Алтан үеийн сор жүжигчин Чимэд-Осор гуайн мундаг ур чадварыг харуулсан кино нэг ийм нэртэйсэн. “5DW” булан “Хүний сайхан сэтгэл” киноны завин дээр төрдөг бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин З.Даваасүрэнтэй уулзан сэтгэлийн ертөнц рүү нь өнгийсөн юм.
Найруулагч Г. Доржсамбуу агсны шавь, 1995 онд “Мөнхзул” гэдэг нэртэй ганц хүний театр байгуулан ажиллаж байсан гэх мэт түүний түүх хэн нэгэнтэй адил тийм урт гуншингүй цомхон мэт ч туулсан амьдрал, бодол сэтгэл нь харин өвөрмөц байв.
Та манай булангаар ярилцах гэсэн зорилгоо хэлээч гэж асуухад тэрээр “ Эгч нь ердөө хүмүүст бидний айж эмээж амьдрах ёстой нэгэн бол Бурхан гэдгийг л ойлгоосой гэж хэлэх гэсэн юм” хэмээн шулуухан хэллээ…
-Жүжигчин хүний чинь хувьд уран бүтээлийг нь эхэлж асууя гэж байтал таны энэ үг намайг гацааж байна шүү. Ямартай ч эхлээд амьдралаа яриач.
-Би аав ээжээсээ уг нь арвуулаа. Ээж аавдаа хамгийн ойр, гар хөлийнх нь үзүүрт тусалж явдаг хүүхэд нь байлаа. Тийм болохоороо аав ээж хоёрыгоо толгойг нь түшиж байгаад л өнгөрөөсөн дөө. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хүн. Улсын багшийн дээд сургуулийн найрал дууны ангид ирсэн. Харин оюутан байхдаа “Хүний сайхан сэтгэл” кинонд тоглоод дуулаач жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэгээд нөхөртэйгөө нэг чемодан, нэг гитар бариад л Эрдэнэт явсан. Нөхөр маань гитартай их сайхан дуулна аа.
- Гэр бүлээ танилцуулбал?
-Эрдэнэтэд найман жил болох хооронд миний амьдралд их өөрчлөлт орсон. Нөхөр бид хоёр хэн хэнд нь л буруу байсан. Залуу ч байж. Нэг л мэдэхэд тусдаа болцгоосон. Тэр маань өөр хүнтэй суусан. Би хоёр сайхан охинтой. Тэднийгээ хүний гар харуулахгүй гэж өөр амьдрал эхлүүлээгүй юм. Миний хоёр охиныг эцэг шиг нь хайрлах хэн байх билээ. Яаж ч бодсон хүний анхны хань, анхны амьдрал л эрхэм байдаг юм билээ. Бид хоёроос ургаж гарсан хоёр хүүхэд маань байна. Хоёр нялх хүүхэдтэй, тэднийгээ өсгөх гэж ганц бие бүсгүй хүнд амаргүй л байлаа. Одоо бодоход хоёр охин маань сугадаад, хөл хучаад сайхан л байна. Нэг их эмгэнээд байхааргүй, сөрж босоод явсан даа.
-Урлагаараа яваагүй гэсэн үг үү?
Цаг наргүй ажил шүү дээ урлаг гэдэг. Харин хоёр хүүхдээ өсгөхийн тулд тэгсгээд орхисон. Ах дүү нараа түшихээр хот руу орж ирсэн ч тэд маань ч төдийлөн дуртай биш. Шууд хэлэхгүй ч янз бүрээр уур аашаа гаргана. Хүн өөр өөрийнхөө амьдралыг л үүрэх ёстой л доо. Амьдралаа авч явах гэж янз бүрийн л ажил хийлээ. Тэгээд ганц хүний театр байгуулж үзсэн. Одоо ч боломж гарвал уран бүтээл хийнэ ээ.
-Таныг лам байсан гэж сонссон?
-Миний амьдралд нээрээ оюутан байхаас л нэг сонин юм болсон. Манай гэрийнхэн хүүхэн хутагт гэж Дундговийн Тагарваа гэдэг хүнд үзүүлж харуулаад л явдаг байлаа. Нэг өдөр бороо ороод л, Тагарваа хүүхэн хутагтад үзүүлэх хүмүүс III хороололд дугаарлаад зогсч байсан. Тэр дунд нь би байсан юм. Гэтэл тэр хутагт гаднаас машинтай орж ирээд намайг харснаа: “ За энэ охиныг хамгийн түрүүнд оруулаарай” гэсэн юм. Эгч маань ч “чиний зовж зүдрээд байсан ийм учиртай байж” гэж баярлаад л. Зовоод ядраад байгаа нь би Ногоон Дарь эх учраас хамгаалалт хэрэгтэй гэдэг байгаа.
-Тэгээд үзмэрч Ногоон Дарь эх болсон юм уу? Та яг юу үздэг байсан юм?
-Ингээд би үзмэрч, уншлагатай, засал гүрэм хийдэг, аргалдаг гэгдэж ирсэн гэх үү дээ. Багануур Баянхонгорынхон ч андахгүй болсон тэр үедээ. Ширүүн бороо хариулдаг гээд л. Одоо бодоход аймаар. Аль л ядарсан хүн лам руу гүйнэ. Хамаг мөнгө төгрөгөө бариад л. Ийм байдлаар 27 жил Ногоон Дарь эх гэгдэж явлаа. Мөнгө ч их олж байв. Гэсэн ч өөрсдийнхөө хүүхдүүдийг хоосон бүлтийлгээд л надад тарган мах чанаж өгөөд байгааг нь харахаар сэтгэл өвдөж энэ ядарсан хүмүүсийн мөнгөөр би яахаараа ингэж суух гэж бодохоос л нэг биш. Гэтэл багш /нөгөө ламаа хэлэв бололтой/ чи их хүчийг олсон байна. Дундговьд гурван сар ирж бүр их хүчийг аваад сайхан болно гэж дуудсан юм.
-Тэгвэл таны амьдрал дээрдсэн үү. Хүч авсан нь яаж мэдэгдэж байх юм?
-Юун дээрдэх вэ. Лам дээр ирээд, хутагт болоод, мөнгө их олсон ч ханьтайгаа элэг бүтэн жаргалыг минь гүйцэх юу ч үгүй юм билээ. Бүтдэг ажил гэж нэг ч үгүй, сэтгэл санаа улам тавгүйрхэнэ. Гэсэн ч нөгөө хүч нь бол байсан байх аа. Надаар аргалуулсан хүмүүсийн ажил нь сайн бүтдэг байсан юм. Нэг удаа Дундговьд багш намайг бороо хариул гээд. Би гэзгээрээ даллаад, алгаа ташаад гурав орилонгуут маш ширүүн бороо орж байснаа шууд зогссон. Тэнд байсан хүмүүс гайхаад надад мөргөөд л, би ч өөрийн мэдэлгүй гар тавьж адис өгч байв.
-Та 27 жил Ногоон Дарь эх гэгдэж явсан гэлээ. Харин одоо?
Одоо юу? Одоо бол найз нөхөд таньдаг хүмүүс намайг мэдрэл муутай гэж байгаа байх. Ах дүү нар маань бол арга чаргаа хийгээд Ногоон Дарь эхээ хийгээд мөнгө олоод амьдрахгүй толгой нь эргүүтсэн амьтан гэдэг. Надаар засал гүрэм хийлгэдэг байсан хүмүүс харин хайран сайн мэддэг аргалдаг хүн ингэж дарь эхийн ажлаа хаях гэж бодож, хэлж ч байгаа.
-Харин та өөрөө?
Эгч нь энэ дэлхий дээрх долоон тэрбум хүнээс ч азтай хүн болсон. Сэтгэлийн гомдол цөхрөл оргүй алга болж, өдөр бүр талархан, бусдыг сайхан сэтгэлээр хардаг, бүхнийг уучилдаг болсон. Нөхрөө ч уучилсан. Одоо хамгийн амар тайван хүн болсон доо.
-Мөнгө олоод ирэхээр байр сууц, унаа унаш жигдрэн, хүүхдүүд тань томорч санаа зовох зүйлгүй болсон гэсэн үг үү?
-Ядарсан хүмүүсийн зовлонгоор, өргөл барьцаар хүн баяжиж сайхан амьдрах уу /инээв/. Өөрийнх нь хүүхдүүд бүлтэгнээд хоосон байхад миний өмнө түмпэн дүүрэн мах тавьж, өвчин зовлонгоо аргалуулна гэж суугаа хүмүүсийн дүр зургийг бодоод одоо хэр нь хийсэн нүгэлдээ сэтгэл өмөрч байна. / уйлав/
-Та хийсэн уншлага ном, арга чаргаа нүгэл гэлээ. Бас одоо өөрийгөө хамгийн азтай, амар тайван хүн гэлээ… Ямар учиртай юм?
-Тиймээ эгч нь нүгэлтэн. Ганц энэ дэлхий дээр ирээд хутагт лам болоод үйлдсэн нүгэл ч биш. Тэнгэрт үйлдсэн нүглээ ч ухаарсан. Харин Эх Бурханд итгэдэг сүмд яваад хайр гэдгийг сурч, зөгнөл түүхийг ухаарсан. Бидний одоо амьдарч буй энэ үе үнэхээр эд хөрөнгө алдар нэр нүдэнд харагдах зүйл бодоод хураагаад байх цаг биш ээ. Тэнгэрт байдаг Бурханд итгэж яаралтай аврал авах цаг шүү гэдгийг л хүмүүс мэдээсэй.
-Тэгэхээр та манай уншигчдад хандаад байна уу?
-Тийм ээ. Энэ сонинг уншиж байгаа хүмүүсийг бөө лам руу битгий хамаг мөнгөө барьж гүйгээч. Зүгээр л үнэнийг ухаарч нэг нэгнээ хайрлан, зөв үйл хийгээч. Хэзээ нэг цагт бид Бурханы өмнө шүүгдэнэ. Түүнд бэлдэж одоо зөв замаа олооч гэж хэлмээр байна. Үнэхээр адгаж байна. Би та нарын тэр мөнгө бариад гүйдэг арга чаргыг 30 шахам жил хийсэн хүн байна. Үнэхээр үнэн бол тэр биш шүү. Библийн зөгнөл, дэлхийн түүхэнд л итгээрэй. Гуйж байна.
Олон кинонд тоглоогүй ч, амьдралдаа харин ногоон дарь эхийн дүрд сайн тоглосон тэрээр зовсон хүмүүсийн өргөлийг авахдаа өмөрч байсан гэнэ билээ. Тэгж мөнгөжиж баяжиж болох байсан ч тэгээгүй гэнэ. Хоёр охинтойгоо үлдэж, амьдрах орон байр, хүүхдүүдээ өсгөх, сургах гээд хүндхэн амьдралыг үүрч явсан ч хаяад явсан ханийнхаа талаар ганц муу үг цухуйлгалгүй, цээжээрээ дүүрэн хөндүүртэй залуу насаа үдсэн түүнд гомдолтой үе зөндөө л байсан байж таараа. Гэсэн ч одоо хэр нь хоёр охиныхоо аавын төлөө Бурханд залбирч байгаа жүжигчин эгчийн сэтгэлийг нь л энд “Хүний сайхан сэтгэл” гэмээр…