С.САРУУЛ
Коронавирусын халдварын үеийн амны хөндий, эрүүл ахуйн талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, анагаах ухааны доктор, профессор Б.Оюунцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна.
-Коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд амны хөндийгөө хэрхэн арчлах ёстой вэ. Вирусыг устгах тусгайлсан “жор” гэж бий юу?
-Дотрын өвчний толь нь амны хөндий. Хүмүүс өглөө, оройд шүдээ угаагаад хэвшчихдэг. Харин вирусын халдварын үед амнаас гадна хамраа угаахыг чухалчилсан судалгаанууд хийгдэж байна. Хамраа угааснаар ханиад хүрээд эдгэрэх хугацааг 1-2 хоногоор богиносгоно. Амьсгалаар орж ирсэн вирус хамар залгиурын хөндийд 1-2 хоног байдаг бол коронавирус тав хонодог. Тиймээс халдвар илрүүлэх шинжилгээг хамар залгиурын угаас авч байгаа хэрэг.
Японд хийсэн судалгаагаар ам зайлахаас гадна хамар угаахад маш их ач холбогдол өгч байна. Хамрын үс вирус, тоос шороог шүүдэг. Вирус маш жижигхэн биет учраас хамрын хөндийгөөр дамжиж залгиурт хүрэхээс өмнө зайлж чадах юм бол уушги руу орохгүй. Өөрөөр хэлбэл, олон нийтийн газраар явсан бол гэртээ орж ирээд хамраа угаах хэрэгтэй. Японд хийсэн судалгаагаар 48 цагийн дотор давсны уусмалаар угаахад халдвар авах хувийг 22 хувиар багасгаж, гэр бүлийн гишүүдэд халдвар тараахыг 35 хувиар бууруулна гэсэн байна. Ингэхдээ 0.9 хувийн давсны уусмалаар хамраа угаана. Уусмалаа бэлтгэхдээ нэг литр буцалсан бүлээн усанд 9 грамм хүнсний давс хийнэ. Гэхдээ уусмалаа арай хүчтэй болгож литр усанд 9.5 грамм хүнсний давс нэмбэл илүү сайн үйлчилгээтэйг зөвлөсөн байна лээ. Үүний үр дүнд эдгэрэлтийн хугацаа 3-4 хоногоор богиносох юм.
-Коронавирусын үед хүмүүс ам зайлагчийг маш их хэрэглэж байна. Энэ хэр үр дүн, ач холбогдолтой вэ?
-Ам зайлах бол шүд, амны хөндийгөө арчлах хамгийн эхний алхам. Хүүхдийг шүдээ угааж сурахаас нь өмнө буюу хоёр настайгаас амыг нь зайлуулж сургах хэрэгтэй. Үүний тулд залгихад аюулгүй гэдэг утгаараа эхлээд буцалсан усаар зайлуулж сургадаг. Амандаа тохирох хэмжээтэй уусмал буюу шингэн биетийг балгаж 30 секундээс нэг минутын турш уруулаа жимийж хацрынхаа булчингуудыг ажиллуулах юм. Ингэж хүүхэд амаа зайлж сурсны дараа зориулалтын ам зайлагч хэрэглүүлэх хэрэгтэй. Ам зайлснаар хацрын булчингуудын тусламжтайгаар хоолны үлдэгдлийг цэвэрлэх, бактери устгах, амны хөндийг эрүүлжүүлэх зэргээр олон талын ач холбогдолтой.
Ам зайлах олон төрлийн уусмал худалдаалагдаж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан уусмалын алийг нь ч хэрэглэж болно. Найрлагыг нь авч үзвэл ам зайлагч PP хлорид, иод, зориулалтын тос зэрэг амны хөндийд үнгэр үүсгэхийг багасгах үйлчилгээтэй. Мөн амны хөндийг эмгэгч төрөгч нянгийн эсрэг, үнэр дарна. Ам зайлах уусмалыг спиртэн болон усан суурьтай гэж ангилдаг. Насанд хүрсэн хүмүүс алийг нь ч хэрэглэж болно. Харин бага насны хүүхдэд усан суурьтайг нь хэрэглэвэл зохистой. Ам зайлах уусмалыг өдөрт 1-2 удаа хэрэглэхийг зөвлөдөг.
Ам зайлах уусмалыг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ. Амнаас үнэр гарах, буйл болон хоолой залгиурын үрэвсэлтэй хүмүүс ихэвчлэн хэрэглэхэд тохиромжтой. Харин ямар нэг зовиургүй эрүүл хүн бол өдөр болгон хэрэглэх шаардлагагүй.
-Ам зайлагчийн найрлага өөр өөр байдаг. Таны зүгээс уншигчдад маань ямар ам зайлагчийг зөвлөмөөр байна ?
-Фтортой ам зайлах уусмал шүд цоорох өвчнөөс сэргийлдэг. Мөн ургамлын найрлагатай, тулгуур эдийн эд, буйлны үрэвслийн эсрэг хэрэглэх заалттай ам зайлагч ч бий. Тухайлбал, шүд нь амархан цоордог бол фтортой ам зайлагчийг хэрэглэж болно гэсэн үг. Ер нь ам зайлах уусмалын найрлагад бактерийн эсрэг, нян устгах үйлчилгээтэй бодис агуулагддаг учраас төрөл бүрийн үрэвслийг хурдан эдгээдэг. Colgate-н брэндийн ам зайлагч нь фтор болон цетилпиридини хлорид агуулсан байдаг. Цетилпиридини хлорид нь бактери, вирусын эсрэг үйлчилгээтэй. Фторын талаар товчхон мэдээлэл өгөхөд, дэлхийн хоёрдугаар дайны дараа шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд фторыг ашиглаж эхэлсэн. Фторыг хоол хүнстэй хамтатган авахаас гадна амны хөндийд хэрэглэх байдлаар хэсэгчлэн авдаг. Хэсгийн аргын нэг хэлбэр нь фтортой ам зайлагч уусмал гэсэн үг. Мөн фторын уусмал ч гэж бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.9.8 ЛХАГВА № 176 (6653)