Б.ДОЛЖИНЖАВ
АНУ цэргүүдээ Афганистаниас татаж эхэлсэн тавдугаар сараас хойш эрчимжсэн Талибан бүлэглэлийн дайралт “оргилдоо” хүрч Афганистан улсыг албан ёсоор эзлэн авлаа. АНУ болон түүний холбоотнуудын түлхэн унагаж байсан Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист байгууллага 20 жилийн дараа ийнхүү тус улсад эргэн ноёрхлоо тогтоож байна.Тодруулбал, тус бүлэглэлийнхэн ням гарагт Афганистаны нийслэл Кабул хотод нэвтэрч, ерөнхийлөгчийн ордныг нь эзэлсэн юм. Үүнээс цаг орчмын өмнө тус улсын ерөнхийлөгч Ашраф Гани нутгаа орхин дүрвээд байв.Түүнийг Тажикистан руу зугтсан гэж хоёр эх сурвалж “CNN” агентлагт ярьжээ. Талибанчуудад “итгэж” эх орноо үлдээсэн түүний талаар Афганистаны Батлан хамгаалахын сайдын үүргийг гүйцэтгэгч, генерал Бисмиллах Мохаммади “Бидний гарыг нуруунд хүлчихээд эх орноо зарсан баян ерөнхийлөгч болон түүний бүлэглэлийг хараал идэг” хэмээн твиттертээ бичжээ.Ордныг эзлэх үеэр Афганистаны Засгийн газрын гурван албан тушаалтан байсан гэж Al Jazeera мэдээлэв. Энэ талаар Талибаны Аюулгүй байдлын албаны ажилтан “Улс даяар Засгийн газрынхаа ордныг тайван замаар шилжүүлж байна” гэжээ.
Ийн Талибанчууд Афганистаны төрийн ордныг эзэлж байх үеэр АНУ Кабул дахь элчин сайдын яамнаас өөрийн орны иргэдээ 72 цагийн дотор шилжүүлэн авахаар төлөвлөөд байв. Тиймээс халдлагаас нэг цагийн дараа гэхэд АНУ-ын Элчин сайдын яамны албан тушаалтнуудын ихэнх нь Кабулын нисэх онгоцны буудал дээр цугларсан юм. Бусад орнуудын Засгийн газрын иргэдээ нүүлгэн шилжүүлэх гэсэн ажилд Кабулын нисэх онгоцны буудал “дарагдсан” юм. Үүнтэй холбогдуулан нисэх онгоцны буудал дээр буун дуу гарсны дараа АНУ-ын Элчин сайдын яамнаас “Кабул дахь нисэх онгоцны аюулгүй байдал маш хурдацтай өөрчлөгдөж байна. Нисэх буудалд буун дуу гарсан мэдээлэл ирсэн учир АНУ-ын иргэд хоргодох байранд оргонохыг сануулж байна” гэж сэрэмжлүүлжээ. АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “ЭСЯ-ны бүх ажилчныг аюулгүй нүүлгэн шилжүүлж дууссаныг мэдэгдэж байна. Яамны бүх ажилчин АНУ-ын зэвсэгт хүчний хамгаалалт дор Хамид Карзайн олон улсын нисэх буудалд байрлаж байна” гэв. Энэ нь Афганистаны аюулгүй байдлын албаныхныг ялсан Талибанчуудад тус улсыг хүлээлгэн өгч байгаагийн илрэл юм. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Афганистаны үндэсний аюулгүй байдлын албаныхан улсаа хамгаалах чадваргүй гэдгийг бид олж харсан нь үнэн. Гэхдээ бүх зүйл бидний бодсоноос хурдан өрнөлөө” гэж ярьжээ. Терроризмын аюул хамгийн өндөрт байдаг улс орнуудын нэгдүгээрт жагсдаг Афганистаны нөхцөл байдал 2001 оны есдүгээр сарын 11-ний Аль Кайдагийн халдлагын 20 жилийн ой тохиох үеэр улам аюултай болж магадгүй гэж үзэж байна.
АНУ, Францын Элчин сайдын яамны ажилчдыг Кабулын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлж, тэдний аюулгүй байдлыг НАТО-гийн цэргүүд хангаж байна. АНУ Кабулын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хамгаалуулахаар 6000 цэргээ Афганистан руу оруулна гэж Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Ллойд Остин ярьжээ. Долдугаар сарын 9-ний байдлаар Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны газар нутгийн 90 нэгжийг хяналтдаа байлгаж, 141 нь Засгийн газрын мэдэлд, 167 нь маргаантай нутаг дэвсгэрт ордог байсан бол наймдугаар сарын 15-ны байдлаар засаг захиргааны 345 нэгжийг мэдэлдээ авч, 12 нэгж Засгийн газрын мэдэлд, 41 нь маргаантай хэвээр үлджээ. Мөн олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Талибан тун удахгүй “Афганистаны Исламын Эмират улс”-ыг байгуулснаа нийтэд тунхаглах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.17 МЯГМАР № 160 (6637)