С.САРУУЛ
Гарал үүсэл нь тодорхой, үйлдвэрлэлийн үйл явц нь зөв эсэхээр тухайн бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхойлдог мода дэлхий нийтийн шинэ хандлага болжээ. Ялангуяа европын орнуудад эрүүл, зөв хэрэглээ, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих бодлого яригдаж, Монгол Улсад эхнээсээ нэвтэрч, шинэ салхи сэвэлзсээр 10 гаруй жилийн нүүрийг үзэв. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөөгүй, аливаа амьтан, ургамлыг тамлан зовоогоогүй, буруу гараар олборлоогүй алт, эрдсээс бүтсэн Швейцар цаг дэлхийг байлдан дагуулсан шиг эргэх 4 улиралд нүүдэлчин ахуйд бэлчээрлэсэн таван хошуу малын бүтээгдэхүүн, түүхий эдийг үнэд хүргэхээр “Ногоон Алталт-Малын эрүүл мэнд” төсөл манай улсад хэрэгжиж эхлээд 17 жил өнгөрчээ.
Төслийн үр дүн үр ашгаа өгч, тэмээний ноос, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, үхрийн ширэн бөмбөг зэрэг үндэсний үйлдвэрлэл бий болж, ижил төрлийн бүтээгдэхүүнээс гарал үүслийн гэрчилгээтэйгээрээ илт ялгарч эхлэв. Эгчийн бэлэглэсэн сарлагын хөөврөн бээлийний шошгон дээрх QR кодыг утсаараа уншуулангуут “Ховд аймгийн Цэцэг сумын 2 дугаар багийн малчин Ц-ийн сарлагын хөөврөөр энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэв.” гэсэн англи, монгол тайлбар, малын эзний гэр бүлийн зураг, бараг нөгөө сарлагынх нь нас хүйс, гэрэл зураг, ноос, үсний зэрэг дэв, байж болох бүх л мэдээллийг гартаа оруулан унших нь сэтгэлд нэг л өег, сонин содон таашаал юм санж. Цаашлаад тухайн бүтээгдэхүүний орц дахь түүхий эдийг бүтээгч сарлаг ч юм уу, хонь, ямаа нь ямар нэг өвчнөөр өвдөж байсан эсэх, дархлаажуулалтын ямар тунд хэдийд хамрагдсан, мал эмнэлгийн байгууллагын дүгнэлт, гэрчилгээгээр баталгаажуулсан сертификаттай байгаа нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, итгэл үнэмшлийг дүүргэх ажээ. Гарал үүсэл нь тодорхой шинэ содон бараа бүтээгдэхүүнийг “Хариуцлагатай нүүдэлчид“ гэх нэр дагалдах юм. “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын загварыг манай орны бүс бүрт бий болгож, одоогоор 15 суманд нэвтрүүлжээ. Байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийн нэр хүнд, үнэлэмж илүү өсч байгаа өнөө цагт малчид гэрээний үүргээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлэхээр нэгдсээр байна. Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл Монголын Бэлчээр Ашиглагчдын нэгдсэн холбооноос “Хариуцлагатай нүүдэлчид” дижитал мөшгих системыг 2017 оноос нэвтрүүлж эхэлснээр мал бүхий иргэдийн мэдээллийг улсын хэмжээнд сан үүсгэн нэгтгэж, улмаар мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг 6 төрлийн стандартаар баталгаажуулж эхэлжээ.
Тухайлбал, малчин өрх тухайн газар нутгийнхаа бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, тав тух, түүхий эдийн чанар, байгальд ээлтэй эсэхэд анхаарах шаардлагатай тулгарч байна. Бэлчээр нутгаа тордон додомдож, хамтран ухаалгаар ашиглаж ирсэн уламжлалт арга барил руу эргэн орох хэрэгцээ үүсчээ. Малчид бэлчээрийн мал аж ахуйгаа үр ашигтайгаар хадгалан үлдэхийн тулд бүлгээр хоршиж, мартагдсан зарим арга барилыг сэргээж эхэлснээр малын ашиг шимийг өндөр байлгах, түүхий эдээ үнэ хүргэх боломжтойг мэдэрч, бэлчээр ашиглалтын гэрээг Засаг даргатайгаа байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүгнүүлэн, хоршооны гишүүн болж, түүхий эдээ тогтмол нийлүүлэх нөхцөл боломж бүхий 5 стандартыг мөрдөж байна. Ингэснээр тэдний ашиг орлого ч нэмэгдэж, шинэ тутам боломжууд гарч ирсээр, мал, малын гаралтай түүхий, эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг малчны хотноос хэрэглэгчид очих хүртэлх алхам бүрийн үйл явцыг баталгаажуулсныг мэдээллийн технологийн тусламжтайгаар нийтэд хүргэж, чанар сайтай түүхий эдийг бий болгож, үнэ ханшийг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийн үр шимийг хүртэгч “Хариуцлагатай нүүдэлчид”-ийн эгнээг тэлж байна. Тухайн малчны хариуцлагатай эсэхийг үнэлэх шалгуурт тухайн нутагт дэвсгэрийн газрын кадастрын мэдээллийн сан, хариуцлагатай нүүдэлчид мөшгих системийн малчдын байгууллагын бүртгэл мэдээлэл, түүнд хамаарах түвшин багтдаг. Энэхүү системд нийт 18 аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, 156 сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 1445 бэлчээр ашиглагчдын хоршооны мэдээлэл бүртгэгджээ. Мөн 82 түүхий эдийн анхан шатны хоршоо, 6 дундын хоршоо, 20 хадгаламж зээлийн хоршоодын мэдээлэл бүртгэлтэй байна.
Нүүдэлчдийн уламжлалт өв соёлыг тээгч монголчуудад боломж их байна.
Эх сурвалж: www.polit.mn