А.Энхтуул: Дасгалжуулах нь тоглохоос хэцүү

2021-08-24
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Монголчууд оюуны спортод шилдэг гэдгээ баталсан анхны төрлийн нэг нь шатар. Энэ спортоор дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагч, ОУИМ, А.Энхтуул билээ. Түүнийг энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа урьж ярилцсан юм.

 

-Таныг шатрын олимпиадад урилгаар ажиллаж байгаа гэж сонссон. Ямар ажил хийж байгаа талаар дэлгэрэнгүй яриач?

-Оюун ухааны спортын ноён оргил нь шатар. Дэлхийн шатрын олимпиад нь шатарчдын хувьд олимп. Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн  шатрын олимпиадад оролцож амжилт гаргах нь шатарчин хүний хүсэл мөрөөдөл амжилтын оргил. Цар тахлын нөхцөл байдлаас болж дэлхийн шатрын холбоо олимпиадаа цахимаар явуулахаар болсон. Дэлхийн шатрын холбооноос хөгжиж буй 30 орны шигшээ багт дасгалжуулагч өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу “Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагчдын зөвлөл”-өөс  хөгжиж буй 30 оронд дасгалжуулагчдыг хуваарилсан. Тэдгээр орны нэг Лаос улсын шигшээ багийг дасгалжуулах урилга дэлхийн шатрын холбооноос надад ирсэн. Би урилгыг хүлээн авч цахим олимпиад дуустал Лаос улсын шигшээ багийг дасгалжуулна. Миний хувьд өмнөх олимпиадад Японы шигшээ багийг дасгалжуулсан. Жилийн турш үргэлжилсэн шалгаруулалтад сонгогдоод Японы эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсон юм. Ажиллаж эхлээд жил болж байхад коронавирус гарснаар олимпиад хойшилсон. Японы шатрын холбооноос “Дараагийн олимпиадын хугацаа хол байгаа учраас энэ шигшээ багаа тараагаад дахин сонгон шалгаруулалт явуулна” гэсэн учраас миний хариуцаж байсан баг тарсан.

-Шатрын олимпиад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр ямар ялгаатай вэ?

-Дэлхийн шатрын аварга нь ганцаарчилсан болон багийн төрлөөр зохиодог. Олимпиад нь тухайн улс эрэгтэй, эмэгтэй хамгийн сайн тамирчнаа явуулдаг шатарчдын олимп. Олон жилийн түүхтэй тэмцээн.

-Шатрын спортын цол, зэргийг дэлхийн шатрын холбооноос олгодог. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Оюуны спортын дундаас шатрын “Их мастер” цолыг дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрдөг. Шатрын спортыг өндөр хөгжилтэй орнуудад шинжлэх ухаан гэж үзэж их хүндлэлтэй ханддаг. Дэлхийн шатрын холбоо тамирчдад эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн цол өгдөг. Дэлхийн шатрын холбооны дэд мастер, мастер цолыг олон улсын чансаатай тэмцээний оноо заасан хэмжээнд хүрвэл олгодог. Дээд хоёр цолноосоо харьцангуй бага шалгууртай. Олон улсын мастер, их мастер  нь шатрын хамгийн том цол. Энэ цолд хүрэх их хэцүү. Гурван төрлийн болзол хангадаг. Энэ болзол нь дотроо олон салбар болзолтой. Бүх болзлоо хангасны дараа өргийн тоо, олон улсын чансаа олон зүйлийн шалгуурыг биелүүлж байж “Их мастер” цолд хүрдэг. Дэлхийн шатрын холбооны хамгийн том “Их мастер” цолд хүрэхийн тулд зарим хүн 20-30 жил зарцуулдаг.

-Та “Elit Brain” клубын дасгалжуулагч. Клубынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

-Би “Elit Brain” шатрын клубыг анх 2018 онд үүсгэн байгуулсан. Манай клуб 2020 оны арванхоёрдугаар сард Дэлхийн шатрын холбооны хурлаар орж тус холбооны албан ёсны олон улсын статустай академи болсон. Сургалт маань сургуулийн болон клубын системээр явдаг. Цар тахлаас шалтгаалж бүх хичээл цахимаар орж байгаа. Ирэх сараас үйл ажиллагаагаа хэвийн танхимаар явуулна. Манай клубын гол зорилго нь шатарт дуртай хүүхдүүдийн суурийг нь зөв тавих, мэдлэгиийг дэс дараалалтай олгоход оршдог. Бид дэлхийд алдартай олон улсын хөтөлбөрийг худалдаж авсан. Түүнийхээ дагуу ирэх сараас хичээллэнэ. Хүүхдүүдийг ганцхан шатар дээр бэлддэггүй, компьютер, техник технологи  ашигладаг. Манай клубт ОХУ-ын их мастер Игорь Глек Владиморович зөвлөх багшаар ажилладаг. Хичээлийн хөтөлбөр бодлогын тал дээр зөвлөдөг. Шаардлагатай үед цахимаар хичээл орох боломжтой. Миний багш Игорь Глек Владиморович хэд хэдэн гараанд шинэ санаа нээж байсан мундаг их мастер.

-Танай клубт суралцахад ямар нэгэн шалгуур тавьдаг уу?

-Шалгуур байхгүй. Зургаагаас дээш бүх насныхан суралцах боломжтой. Манай клубт хэн ч ирсэн түвшингээ тогтоолгоод нас хамаарахгүй өөрт тохирсон түвшинд хичээллэдэг. Та 20 настай байсан ч зургаан настай хүүхэдтэй ижил түвшинд байвал адилхан даалгавар хийж хичээллэх учраас насанд хүрэгчдийн анги гэж байхгүй.

-“Elit Brain” клуб орон нутагт ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Би Сэлэнгэ аймгийн уугуул. Аймагтаа клуб нээсэн. Манай “Elit Brain” клуб өөрийн хөтөлбөртэй. Орон нутагт шатрын дугуйлан ажиллуулах сонирхолтой багш, дасгалжуулагчид биднээс хөтөлбөрийг маань худалдаж авч болно. Мөн тухайн багш мэргэшихийг хүсвэл суралцах боломжтой. Манай клубын ихэнх үйл ажиллагаа цахимжсан учраас та хаана байгаагаас үл хамаарч хичээлд сууж болно. Орон нутгийн хүүхдүүдэд манай үүд нээлттэй.

-Дасгалжуулах, тоглох хоёр ямар ялгаатай вэ?

-Өөрөө тоглож байхад сэтгэл зүйн хувьд дарамт багатай байдаг. Өөрийнхөө тоглолтод бүх анхаарлаа хандуулна. Шавь тоглож байхад хажуунаас нь харах шиг хэцүү юм байхгүй. Дасгалжуулагч хүн шавиа судлах, дасгал хөдөлгөөний хуваарийг гаргах, хичээл сургуульд нь анхаарах, гэр бүлд нь анхаарал хандуулж тэдэнтэй харилцаатай байх гээд олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болдог. Дасгалжуулах нь тоглохоос хэцүү.

-Та болон бусад шатарчин бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

-Хүмүүс шатар гэхээр байнга шатар тоглодог гэж бодож магадгүй. Бид шатрын дасгалаа хийнэ. Нэмээд бусад спортын адил биеийн хүчний дасгал, хөдөлгөөн хийдэг. Оюуны спортоор хичээллэдэг хүмүүс ууланд алхах, теннис тоглох, гүйх гэсэн дасгал хөдөлгөөн хийхгүй бол оюуны ачааллаа дийлэхгүй. Шатрын ард 5-6 цаг, түүнээс ч олон цаг тоглох шаардлага гардаг. Тиймээс тамир тэнхээтэй, тэвчээр хатуужилтай байх ёстой болно. 

-Нүүр тулж сууж байгаад өрсөлддөг учраас сэтгэл зүй их чухал байдаг байх?

-Шатрын спортод тууштай, шантардаггүй байх нь гол чанар. Шатрын тэмцээн уралдаан өдөрт 5-6 цаг хамгийн багадаа 10  хоног олон өрөг тоглодог учраас тэвчээр их шаарддаг. Шатрын онцлог нь бусад спорт шиг нэг хожигдвол хасагдана гэж байхгүй. Тэмцээнээ дууссаны дараа нийт оноогоор байр эзэлдэг. Тэгэхээр дунд нь хожигдсон ч  сэтгэл зүйгээ тогтвортой барих шаардлагатай. Тиймээс шатрын бэлтгэлийн адил сэтгэл зүйн бэлтгэл чухал.

-Шатрын спортын суурийг хэдэн наснаас тавих нь зүйтэй вэ?

-Орчин үед эцэг эхчүүд хүүхдээ 3-4 настайгаас нь хичээллүүлэх сонирхолтой болсон байна. Миний хувьд хүүхдийг зургаан настайд нь авах сонирхолтой. Хүүхэд энэ насан дээр заасан юмыг ойлгож хүлээж авах, сурахад бэлэн болсон байдаг. Хүний үг даах нь хүртэл 3-4 насны хүүхдээс илүү. Манай “Elit Brain” клубын хувьд хүүхдийг таван настайд нь шалгаад хүлээж авах ур чадвар нь сайн байвал авдаг.

-Шатар хүнд юуг өгдөг вэ?

-Шатар надад төлөвшил авчирсан. Шатар хүнийг төлөвшүүлдэг, харилцааны соёлоос амьдралын хичээлд сургадаг. Шатар тоглосноор их мастер, мастер болдоггүй юм гэхэд хувь хүний сэтгэн бодох чадвар, хувь хүний хөгжил бусдаас илүү түвшинд очдог. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ шатраар хичээллүүлэх хэрэгтэй. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид хичээллэх боломжтой. Шатарт оройтно гэж байдаггүй. Шатрын спортоор хичээллэж байгаа хүмүүсийн төсөөлөн бодох чадвар өндөр хөгжсөн байдаг.  Мөн их зүйл цээжилдэг. Бидэнд томъёо, гадаад үг цээжлэхэд хүндрэл учирдаггүй. Тэгэхээр хэл сурахад шатар дөхөм болно. Шатрын тэмцээнүүд гадаадад болдог учраас гадаад хэл сурах нь зайлшгүй хэрэгцээ болдог.

-Шатар хамгийн шударга спорт байх?

-Тийм ээ. Бүх зүйл нь нүдний өмнө ил явдаг учраас булхайцах, шүүгч хожил наймаалцах асуудал гардаггүй.

-Шатарт байгалиасаа авьяастай хүүхэд гэж байдаг уу. Эсвэл хичээл зүтгэлээр олж авах уу?

-Байгалиас заяасан авьяастай хүүхэд байдаг. Анхнаасаа тактикийн ойлголт, стратегийн бодлогыг уян хатан ойлгодог хүүхэд, насанд хүрэгчид байдаг. Энэ нь байгалийн өгөгдөл авьяас байна гэсэн үг. Гэхдээ авьяастай байсан ч шатрыг системтэй, сайн багшаар заалгахгүй бол хоцрогдоно. Шатарт хоцрогдол нөхнө гэдэг хэцүү, бараг боломжгүй. Харин байгалийн авьяас багатай ч анхнаас нь системтэй шинжлэх ухааны үндэслэлтэй сурсан хүүхэд тууштай байвал амжилтад хүрдэг.

-Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Би 2013 онд оюутан байхдаа Арабын нэгдсэн Эмират улсад зохиосон “Өсвөрийн шатарчдын ДАШТ-д  бүх насны шилдэг өргүүдийг Австралийн шатарчинтай хамт англиар анализ хийж ажилласан. Тэр тэмцээн нь дэлхий даяар цацагдсан, түүхэн дэх хамгийн олон орон, шатарчид оролцсон тэмцээн болсон юм. Тэнд ажилласны дараа Азийн шатрын холбоо сургуулиа төгсөөд ажиллах урилга өгсөн. Сургуулиа төгсөөд Арабын нэгдсэн Эмират улсад нэг ажилласан. Арабын нэгдсэн Эмират улсад ажиллахад бүх зүйл нь бэлэн байдаг болохоор залхуу болох хандлагатай юм билээ. Тэгээд ажлаасаа гараад Европоор явж олон тэмцээнд оролцож тамирчны амьдрал руугаа эргэж орсон. 2018 онд Монголдоо ирээд “Elit Brain” клубыг үүсгэн байгуулсан. 2019 онд Шанхай хотын шатрын академи дасгалжуулагч авах шалгаруулалт зарласан. Би тэр шалгаруулалтад оролцсон нь  миний анхны ажлын анкет бөглөсөн тохиолдол болсон юм. Сонгон шалгаруулалт нь бараг бүтэн жил үргэлжилсний эцэст Шанхайн шатрын академийн ажилтан болж одоог хүртэл ажиллаж байна. Одоо цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цахимаар ажиллаж байгаа. Мөн цахимаар АНУ-ын Калифорни мужид дасгалжуулагч хийж байна. Америкт анхан болон дунд түвшний хүүхдүүдэд хичээл заадаг. Шанхайд дундаас дээш түвшний хүүхдүүдийг дасгалжуулдаг.

-Та гадаадын олон оронд дасгалжуулагч хийсэн. Монгол хүн ямар онцлогтой байдаг вэ?

-Монгол хүний оюуны чадавх өндөр гэдэгт би итгэдэг. Монголчууд нүүдэлчин аж ахуйтай учраас дасан зохицох чадвартай. Тиймээс сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр гээд олон шалгуурыг давах чадвартай гэж боддог. Төрөөс сайн дэмжлэгтэй өндөр хөгжилтэй орнуудтай манай улсын шатарчид “мөнчгөрөөрөө” өрсөлдөж байгаа. Хэдий тийм ч тэдний түвшний өрсөлдөгч байж чадаж байна гэдэг монгол хүний чадавх ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. Монголын шатрыг төрөөс бодлогын түвшинд дэмжвэл манайхаас дэлхийн аварга төрөх боломжтой.

-Шатрын спортын хөгжлийг юу гэж хардаг вэ. Олон хүн тоглох нь хөгжил үү. Өндөр амжилт гаргах нь чухал юм уу?

-Олон хүн тоглох, амжилт гаргах хоёр нь чухал ч хоорондоо харилцан холбоотой байх ёстой гэж боддог. Жүдо, боксоор олимпийн аварга болоход олон хүүхэд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Аливаа спорт амжилтад хүрэхийн тулд бодлого сайн байх хэрэгтэй. Амжилт үзүүлдэг топ тамирчид нь өндөр амжилт гаргаж байж тэр спорт хүмүүсийн анхааралд өртөж олон хүн хичээллэнэ. Гэхдээ хэдхэн хүний амжилтыг хөгжил гэж харж болохгүй. Бүгд амжилтад хүрч их мастер болохгүй ч шатрын клубт очоод хичээллэж байвал манай улсын шатар хөгжиж байна гэж ойлгож болно.

-Шатрын спорт хөгжихөд төрөөс хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Манай улсын их хуралд албан ёсны нээлттэй зарласан шатрын лобби бүлэг байдаг. Өмнөх жилүүдийг бодоход дэмжлэг нэмэгдсэн. Цаашид ч илүү бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх байх гэж найдаж байна. Шатрын спортын үнэ цэн , спорт гэхээсээ илүү шинжлэх ухаан, хүнд шударга байдлыг цэвэр өрсөлдөөний боломж олгодог гэдгийг Монголын ард түмэнд таниулах нь дутагдаад байна гэж боддог. Төрөөс түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаараад стратегийн бодлоготой ажиллах хэрэгтэй. Шатраас авах их зүйлийг олон нийтэд ойлгуулж чадвал санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө аваад явах чадвартай өндөр зэрэглэлийн спорт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.24 МЯГМАР № 165 (6642)

 

mundag ohin
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин