлэхгүй партизан шиг гүрийсэн. Уран сайхны зөвлөл түүнийг баталсны дараа л үнэнээ хүлээсэн.

-Е.Евстигнеев бүжигт хэр вэ, мэдээж түүнийг орлосон нь ойлгомжтой. Гэхдээ тэр өөрөө бүжиглэе гэж гуйгаагүй юу?

-Мэдээж тэр бүжиглээгүй. Их уян хатан, эвсэлтэй ч түүний өмнөөс Володя Чирченов гэж гайхалтай бүжигчин тоглосон. Харамсалтай нь тэр саяхан коронавирусээс болж нас барсан. Евстегнеевын залуу дүрд Аркадий Насыров тоглосон. Кинонд усан онгоцоор явж байгаа хэсэг гардаг юм. Тэр үед хар тэнгисийн Крым-Кавказийн эргээр “Адмирал Нахимов” гэж их гоё усан онгоц явдаг байлаа. Бид нэг хэсгийн зураг авалтыг тэнд хийхээр шийдсэн юм. Сочид байхад нь очоод зураг авлаа. Бид жижиг завиар дөхөж очоод, зургаа авчихаад, ахмадын урилгаар офицерын бүхээгт нь оройн зоог барьцгаасан. Жижиг завиараа буцаад явж байтал манай зураглаач “Миний кассетанд 5м хальс дахиад үлдсэн байгаа. Дахиж цэнэглэнэ гээд тэртээ тэргүй энэ 5м устаад алга болно. Тэгэхээр усан онгоцны цаашилж байгаа зургийг эндээс авчих уу?” гэж асуухад нь би зөвшөөрсөн юм. Их гоё дүрс болсон тул би кинондоо оруулсан. Одоо энэ зургийг түүхэн гэж хэлж болно. Үүнээс хойш зургаан сарын дараа “Адмирал Нахимов” шөнө ачааны усан онгоцтой мөргөлдөөд, живсэн юм. ЗХУ-ын энэ томоохон далайн сүйрэлд 400 гаруй хүн амиа алдсан.

Энэ кинонд би Игорь Скляртай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байсан юм. Түүнийг хоёр дахь гол дүрдээ урьлаа. Гэвч “Бид жааз хөгжимчид” киноны дараа түүнийг Лев Додин театртаа авсан байсан юм. Тэр театрын жүжигчдээ кинонд тоглуулах гэж явуулдаггүй, бүгдийг нь бэлтгэл дээр байж байх ёстой гэж шаарддаг хүн л дээ. Би өөрөө Л.Додинтой очиж уулзахад тэр “Үгүй ээ, ганц амралтын өдрөөрөө тоглоно биз” гээд зөвшөөрөөгүй. Миний гол дүр долоон хоногт ганц удаа ирж тоглоно гэж юү байхав дээ. Би Игорь Склярт хэллээ “Чи кино сонгох уу, Театраа сонгох уу?” гэхэд тэр театрыг сонгосон юм. Би түүнийг ойлгож байна. Тэр драмын жүжигчин болох мөрөөдөлтэй байсан, тэгээд ч театраас түүнд байр амласан байсан юм. Тэгээд би Панкратов-Чёрныг урьсан. Саша энэ дүрийг сайн тоглосон. Игорь тоглосон бол тэс өөр кино болох байлаа.

-Энэ кинонд Наталья Гундарева ааштай дуучин бүсгүйн дүрд тоглосон. Ямар байсан бол?

-Ямар ч оддын өвчин, их зан байхгүй. Наташа их амьд, хөгжилтэй хүн байсан. Алдар нэр хүндийн оргилд явж байсан болохоор ийм туслах дүрд тоглоно гэдэг түүний хувьд жижиг асуудал л даа. Би түүнийг нэлээн гуйж ятгасан. Энэ дүрийг баяжуулж гүн гүнзгий болгож бичих цаг хугацаа Бородянский бид хоёрт байгаагүй юм. Тиймээс надад сайн жүжигчин хэрэгтэй болсон. Иймэрхүү жижиг дүрд алдартай сайн жүжигчнийг авбал дүр өөрөө томроод, баяжаад, хурц болоод ирдэг.

-Жижиг хэрнээ тод дүр байсан шүү...

-Тийм ээ, Наташагийн ачаар. Би энэ дүрд эхлээд Алла Пугачёваг урьсан юм. Тэр ухаантай хүн учраас “Бүгд намайг ийм гээд бодчино. Яг миний тухай юм шиг харагдаж байна. Тэгснээс өөрийхөө намтараар кино хийгээд, гол дүрд нь өөрөө тоглосон дээр” гэж хэлсэн.

-Кинон дээр Наташа Гундаревагийн өмнөөс Лариса Долина дуулсан. Харин таны “Шууданч” кинонд Инна Чурикова өөрөө дуулсан. Та яаж түүнийг ятгасан бэ?

-Инна Чуриковаг тоглуулах гэж нэлээд ятгасан. Тэр үед Инна Михайловна өөрийн нөхрийн найруулгаас өөр кинонд бараг тоглохоо больсон байсан. Гэхдээ би түүний сонирхлыг татаж чадсан. Дууг бол тэр өөрөө дуулахаар шийдсэн. Анхнаасаа зохиолд тийм юм байгаагүй. Ээж хүү хоёрын ярьж байгаа хэсгийг би жаахан амь оруулахаар шийдсэн юм. Федя Дунаевский гитар дардаг болохоор “Чи ямар нэг дуу аялаач” гэтэл тэр “Би Земляне хамтлагийн “Трава у дома” дууг мэднэ” гэв. Федя зөөлхөн дуулж эхэлтэл гэнэт Инна Михайловна өөрийн стилээр чангаар дуулж эхэлсэн. Надад их таалагдсан тул би зураглаач даа “Инна Чуриковаг томруулаад аваарай” гэсэн. Тэгж л энэ хэсгийг нэг кадр, нэг дублээр авсан даа.

-Та яаж найруулагч Владимир Меньшовыг өөрийн кинондоо жүжигчнээр авсан юм бэ?

-Сайн найруулагч өөрөө кинонд тоглоно гэдэг ховор үзэгдэл гэж үү. Намайг оюутан байхад манай багш Игорь Таланкин “Зорилгоо сонгох” кинонд туслахаар авсан юм. Эрдэмтэн Игорь Курчатовын дүрд алдартай найруулагч Сергей Бондарчук тоглосон. Тэгэхэд С.Бондарчук “Дайн ба Энх” киногоороо Оскар авсан байсан. С.Бондарчук дүрдээ хувираад, хувцсаа өмсөж гарч ирээд, толинд өөрийгөө харснаа, энгэр дээрх Хөдөлмөрийн баатрын дуураймал одонг харчихаад “Надад одоо ийм л одон дутуу байна” гэж билээ.

Бас нэгэн Оскарын шагналт В.Меньшовын хувьд, би түүнийг олон нөхцөл байдалд харж, хувь хүнийг нь таньж мэдсэн учраас кинондоо урьсан юм. Тэр их амархан зөвшөөрсөн. Бид хоёр яг пазл шиг бие биенээ олж чадсан. Түүнийг нас бартал байнга холбоотой байж, гэрээр нь зочилж, уулзаж, ярилцдаг байлаа. Бид бие биедээ их итгэдэг, улс төрийн үзэл бодол хүртэл ижил байсан. Володя миний “Зеро хот” кинонд прокурорын дүрд тоглосон. Сайн тоглосон. Тэр агуу жүжигчин, хүчирхэг хүн.

-Тэр сүүлийн жилүүдэд кино хийхийг хүсээгүй. Эсвэл зохиол байгаагүй юм болов уу. Та түүнтэй энэ тухай ярилцаж байв уу?

-Энийг хийчих юмсан гэсэн сэдэв байгаагүй байх. Түүн шиг амжилтын амтыг мэдэрсэн найруулагчдад ийм зүйл тохиолддог. Ялангуяа “Амьдрал нулимсанд дургүй” киноны дараа бол... Иймэрхүү амжилтыг дахин давтахад хэцүү. Амжилт зарим нэг талаараа хор хөнөөлтэй. Давтахыг хүсэвч, боломжгүй зүйл.

-Энэ олон жилийн дараа ч эрэлттэй байгаа “Амьдрал нулимсанд дургүй”, “Шууданч” зэрэг кинонуудын нууц нь юундаа байна вэ?

-Залуучууд одоог хүртэл үзэж байгаа нь сайхан л байна. Тэрнээс хойш их зүйл өөрчлөгдсөнгүй. Ямар ч цаг үед залуучууд амьдралд хөл тавихдаа эргэлздэг. Энэ кино бол үүний л тухай. Би энэ киног зохиохдоо залуучуудын талд байсан одоо ч тэдний талд. Надаас заримдаа либерал хүмүүс асуудаг “Та консерватив үзэлтэй хэрнээ яаж ийм кино хийв ээ?” гэж. Миний хариулт “Би тэнэг хүн биш учир өөрлөгдөх нь гарцаагүй”. Хэрвээ чи 60 нас хүрчихээд 17 настай үе шигээ сэтгэж байвал тэнэг биз дээ. Энэ өөрчлөлт бол энгийн үзэгдэл.

-Та энэ кинонд бас Олег Басилашвилитэй ажилласан байх аа?

-Профессор Кузнецовын дүрийг би анх Олег Табаковд санал болгосон юм. Тэр эргэлзээд байгаа нь илт байсан л даа. Тэгэхээр нь би Олег Басилашвилиг урьсан. Тэр дараа нь миний олон ч кинонд тоглосон доо. Ер нь би түүнтэй их залуудаа танилцсан. Түүний ачаар онгоцны буудалд хоёр хоносон юм. Би Игорь Таланкины туслахаар ажиллаж байхад бид Крымд хоёр сар болсон. Би С.Юрский, О.Басилашвили нарыг онгоцны буудал дээр тосохоор боллоо. С.Юрский ирлээ. О.Басилашвили байдаггүй. Тэр үед гар утас байхгүй, холбоо барьж чаддаггүй. С.Юрскийг таксинд суулгаад Симферополь явуулчихаад, О.Басилашвилиг хүлээлээ. Би хоёр хоног онгоцны буудлын сандал дээр, Ленинградаас ирж байгаа онгоц болгоныг горьдож тосдог болов. Хүлээсний эцэст тосож авсаан. Чухал ажил гараад хоёр хоног оройтсон байсан. Дараа нь танилцахдаа уулзаад тэр тухайгаа хэлтэл намайг таниагүй. Гэхдээ “Шууданч” киноны дараа найзууд болсон. Бид хоёр улс төрийн тэс өөр үзэл бодолтой хүмүүс. Заримдаа хоёулаа энэ сэдвээр маргана. Гэхдээ энэ нь бид хоёрын харилцаанд нөлөөлж байгаагүй.

-Таны найруулсан “Бүх дэлхийн хорын түүх” кинонд нүгэлт Римийн папын дүрд тоглосноор О.Басилашвили “Мастер Маргарита”-ын Воландын дүрд тоглох боломжийг авсан гэж бодож байна...

-Магадгүй. Энэ дүрийг авчихаад, Воландад тоглох уу, яах уу гэж надаас асууж байсан. Үүнд мухар сүсэг огт хамаагүй. Зүгээр тэр “Би яаж Воланд болох юм бэ?” гэж эргэлзэж байсан юм. Би түүнд “Олег чи солиороо юу. Ийм дүр амьдралд ганц л олдоно. Тэр тусмаа сайн найруулагч. Найруулагч өөрөө чамд итгэж байхад, чи яаж эргэлзэж чадаж байна” гэж хариулсан. Тэгээд л тэр тоглохоор шийдсэн юм.

Миний кинонд бол би түүнийг солиотой тэтгэврийн хөгшин Прохорын дүрд тоглуулахаар болсон. Гэтэл Римийн папын дүр хайгаад олддоггүй. Тэгэхээр нь түүнийг хоёр гол дүрд яагаад тоглуулж болохгүй гэж шийдсэн.

-Энэ киног хийхэд хэцүү байсан уу. Их том бүтээл, загварлаг хувцастай...

-Зураглаачаар Людмила Кусакова ажилласан. Дизайнер нь Светлана Титова байсан. Л.Кусакова бид хоёр байнга хамт ажилладаг байлаа. Хамгийн сүүлд “Палата №6” дээр хамтарсан. Харамсалтай нь жилийн өмнө бурхан болчихлоо. Үнэхээр хийхэд амаргүй кино байсан. Папын ордонд үдэшлэгийн үеэр том бух хүмүүс дундуур оруулж ирдэг хэсэг байдаг. Мэргэжилтнүүд надад хэлсэн л дээ. Бух хэцүү амьтан. Хэрвээ ямар нэгэн юм таалагдахгүй бол бүх юмыг чинь сүйд хийнэ гэсэн. Тиймээс бид цагдаа нарт хандан, хоёр мэргэн бууч авчирсан байлаа. Зураг авалтаа бүтэн сайнд студэд биднээс өөр хүнгүй байхад хийхээр боллоо. Азаар бүх зүйл тайван болж өнгөрсөн. Папын хүү Чезариа Боржиагийн дүрд Андрей Панин тоглосон. Өөрийн цаг үедээ шилдэг нь байсан гэж боддог. Андрей миний гурван кинонд тоглосон. Цагаа сайн барьдаг, ямар ч асуудалгүй хүн байсан. Би архи уудаг гэж ерөөсөө бодоогүй.

-Та Георгий Бурковтай хэд хэдэн удаа хамтарч ажилласан. Түүний сул тал танд саад болж байгаагүй юу?

-Г.Бурковыг уугаад эхлэхээрээ зогсооход хэцүү байдаг байсан. “Добряков” киноны үеэр тийм зүйл болсон. Гол дүрд тоглож байсан болхоор зураг авалтыг зогсоолтой биш. Тэр талбай дээр гараад ажлаа сайн хийдэг байсан. Ганцхан хэл яриа нь ойлгомжгүй болчихдог. Тэр надад “Карен чи битгий санаа зов. Амны хөдөлгөөн дэлгэцэн дээр анзаарагдахгүй. Дараа нь дуу оруулгын үеэр би янзтай байнаа” гэдэг байсан. Үнэхээр л тэгсэн дээ. Их сайхан ярьдаг, ухаантай, мэдлэгтэй хүн байсан. Агуу жүжигчин.

-Таны дипломын ажил богино хэмжээний “Өргөн алх, маэстро”. Гол дүрд нь Нина Гребешкова тоглосон. Харин шалгалтын комиссын даргаар түүний нөхөр Леонид Гайдай байсан. Таны зүгээс энэ тооцоолол байсан уу?

-Энэ санаандгүй тохиолдол байсан. Шалгалтын комисст урьдчилж хэн байх нь мэдэгдэхгүй. Голдуу ВГИК-ээс өөр газраас хүн урьдаг байсан юм. Би Н.Гребешковаг сайн жүжигчин гэж боддог учраас түүнийг урьсан. Тэгсэн гэнэт нөхөр нь шалгалтын комиссын дарга гэдгийг мэдсэн. Дипломын ажил дээрээ заавал онц авах ёстой. Тэгэж байж бие даасан кино хийх эрхээ авдаг. Онц авч чадахгүй бол шууд туслах найруулагч болдог үе байсан юм. Шалгалтын комисс миний киног үзчихээд намайг дуудлаа. Л.Гайдай байдгаараа бараацан сууж байна. Надаас янз бүрийн асуулт асуулаа. Би мэдээж ингэнэ гэж бодоогүй, сэтгэлээр унасан гарч ирэв. Гэхдээ Гайдай надад онц тавьсан байсан. Дараа нь эхнэр нь утасдаад “Леняд чиний кино их таалагдсан” гэж хэлсэн. Би “Тийм царайгүй л байсан даа” гэсэн чинь “Чи түүнийг мэдэхгүй байна. Үргэлж тийм царайтай байдаг юм” гэсэн юм. Дараа нь дотно танилцаад мэдсэн. Үнэхээр чиний өмнө агуу инээдмийн кино найруулагч зогсож байна гэж бодохооргүй царайтай хүн шүү.

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Саяхан “Владивосток” кино хийж дууслаа. Миний дурсамжаас төрсөн түүх. Намайг хүүхэд байхад Францын “Манангийн эрэг” гэж кино байсан. Одоо тэр киног мэдэх хүн бараг байхгүй болов уу. Тэрнээс сэдэвлэж хайрын тухай кино хийлээ. Дандаа залуу жүжигчдийг тоглуулсан. Би кино хийгээд бараг 50 жил болж байна. Тэгсэн ч шинэ кино хийх бүрдээ үзэгчдийн үнэлгээг сэтгэл догдлон хүлээдэг.

Эх сурвалж: www.7dn.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин