Талибанчууд 20 жилийн дараа афганистанд дахин ноёрхлоо тогтоов

2021-08-18
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Онгоцонд хүн нь багтахаа больж, амиа үл хайхран онгоцны гадна талаас нь өчнөөн хүн зүүгдэн явж байгаа дүр зургийг XXI зуунд харна гэдэг бидэнд ховор үзэгдэл мэт санагдана. Талибанчуудад эзлэгдсэн афганчууд АНУ, Их Британи, Герман, Канад болон бусад эвслийн орон өөрийн иргэдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэх гэж ирсэн нисэх онгоц руу зүтгэж байгаа нь энэ юм. АНУ цэргүүдээ Афганистанаас татаж эхэлсэн тавдугаар сараас хойш эрчимжсэн Талибан бүлэглэлийн дайралт “оргилдоо” хүрч Афганистан улсыг ням гарагт албан ёсоор эзлэн авлаа. АНУ болон түүний холбоотнуудын түлхэн унагаж байсан Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист байгууллага 20 жилийн дараа ийнхүү тус улсад эргэн ноёрхлоо тогтоож байна. Талибан тун удахгүй “Афганистаны Исламын Эмират улс”-ыг байгуулснаа нийтэд тунхаглах юм. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

 

АНУ:Афганистанчууд талибанчуудыг эсэргүүцээгүй

 

Талибанчууд ням гарагт Афганистаны нийслэл Кабул хотод нэвтэрч, ерөнхийлөгчийн ордныг нь эзэлсэн. Үүнээс цаг орчмын өмнө тус улсын ерөнхийлөгч Ашраф Гани нутгаа орхин дүрвээд байв. Түүнийг Тажикистан руу зугтсан гэж хоёр эх сурвалж “CNN” агентлагт ярьжээ. Гани Кабулаас дөрвөн автомашин дүүрэн бэлэн мөнгөтэй явсан ба бүх мөнгө нь нисдэг тэргэнд багтаагүй тул зарим хэсгийг нь нисэх буудалд орхисон тухай Афганистан дахь ОХУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Никита Ищенко “РИА Новости” агентлагт мэдээлжээ. Олон улсын зарим хэвлэлээр афганууд ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр талибанчуудад бууж өгсөн хэмээн мэдээлж байна. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Ллойд Остин “Талибантай тулгарсан афганистанчууд эсэргүүцээгүй нь биднийг түгшээж байна. Учир нь 20 жилийн турш бэлтгэсэн цэрэг,  орчин үеийн нисэх хүчин, сайн хамгаалах хэрэгсэл, зэвсэг гээд Афганистан бүх талаараа илүү байсан. Гэвч тэдэнд хүсэл зориг, манлайлал дутагдлаа” гэв. Ийн терроризмын аюул хамгийн өндөр байдаг улс орнуудын нэгдүгээрт  жагсдаг Афганистаны нөхцөл байдал 2001 оны есдүгээр сарын 11-ний Аль Кайдагийн халдлагын 20 жилийн ой тохиох үеэр улам аюултай болж магадгүй гэж үзэж байна. АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайсын мэдээлснээр тус улс ЭСЯ-ны бүх ажилчныг аюулгүй нүүлгэн шилжүүлж дуусчээ.

Агаарын тээврийн компаниуд Кабул хот руу хийх нислэгүүдээ цуцлан, зөвхөн Афганистанаас иргэдээ татан авах онгоцыг илгээж байна. Тиймдээ ч Кабул хотоос таван километрын зайд орших “Хамид Карзай” нисэх онгоцны буудал руу афганчууд чихэлдэн дайрч, амиа ч хайхралгүй онгоцноос зүүгдэж, зарим нь дарагдаж, унаж амиа алдаж байна. Онгоцны буудал дээр хөгшин, залуу хүмүүсийн цуваа хоёр километр хүртэл үргэлжилжээ. Ойролцоогоор 10 мянган хүн байсан хэмээн тооцоолсон байна. Тэд ямар ч тасалбар, паспортгүй ирсэн нь аль ч улс руу нисэхэд бэлэн байгааг илтгэсэн хэмээн нүдээр харсан гэрч BBC-д ярьжээ. Буудал дээр хоол, ус ч үгүй олон мянган хүүхэд, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн гацжээ. Харин хотын төвд дэлгүүрүүд хаалттайг эс тооцвол амьдрал хэвийн үргэлжилж байв. Хүмүүс ч илүү тайван харагдсан бөгөөд эмэгтэйчүүд бурка өмсөж, маск зүүсэн байсан гэж гэрч ярьжээ. Талибанчууд хотын хаа сайгүй шалган нэвтрүүлэх газруудад зогсож, замын хөдөлгөөнийг хянаж, цагдаа нарын машиныг хурааж аваад байна.

Афганистаны эдийн засаг тусламжийн мөнгөнөөс бүрддэг маш эмзэг гэдгийг талибанчуудад эзлэгдэхээс нь өмнө Дэлхийн банк тодорхойлсон юм. Тиймээс тус улсын цаашдын байдал маш бүрхэг байна.Герман улсаас эхлэн талибанчуудад эзлэгдсэн тус улсад ганц ч центийн тусламж үзүүлэхгүйгээ мэдэгдсэн. Афганистаны өрхийн 60 хувь нь газар тариалан эрхэлж орлого олохоос гадна хууль бус олборлолт, хууль бус наймаа эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг. Мөн  хар тамхины наймаа нь талибанчуудын орлогын гол эх үүсвэр болдог юм.

 

Афган эмэгтэйчүүдийн хувь тавилан хэрхэн эргэх вэ?

 

Талибанчууд дахин төрийн эрхэнд гарсан нь афган эмэгтэйчүүдийн хувьд ертөнцийн төгсгөл гэмээр аймшигт хувь тавилан болж байна. Учир нь өмнө нь Афганистан талибуудын мэдэлд байхад эмэгтэйчүүд сургуульд сурч боловсрох хориотой, албан шахалтаар бурка нөмрүүлж, гэрт нь хорьж, эр хүний өмч хэмээн үздэг байв. Хэдийгээр орчин үед афган эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, тэр үеийн соёл үгүй болсон ч талибууд дахин төрийн эрхэнд гарснаар түүхийг давтаж болзошгүй юм. Тэд “Исламын Эмират Афганистан” улс байгуулснаар эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, тэднийг сурч боловсрох, ажил хийх эрхээр хангах болно гэж ням гарагт мэдэгдсэн. Гэвч эмэгтэйчүүдэд чухам ямар эрх нээж өгөхийг тодорхой мэдэгдээгүй юм.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сохаил Шахин “Талибаны 1996-2001 оны үеийн дүрмийг зөрчиж эмэгтэйчүүд бага сургуулиас дээд сургуульд үргэлжлүүлэн боловсрол эзэмших эрхтэй. Энэ бол аюулгүй байдлыг хангах, Афганистаны ард түмний төлөө ажиллах бидний амлалт юм” гэж ярьжээ. Гэвч олон улсын ажиглагчид тэдний үзэл суртал өөрчлөгдөөгүй тул эмэгтэйчүүдийн хувь заяанд санаа зовниж байна. Мөн тус улс дахь гэрчүүд зарим нутагт хуучин дэглэм сэргэж, охидыг сургуульд сурах, эмэгтэйчүүдийг гадуур ганцаар явахыг хориглож эхэлсэн талаар BBC-д ярьжээ. “Human Rights Watch”-ийн мэдээлснээр засаг захиргааны зарим нэгжид нутгийн иргэдийг хавчиж, эмэгтэйчүүдээс зөвхөн толгойгоо далдлаад зогсохгүй биеэ бүрэн халхалж, зөвхөн нүдээ ил гаргахыг шаарджээ. Америкчууд Афганистанд нэвтэрснээс хойш томоохон хотуудад кафе, спорт заалаар үйлчлүүлэх залуус нэмэгдэж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд зэрэгцэн явах боломжтой болж, хүмүүс гар утас хэрэглэж, интернэтээр бичлэг үзэж, дуу сонсдог байсан юм.

 

ОХУ талибанчууд дэг журам тогтоож эхэлснийг зарлав

 

Дэлхийн ихэнх улс орон Кабулаас Элчин сайдын яамдаа татаж байна. Харин ОХУ-ын эрх баригчид Кабул дахь Элчин сайдын яамаа хаах төлөвлөгөөгүй байгаа юм. Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Кабулын нөхцөл байдал тогтворжиж, талибанчууд нийгэмд дэг журам тогтоож эхэлснийг мэдээлжээ.Талибаны зэвсэгт дайчид Кабул дахь ОХУ-ын Элчин сайдын яамыг хамгаалалтдаа авч, Оросын дипломатчдын “толгойноос ширхэг үс ч унагахгүй” гэсэн амлалт өгсөн тухай Элчин сайд Дмитрий Жирнов мэдээлсэн байна. Гэхдээ Орос Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх гэж яарахгүй,  талибанчуудыг анхааралтай ажигласны дараа хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ гэсэн байр суурийг тус яам илэрхийлжээ.

 

Хятад: АНУ Афганистаныг хэрхэн хөсөр хаясныг хар

 

Бээжингийн төрийн мэдээллийн “Global Times” сонинд “АНУ Афганистаныг хэрхэн хөсөр хаясныг хараад, дүгнэлт хий” хэмээн Тайваньд анхааруулсан нийтлэл хэвлэгджээ. Тус сонинд “Тайванийн Ардчилсан намын удирдлагууд Хятадаас тусгаар улс болно гэж зүүдлэхээ болих хэрэгтэй. Афганистанд болсон үйл явдлаас харахад хэрэв Тайвань Хятадтай байлдвал хэдхэн цагийн дотор ялагдана. Тэр үед америкчууд туслахаар ирэхгүй. Тиймээс Тайванийн удирдагч нар онгоцоор зугтах нь зугтаж, бууж өгөх нь бууж өгсөн нь өлзийтэй. АНУ холбоотнуудаасаа нүүрээ буруулж байсан арвин түүхтэй. Энэ түүх Тайванийн ирээдүйд ч тохиолдож болзошгүй. Хятадын эсрэг үзэлтэй АНУ-аас холбоогоо тасалсан нь дээр” хэмээн бичжээ. Мөн БНХАУ талибанчуудтай нөхөрсөг харилцаа  тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунин сэтгүүлчдэд “Афганистаны иргэд өөрсдийн хувь заяаг бие даан тодорхойлох эрхийг хүндэтгэж байна. Бид тус улстай нөхөрсөг, хамтын ажиллагаанд тулгуурласан харилцаа тогтоох зорилготой” гэж ярьжээ. Мөн Хятадын компаниуд зэс болон газрын тосны чиглэлээр Афганистанд үйл ажиллагаа явуулах гэрээг талибантай байгуулжээ.

 

Трамп: Афганистан эзлэгдсэнд Жо Байден буруутай

 

Талибаны дайчид асар богино хугацаанд Афганистаныг бүрэн эзэлсэн нь тус улсаас бүх цэргээ татах шийдвэр гаргасан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжлэх том шалтгаан болж байна.Шүүмжлэгчид бүх цэргээ эргүүлэн татах шийдвэр АНУ-ын  20 жилийн хичээл зүтгэл, золиос, хөрөнгийг үнэгүйдүүлж, үр дүнг нь үгүй хийсэн үйлдэл гэж буруутгаж байгаа юм.  Түүнчлэн зарим хүний хэлж байгаачлан Жо Байден анхнаасаа Афганистанаас цэргүүдээ татна хэмээх амлалт өгч байсан тул Кабул хот талибуудын өмнө сөгдөх нь цаг хугацааны асуудал байсан гэв.

Дональд Трамп  “Жо Байдены Афганистанд хийсэн зүйл түүхэнд АНУ-ын хамгийн ичгэвтэр ялагдал гэж тэмдэглэгдэнэ. Тиймээс Жо Байден талибуудын аймшигт үйл ажиллагаа, алан хядлагыг хүлээн зөвшөөрсөн, Афганистаныг тэдэнд өгсөн төдийгүй цар тахлын нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа үйл ажиллагаанууддаа уучлал гуйж, огцрох ёстой. Тэр сонгуульд шударгаар ялаагүй болохоор энэ тийм ч хэцүү зүйл биш” хэмээн ярьжээ. Үүнээс гадна “Facebook” компани талибанчуудыг   террорист бүлэглэл хэмээн үзэж байгаа тул тэднийг дэмжсэн бүх контентыг хориглосноо мэдэгдэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.18 ЛХАГВА № 161 (6638)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин